Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

   

 

    2020          11           03                                   2020/ШЦТ/727

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Т.Мижиддорж,  

шүүгдэгч Ц.М   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Ө   овогт Ц-ийн М-ийг холбогдох эрүүгийн 2010018480911 дугаартай, 187/2020/0737/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ........... оны .......... дугаар сарын ..........-нд Улаанбаатар хотод төрсөн,.............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл ........... хамт, Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо, Хурд хороолол .............. тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2012 лны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ө   овогт Ц-ийн М /РД:............................/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.М   нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 28 дугаар байрны гадаа таксины мөнгөнөөс болж хохирогч Д.С-г нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.М   нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 28 дугаар байрны гадаа таксины мөнгөнөөс болж хохирогч Д.С-г нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Ц.М-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.С-н   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 00 минутын үед би өөрийн эзэмшлийн 31-54 УБХ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг жолоодоод явж байсан чинь Баянмонгол хорооллын баруун талын хаалганы үүдэнд нэг үл таних согтуу залуу гар өргөхөөр нь би зогссон. Тэгтэл цаанаас нь нэг эрэгтэй хүн ирээд Хурд хороолол руу хүргээд өгөөрэй гэж хэлсэн. Би за гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хороололд ирчихлээ 28 дугаар байр хаана байдаг юм гээд согтуу залуугаас асуусан чинь буцаад Баянмонгол хороолол орно гэхээр нь буцаад явж байсан чинь Нархан хотхоны ойролцоо явж байсан чинь согтуу хүн чи хятад юм уу, хазгай хэлтэй амаар доромжилж явсаар байгаад Хурд хорооллын 28 дугаар байрны гадаа очоод 5000 төгрөг гарсан байна гээд хэлсэн чинь чи надаас мөнгө авдаг хэн бэ гээд миний суудлын бүсээр хоолой боохоор нь би арай гэж бүсээ тайлаад машинаасаа буугаад согтуу хүнийг машинаас буу гээд татсан чинь намайг заамдсан. Тэгээд миний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиод намайг тэвэрч аваад толгойны дагз хэсгээс хазаад нуруу луу цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11/

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10677/-ний дүгнэлт:

            - Д.С-н   биед зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйх, нуруунд зулгаралт, доод уруул, хэл, баруун чихний дэлбээ, баруун шанаа, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй.

            -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна /хх-ийн 22/

             4. Шүүгдэгч Ц.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой би найзынхаасаа гараад гэр лүүгээ таксинд суугаад явсан. ...Манай найзын гэр нь Баянмонгол хороололд байдаг манай гэр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 26 дугаар байр би найзынхаа гэр лүү нь явахад 2500 төгрөг гардаг. Тэгтэл тэр өдөр 5000 төгрөг гарсан гээд маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

   Шүүгдэгч нь урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2012 лны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-39-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/-аар тогтоогдлоо.  2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10677/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.М   нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 28 дугаар байрны гадаа таксины мөнгөнөөс болж хохирогч Д.С-г нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.М-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр  дагаврыг ойлгосон, хохирогч Д.С-н   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122/, түүний хувийн байдал /...39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө   овогт Ц-ийн М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

 Шүүгдэгч Ц.М  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Ц.М-ийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Ө   овогт Ц-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө   овогт Ц-ийн М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Ц.М  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.М  сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.     

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР