Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 0359

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Л.Э

Хохирогч Ж.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э

Шүүгдэгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г.Ү-г ажилд оруулж өгнө гэж Ж.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед Эрдэнэт-Үйлдвэрийн сайт руу орж ажлын байр зарласан байхаар нь болох юм байна гэж бодоод дикреттэй хүний оронд ажилд оруулж өгнө гэж хэлээд авсан нь үнэн. Хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлыг даруй төлье гэж бодсон боловч Ковид гээд хугацаа алдсан нь үнэн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоогийн байдлаар шүүгдэгч миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний буруу бас нөлөөлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би өөрийн дүү болох Г.Ү-г ажилд оруулах талаар өөрийн найзад ярьж байсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний найз А над руу утсаар залгаад Эрдэнэт-Үйлдвэрт ажилд оруулж өгч чадах хүн байна гэхээр нь яг оруулж өгч чадах юм болов уу? би гадуур хүмүүс үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж залилан хийгээд байгаа гэж сонссон талаараа хэлэхэд найз нь бол яг сайн мэдэхгүй байна, би одоо тэр Эрдэнэт-Үйлдвэрт оруулж өгч чадна гээд байгаа А гэх залуутай хамт явж байна уулзаад ярилцаад үзэхгүй юу гэхэд би зөвшөөрөөд холбооны ар талд очиж уулзсан. Тэгэхэд А гэх залуу надад нэг эмэгтэй жирэмсний амралтаа авах гэж байгаа тэр эмэгтэйн оронд танай дүүг ажилд оруулж өгч чадна гэсэн. Тэгээд А нь 17 цагаас өмнө 5.000.000 төгрөгийг надад өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би нөхөрийнхөө данснаас 5.000.000 төгрөгийг бэлнээр аваад А-т өгсөн. Үүний дараа 02 дугаар сарын 18-ны өдөр Э.А-т ажилд орох хүний материалыг бүрдүүлэн аваачиж өгөөд утсаар ярих, сонгон шалгаруулалт зарлахыг нь хүлээж байтал танай дүүгийн материалыг өгсөн байгаа гэж хариу өгсөн. Тэгээд бүр удаад байхаар нь би бүтэхээргүй бол би мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд А мөнгийг чинь өгнө гэж хэлээд одоог хүртэл ямар нэгэн холбоо барилгүй алга болсон. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний Хаан банкны 5127061689 дугаарын дансанд 500.000 төгрөг шилжүүлж хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 6хуудас/

      - Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: " 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр А над руу залгаад миний найз Ж.Э гэх хүний хамаатны дүүг нөгөө ярьж байсан Эрдэнэт-Үйлдвэрт ажилд оруулах хүнтэйгээ уулзуулаад өгөөч гэж залгасан. Тэгэхээр нь би А-тай утсаар ярьж байгаад холбооны ард байдаг сандал дээр уулзаад миний найзын найз болох Ж.Э-тай уулзаад нөгөө ярьж байсан ажилдаа оруулаад өгөх боломж байвал чи туслаад өгөөрэй гээд би А, Э хоёрыг холбооны ард уулзуулчхаад  өөрөө ажилтай байсан болохоор яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх7-8 хуудас/

     - Гэрч Г.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Ямар ч байсан намайг Эрдэнэт-Үйлдвэрт ажилд оруулж өгөх хүн олсон тэр хүнтэй уулзана гээд Э эгч нөхөрийн хамт Анхбаяртай уулзахаар очоод ажилд оруулах хөлс болох 5.000.000 төгрөгийг А-т бэлэн өгсөн гэж сонссон.” гэсэн мэдүүлэг /хх 12-1З хуудас/

        -   Хаан банкны зарлагын мэдүүлэг, Э.А-т мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх 48-49 хуудас/

      -Э.А-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21, 22-23 хуудас/

        -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 хуудас/

 - Шүүгдэгч Э.А-ын яллагдагчаар өгсөн:  Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Э-ийн 5127061689 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл мөнгөө бага багаар цувуулж өгч байгаад 11 дүгээр сарын 01 гэхэд төлж дуусгана. 5.000.000 төгрөгөө дансандаа хадгалж байгаад бага багаар өдөр тутмын хэрэглээндээ зарцуулаад дуусгачихсан гэх мэдүүлэг зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.     

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГазарт Г.Ү-г ажилд оруулж өгнө гэж Ж.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Э.А-ын хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч, мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэжээ.

   Шүүгдэгч  Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГазарт Г.Ү-г ажилд оруулж өгнө гэж Ж.Энхтуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг авч залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэнГэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “А гэх залуу надад нэг эмэгтэй жирэмсний амралтаа авах гэж байгаа тэр эмэгтэйн оронд танай дүүг ажилд оруулж өгч чадна гэсэн. Тэгээд А нь 17 цагаас өмнө 5.000.000 төгрөгийг надад өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би нөхөр Б-ийн данснаас 5.000.000 төгрөгийг бэлнээр аваад А-т өгсөн гэсэн мэдүүлэг,  гэрч Б.Э, Г.Ү нарын өгсөн мэдүүлгүүд, хохирол төлсөн баримт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэргийн улмаас хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч шүүх хуралдаанд “шүүгдэгч миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Э.А-т ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шүүх торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.