Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-Улсын яллагчаар Д.Нэргүй

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

-Иргэний нэхэмжлэгч М.Энхтөр

-Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Баянжаргал

-Шүүгдэгч Ө.С  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ө.С-д холбогдох эрүүгийн 1834004670514 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овооны 44-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан авъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадавартай гэх Д овогт Ө.С /РД:Л392030715/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ө.С нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Хангайн даваа” гэх газар Булган аймгийн Баяннуур сумаас Улаанбаатар хот явах чиглэлийн асфальтан замын 141 дэх шонгийн орчим “тоёота приус-20” маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс эсрэг урсгалд орж П.Оюун-Эрдэний жолоодож явсан форд транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тэврийн осол гаргасны улмаас тоёота приус-20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Баянжаргал, Б.Дэлгэрмаа нарын биед хүнд, С.Энхжингийн биед хүндэвтэр, форд транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Ууганбаатарын биед хүнд, Г.Алтаншагай, Б.Оюун-Эрдэнэ нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ө.С  нь: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Баянжаргал нь: “2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн үед манай машинд охин, манай эгч, ахын охин гээд 5 хүн явсан. Тэгээд явж байх замдаа гэнэт машины дугуй хагараад бид хоёр замын хажуу тал руу орчихгүйгээр зогсоох арга хэмжээ аваад явж байтал эсрэг талын урсгалаас машин гарч ирээд тухайн машинтай мөргөлдсөн. Би машинтай мөргөлдөөд ухаан алдсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд сэргэсэн байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Санамсаргүй гарсан осол болохоор хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.Энхтөр нь: “Нийт 16 928 700 төгрөгийн хохирол учирсан. Байгууллагын удирдлага, санхүүтэйгээ ярилцаад энэхүү графикийг гаргасан. Тэгээд нотариатоор баталгаажуулаад гэрээ хийсэн байгаа. Манай байгууллага өөрсдийн хүмүүсийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Байгууллага гаргасан зардлаа буцаан нэхэмжлэхгүй гэсэн. Би байцаагчтай уулзахад байцаагч надад нөхцөл байдлын талаар хэлсэн. Тэгээд би сарын өмнө захиралд тухайн хүмүүс нь өөрсдөө хүнд гэмтэл авсан, группын хүмүүс байдаг юм байна. Тэгээд өвчтөнүүдийн зардлыг гаргахад хүнд байгаа юм байна гэж уламжилсан. Гэтэл манай захирал аваар осол гэж хэлж ирэх биш хийсээд ирсэн юм чинь бид нар эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, машины хохирлоо л нэхэмжил гэсэн”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13, 16-20 талууд/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15, 21-24 талууд/, хохирогч Ц.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, хохирогч Ц.Ууганбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81 тал/, хохирогч Г.Алтаншагайн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, хохирогч Г.Алтаншагайн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №419 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Эрхэмбаярын 2018 оны 07 дугаар 08-ны өдрийн №421 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91 тал/, хохирогч Б.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан №411 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн  76 тал/, хохирогч Б.Оюун-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, хохирогч Б.Оюун-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95 тал/, хохирогч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/, хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 тал/, иргэний нэхэмжлэгч М.Энхтөрийн мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/,  “Хан үнэлэмж” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “... 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын нийт дүн... 18,928,700 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 180-182 тал/, гэрч Х.Нуржанатын мэдүүлэг /хх-ийн 67 тал/, гэрч Д.Батнямын мэдүүлэг /хх-ийн 68 тал/, гэрч Ц.Пүрэвбатын мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч С.Батболдын мэдүүлэг /хх-ийн 73 тал/, гэрч Д.Шинэцогийн мэдүүлэг /хх-ийн 62 тал/, шуүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №5817 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-114 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн №1457 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-144 тал/, шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 74 тал/, шинжээч С.Мөнхдалайгийн мэдүүлэг /хх-ийн 229-230 тал/, онцгой байдлын газрын шинжээч Б.Бэх-Очирын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137 тал/, замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2.3- ны өдрийн №145 дугаартай дүгнэлт /хх-ийн 124 тал/, замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 131-132 тал/, шинжээч Э.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 231 тал/, шинжээч Н.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 232 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.С -д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Ө.С  нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Хангайн даваа” гэх газар Булган аймгийн Баяннуур сумаас Улаанбаатар хот явах чиглэлийн асфальтан замын 141 дэх шонгийн орчим “тоёота приус-20” маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс эсрэг урсгалд орж П.Оюун-Эрдэний жолоодож явсан форд транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тэврийн осол гаргасны улмаас тоёота приус-20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Баянжаргал, Б.Дэлгэрмаа нарын биед хүнд, С.Энхжингийн биед хүндэвтэр, форд транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Ууганбаатарын биед хүнд, Г.Алтаншагай, Б.Оюун-Эрдэнэ нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02 тал/
  • Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газар нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багт 141 дүгээр баганаас ертөнцийн зүгээр зүүн талд 10 гаруй метрийн зайд приус-20 маркийн тээврийн хэрэгсэл асфальтан зам дээр баруун урагш харсан чиглэлтэй байх ба уг тээврийн хэрэгсэл нь бүхэлдээ шатсан тээврийн хэрэгслийн баруун урд хамар хэсэг дотогш хучигдсан жолоочийн баруун урд хаалга дотогш хумигдсан, баруун хойд талын хаалга гадагш дэлгэгдсэн, 4-н дугуй, машин дотроо суудаг багаж, хянах дэлгэц, жолоо, машинд байсан гэх бүх зүйл шатсан байлаа. ..” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-14 тал/
  • 3ам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-20 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-25 тал/
  • “Хан үнэлэмж” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “... 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын нийт дүн...18,928,700 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 180-190 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 239 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №413 дугаартай “...Ц.Ууганбаатар биед баруун шилбэ ясны ил хугарал, баруун атгаал ясны хугарал, цээж баруун гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... ” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81 тал/,
  • Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №417 дугаартай “Ө.Сүхбатын биед баруун дунд чөмөгний хугарал, цээж, баруун шуу, баруун мөр, баруун бугалагт зулгаралт, зүүн сарвуунд шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 84 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №419 дугаартай "... Г.Алтаншагайгийн биед хүзүүний С6, С7-р нугалмын хугарал, нуруунд зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар 08-ны өдрийн №421 дугаартай “...С.Энхжингийн биед баруун дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан №411 дугаартай "... Б.Баянжаргалын биед баруун талын умдаг яс, сүүж ясны хугарал, баруун бугалга ясны хугарал, зүүн гуянд шарх зулгаралт, цус хуралт, зүүн шагайнд шарх, цээж баруун зүүн бугалга шуу, баруун гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12101 дугаартай “... Б.Оюун-Эрдэнийн биед өвчүүний далд хугарал, баруун өвдөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх өвчүүний далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №412 дугаартай “... Б.Дэлгэрмаагийн биед баруун шуу ясны ил хугарал, зүүн дунд чөмөг, зүүн шилбэний далд хугарал, уушигны няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, хүзүүний С2-р нугалмын хугарал, баруун зовхинд цус хуралт, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 79 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №5817 дугаартай “...1 гэж дугаарласан хуванцар нь 52592- 47010 бичиглэлээрээ 2003-2011 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус-20 маркийн автомашины хойд бамбайн баруун талын далбаа доторх шавар усны хуванцартай тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 111-114 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 1457 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 183400467 тоот хэргийн материалд үндэслэн 56-49 УББ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашин ослын улмаас бүрэн шатсан тул жолооны механизм, тоормосны систем бүрэн шатсан эсэх, ажиллагаатай эсэхийг тодорхойлох боломжгүй...Шинжилгээнд ирүүлсэн 183400467 тоот хавтаст хэргийн материалд үндэслэн урд болон баруун урд талын эвдрэл гэмтэл мөргөлтийн улмаас үүссэн байх үндэслэлтэй...3ам тээврийн осол хэргийн материалд үндэслэн 1-6 хүртэл дугаарласан мөрүүд нь шатсан тоёота  приус-20 маркийн автомашины шарвалтаас үүссэн мөр байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-144 тал/
  • Онцгой байдлын газрын шинжээч Б.Бэх-очирын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №08/05 дугаартай “... Уг тээврийн хэрэгсэлд гал түймэр гарсан талаарх шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй...Тухайн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол, мөргөлдсөний улмаас цахилгаан мотор болон утсанд масс үүсч гал түймэр гарсан байх магадлалтай...Уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсны дараа шатсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 137 тал/
  • Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №145 дугаартай “56-49 УББ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ө.С  нь Монгол улысн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв...жолооч Ө.Сүхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн...осол болоход цаг агаар замын нөхцөл байдал нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 124 тал/
  • 3амын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай “... Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тоёота приус-20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.С  нь Монгол лусын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Тоёота приус -20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тоёота приус-20 маркийн 56- 49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.С  нь тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үзэв....Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал болон хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэв...7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тоёота приус -20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Сүхбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 ... 8.2 ...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн ослыг гаргасан байх үндэслэлтэй гэж үзэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн  131-132 тал/
  • Хохирогч Г.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би унтаж явсан болохоор осол яг ямар байдалтай болсон талаар мэдэхгүй байна...миний хүзүүний С6, С7-р үенүүд хугарсан. Баруун өвдөг хатгаж өвдөөд байгаа, шилбэ яс язарсан шархтай оёдол тавиулсан, одоо бол жоохон янгинаж өвдөөд байгаа. Би өөрт учирсан эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 тал/
  • Хохирогч Ц.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би албаны 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд урд суудал дээр жолоочтой хамт юм яриад явж байсан. Тухайн өөдөөс ирж яваа приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь нилээд хурдтай ирж яваа харагдсан бас дугуйнаас нь юм уу гэмээр нэг хар юм замруу үсрээд байсан. Тэгэж байгаад манай машины хажуу талаар өнгөрөх үедээ гэнэт даялаад ороод ирсэн бөгөөд засмал зам дээр 3 удаа шарваад 4 дэх дээрээ сөрж орж ирээд мөргөлдсөн. Би ослын дараа ухаан алдчихсан байна лээ. Удалгүй ухаан ороод орчныг үзэхэд аль хэдий осол болсон байсан бөгөөд тэр газраа нөгөө приус нь байж байгаад шатчихсан...архи уусан эсэх талаар мэдэгдээгүй...миний баруун хөл шант ясаараа хугарсан, нурууны Л2 дугаар үед дарагдаж шахагдсан хугаралттай, баруун мөр хугарсан, тэрнээс хойш ажилдаа ороогүй хэвтрийн дэглэмтэй байж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 тал/
  • Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Миний охин Сүхбатын Энхжин нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ явж байгаад Төв аймгийн Лүн сумын нутагт зам тээврийн осолд орж эрүүл мэнддээ хүндэвтэр гэмтэл авсан. Осол болоход хамт явсан юм... Манай охин С.Энхжингийн баруун чөмөг нь хугарсан. Гэхдээ одоо бол бүрэн эдгэрсэн. Зүгээр байгаа...Надад болон манай охин С.Энхжин нарт ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/
  • Хохирогч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...зам тээврийн ослын улмаас миний өвчүү далд хугаралтай, мөн баруун талын хөлний өвдөг язарсан юм. одоо биеийн байдал зүгээр байна. Эмчилгээ сайн хийгдсэн ажлаа зүгээр л хийгээд явж байна... Би өөрт учирсан зардалаа гаргуулж авахгүй ээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/
  • Хохирогч Б.Баяжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...бид явж байтал баруунаас зүүн чиглэлд эсрэг урсгалд явж байхад саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл даваа уруудаад ирж байгаа харагдсан. Гэнэт эсрэг урсгалд явж байсан приус-20 урсгал сөрөөд орж ирж манай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгэхэд би 10 гаруй минут шоконд ороод нэг харахад манай машины 2-3 залуу машинаас буугаад хүмүүсийг мөн мөргөсөн приус 20-д байсан 2 том хүн 3 хүүхдийг машинаас гаргаад байж байхад приус-20 машин хамраасаа эхлэн шатсан...ослын улмаас өвчүү хугарсан баруун өвдөг тойгны мах язарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/
  • Хохирогч Б.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би тэр үед машин дотор унтаад явж байсан болохоор яагаад осол болсон талаар огт мэддэггүй юм. Нэг мэдэхэд л Улаанбаатар хотод эмнэлэг дээр сэрсэн. Миний биеийн гар хөл хугарсан. Бас хүзүү гэмтсэн. Би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй ээ... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/
  • Хууль    ёсны төлөөлөгч Д.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай хамаатны Ө.Сүхбат эхнэр Баянжаргал болон хүүхдийн хамт Булган аймгийн Баяннуур суманд ирсэн байсан. Тэр үед би Улаанбаатар хот орж охиныхоо харааг эмчид үзүүлэх шаардлагатай байсан бөгөөд өөрөө Улаанбаатар хот явж амжихгүй байсан болохоор Ө.Сүхбатын машинд хүүхдээ өгөөд Улаанбаатар хот ороод ахад нь хүргээд өгчихөөрэй гэж хэлээд явуулсан. Гэтэл тэр өдрийнхөө үдээс хойш 15 цагийн үед санагдаж байна тэд нар Лүнгийн зам дээр осолд орчихсон Лүн сумын эмнэлэг дээр байна гэж утсаар мэдэгдсэн... тэгээд эмчид үзүүлэхэд баруун гар шуу хэсгээрээ хугарсан, мөн зүүн дунд чөмөг, зүүн шилбэ хэсгээрээ хугарсан, бас хүзүү нь гэмтсэн байсан... надад ямар нэгэн гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/
  • Иргэний нэхэмжлэгч М.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын машин клипний зураг авалтаар Булган аймгийн Баяннуур сумруу явсан. Гэтэл тэр өдрөө үдээс хойш 13 цаг 30 минутын үед санагдаж байна жолооч Оюун-Эрдэнэ утсаар яриад ахаа машинтай мөргөлдчихлөө, гэнэт өөдөөс приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...одоо манай байгууллагын зүгээс үнэлгээгээр гарсан 18.928.700 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/
  • Гэрч Х.Нуржанатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар телевизын Булган аймаг руу зураг авалттай гээд би цуг явсан...гэтэл тэр өдөр 13-14 цагийн орчимд бид нарын хажуугаар зөрж өнгөрөх гэж байсан саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 2 тийшээ холхиж дайвалзаад л урдаас орж ирээд мөргөлдсөн...надад ямар нэгэн хохирол учраагүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67 тал/
  • Гэрч Д.Батнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай Улаанбаатар телевизын баг хамт олон хөдөө клипний зураг авалт хийхээр Улаанбаатар хотоос гараад Булган аймгийн чиглэл рүү явж байсан...7-лаа албаны 25-03 УНВ улсын дугаартай Форд тарнзит маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...өөдөөс жижиг суудлын тэрэг ирж яваа харагдсан боловч яг машинтай зөрөхийн наахан талд гэнэт бөгс нь хаялаад, далбилзаад шарваж байгаа юм шиг болоод эсрэг урсгалруу орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Тэгээд манай машин замаас гараад зогссон...бид нар өөрсдийнхөө машинд байсан хүнд бэртэлтэй хүмүүсээ буулгаад , бас нөгөө машинд байсан хүмүүст тусалсан. Миний баруун мөр мултарч, баруун хөлний судас дарагдаж хавдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/
  • Гэрч Ц.Пүрэвбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 30-нд 09 цаг 30 минутын орчимд Булган аймгийн Баяннуур суманд очих ажлаар ...7 хүний бүрэлдэхүүнтэй клип хийхээр Форд Транзит маркийн 25-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Ингээд бид төв аймгийн Лүн сумын төвд 12 цаг өнгөрч байхад цайны газар орж хоол идээд цааш хөдөлсөн. Тэгээд цааш явж байтал эсрэг урсгалаас приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирж байсан. Би урд талын суудлаасаа бариад нүдээ аниад нэг харахад урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн...хүмүүсийг машинаас гаргаад удаагүй байхад приус-20 тээврийн хэрэгсэл урд хамар хэсгээс нь утаа гарч эхэлсэн.. удалгүй приус 20 шатсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 тал/
  • Гэрч С.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед Т-приус-20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл форд транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй анх мөргөлдсөн цэгийг А цэгээр авсан бөгөөд Т.Приус-20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун урд дугуйны хэсгээрээ форд транзит маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгтэй мөргөлдсөний улмаас Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бөгсөө шидэж анх мөргөлдсөн А цэг Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн доогуур орсон байсан тул А цэгийг Т.Приус машины кабины дээр нь байрлуулсан болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 тал/
  • Гэрч Д.Шинэцогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 06 сарын 30-ны өдөр миний бие Улаанбаатар телевизийн хамт олонтой Говийн домог Монголын уран сайханы киноны дууны клипний зураг авалтаар Булган аймаг руу явсан...осол болох үед би унтаад явж байсан болохоор болсон хэргийн талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Дээрх зам тээврийн осолтой холбоотой миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй тул энэ хэрэгт надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, мөн шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/
  • Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тээврийн хэрэгслийн урд талаар үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн эвдрэл гэмтлүүд юм. Харин форд транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай автомашины зүүн талын хойд накладка хэт элэгдэж нимгэрсэн гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ...Накладка хэт элэгдсэн гэмтэл нь тоормосны идэвхижилтийг бууруулж тоормосны бүрэн зогсолтын замыг уртасгах нөлөө үзүүлэх үндэслэлтэй. Хэргийн газарт авсан кримналистикийн шинжээчийн гэрэл зургын үзүүлэлтийн 6-10 дугаар гэрэл зурагт мөрүүдийн эхлэл төгсгөлийг 1-6 хүртэл тэмдэглэсэн мөрүүд нь шатсан приус-20 маркийн автомашины чиглэлтэй даялсан, мөн 4, 5, 6 дугаартай мөрүүд приус-20 автомашины доор төгссөн, уг мөрүүд нь салсан зэрэг дээр үндэслээд тусгай мэдлэгээ ашиглаад шинжлэхэд энэ мөр бол авто машин хөндлөн чиглэлд шарвалтын үед үүсдэг мөрүүд юм. Мөргөлдөлтийн улмаас приус-20 автомашин цохилтын хүчний нөлөөгөөр шилжин байрласан ч гэсэн дээрхи мөрүүд нь тухайн приус-20 маркийн автомашины мөр мөн гэж дүгнэх үндэслэлтэй.Тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэх үед тормоз гишгэсэн ч гэсэн дээрх үйлдлүүд нь давхар юм шиг боловч нэг мөрөөр илэрч гардаг тул шарвалт болон тормозны мөр гэж салгах боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/
  • Шинжээч С.Мөнхдалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...огцом даялсан тэгш бус мөр үүссэн тохиолдолд шарвалтын мөр гэж үздэг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230 тал/
  • Шинжээч Э.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад хэргийн газарт хийсэн үзлэг, гэрэл зураг, замын зохицуулагчийн үйлдсэн схем зураг, жолооч Ө.Сүхбатын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Ө.Сүхбатыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтаар буруутгасан юм. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургаар зогсоох арга хэмжээ аваагүй, схем зурагт мөн адил зогсолтын ул мөр үгүй. Жолооч Ө.Сүхбатын өгсөн мэдүүлэгт зүүн урд талын дугуй хагарч аюул саад бий болохыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүй эсрэг урсгал руу сөрж орсон үйлдэл нь хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй байдаг учир Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтаар буруутгасан юм. Жолооч Ө.С  нь аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авсан бол эсрэг урсгалд орохгүй, сөрөг урсгалын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй боломж байсан гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231 тал/
  • Шинжээч Н.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...жолооч Ө.Сүхбатын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, бусад нотлох баримтыг үндэслэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт зөрчсөн гэж үзсэн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

       Шүүгдэгч Ө.С нь тоёота приус-20 маркийн 56-49 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

 

          Шүүгдэгч Ө.С -ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.С -ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ө.Сүхбат нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

       Иймд шүүгдэгч Ө.С -ыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Ц.Ууганбаатар, Г.Алтаншагай, Б.Оюун-Эрдэнэ, хохирогчийин хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Баянжаргал нь “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Санамсаргүй гарсан осол болохоор хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч Ө.С нь хохирогч Ц.Ууганбаатар, Г.Алтаншагай, Б.Оюун-Эрдэнэ, хохирогчийин хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баянжаргал нарт төлөх хохирол төлбөргүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан Б.Баянжаргал, Б.Дэлгэрмаа, хүндэвтэр гэмтэл авсан насанд хүрээгүй хохирогч С.Энхжин, Г.Алтаншагай, Б.Оюун-Эрдэнэ, Ц.Ууганбаатар нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээв.

Харин энэ гэмт хэргийн улмаас UBS телевизийн өмч болох Форд Транзит маркийн 25-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 18.928.700 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Энхтөр нь “...манай байгууллагын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн хариуцсан энэ талаар нэхэмжлэх зүйл байхгүй, зөвхөн машинд учирсан хохирол болох 18.928.700 төгрөгийг нэхэмжилнэ. Ө.С  нь 2.000.000 төгрөг төлсөн тул үлдэх 16.928.700 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С  нь иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол болох 16.928.700 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх байх тул шүүгдэгч Ө.С -аас 16.928.700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч UBS телевиз-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Ө.С -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь “Ө.С -ад ял шийтгэл оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж  үзнэ үү.  Үүнд тухайн гэмт хэрэг нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг мөн Ө.С  нь эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ө.С -ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Ө.С -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй, хохирол төлсөн байдал, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Ө.С -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ө.С -д үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ө.С -ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.С -д Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бакришакны тасархай, хуванцар хар эд зүйлийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.С-нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Харин иргэний бичиг баримт болох жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С  нь “ослын улмаас машин шатаж, миний бичиг баримт бүгд шатсан тул шинээр жолоочийн үнэмлэх авсан “  гэж жолоочийн №1151328 дугаарын үнэмлэхийг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Ө.С -ын №1151328 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Ө.С -ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д  овогт Ө.С -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ө.С -д үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ө.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С -д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №1151328 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.С  нь эд хөрөнгийн хохиролд 2.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Сүхбатаас 16.928.700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч UBS телевизэд олгож, хохирогч Б.Баянжаргал, Б.Дэлгэрмаа, Г.Алтаншагай, Б.Оюун-Эрдэнэ, Ц.Ууганбаатар, насанд хүрээгүй хохирогч С.Энхжин нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

  1. Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бакришакны тасархай, хуванцар хар эд зүйлийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.С -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.