Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 03

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ний нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Зд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/584 дүгээр захирамжийн “Т ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Г, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас тус шүүхэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/584 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус компани нь нефт бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааг эрхэлдэг. 2014 онд Сүхбаатар аймгийн болон Баруун-Урт сумын З нарт хүсэлт гаргасан байдаг.  Аймгийн Засаг даргын зүгээс орон нутагт хэдэн ажлын байр нэмэгдүүлэх, шатахууны үнийг бодитойгоор хямдруулах чиглэлээр өрсөлдөөнийг бий болгох талаархи өөрсдийн төслөө ирүүлэхийг хүссэн, үүний дагуу тус компаниас Баруун-Урт суманд хэрэгжих шатахуун түгээх станцын төслөө албан бичгийн хүсэлтийн дагуу 2014 онд хүргүүлсэн байдаг. Аймгийн З 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/298 дугаартай захирамжаар Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу “Бага Дөрвөлж” жишиг хорооллын хойно Дорнодын замын зүүн талд болон Төв цэвэрлэх байгууламжийн хойно Асгат сумын замын урд талд байршилд Шатахуун түгээх станц, Ахуйн хий цэнэглэх станцын зориулалтаар тус бүр 3000 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. Тус компани дээрх захирамжид дурдсан газрын байршил, хэмжээ, зориулалтаар кадастрын зураг хийлгэн мэдээллийн санд баталгаажуулсан ба аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №000306285, №000306286 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж, “Газрын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар 90 хоногт багтаан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар батлуулан тус газарт өрөмдлөг хийн дээж авч “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ”-ний 2016/557/01, 2016/558/02 дугаартай дүгнэлт гаргуулсан бөгөөд одоо Шатахуун түгээх станцын барилга, байгууламжийн эскиз болон ажлын зургуудыг мэргэжлийн байгууллагаар хийлгэн зохих эрх бүхий байгууллагуудад хянуулж, батлуулах ажил хийгдэж байна. Эдгээр ажилд зориулж 50 гаруй сая төгрөгийг зарцуулж хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм. Газар эзэмшсэнээс хойших хугацаанд холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудаас зохих зөвшөөрлүүдийг авсан. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн барилгын эскиз зургаа аймгийн ерөнхий архитекторч Б.Аээр болон Онцгой байдлын газраар батлуулсан байгаа. Ийнхүү нэлээдгүй цаг хугацаа, хөрөнгө, ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл тус компанид огт мэдэгдэлгүйгээр Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17-04-019/86 дугаартай дүгнэлт гарсан байх ба үүнээс даруй 2 жилийн дараа Сүхбаатар аймгийн З 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/584 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосноо бидэнд мэдэгдэлгүй эрх ашгийг маань хохироосон байна. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлын зургаа батлуулахаар очсон манай ажилтанд мэдэгдсэн байдаг. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт болон Аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон актын үндэслэл бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг үндэслэсэн байдаг. Эдгээр үндэслэл нь тус компанид огт хамааралгүй, хуулиар олгогдоогүй эрх, үүрэг байна. Ийм үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. 

         Тус компани хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан, төслөө хүргүүлсэн. Төрийн эрх бүхий албан тушаалтан З хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон. Яг энэ асуудлыг хариуцсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь бидэнтэй гэрээ байгуулсныг хуулийн дагуу гэж үзэж явсан. Гэтэл тус компанид огт хамааралгүй хуулиар буюу эрх бүхий албан тушаалтан, байгууллагад үүрэг болгосон, зохицуулсан энэ заалтыг үндэслэл болгож тус компанийг буруутгаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Манай компани аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай байгуулсан гэрээгээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг зөрчсөн асуудал огт байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн. Гэтэл газрыг олгосноос даруй 2 жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан. Бидний огт мэдэхгүй дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргаж биднийг хохироож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, Аймгийн Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд үл нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Тодруулбал хуульд үндэслэх ёстой захиргааны үйл ажиллагаа нь огт хамааралгүй хуулиар бидэнд олгогдоогүй үндэслэлээр газар эзэмшигч нэхэмжлэгчийг  буруутгаж  ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Засаг даргын захирамж нь нөхцөл байдлыг тодруулах, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Бид энэ хугацаанд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай байнга харилцаатай байсан. Энэ хугацаанд ямар нэгэн эрх зүйн актыг хүчингүй болгох, хууль зөрчсөн асуудал үүсгэж байгаагүй. Гэнэт мэргэжлийн хяналтын дүгнэлт гэсэн зүйл гаргаж ирсэн. Энэ талаар бид нарын хуулиар олгогдсон гомдол гаргах, тодруулах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Аймгийн З энэ эрх зүйн актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодорхой мэдээгүй байсан. Бид төслийг хүргүүлсэн, ийм зөвшөөрлүүдийг аваад ийм хөрөнгө оруулсан байна гэдгийг газрын харилцаанаас ирүүлсэн мэдэгдэл, албан бичгээр өгч, хүргүүлж байсан. Үүнтэй З бүрэн танилцаагүй. Яг асуудал хариуцсан газрын харилцааны мэргэжилтнүүдийн оруулж ирсэн төсөл дээр З гарын үсгээ зурсан байсан. Энэ юуг харуулж байна гэхээр энэ актыг гарахад нөхцөл байдлыг тодруулах, үндэслэл бүхий байх, газар эзэмшигчийн эрх хөндөгдөж байгаа учраас түүний оролцоо хуульд заасны дагуу бүрэн дүүрэн оролцуулах ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Энэ нь эрх зүйн актыг гаргахдаа захиргааны зарчим алдагдсан. Мөн төрд итгэх итгэлийг хамгаалах энэ асуудал ноцтой зөрчигдсөн. Энэ тухай Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байгаа. Цаашлаад 400 гаруй сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Одоогийн байдлаар 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Газрын гэрчилгээтэй, гэрээтэй, кадастр нь баталгаажсан гэж итгэж явж байна. Нөгөө талаас төрийн байгууллага үүнийг бидэнд огт мэдэгдэхгүйгээр эрхийг нь гэнэт хүчингүй болгож байгаа нь захиргааны үйл ажиллагааны зарчимд огт нийцэхгүй, ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай хэрэгжүүлэх төсөл бол орон нутагт л ач холбогдолтой, аль аль талдаа ашигтай юм. Манай компанийн зүгээс энэ төрлийн бизнесийн эрхэлдэг. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлье, чөлөөт өрсөлдөөнийг бий болгоё, үр өгөөжөө өгөх 15 зүйл төсөлд байгаа. Үүнийг орон нутагт ажил хариуцсан хүмүүс дутуу ойлгосон байх гэж бодож байна. Бид ганцхан шатахуун түгээх станцтай байгаа, литр тутамд иргэдэд 50 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ нь орон нутагт бензин, шатахууны шударга өрсөлдөөнийг бий болгож байгаа гэдэг нь нотлогдсон асуудал байгаа. Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/584 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэж байна гэв.

 

  Хариуцагч Сүхбаатар аймгийн З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны  өдрийн А/298 дугаар захирамжаар “Т” ХХК-д Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага Дөрвөлж” жишиг хорооллын хойно байрлалтай газрыг мөн цэвэрлэх байгууламжийн хойно байрлах 3000 метр квадрат газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлаагүй байхад эзэмшүүлэн олгож Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны З гаргана”, мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар “хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан заалтуудыг дээрх захирамж зөрчсөн байсан. “Т” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газарт тухайн жилд ямар нэгэн байдлаар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зарлаагүй ба энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны З дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг мөн зөрчсөн байсан. Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/298 дугаар захирамж нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх хүчингүй болгуулах тухай дүгнэлтээр нотлогдож байгаа. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/279 дүгээр албан бичгээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дагуу тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар “Т” ХХК-д мэдэгдсэн байна. Мөн “Т” ХХК-д 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн тухайн жилд ямар нэгэн байдлаар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зарлагдаагүй талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1/17 тоот албан бичигт тодорхой дурдсан байдаг. Энэ тухай нотлох баримтыг хэрэгт хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

  Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн өмгөөллийн саналдаа: “Т” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02/356 албан бичгээр Сүхбаатар аймгийн З Ж. Батсуурь болон Баруун-Урт хотын З нарт хүсэлт ирүүлсэн байдаг. “Магнай трейд” шатахуун түгээх станцын баруун талд, Улаанбаатар хот руу явдаг замын дагуу, Дарьганга, Онгон, Асгатын зам руу гээд үндсэндээ 4 байршилд газар авахаар хүсэлтээ ирүүлсэн байдаг. Хүсэлтийн дагуу 6000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А/298 тоот захирамж гарсан байдаг. Энэ захирамжид хяналт тавьж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болгосон. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Хүрэлбаатар нь Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012-2016 оны хооронд шийдвэрлэсэн газар олголтын үйл ажиллагаа, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт хийж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга С.Энхболдыг байлцуулан хяналт шалгалтыг хийсэн. Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/298 тоот захирамжаар “Т” ХХК-д Баруун-Урт сумын 05 дугаар багийн “Бага Дөрвөлж” жишиг хорооллын хойно байрлах 3000 метр квадрат газар, мөн тус сумын 05 дугаар баг Цэвэрлэх байгууламжийн хойд талд байрлалтай 3000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлаагүй байхад газар олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны З гаргана” гэсэн заалтыг мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар “хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тухайн захирамж зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан. Заавал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдах ёстой. Гэтэл Хурлаар батлагдаагүй байхад аж ахуйн нэгжид хууль бусаар газар олгосон байсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Гансүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/279 тоот албан бичиг үйлдэж нэхэмжлэгч компанид явуулсан байдаг. Энэ албан бичгийг тухайн өдөрт нь “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцын түгээгчид аваачиж өгсөн. Тус компани нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 02771 дүгээр албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хариу өгсөн байдаг. Тэгэхээр манай байгууллагад мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо гэсэн асуудал худлаа болж байна. Мөн “Т” ХХК нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байгаа. 2017, 2018 оны төлбөрийг төлсөн, 2015 онд төлбөр төлөөгүй байгаа. “Т” ХХК-д анх газар олгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/584 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Манай компани хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт, хэрэгжүүлэх төслөө төрийн эрх бүхий албан тушаалтан буюу Зд гаргаж шийдвэрлүүлсэн байтал Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Газар эзэмшүүлэх шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4 дэх заалтуудыг зөрчихөөр байсан юм бол тухайн үед бидэнд газар эзэмшүүлэхгүй, гэрээ байгуулахгүй байх эрх нь аймгийн З болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт байсаар байтал үүнд тус компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм ...” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/298 дугаар захирамжаар “Т” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар хоёр байрлалд нийт 6000 м2 газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4 дэх заалтуудыг зөрчсөн байсан. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдсон учир тус компанид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.  

“Т” ХХК-аас Сүхбаатар аймгийн Зд хандан авто хийгээр цэнэглэх станц болон шатахуун түгээх станцын комплекс байгуулах зориулалтаар газар эзэмших хүсэлтийг холбогдох төслийн хамт гаргаж, аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/298 дугаар захирамжаар тус компанид Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Бага дөрвөлж” жишиг хорооллын хойно Дорнодын замын зүүн талд 3000 м2, Баруун-Урт сумын 5 дугаар баг, төв цэвэрлэх байгууламжийн хойно Асгат сумын замын урд талд 3000 м2 , нийт 6000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Дээрх захирамжийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшигчийг төлөөлж “Т” ХХК-ийн менежер Б.Батгэрэл нь Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай 000306285, 000306286 дугаар газар эзэмших гэрээг байгуулжээ. 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох эрх авсан байгууллагууд, тухайлбал “ДБЭХС” ХК-аар цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд олгох техникийн нөхцөл, “Ланд начур” ХХК-аар төслийн байгаль орчны төлөв байдлын суурь үнэлгээг гаргуулж, Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар төслийн байгаль орчны төлөв байдлын суурь үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, аймгийн ерөнхий архитектороор шатахуун түгээх станцын загвар зураг зэргийг батлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/584 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17-04-019/86 тоот дүгнэлтийг үндэслэн “Т” ХХК-ийн 19675176837183, 19676173091097 нэгж талбарын дугаар бүхий нийт 6000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. 

Газрын тухай хууль нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах бөгөөд уг хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг заасан байхад энэхүү хуулийг үндэслэл болголгүйгээр, хуульд заагаагүй үндэслэлээр бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус байна. 

Тодруулбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд З газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох /газар эзэмшигчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас/ үндэслэлүүдийг заасан боловч хэрэгт цугларсан баримтуудаар “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий актыг анхнаасаа гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4-д заасан шаардлагыг зөрчсөн тул хуульд заасан эрхийнхээ хүрээнд хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон гэж маргаж байгаа боловч маргаан бүхий актад Газрын тухай хуулийн эдгээр зүйл, заалтыг заагаагүйгээс гадна актын нэршил нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэсэн байна. 

Захиргаа гаргасан актаа анхнаасаа хууль зөрчиж гарсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулиар тодорхой зохицуулсан бөгөөд энэ зохицуулалтыг захиргаа өөрийн буруутай үйл ажиллагааныхаа төлөө газар эзэмшигчийг буруутгаж, түүний эрх зүйн байдлыг дордуулах байдлаар хэрэглэх учиргүй, харин ч эсрэгээрээ гаргасан шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол түүнийгээ хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг нь сэргээхэд чиглэгдэх байдлаар тайлбарлаж хэрэглэх юм. 

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгч Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/584 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/584 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Зас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД