Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/474

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          12               02                                                2020/ШЦТ/474

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч Н.О,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн 2034000000660 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Т, 1979 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сум, 220 гудамж Б-2 тоотод оршин суух, холбооны инженер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, АА9999999 регистрийн дугаартай.

 

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 220 гудамж Б-2 тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.О-г бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.Т-ын өгсөн: Эхнэрээ хүнтэй хардаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бухимдлаа гаргасан. Бид хоёр ярилцаж ойлголцсон гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.О-н өгсөн: Баярмаагийн  нөхөрт тусалдаг байсан. Түүнээс болж Баярмаа буруугаар ойлгосон юм шиг байсан. Би нөхөртэйгөө ярилцаж учир зүйгээ олсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байнаа гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Н.О /хх 5-6, 7-8/, шүүгдэгч Г.Т /хх 9-10, 22-23/, гэрч Н.Б /хх 11/,  Т.О /хх 12/ нарын өгсөн мэдүүлэг,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №689 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-15/, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх 2/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 24-25, 29-49/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 59/ зэрэг болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.Т нь хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатай үйлдлээр хохирогч Н.О-н эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн  хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 220 гудамжны Б-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.О-г бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон Н.О-н биед хамар, зүүн хацар, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Т-ын өгсөн: "2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр би ажил дээрээ байж байсан 14 цагийн үед над руу танихгүй дугаараас үл таних эмэгтэй хүн залгаад "О-н нөхөр мөн үү гэхээр нь мөн байна гэсэн чинь би танай эхнэртэй чинь цуг ажилладаг хүний эхнэр нь байна. Танай эхнэр манай нөхөртэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байна. Би одоо л чамд хэлж байна. Сүүлдээ танай эхнэр давраад над руу утсаар залгаад танай нөхрийн утас болохгүй байна хаана байгаа юм гэж ярьсан." гэхээр нь би эргэлзээд чи хэн билээ гэсэн чинь намайг Баярмаа гэдэг би Шүрэнбатын эхнэр байна гээд болсон зүйлийн талаар ярьсан. Баярмаагийн хэлж ярьж байгаагаар өмнө нь танай эхнэр болон манай нөхөр хоёр харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрсөн манай нөхөрт битгий хэлээрэй гэж надаас гуйсан утгатай юм ярьсан. Энэ талаар би эхнэртээ мессежээр хэлсэн чинь тийм зүйл болоогүй чи хаанаас юу сонсоод байгаа юм гээд үгүйсгээд байхаар нь Баярмаагийн мессежийг явуулсан чинь үгүйсгээд байхаар нь би ажил тараад эхнэр болон Баярмаа нартай уулзаж байгаад ярилцаад үзье гэж бодсон. Тэгээд ажил орой тараад амжаагүй. Эхнэр хоёр хүүхдээ аваад гэртээ очсон байсан. Би сэтгэл санаа тавгүй байсан тул Б гэх найзаар ажил дээрээс авуулаад хамт 2 литр Боргио гэх пиво аваад гэрийн гадаа хувааж ууж байхад манай эхнэр намайг авах гэж ирээд гэмшсэн царай төрхтэй харагдсан дуугаа хураасан байдалтай намайг харих уу хайраа гэхээр нь би ууж байсан зүйлээ дуусгаад явна гэж хэлээд ууж дуусаад гэр лүү явсан. Эхнэр машин барьж явсан. Мөн манай бага охин хамт явсан байрны гадаа зогсоол дээр зогсоод би охиноо гэртээ оруулаад буцаж гарч ирээд машин дотор ярилцсан. Тухайн хүнтэй харилцаа үүсгэсэн юм уу гэх зэргээр асуусан чинь хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь би Баярмаа гэх эмэгтэй рүү утсаар залгаад чи надаа түрүү нь хэлсэн асуудлаа ярь даа гэхэд эхнэр Баярмаатай яриад "Чи юу гэж худал хэлээд гэр бүл салгах гээд байгаа юм." гэхээр нь би баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь хоёр цохисон тэгтэл надаас хайраа уучлаарай гэж байснаа машинаас буугаад гүйгээд явчихсан. Манай цэргийн ангид хамт ажилладаг О эгчтэй таараад авраарай туслаарай гээд орилоод жүжиглээд байсан. Тэгсэн хамт ажилладаг хоёр эмэгтэй гараад ирсэн. Намайг эхнэртэй уулзуулахгүй хориод байж байсан чинь эхнэрийн ах Б цагдаа нарын хамт ирээд намайг хөлөөрөө цохисон. Тэгээд би цагдаа нарын хамт явсан. Зүүн шанаа хэсэгт баруун гараараа хоёр удаа цохисон. Хажуу талаас нь хоёр цохисон. Уурлаж бухимдахдаа эхнэртээ гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна. Одоогоос жилийн өмнө байх манай эхнэр архи уусан би эрүүл машин бариад явж байсан гол муудах болсон шалтгаан нь манай 10 жилийн ангийн хүүхэд М-ой манай том хүүг адилхан гэх утгатай юм яриад байхаар нь эвгүй сэтгэгдэл төрөөд гэртээ очоод энэ талаар нь ярилцаад муудалцаад нэг удаа элэг хэсэгт нь гараараа цохиж байсан. ...Би прокурорын тогтоолтой танилцсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон үйл явдлыг талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг

 

Хохирогч Н.О-н өгсөн: "2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай ажлын газрын Алтантуяагийн төрсөн өдөр болоод хамт олноороо гадуур явсан. Тэгээд гэртээ шөнийн 2 цагийн үед орсон. Тэгсэн манай нөхөр Г.Т өдөр 13 цагийн үед над руу гар утсаар мессеж бичиж хардаад өчигдөр хэнтэй хамт хаагуур явсан, чамайг хэн гэрт хүргэж ирсэн юм, янхан минь, гичий минь чи ажлынхаа хүнтэй явдаг биз дээ гэх зэргээр хий хардсан. Уг нь би зөвшөөрөл өөрөөс нь аваад гарсан юм. Би орой 17 цагийн үед утсаар залгаад ажил нь тарсан уу гэхэд болоогүй байна чи хоёр хүүхдээ аваарай гэхээр нь би хоёр хүүхдээ авчаад дахин залгаад гэртээ харих талаар асуусан чинь би ажилтай байна гэртээ хүүхдүүдээ аваад очиж бай гэхээр нь гэртээ очоод хоол ундаа хийгээд 20 цагийн үед дахин гар утсаар залгаад ажил нь тарсан уу гэсэн чинь Б гэх хамт ажилладаг байсан найзынхаа гэрийн гадаа байна намайг ирээд ав гэхээр нь бага охиноо дагуулаад яваад очсон. Тэгсэн тэнд пиво уугаад сууж байсан. Тухайн үедээ зүгээр байсан. Инээгээд намайг хайраа гэх зэргээр дуудаад байсан. Пиво ууж дуусаад 22 цагийн үед гэр лүү явах замдаа гэнэт шууд уурлаад би чамайг өнөө шөнө цус гаргахгүй, ул мөргүй, гэрчгүй ална наад машинаа хоёр гараараа бариад над руу хараад яв гэж хэлээд байхаар нь би байр луу салдаг уулзвар дээр зогсоод хайраа битгий уурла тайван бай ямар ч баримтгүй намайг битгий хардаад бай гэж гуйсан чинь чи надаас өөр том боов хайгаад яваад байгаа юм уу гэх зэргээр хэлээд миний нүүр болон толгой шанаа хэсэгт гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. Би уйлсан чинь үхсэндээ уйлаад байгаа юм дуугүй бай гэхээр нь би айсандаа дуугүй болсон чинь машинаа хөдөлгөөд яв гэсэн би гэрийн гадаа очсон. Тэгсэн бас нөгөө хэлдэг үгнүүдээ хэлж хий хардаад машины урд салон хэсгийг гараараа цохиж чанга орилоод байхаар нь охин айж байна би охиноо гэрт оруулаад гараад ирэх үү гэхэд тэг гэхээр нь би гэр лүү орох замдаа төрсөн ах Б луу залгаад Т намайг зодох гээд байна та намайг ирээд хурдан ав гэж хэлээд хоёр хүүхдээ гэрт үлдээгээд буцаж гараад машин дотор суусан чинь дахин элдвээр хэлээд өнөөдөр чамайг ална гэж хэлээд толгой хэсэгт гараараа олон удаа цохисон. Тэгээд би машинаас гарч зугтаад авраарай гээд хамаг чангаараа орилсон чинь миний араас хөөсөн. Тэгсэн О гэх эгч гадаа зогсож байж таараад намайг ардаа хийгээд хамгаалсан. Тухайн үед нэг машин ирсэн хоёр эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгсэн тэр хүмүүсийг хараад зүгээр болоод ханиа хоёулаа гэртээ орж амрах уу гээд байснаа та нар наад хүүхнээ юу хийснийг нь мэдэхгүй байна орхиод яв гэтэл нөгөө эмэгтэй хүмүүс нь бид нар юу гэж орхиж явах юм гэсэн. Удалгүй манай ах хоёр цагдаа дагуулж ирээд аваад явсан. Бид хоёр гэр бүлийн баталгаатай. 9 жил хамт амьдарч байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь 8 настай хүү, бага нь 4 настай охин. Одоогоос жилийн өмнө хий хардаад гэрийн гадаа миний биед халдаж байсан. Анх удаа зодсон болохоор нь хэлээгүй. Хий хардалтаас болоод байгаа юм. Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэх нь гайгүй. Т хааяа нэг уудаг. Толгой тэр чигтээ өвдөж байна хамар хавдсан зовуурьтай байна. Нэмж хэлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 7-8/,

 

Гэрч Н.Б-н өгсөн: "2020 оны 11 дүгээр сарын 04-ны шөнө 22:34 цагт манай төрсөн дүү Н.О над руу гар утсаар залгаад уйлаад намайг ирээд аваач Т намайг алах гээд зодоод байна гэж хэлээд утас нь тасарсан. Би Улаанбаатар хотоос шууд гараад Төв аймаг руу явах замд үл таних эмэгтэй хүн над руу залгаад та хурдан ирээч гэсэн. Тэгээд би шууд Төв аймгийн цагдаа дээр өөрийн биеэр ирээд дуудлага өгөөд цагдаа дагуулаад очсон. Миний дүүг цагаан өнгийн Приус 11 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад гадаа нь гурван эмэгтэй хүн болон Т зогсож байсан. Манай дүү машин дотроос уйлаад буугаад ирсэн. Нүүр ам нь хавдсан хамар нь цус болсон шалбарсан байсан. Цагдаа нар Т-г аваад явах гэсэн цагдаа нартай маргалдаад муудалцаад байсан. Би дүү Оюундарийг дагуулаад гэрт нь орсон. Одоогоос жилийн өмнө байх манай дүү над руу утсаар залгаад Т намайг зодсон гэж хэлж байсан. Би тухайн үед нь Т-г утсаар залгаж загнасан. Тухайн үед цагдаад хэлээрэй гэсэн хэлээгүй нуусан байсан. Би сүлжээгүй газар ажиллаж байсан тул тэгээд утас тасарсан. Т-г ямархуу ааш зантайг хэлж мэдэхгүй байна хамт амьдарч байгаагүй." гэх мэдүүлэг /хх 11/, 

 

Гэрч Т.О-ын өгсөн: "2020 оны 11 дүгээр сарын 04-ны шөнө 22 цаг өнгөрч байсан. Намайг гэртээ амрах гээд байтал манай ажлын хоёр эмэгтэй надаас машины данхраад байна уу гэж утсаар ярьсан. 016 дугаар цэргийн ангиас гарч байна та гаргаад өгөөч гэхээр нь гэрээс гараад машинаасаа данхраад аваад орцны үүдэнд хүлээгээд зогсож байсан чинь О байрны урд талаар намайг авраарай гээд орилоод гараад ирэхээр нь би юу болов гээд харсан чинь араас нь нөхөр нь болох Т хөөе чи нааш ир гээд хөөгөөд гараад ирсэн. О-н нүүр хэсэгт цус болчихсон байхаар нь өөдөөс нь яваад очсон чинь О эгчээ намайг авраарай гэж хэлээд миний араар ороод нөхрөөсөө айсан байдалтай байхаар нь би нөхөрт нь хандаж чи яагаад эхнэртээ гар хүрээд байгаа юм боль гэсэн миний үгэнд ороод гайгүй болсон. Т надад хандаж та наад хүүхнээ ямар хэрэг хийгээд зодуулсан учрыг мэдэхгүй шүү дээ гэхээр нь чи буруу юм хийсэн гээд эмэгтэй хүнийг зодож болохгүй шүү дээ гэж хэлээд зогсож байтал манай цэргийн ангийн хоёр эмэгтэй ирсэн. О тухайн үед уйлаад юу болсон талаар хэлэхгүй байхаар нь машинд суулгасан. Манай ах хотоос ирж байгаа гэхээр нь за тэгвэл танай ахыг иртэл бид нар хамт хүлээж байна санаа зоволтгүй гэж хэлээд хүлээж байтал ах нь цагдаа дагуулаад ирсэн. Т, О хоёрыг би сайн танихгүй нэг байранд хамт амьдардаг. О-н хамар хэсэгт нь цус болсон байсан." гэх мэдүүлэг /хх 12/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №689 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Н.О-н биед хамар, зүүн хацар, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх 14-15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогч Н.О нь шүүх хуралдаанд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Т-т оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 1 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000660 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000660 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ