| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0362/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/354 |
| Огноо | 2020-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шхолбогдох эрүүгийн 2038000000445 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ш нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хужирын гол” гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед иргэн С.Огэрт нь баруун гараараа нүүрэн хэсэгт нь алгадаж, хөлөөрөө баруун хөлөнд өшиглөж, үүдэн шүдний хэсэгт толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багын нутаг “Бор хужирын гол” гэх газарт иргэн С.Обаруун гараараа нүүрэн хэсэгт нь алгадаж, хөлөөрөө баруун хөлөнд өшиглөж, үүдэн шүдний хэсэгт толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000445 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би адуундаа явчихаад Сайнбаяр ахын гэрт очсон. Тэдний гэрт очиход С.О хүүхэдтэйгээ хамт байсан. Тухайн үед С.О хонь харж чадсангүй танайх манай хонийг зарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад түүнтэй маргалдсан. Маргалдах үед С.О намайг сандлаар цохихоор нь би уурандаа С.Оийг барьж аваад мөргөсөн. С.О надад мөргүүлчихээд над руу дайраад намайг болон манай гэр бүлийнхнийг маань янз бүрээр доромжлоод байхаар нь түүнийг барьж аваад хоолойг нь багалзуурдаж хөлөөрөө нэг удаа өшиглөсөн нь үнэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.Ш ахад хандаж та малаа харахгүй яасан юм бэ гэхэд Г.Ш яадаг юм. Би танай малыг тарааж зарна гэхээр нь та дандаа хулгай хийх юм ярьж байдаг гэж хэлэхэд шууд босож ирээд миний нүүр лүү баруун гараараа нэг удаа алгадаж, баруун хөл рүү нэг удаа өшиглөж...хоёр гараараа хоолой боосон...миний шүд рүү толгойгоороо мөргөсөн...Одоогийн байдлаар толгой шүд хоёр маш их өвдөж байна...Би одоогийн байдлаар эмчилгээндээ 150.000 төгрөг зарцуулсан байгаа. Цаашид хөдөлгөөн орсон гурван шүдээ янзлуулахад ойролцоогоор 2.500.000 төгрөг зарцуулагдана гэж байсан. Уг хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 536 дугаартай:
1. С.Оийн биед 3 ширхэг үүдэн шүдэнд сулрал, 1 ширхэг үүдэн шүдний түш хэсэгт цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. С.Оийн биед үүссэн гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000445 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хужирын гол” гэх газарт иргэн С.Обаруун гараараа нүүрэн хэсэгт нь алгадаж, хөлөөрөө баруун хөлөнд өшиглөж, үүдэн шүдний хэсэгт толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч С.Оийн /хх-ийн 12-17-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 536 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Ш нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Ш нь хохирогч С.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээнд гарсан зардал 150.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 2.500.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Шагжаваас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ш нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-48-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ш эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2038000000445 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О нь эмчилгээнд гарсан зардал 150.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 2.500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Шаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР