Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 13

 

                               Д.Өлзийсайханы нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаар шийдвэртэй

             Нэхэмжлэгч Д.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

              Хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдох

      “390000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Эрдэнэбат нь өөрийн биеэр манай лангуун дээр ирж хөдөө наймаанд явж борлуулаад ирээд тооцоо хийе гэж тохиролцон 600000 төгрөгийн үнэт эдлэл зээлээр авч явсан боловч ирээгүй. Гэтэл хэрэгт холбогдсон байсан. Ингээд гэр бүлийнх нь хүн болох Пүрэвсүрэн гэх эмэгтэйг Улаанбаатар хот руу шилжсэн байхад нь удаа дараа явж хөөцөлдөж байж 210000 төгрөг авсан. Үлдэгдэл 390000 төгрөгийг би төлж чадахгүй гэдэг. Би Д.Эрдэнэбаттай уулзах гэж хэд хэдэн удаа гэрт нь очсон боловч уулзаж чадаагүй. Утсаар хэд хэдэн удаа ярихад мөнгөө өгнө гэдэг байснаа сүүлдээ элдвээр доромжилдог болсон. Иймд Д.Эрдэнэбатаас 390000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Д.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 04 дүгээр сард “Чин мэнд” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Пүрэвсүрэн гэх эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй надад гар утас зардаг гэж хэлсэн. Тэгээд 2012 оны 04 дүгээр сард хөдөөгүүр бараа зарах гэж байгаа юм заруулах бараа байна уу гээд надаас 1.000.000 гаруй төгрөгийн мөнгөн аяга, мөнгөн бөгж аваад явсан. Тэгээд удалгүй мөнгөө авчирч тооцоогоо дуусгасан. Дараа нь 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбат өөрийн биеэр ирээд 2-3 мөнгөн аяга, мөнгөн бөгж аваад явсан. Тэгээд түүнээс хойш чимээ сураггүй алга болсон. Эрж хайгаад олдоогүй. Хүнээс сураг сонсоод гэрт нь очиход Пүрэвсүрэн гэх эмэгтэй байсан. Пүрэвсүрэн хэлэхдээ Эрдэнэбат шоронд явсан, би хашаа байшингаа өнөө маргаашгүй зарах гэж байгаа. Хашаа байшингаа зарчихаад мөнгөө өгнө гэсэн боловч өгөөгүй. Эргээд гэрт нь очиход хашаа байшингаа зарчихаад явсан байсан. 2014 онд би Улаанбаатар хотод хүнсний 20 дугаар дэлгүүрийн орчимд явж байгаад Пүрэвсүрэнтэй санаандгүй байдлаар тааралдсан. Пүрэвсүрэн том байгууллагын жижүүрээр ажилд орсон байсан. Мөнгөө авах талаар хэлэхэд Эрдэнэбат мөд ирэхгүй, би арга ядаад байшингийн жижүүр хийж байна, надад үнэндээ боломж алга гэсэн. Тэгэхээр нь би дарга дээр чинь оръё мөнгөө авъя гэхэд намайг ойлгооч гэж гуйгаад байхаар нь адилхан эмэгтэй хүн болохоор ороогүй. Пүрэвсүрэн 40000, 50000 төгрөгөөр нь цувуулаад надад 210.000 төгрөг өгсөн. Би өөрөө очиж авч байсан. Дараа нь Пүрэвсүрэнтэй уулзахад Эрдэнэбат хорихоос суллагдсан сурагтай байна. Байшин барьж байгаа гэсэн гэж хэлээд надад гэрийг нь зааж өгсөн. Сүүлд тэр хүүхэнтэй уулзахаар очиход ажлаасаа гарсан байсан. Эрдэнэбаттай утсаар ярьж мөнгөө нэхэхээр өгнө, хөдөөнөөс аймаг орж явна очоод ярья гэдэг. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр утас руу нь залгаад мөнгөө нэхтэл согтуу байсан байх намайг элдвээр доромжилж, мөнгөө шүүхдээд ав гэсэн. Тэгээд маргааш нь Эрдэнэбатаас 390000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би Эрдэнэбатыг мөнгөө өгчих байх гэж олон удаа харж үзсэн гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Оростогоо овогтой Пүрэвсүрэнтэй ханилж байхдаа нэхэмжлэгч Д.Өлзийсайханаас алт мөнгөн эдлэл авч зараад өртөг үнийг нь дараа нь өгдөг байсан нь үнэн бөгөөд өөрийн биеэр авч зарсан үнэт эдлэлийн өртөг үнийг тэр даруйд нь өгч тооцоо хийсэн. Үүнээс хойш удалгүй би Хархорины хорих ангид ял эдэлж байх үеэр эхнэр болох Пүрэвсүрэн нэхэмжлэгч Д.Өлзийсайханаас мөнгөн аяга, үнэт эдлэлийг зараад өгнө гэж аваад өртөгийг нь өгөлгүй улмаар миний орон гэр байшинг зараад Улаанбаатар хотруу шилжиж яваад одоо хүртэл холбоогүй байдаг. Энэ төлбөрийг би төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийсайханы Д.Эрдэнэбатаас “390000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 16 цаг 00 минутанд зарласны дагуу миний бие 15 цаг 40 минутанд ирж хурлын зааланд хариуцагчийг  хүлээн суусан. Хурал товлосон 16 цаг 00 минутанд эхлэх ёстой байсан. Гэтэл 16 цаг 35 минут хүртэл хариуцагч Эрдэнэбатыг хүлээж байж хийсэн. Хуулиндаа бол хурал цагтаа эхлэж хариуцагч ямар нэг шатгаангүйгээр ирэхгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож хурлыг хийх ёстой байтал шүүгч нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрдэнэбат нь би мөнгийг чинь төлнө, малын мах ч гэсэн өгье яг өгнө, заавал өгнө гэсээр 2016 оны 10 дугаар сараас хойш өдрийг хүртэл надад өгөх 390000 төгрөгийг өгөөгүй байгаа. Сүүлдээ хэл амаар доромжилж чиний тэр шүүх надаас юу салгаж авахыг харнаа гэдэг болсон. Шүүх хурал дээр хүртэл ноос ноолуур гарахаар айлын ямаа самнаж байгаад өгье гэж бодож байна гэж хэлж байсан. Гэтэл шүүх хариуцагч Эрдэнэбатын төлнө гэж ярьсныг үнэлээгүй шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан гэж бодож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Хамгийн гол нь Эрдэнэбат нь өөрөө гардаж надаас эд зүйл авчихаад өөрөө аваагүй гэж худал яриад байгаад маш их гомдолтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдуулан “зээлээр авч яваад борлуулаад өгье гээд авсан үнэт эдлэлийн үнийн үлдэгдэл 390000 төгрөгийг гаргуулахаар” шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч “аваагүй учраас төлөхгүй” гэж маргажээ.   

Нэхэмжлэгч Д.Өлзийсайханы давж заалдах гомдолдоо . “...Эрдэнэбат нь би мөнгийг чинь төлнө, малын мах ч гэсэн өгье яг өгнө, заавал өгнө  гэсээр 2016 оны 10 дугаар сараас хойш өдрийг хүртэл надад өгөх 390000 төгрөгийг өгөөгүй байгаа...” гэж байгаа боловч Д.Эрдэнэбат нь нэхэмжлэгчээс 600000 төгрөгний эд зүйл авсан гэх  нөхцөл байдал  хэрэгт  авагдсан  баримтаар  тогтоогдоогүй, хариуцагчийн “...Сүүлд авсан эд зүйлийн талаар мэдэхгүй. Ганцаараа энэ хүн дээр очиж юм авч байгаагүй...” гэснийг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх “хариуцагч Д.Эрдэнэбат нь нэхэмждэгч Д.Өлзийсайханы өмнө хүлээх үүрэг үүссэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  буруутгах  хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Д.Өлзийсайханы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй үзлээ.

 Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 145/ШШ2017/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Өлзийсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч Д.Өлзийсайханаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                   

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                                  М.МӨНХДАВАА