Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Н.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Батбаатарт холбогдох 2016000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын   03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ***  оны *** дүгээр сарын *** -ний өдөр*** аймгийн *** сумд төрсөн,  33 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** хот *** дүүргийн *** дугаар хороо *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, одоо ***  аймгийн ***  сумын *** багийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 оын 08 дугаар сарын 19-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэж, өмнө таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нь нэмж эдлэх ялыг 13 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 22 дугаартай магадлалаар зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *** регистрийн дугаартай, Хойд овогт *** -ийн *** -гэв.

 Шүүгдэгч *** нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орчим Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын *** багийн*** оот хашаанаас хохирогч *** -ын өмчлөлийн 5 сартай, шаргал зүсмийн Питбультерьер үүлдрийн эр гөлөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэхэд шүүгдэгч *** -ын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орчим Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын ***  багийн *** тоот хашаанаас хохирогч *** -ын өмчлөлийн 5 сартай, шаргал зүсмийн Питбультерьер үүлдрийн эр гөлөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс их хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

Шүүгдэгч *** -ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 11-нд хөдөөнөөс ахтайгаа аймгийн төв орж ирсэн. Би аймаг дээр үлдсэн. Манай ах мал руугаа явсан. Тэгээд *** ХХК-д ажилладаг найз маань ирсэн. Бид хоёр архи уусан. Цаг орой болсон байсан. Намайг хойд толгойд явж байхад 2 чихийг нь тайрсан шар гөлөг гүйж явсан. Тэгэхээр нь би дагуулж яваад гэртээ очоод унтсан. Өглөө босоод ирсэн чинь манай ах чи ямар сонин амьтан аваад ирсэн юм бэ? мал барина, наад нохойгоо барьж уя гэсэн. Тэгээд би барьж аваад уясан. Манай хөдөө гэрт 10 гаруй хоносон. Манай ах тэр гөлгийг мал барина гээд байхаар нь аймгийн төвд ирээд *** гэдэг хүнтэй уулзаад: “Чи нохой сонирохдог юм чинь гөлөг авах уу? гэж асуусан. *** хэд гэж байгаа юм гэхээр нь би 30.000 төгрөг гэсэн. Тэгээд *** нэг хүнтэй ярьсан. 2 залуу надтай ирж уулзсан. Тэр 2 залуу гөлгийг чинь 30.000 төгрөгөөр авъя гэсэн. Би хөдөө дагуулж очсон. Хөдөө байдаг гэртээ очсон чинь тэр дагаж явсан залуу нохойны эзэн байсан. Тэгээд намайг цагдаа дээр дагуулж ирээд надаас нохойгоо авсан ... Би хашаанд ороогүй. Хар гөлөгтэй хамт явж байсан. Би олон нохой дэмий гээд хар гөлгийг нь буцааж тавьсан ... Би тийм гөлөг ямар үнэтэй байдгийг мэдэхгүй... Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг зөвшөөрч байна ... ” гэсэн мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч *** -ын мөрдөн байцаалтад өгсөн “...  Би 2020 оны 05  дугаар сард *** -ы *** гэх найз охиныхоо төрсөн дүүгээс пит үүлдрийн 2 сартай гөлгийг 400,000 төгрөгөөр бэлнээр худалдан авч, өөрийн ах *** -ийн хашаанд тэжээж байгаад 2020 оны 08  дугаар сарын 11-ний өдрийн орчим хашаанаасаа хулгайд алдсан. Тухайн үед манай ахын хашаанд хүн байгаагүй бөгөөд миний нохой арьсан хүзүүвчээр оосорлож гинжээр уясан байсныг хүн тайлж авч явсан байсан ... Миний нохой их содон тул энд тэнд байгааг нь олчих байх гэж бодож байна ... 5 сартай, пит үүлдрийн шаргал зүстэй, 2 чих нь тайрсан гөлөг байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ23-25/,  

Гэрч *** -нгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 11-нд *** -ийн *** нь манай гэрийн гадаа ирээд надтай уулзаад чи нохой сонирхдог юм чинь би чамд цэвэр цусны пит үүлдрийн нохой зармаар байна гэсэн. Тэгэхээр нь би тус нохойны чинь үнэ, нас нь хэд вэ гэтэл 30,000 төгрөгөөр зарчихна, гөлгөн нохой гэж хэлсэн. Мөн тус нохой нь шаргал өнгөтэй, чихийг нь тайрсан нохой гэж байсан. Тэгээд би тус нохой чинь хаана байгаа юм бэ гэж хэлтэл *** -ийн *** нь нохойг аймгаас зүүн тийш морь барианы цаана айлд байгаа гэж хэлсэн ... Би пит үүлдрийн нохой сонирохдоггүй тул нохой авахгүй гэж *** -ийн *** -т хэлээд явуулсан. Тэр өдрөөс хойш *** -ийн *** -тай дахиж уулзаагүй. Харин аймгийн төвд пит нохой сонирхдог *** гэх залууд хэлтэл тийм нохой алдагдсан гээд цагдаагаас асууж байсан гэж хэлсэн ... Цэвэр цусны нохой бол 1 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг юм байналээ. Гөлөг нь 400.000 төгрөг байдаг юм байна лээ. Би өмнө нь нэг пит нохой 1 сая төгрөгөөр худалдаж аваад тэжээж байгаад үхүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ28-30/

Гэрч *** -гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 10-ны орчимд Батбаатар нь аймаг руу явчихаад ирье гэж хэлж мал дээрээсээ яваад тэр өдрийнхөө шөнө нилээд согтуу ирсэн. Ирэхдээ 2 чихийг нь тайрчихсан шаргал өнгийн гөлгөн нохой авч, явган явж ирсэн. Тухайн үед манайх аймгаас 9 км зайтай байсан. Тэгээд саяхан нэг өдөр намайг малдаа явсан хойгуур *** тус нохойг аваад аймгийн төв рүү явсан байсан... *** тус нохойг гэртээ авчир ирээд нэг их удалгүй 3 хоногийн дараа аймгийн төв рүү явсан бөгөд очоод над руу 2 цагийн дараа залгаад би нөгөө нохойгоо удахгүй очиж авна, байгаа биздээ гэхэд нь би байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ31-33/,

Гэрч *** -ын мөрдөн байцаалтад өгсөн “... Манай бага хүү *** 2020 оны 05 дугаар сард өндөр үнэтэй, цэвэр цусны гөлөг худалдаж авсан гэж байсан. Тэгээд тус гөлгөө Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа манай том хүү *** -ийн Есөнбулаг сумын *** тоот хашаанд тэжээж байсан юм. *** бид хоёр тус нохойгоо ээлжилж хооллодог юм ... Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орой очиж хооллоход байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө очиж хооллох гэтэл алга байсан ... Шаргал өнгөтэй, хоёр чихийг нь тайрсан, цэвэр цусны пит үүлдрийн гөлгөн нохой байсан... Манай хүү *** -ийн хашааны том хаалга нь дотроосоо төмөр утсаар эрж хүлсэн, жижиг хаалганы гадна талд 1 ширхэг барилгын блок тавьж тээглүүлсэн байсан ... Тус нохойг манай хүү *** гэх залуугаас 400,000 төгрөгөөр авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ37-39/,

Гэрч *** -ын мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны орчимд найз *** -т өөрийн тэжээдэг цэвэр цусны пит үүлдрийн Пабби дуудлагатай 1 нас 2 сартай эр нохой, цэвэр цусны пит үүлдрийн Жек дуудлагатай 1 нас 6 сартай эм нохой хоёрын дундаас гарсан шаргал өнгийн цэвэр цусны 5 сартай гөлгийг бэлэн мөнгөөр 400,000 төгрөгөөр худалдсан. Жекийг би 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд цэвэр цусны нохойн гэрчилгээтэй нохой юм. Харин 2019 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос Паббиг 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хосбаяр надтай тааралдаад нөгөө шаргал гөлгөө хашаанаасаа хулгайд алдчихлаа сурж байгаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ40-42/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ5/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-8/, нохой эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /ХХ11/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ14/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ19/, Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-820-781 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ48-50/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Н.Батбаатарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч *** -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч *** -ын “ би нохойгоо хүлээн авсан учраас одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ27/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ19/ зэргийг үндэслэн шүүгдэгч *** -ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогтой *** -ийн *** -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** -ыг  6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *** -т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *** -т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА