| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0736/Э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 729
2020 11 03 2020/ШЦТ/729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,
шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Э-ын Э-д холбогдох эрүүгийн 2010014680869 дугаартай 187/2020/0736/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл ......... хамт Хан-Уул дүүргийн ..........дугаар хороо, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Э /РД: ........................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитат 6-23 тоотод оршин суух нагац эгч Д.Д-ийн гэрт түр амьдардаг байхдаа гэрээс нь нууцаар хууль бусаар бэлэн 1.500.000 төгрөгийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитат 6-23 тоотод оршин суух нагац эгч Д.Д-ийн гэрт түр амьдардаг байхдаа гэрээс нь нууцаар хууль бусаар бэлэн 1.500.000 төгрөгийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гадуур явж байгаад гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой Э.Э согтуу унтаж байсан би яасан болсон бэ хүү минь гэхэд уучлаарай том ээжээ би мөнгө авсан гээд уйлаад байсан хаанаас мөнгө авсан бэ гэхэд таны хагалгаанд орох мөнгөнөөс аваагүй гэсэн би авдраа хартал цоожийг нь эвдпээд дотор байсан 1.500.000 төгрөг алга болсон байсан би чи мөнгийг авсан байна ш дээ. Энэ мөнгө хаана байна гэхэд эхлээд аваагүй гэж байгаад сүүлдээ авсан гэж хэлж байснаа цагдаа дуудсан чинь гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд цагдаа нар ирэхэд Э.Э байхгүй хайгаад олоогүй тэр өдрөөс хойш би Э.Э тай уулзаагүй байгаа төрсөн эгч Э.Энхцэцэг рүү залгахад утсаа авахгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
3. Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э гийн хувьд яг тогтсон орон гэр байхгүй, одоохондоо манай нагац эгч Д.Д-ийн гэрт түр амьдарч байгаа. Эхнэр хүүхэдгүй. Холбоо барих утасны дугааргүй. Тэрнээс өмнө надтай хамт байдаг байсан боловч миний үгэнд орохгүй, гэрээс явсан. Ер нь гадуур нилээд тэнэдэг, одоо өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байлгүй гэж бодож байна. Зан байдпын хувьд даруухан, үг дуу цөөтэй, хааяа архи уудаг, тамхи татдаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33, 46-48/
4. 2020 оны 7 дугаар сарын 21 -ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 8-12/
5. Шүүгдэгч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр багын найз Баатарцогтой уулзаад Нисэхэд хамт 2-3 шил 0,75 литрийн савалгаатай архи уусан. Баатарцог гэртээ харьлаа гэж хэлээд явсан. Би Биокомбинатад байдаг манай талийгаач ээжийн төрсөн дүү Д.Д-ийн гэрт очсон. Гэрийн хаяг нь Хабитатын 6-23 тоотод байдаг. Гэрт нь очиход хаалга нь цоожтой хүн байгаагүй, уг нь эгч бид хоёр гарахдаа түлхүүрээ нэг газарт нуугаад үлдээдэг байсан бөгөөд эгч намайг тэр илүү түлхүүрээ үлдээсэн байх гэж бодсон байх цоожлоод явсан байсан. Эгч маань тухайн үед надтай хамт ханьдаа бай гэж хэлээд гэртээ авчирсан байсан юм. Тэнд амьдарч байсан. Тэгээд түлхүүр байхгүй болохоор тооноор ороод түлхүүрээ аваад буцаж гараад цоожоо онгойлгоод хаалгаар нь орсон. Ороод архи уумаар санагдаад цоожтой авдрыг нь юмаар хөшиж онгойлгоод дотор нь байсан мөнгийг авсан, 1.500.000 төгрөг орчим байсан байхаа, гараад дэлгүүрээс архи аваад тэрүүгээр баахан явж байгаад буцаад ирээд унтчихсан байсан. Унтаж байтал эгч Д.Долгормаа сэрээгээд энэ авдар яагаад онгорхой байгаа юм гэхээр нь би үнэнээ хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитат 6-23 тоотод оршин суух нагац эгч Д.Д-ийн гэрт түр амьдардаг байхдаа гэрээс нь нууцаар хууль бусаар бэлэн 1.500.000 төгрөгийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Э г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-14-15/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Лиф ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 9, эгч, хүргэн ах, 6 дүүгийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ын Э-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Э.Э гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ын Э-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Э д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР