Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Д

Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хэрэгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн дариу ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгүүлэх, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгүүлэх”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2022/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгэхийг” хариуцагчид даалгуулах гэснийг хангаж, үлдэх хэсэг болох “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хэрэгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн дариу ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. “Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй үндэслэлээ тайлбарлахдаа: “Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4 дэх хэсэгт “Хариуцагч Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021.11.18-ны өдрийн №2/5924 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид тус яамны харъяа Боловсролын зээлийн санд мэргэжилтэн бөгөөд эдийн засагчаар, Боловсролын чанар, гүйцэтгэл, үйл ажиллагаанд чиглэсэн төсөв санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх багт зөвлөхөөр ажиллуулах саналыг тавьсан, мөн яамны харъяа 2022.01.01-нээс байгуулагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт мэргэжилтнээр эсхүл 2022 онд Боловсрол, Шинжлэх ухааны яаманд дахин бүтцийн өөрчлөлт хийхэд ажлын байраар хангах асуудлыг судлах болно гэсэн хариуг хүргүүлсэн нь хариуцагчийг гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна”, ...Үндэслэх хэгсийн 2.7 дахь хэсэгтхариуцагч захиргааны байгууллагыг нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний 2.6-д "...төгсөж ирэхэд байгууллагын бүтэц өөрчлөгдөж, чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн байх эсхүл хүний нөөцөө цомхотгосон байх тохиолдолд байгууллага нь төгсөгчид тухай салбар дахь өөр ажлын байраар хангана” гэж заасан үүргээ биелүүлж ажлын байр санал болгож, түүнийг нь Б.Д хүлээн аваагүй, тэрээр 2021.11,29-ны өдрөөс Сангийн яаманд мэргэжилтнээр томилогдсон байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож байна” ... Үндэслэх хэсгийн 2.8 дах хэсэг “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаас үзвэл Б.Дгийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад ажилдаа буцаан томилогдох хүсэлт гаргасан өдрөөс буюу 2021.07,26-ны өдрөөс 2021.11,29-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Тухайлбал: Би Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, Спортын яаманд мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 06 дугаар сард Япон улсын засгийн газраас буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлтэй болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны төрийн нарийн бичгийн даргатай гурван талт гэрээ байгуулан, “2 жилийн хугацаанд Япон улсын Олон улсын их сургуулийн Олон улсын харилцааны танхимд суралцаж, дараа нь Монгол улсад өөрийн ажиллаж байсан ажилдаа эргэн орж, байгууллагадаа 2-оос дээш жил ажиллах”, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам нь “Б.Д миний суралцаж байх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөх. ажил албан тушаалыг хэвээр хадгалж, суралцаж төгссөний дараа нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж, 2-оос дээш жил ажиллуулах” үүргийг хүлээхээр тохиролцсон.

 

Б.Д миний ажиллаж байсан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт Сургуулийн өмнөх боловсролын салбарын төсвийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, шилэн дансны хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаал Төрийн захиргаа-7 ангиллын албан тушаал байсан. Гэтэл Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаа яамны харъяа газрын мэргэжилтэн буюу Төрийн захиргаа-6 ангиллын албан тушаалыг, зөвлөхийн гэх төрийн албаны ангилалд хамаарахгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй албан тушаалын хамт болон бий болоогүй, бий болох эсэх нь эргэлзээтэй, ирээдүйд бий болно гэх хоосон ажлын байрыг санал болгосон байдаг.

 

Гурван талт гэрээ байгуулснаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Б.Д миний ажил албан тушаалыг хэвээр хадгалах, эргэж ирээд хүсэлтээ өгсөн даруйд ажилд авах, Б.Д миний хэвээр хадгалагдаж буй ажил албан тушаалыг эрхлэх этгээдтэй тохиромжтой хугацаагаар гэрээ байгуулж ажиллуулан, сургалт дуусахаас өмнө ажлаас чөлөөлөх, дээрх байдлаар ажлын байрыг хэвээр хадгалах боломжгүй бол өмнө эрхэлж байсан ажлаас зэрэглэл бууруулахгүй ажлын байраар хангах үүргийг хүлээсэн юм. Гэтэл хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй, зэрэглэл бууруулсан, төрийн албанд хамаарахгүй ажлыг санал болгосон байхад бодит байдалтай нийцээгүй, хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

 

2. Хариуцагч гурван талт гэрээний 2.6 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон тул өөр ажлын байр санал болгосныг Б.Д хүлээн аваагүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Б.Д миний бие 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргад хандаж, өөрийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа орох хүсэлтээ гаргасан. Намайг ажил албан тушаалдаа эргэж орох хүсэлтээ гаргахад Боловсрол, Шинжлэх ухааны яаманд ямар ч бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаагүй байсан. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гарган өгч буй бүтэц өөрчлөгдсөн, орон тоо хасагдсан гэх тушаал шийдвэрүүд нь бүгд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш батлагдсан тушаал шийдвэрүүд байдаг.

 

Гэтэл шүүхээс дээрх тушаал шийдвэрүүд гарсан огноо нь суралцагч оюутан Б.Д намайг суралцаж төгсөөд, эх орондоо ирж ажилдаа орох хүсэлтээ гаргаснаас хойш байгааг дүгнэлгүйгээр, төгсөж ирэхэд байгууллагын бүтэц өөрчлөгдсөн байсан мэтээр дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

 

3. “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан Б.Д нь нэхэмжлэлд дурдагдсан цаг хугацаанд ажиллаагүй, албан тушаалын чиг үүргээ биелүүлээгүй учраас цалинг олгохгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Д миний бие төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй, эрхээ хязгаарлуулснаас бус, өөрөө ажлаа орхиод ажлаа хийгээгүй, эсхүл ажлаа тасалсан зүйл огт байхгүй юм. Гэтэл шүүхээс хэний ямар хууль бус үйлдлээс шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдгээс үл хамааран цалинтай холбоотой асуудлаар дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.6 дахь хэсэгт “Б.Д нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх тул түүнийг 46.6-д зааснаас нөөцөд бүртгэгдсэн тул хариуцагч захиргааны байгууллагаас мөн хуулийн 21 дугаар зүйлд зааснаар Б.Дгийн ажиллаж байсан ажил албан тушаалд албан хаагч сонгон шалгаруулж томилсон нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаал сул байгаагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй" гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 

Би өөрөө хүсэлт гаргаад, өөрийнхөө хувь хүнийхээ эрх ашиг сонирхлыг гүйцээх зорилгоор ажлаасаа түр чөлөөлөгдөж, сургалтад хамрагдаагүй, хоёр улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, гурван талт гэрээ байгуулж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрыг чинь хэвээр хадгална, суралцаад ирэхээр чинь одоо байгаа ажилд чинь, эсхүл зэрэглэл ахиулсан албан тушаалд ажиллуулна гэсэн амлалт баталгаа, гэрээнд заасан үндэслэлийн дагуу суралцаад эх орондоо эзэмшсэн мэдлэг боловсролоо ашиглан, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зорилготой байсан. Хэрэв ажиллаж байсан байгууллагаас ажил албан тушаалыг чинь хэвээр хадгалах боломжгүй, ирэхэд чинь ажлын байранд чинь авахгүй, албан тушаалын зэрэглэл буруулсан ажилд, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч биш зөвлөхөөр ажиллуулна гэсэн бол би өөрийнхөө ажил, албан тушаал, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг орхиж, суралцах шийдвэрийг гаргахгүй байх байсан. Б.Д миний бие Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд мэргэжилтнээр ажиллаж төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгааг эдэлж байсан. Гэтэл Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаараа ажлын байрны шатлал буурах, эсхүл төрийн албанд биш зөвлөх гэх нэрээр ажиллахаар болж эрх маань зөрчигдөж байна. Иймд сургалтад хамрагдахаар түр чөлөөлөгдсөн л бол нөөцөд орсонд тооцно, нөөцөд бүртгэгдсэн албан тушаалтанд ямар ч албан тушаал санал болгож болно гэх байдлаар шийдэж, хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч Б.Д нь “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хэрэгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн дариу ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгүүлэх, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх “... 3 талт гэрээний 2.6-д заасан үүргээ хариуцагч биелүүлсэн, мөн нэхэмжлэгч төрийн албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг олгох боломжгүй талаар дүгнэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 

4. Нэхэмжлэгч шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо “... суралцаад эргэн ирж хүсэлтээ өгсний дараа 2021.08.25-ны өдөр бүтэц, орон тоо өөрчлөгдсөн шийдвэрүүд гарсан байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлгүй, хүсэлт гаргахаас өмнө өөрчлөгдсөн мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэсэн” гэжээ.

5. Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, орон тооны хязгаарыг өөрчилж батлахдаа 2020 оны 51 дүгээр тогтоолоо хүчингүй болгожээ.

6. Нэхэмжлэгч Б.Дг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 талт гэрээг байгуулж, суралцахаар явснаас хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөгдөж, Боловсрол, шинжлэх ухааны яам болж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 51, түүнийг үндэслэн гарсан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/20, Б/21[1] 95-32дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын газар нь Санхүү, аж ахуй, үйлчилгээний газар болж, 6 орон тоотой болсны дотор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо батлагдаагүй яамнаас үзвэл Б.Дг суралцахаар явснаас хойш түүний ажиллаж байсан байгууллагын бүтэц, орон тоо удаа дараа өөрчлөгдсөн, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргах үед түүний албан тушаал байгаагүй буюу 3 талт гэрээний 2.6-д заасан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл үүссэн байх тул  дээрх гомдол үндэслэлгүй байна.

7. Мөн гомдолд “... 3 талт гэрээгээр хүлээсэн эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, эргүүлж томилох, ангилал зэрэглэл бууруулахгүй томилох гэсэн заалтаа зөрчиж ажлын байр нь бий болоогүй байгаа, зэрэглэл буурсан албан тушаалын орон тоо санал болгосон байхад анхан шатны шүүх гэрээний үүргээ зөрчөөгүй гэж бодит байдалтай нийцээгүй, хууль бус дүгнэсэн” гэжээ.

Тухайн гэрээний 2.5-д “өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж, 2-оос дээш жил ажиллуулна” гэснийг тухайн байгууллагад суралцагчийн мэдлэг, мэргэшилд тохирсон, шаардлага хангаж ажиллах боломжтой, зэрэглэл нь буурахгүй албан тушаалын сул орон тоо байгаа тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.

 Дээр дурдсан үндэслэлээр гэрээний 2.6-д заасан нөхцөл үүссэнтэй холбоотой хариуцагч нь өөр ажлын байр санал болгосон, улмаар Б.Дгийн албан тушаалын шаардлагыг хангах, сул орон тоонд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн Улсын болон орон нутгийн төсвийн орлого, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр томилж, тухайн албан тушаалын зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэснийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит нөхцөл байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

8. Тэрээр гомдлынхоо өөр нэг үндэслэл болгож “...Төрийн албаны тухай хуулийн 46.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул 46.6-д зааснаар төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн, албан тушаал нь сул байгаагүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй” гэж дүгнэсэнд гомдолтой. ... би өөрийн хүслээр  яваагүй, хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч тэнцээд 3 талт гэрээ байгуулж, эргэж ирэхэд ажилд буцааж авна гэсний үндсэн дээр суралцаад ирсэн ...” гэжээ. 

Захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуульд үндэслэх, хууль дээдлэх зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд 3 талт гэрээнд заасан захиргааны байгууллагын болон төрийн албан хаагчийн эрх, үүрэг нь Төрийн албаны тухай болон бусад хуульд үндэслэх учиртай. Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т “...” гэж заасан бөгөөд Б.Дг 2019 оны ... тушаалаар тус хуулийн дагуу албан тушаалаас нь түр чөлөөлсөн байна. Ийнхүү чөлөөлөгдсөнөөр төрийн албаны нөөцөд үлдэх буюу тухайн байгууллагаас хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болох хууль зүйн зохицуулалттай. Уг хуулийг анхан шатны шүүх буруу тайлбарлаагүй бөгөөд гэрээ байгуулсан этгээдүүдийн хэнийх нь хүсэл зоригоос үл шалтгаалж, орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой, тухайн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь хүрээнд Төрийн албаны зөвлөлийн ирүүлсэн албан бичгийн дагуу хариуцагч нь /тус хуулийн заалтыг харгалзалгүй/ өөр ажлын байраар хангасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзнэ.

9. Мөн гомдолд “... хариуцагчийн буруугаас хүсэлт өгснөөс хойш ажилгүй байлгасан хугацааны цалинг нэхэмжилсэн байхад албан тушаалын чиг үүрэг гүйцэтгээгүй учраас цалин олгохгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй ...” гэжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн суралцахаас өмнө ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсаны улмаас шууд албан тушаалд томилох боломжгүй байсан байх тул төрийн албан тушаал эрхлээгүй этгээдэд цалин олгохыг даалгах нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  заасанд нийцэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч хүсэлтийг хүлээн авч ажилд томилоогүй эс үйлдэхүйг Төрийн албаны хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчид цалин олгохыг даалгах үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] /www.meds.gov.mn/