| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0716/Э |
| Дугаар | 710 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/,
шүүгдэгч Н.Э , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Б овогт Н-ын Э-д холбогдох эрүүгийн 2010016190797 дугаартай 187/2020/0716/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ...... оны........ дүгээр сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр засал чимэглэл хийдэг гэх, ам бүл ..........амьдрах, Хан-Уул дүүргийн ..... хороо, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Н-ын Э /РД:................./,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 14-539 тоотод байрлах С.Ц-ын эзэмшлийн өвлийн сууцны модон цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 20 метр урттай цахилгааны утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 14-539 тоотод байрлах С.Ц-ын эзэмшлийн өвлийн сууцны модон цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 20 метр урттай цахилгааны утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Н.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 14-539 тоотод миний ээж н.Энхриймаа дүү н.Лхагва-Очир нар нь амьдардаг байж байгаад 2018 онд Унгар улс руу явсан. Тэр цагаас хойш эзгүй би бүрэн бүтэн байдпыг нь шалгаж харж үлдсэн. 2020 оны 8 дугаар сарын 16-ний өдөр ажил дээрээ байж байтал хөрш усаар Төрөө ах чинь хашааг чинь даваад хашаан дотроос машины амортизатор давуулж шидээд байна гэж хэлсэн. Би ажлаа тараад 19:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 14-539 тоотод ирсэн. Намайг ирэхэд миний ээжийн дүү Н.Э нь модон цонх түлхэн орж том өрөөний ширээн доор байсан цахилгааны утас авч гарч байгаад надтай таарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
3. Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны үдээс хойш Н.Э гэж хүн хөрш айлын үүдэнд зогсож байсан. Хэсэг хугацааны дараа С.Ц-ын хашаанд орчихсон байсан. Дуудаж гаргаж ирэх үед биедээ авсан зүйл байгаагүй. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18:00 цагийн үед С.Ц-ын эхнэрээс дугаарыг нь авч хэлсэн. Уг дугаарыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
4. Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саяхан эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд манай эгч н.Энхриймаагийн хүү С.Цэндсугар н.Есөнцэлмэг рүү залгаад Төрөө ах манай гал тогооны өрөө рүү орчихсон байгаад баригдлаа. Би цагдаад өгчихсөн шүү гэж хэлсэн гэсэн. Энэ асуудлыг ээж надад утсаар хэлсэн. Н.Э өөс юу болсон талаар асуухад “Би хулгай хийсэн зүйл байхгүй унтах гээд гэр рүү ороход Ч.Алтанхуяг гээд хойд талын айл нь С.Цэрэнсугарт намайг хэлчихсэн байсан бөгөөд С.Цэндсугар ирээд гэрээс нь гарч явахад араас нь ирээд гудамжид дорцовоор зодоод шууд цагдаа дээр авч ирж өгсөн гэж надад ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/
5. Шүүгдэгч Н.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 52 зах дээр архи ууж яваад 17 цаг болоод оройтчихоор нь унтах газар хайгаад миний төрсөн эгч н.Энхриймаагийн хашааг давж ороод модон порчиг нь онгорхой байхаар нь ороод жижиг өрөөний орон дээр хэвтээд дуг хийгээд сэрсэн. Тэгээд гэр рүүгээ явах санаатай боссон чинь хэвтэж байсан орон доор гэрлийн хар бүрээстэй кабель утас байхаар нь аваад порчикоор нь гараад хашаан дотор байж байтал н.Энхриймаа эгчийн том хүү С.Цэндсугар хашаа давж орж ирээд намайг барьж аваад шууд цагдаа дуудаад алаг тэрэгтэй хоёр цагдаа ирээд намайг хэлтэс дээр авч ирсэн. Тэр цахилгааны утас минийх биш орон доор байхаар нь аваад гарсан юм. Зарж унааны мөнгөтэй больё гэж бодсон байх тэгээд л авч гарсан. Би эгчийнд өмнө нь порчикоор нь орж хонож байгаагүй.... миний авч гарсан цахилгааны утсыг С.Цэндсугар тэр дороо өөрөө аваад байшин руугаа оруулж тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад ялын хугацаа дуусч суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-41-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Н.Э нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 14-539 тоотод байрлах С.Ц-ын эзэмшлийн өвлийн сууцны модон цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 20 метр урттай цахилгааны утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсныг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Э ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу /1 жил/ ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал /...49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр засал чимэглэл хийдэг , ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Э ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ТОГТООХ нь:
1. Б овогт Н-ын Э ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Э ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Э д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР