| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0997/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/967 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/967
2020 12 01 2020/ШЦТ/967
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0997/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
улсын яллагч: Г.Цогтгэрэл,
шүүгдэгч: Б.Г. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2009020721174 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, хүүхдүүдийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 сарын баривчлах ял тус тус шийтгэгдэж, 2 гэмт хэрэгт тус бүр оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 02 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэснийг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Б.Г. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Б.Г-н өгсөн: “...би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байна. Хохирол, төлбөрийг барагдуулаагүй байгаа... ” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Н.Тогмидын өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ойролцоогоор 11 цагийн үед “Хангай” хотхоны 506 дугаар байранд байх гэрээсээ гараад 3 дугаар сургуулийн автобусны буудал орох гээд ганцаараа алхаж байхад Хангай хотхоны 4 замын уулзварын баруун урд талын түцний хажууд үл таних 4 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс намайг хараад сайн байна уу ах аа, сайхан наадаж байна уу? Наашаа суу гэсэн. Тэгээд би суусан чинь тамхи байна уу ах аа гэхээр нь би нэг тамхи өгчихөөд өөрөө нэг тамхи татаад сууж байсан чинь тэд нартай хамт байсан нэг /20 орчим насны улаан царайтай намхан махлагдуу/ эмэгтэй нь миний цамцны энгэрийн халаасанд хийсэн байсан Самсунг Эс-7 маркийн гар утсыг шүүрээд зугтаасан. Тэгээд би хойноос нь гүйгээд бариад авсан чинь нэг гараараа намайг түлхээд байхаар нь би куртикнээс нь зуураад бариад байсан чинь тэр эмэгтэй куртикээ тайлаад зугтаачихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 тал/,
Б.Г-н гэрчээр өгсөн: "...Би 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Хангай хотхоны уулзвар баруун урд талд байх түцний дунд тэр хавиар хоёрдогч түүхий эд түүж амьдардаг хүмүүстэй архи уугаад сууж байхад 60 орчим насны ах ирээд бид нартай архи уусан бөгөөд тэр ах ирэхдээ гар утсаа гартаа барьчихсан байсан. Тэр ах ирж суугаад архи уучхаад гар утсаа энгэрийнхээ халаасанд хийх үед би гар утсыг нь булааж аваад зугтаачихсан юм. Тэр ах хойноос гүйгээд цамцнаас зуураад авахаар нь би тайлаад цаашаа зугтсан. Тэгээд замд явж байсан хүнд булааж авсан гар утсаа 40.000 төгрөгөөр зараад тэр мөнгөөр нь архи авч уусан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Гэрч О.Ганхуягийн өгсөн: "...Би 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Хангай хотхоны орчимд хоёрдогч түүхий эд цуглуулаад явж байхад Хангай хотхоны уулзварын баруун урд талд байрлах түцнүүдийн дунд хүмүүс архи уугаад сууж байхаар нь би хамт ууж суусан юмаа.Тэнд 5 хүн байсан бөгөөд тэндээс таньдаг нь Б.Г. гээд бас хоёрдогч түүхий эд түүж явдаг эмэгтэй байсан. Бид хэдийг сууж байхад нэг хөгшин ах ирээд бид хэдтэй хамт суугаад ууж байтал Б.Г. босоод гүйгээд явтал тэр ах араас нь гүйгээд Б.Г-г барьж аваад цамцыг нь тайлах гээд байхаар нь би тэр ахыг яагаад гэгээн цагаан өдөр эмэгтэй хүн оролдоод байгаа юм бол гэж бодоод болиулах гээд тэр ахыг бариад авсан юм. Тэгтэл Б.Г. цаашаагаа гүйгээд явсан. Тэгтэл тэр ах намайг бариад гар утас өг гэхээр нь би юун гар утас яасан юм бэ гэж асуутал миний гар утсыг булаагаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Б.Г-г тэр ахын гар утсыг аваад зугтсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
"Дамно" ХХК-ийн №СБ2-20-1086 дугаартай: "...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 13-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 төгрөг /нэг зуун наян мянгөн төгрөг/-р үнэлэгдэв..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-26 тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 28 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.Г. нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд 4 замын уулзварын орчимд хохирогч Намхайдоржийн Тогмидын Самсунг Эс-7 маркийн гар утсыг дээрэмдэн авч 180 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Г-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг булаах дээрэмдэх гэмт хэргийн замаар авч, амар хялбар байдлаар ашиг хонжоо олж амьдрах гэсэн шууд санаатай, шунахай зан байдал нь нөлөөлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тогмидод 180.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утасны үнэ болох 180.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-с гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн байдал, ахуй амьдрал зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Г-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-г бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-с 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 506-3 тоотод оршин суух хаягтай, хохирогч Н.Тогмид /РД:/-д олгосугай.
5. Шүүгдэгч Б.Г-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР