Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0518

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0796/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийг хүчингүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.1 “...шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт маргаан бүхий А/212 дугаар захирамж нь иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгосонтой холбоотой болон газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгохтой холбоотой хуульд үндэслээгүй байх бөгөөд ийнхүү уг захиргааны актыг хүчингүй. болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч уг шийдвэрээ хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хэвээр байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн.

3.1.2. Захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг актын захирамжлах хэсэгт бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан бичилт хийхэд гаргасан илэрхий алдаа бөгөөд тус алдааг маргаан бүхий актын үндсэн утга агуулгыг өөрчлөлгүй акт гаргасан эрх бүхий этгээд засах эрхтэй гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж тус тус заасан.

3.1.3. Энэ эрхийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны актын илэрхий алдааг засаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/402 дугаар захирамж гарсан бөгөөд уг захирамжаар дүүргийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамж хүчингүй болж эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг шүүхээс хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасантай нийцээгүй.

3.2.1 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь талд дурдсан Нийслэлийн байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил шийдвэрлүүлэх тухай 03/602, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02 02/1229 дүгээр албан бичгүүдээс өөрөөр газар эзэмшигч Б.Б-ийг газраа хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд харшаар ашигласан болохыг тогтоосон баримт ирүүлээгүй ба дээрх бичгүүд нь газар эзэмшигчээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа явуулсныг, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласныг тогтоосон агуулгагүй, харин Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дэх заалтыг зөрчсөн гэх агуулгатай байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан материалын хүрээнд гаргасан шийдвэр болсонгүй.

3.2.2. Учир нь Нийслэлийн Байгаль орчны газрын дүрмийн 3.1.1 дэх заалт /төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нийслэл, дүүргийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол бүхэлд нь буюу холбогдох хэсэг, заалтыг хүчингүй болгох, өөрчлөх саналаа тухайн этгээдэд болон эрх бүхий дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ/-д заасан үндсэн чиг үүргийн хүрээнд Нийслэлийн байгаль орчны газраас дүүргийн Засаг даргад хандан ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил шийдвэрлүүлэх тухай 03/602 дугаар албан бичгээр, нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 дүгээр албан бичгүүдээр тус тус Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дэх заалтыг тус тус зөрчсөн тул өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гарган хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн бөгөөд газар эзэмшигч Б.Б- нь ойн тухай хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар эрх бүхий Этгээд 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, ойн санд учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг 4,133,283 төгрөгөөр тогтоон нөхөн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдааны явцад өөрөө хүлээн зөвшөөрсөөр байтал Ойн тухай хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээсэн гэж үзнэ гэж дүгнэсэн.

3.3.1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан хугацаа дууссан гэжээ. Тус дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд иргэн П.Баясгаланд дүүргийн Засаг даргын захирамжаар 2009 онд газар эзэмших эрх олгож, улмаар иргэн Б.Б-д дүүргийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжаар эрх шилжүүлснээр иргэн П.Баясгалангийн газар эзэмших эрх дуусгавар болж, иргэн Б.Б-ид газар эзэмших эрх үүсэж байгаа хэрэг юм.

3.3.2. Гэтэл шүүхээс нэгэнт дуусгавар болсон П.Баясгалангийн газар эзэмших эрхийг хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.3.3. Мөн Иргэн П.Б-д газар эзэмших эрх олгогдох үе буюу 2009 онд Ойн тухай хуулиар иргэдэд зуслангийн зориулалтаар нийслэлийн ногоон бүсэд газар эзэмших эрх олгож болохоор заасан байдаг. Харин 2012 оны Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт зааснаар иргэдэд зуслангийн болон ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгох хориглосон агуулгаар тусгагдсан байдаг.

Иймд Захиргааны байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд Ойн тухай хуульд хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэний эрх, хууль бус шийдвэрээ цуцалсан дүүргийн Засаг даргын 2021 оны А/402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

4.1.1. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 тоот захирамжаараа маргаж буй захиргааны актыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг,Газрын тухай хуулийн 4.1.5 дахь заалт,40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт,40.2дахь заалтуудыг шинээр нэмж оруулснаар Захиргааны актын илэрхий алдааг зассан гэж үзэж байгааг хуулинд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

4.1.2. Хариуцагч нь өмнө гаргасан захирамжиндаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг орхигдуулсан тул байгаагүй хуулийн заалтуудыг нэмж оруулсан нь захиргааны актын бичилт болон тооцооны алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбоотой болон газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгохтой холбоотой хуульд үндэслээгүй байна гэсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн юм.

4.2. Анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 тоот захирамжийн үндэслэлд заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, ... ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр Б.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулинд нийцэхгүй бөгөөд уг хуулийн заалтын үндэслэл тогтоогдоогүй талаар зөв зүйтэй дүгнэлт гаргасан юм.

4.3. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг анхнаасаа иргэнд зуслангийн зориулалтаар гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр олгосон байсан ба улмаар уг газрыг тухайн зориулалтаар Б.Б-ид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон юм.

4.4. Шүүхээс Б.Б-д зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх үндэслэл болсон 2009 оны захирамжтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэн шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байрлах 1000 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн П.Б-д зуслангийн зориулалттайгаар газар эзэмших эрх олгож, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр П.Б, Б.Б нарын байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар маргаан бүхий 700 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлсэн байна.

3.2. Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Нийслэлийн байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил шийдвэрлүүлэх тухай 03/602, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02 02/1229 дүгээр албан бичгүүдийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжаар Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг үндэслэн “газар эзэмших эрх шилжүүлсэн 2017 оны А/305 дугаар захирамжийн Б.Б-ид холбогдох хэсгийг” хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү захирамж нь захиргааны актын илэрхий алдаатай тул хууль зүйн үндэслэлгүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

3.3. Тодруулбал захирамжийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтууд нь Ойн тухай хуулийн хамгаалалтын бүсийн ойд үйл ажиллагаа явуулахыг хориглох, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах хориглох тухай хэм хэмжээний зохицуулалтууд байх бөгөөд тус захирамжийг хариуцагчаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/402 дугаар захирамжийн 4 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.5. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиргааны актын илэрхий алдааг засаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/402 дугаар захирамжийн тухайд хариуцагчаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

3.6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:” 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж тус тус зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хэрэв хууль, захиргааны хэм хэмжээний актаар хожим хүчингүй болгохоор заасан бол захиргааны байгууллага тус актыг таван жилийн дотор хүчингүй болгох талаар хуульд тусгайлан заасан.

3.7. Нэхэмжлэгч Б.Б-ид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байрлах 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар эерэг нөлөөлөл бүхий акт байх тул нэхэмжлэгчээс шийдвэр гарснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй.

3.8. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б-д 2017 онд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан боловч анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг иргэн П.Б-д эзэмшүүлсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үүднээс тайлбарлавал иргэн Б.Б нь 2009 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ойн тухай хуульд нийцүүлэн авсан иргэн П.Б-ийн эзэмшил бүхий зуслангийн зориулалттай газрыг шижлүүлэн авах хүсэлт гаргасанд захиргааны байгууллагаас өөрөө зөвшөөрч шийдвэр гаргасан бөгөөд маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон 2009 оноос хойш 5 жилийн хугацаа хэтэрсний дараагаар тус эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байна.

3.9. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэсэн хуулийн зохицуулалтыг баримталсан ба үндэслэл болсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/1229 тоот, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/602 тоот албан бичиг нь тус тус нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар нь Ойн тухай хууль зөрчсөн талаар мэдэгдсэн шинжтэй ба харин хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан талаар дүгнэлт хийсэн агуулгагүй байх тул анхан шатны шүүхийн “...Б.Б нь эзэмшил газраа байгаль орчинд харшаар ашигласан үйлдлийн талаар биш газар эзэмшүүлсэн шийдвэр нь Ойн тухай хуулийг зөрчсөн талаар тусгасан...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.10. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх албан бичгүүд нь Нийслэлийн Байгаль орчны газрын дүрмийн 3.1.1-д “төрийн захиргааны ... байгууллагаас гаргасан шийдвэр нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол бүхэлд нь буюу холбогдох хэсэг, заалтыг хүчингүй болгох, өөрчлөх саналаа тухайн этгээдэд болон эрх бүхий дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан чиг үүргийн хүрээнд гарсан хэмээн тайлбарлах боловч маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг баримталсан нь энэхүү захиргааны байгууллага алдаатай шийдвэр гаргасан нөхцөлд хамааралгүй учир хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА