| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0011/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 11
Т.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.А, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой, Т.А-т холбогдох эрүүгийн 1735002110004 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Т ургийн овогт Т-ийн А нь 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй.
Т.А нь 2017 оны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрт хохирогч Б.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогтой Т-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохьг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.......Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор бусдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.
Гэтэл Т.А нь эрүүгийн 1735002110004 дугаартай хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс Т.А-т холбогдох эрүүгийн 1735002110004 дугаартай хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа эрүүгийн 1835000260031 дугаартай хэрэгт нэгтгэн шалгах шаардлагатай байна.
Иймд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт гаргасан” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Увс аймгийн прокурорын газраас Т.А-ыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.У-ийн биед хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 17 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн дээрхи шийтгэх тогтоол нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Т.А-ын тогтоол гарахын өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн бусдын эд хөрөнгө хулгайлах, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэргүүд нь тус тус илэрч уг хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан болох нь Увс аймгийн прокурорын газрын прокурорын 1835000200038, 1835000260031 дугаартай яллагдагчаар татах тогтоолоор тус тус нотлогдож байна.
Т.А-ын холбогдсон дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Т.А-т оногдуулах ялуудыг нэгтгэх боломжгүй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан ба энэ нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.
Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулсанаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан бөгөөд прокурорын газраас Т.Ат холбогдох эрүүгийн хэрэгт шинэ нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн урьд гарсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.
Дээрхи нөхцөл байдлуудын улмаас Т.А-ын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулах шинэ нөхцөл байдал илэрсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иймд энэ талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Т.А-т холбогдох эрүүгийн 1735002110004 дугаартай хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, уг хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар прокурорт буцаах үндэслэлтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Т.А-т холбогдох эрүүгийн 1735002110004 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Т.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.МӨНХЖАРГАЛ