Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1151

 

 

     2020           11          03                                        2020/ШЦТ/1151

 

 

                              

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч А.Энхбуйр (үнэмлэхийн дугаар-0970),

хохирогч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ныг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005021231165 дугаартай хоёр хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой,  төмөр замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 146 дугаар зүйлийн 146.4, 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар 15 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 

Б овогт Ц.Н

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Н нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Sky car wash” авто угаалгын зогсоолоос саарал өнгийн тоёота приус-30 загварын улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.От 13.000.000 төгрөгийн,

 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их ордын автобусны буудал дээр асаалттай байсан 57-09 УНО улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Тид 8.490.910 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн хашаан дотроос Киа Бонго-3 маркийн улсын дугааргүй автомашиныг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Г.Хд 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Н: “...Би тухайн өдөр 10 дугаар хорооллоос тээврийн хэрэгсэл хулгайлсан. Харин хохирогч Ц.Тийн машиныг авснаа мэдэхгүй байна...” гэв.

 

Хохирогч Ц.Т: “...Би тухайн өдөр дэлгүүрээс ундаа авахаар автобусны буудал дээр машинаа асаалттай орхисон. Гэтэл шүүгдэгч миний машиныг аваад явсан. Машинд гар утас болон 75.000 төгрөг байсан. Одоо үнэлгээний газраар тогтоосон машины үнийн дүнг нэхэмжилж байна...” гэв

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Миний бие Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны урд талын авто угаалгын газрыг граж маягаар түрээслээд машинуудаа байрлуулж тавьж зараад 2 жил болж байна. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим хүнд машин үзүүлэх гээд ирэхэд байрлуулж тавьсан машинууд дундаас саарал өнгийн гаальтай Приус 30 маркийн автомашин алга болсон байсан. Тэгээд би газрын эзэн болох Хаш-Эрдэнэ гэх залуутай уулзаад машин алга болсон талаар хэлэхэд хяналтын камер шүүж үзэхэд өглөө 8 цаг 50 минутын орчим улаан өмдтэй, ягаан масктай, улаан гуталтай, саарал цамцтай 40-45 орчим насны эрэгтэй хүн граж руу ороод гражийн баруун талын буланд байрлуулж тавьсан саарал өнгийн Приус 30 маркийн машиныг унаад гражаас гарч байгаа бичлэг камерт бичигдсэн байсан. Уг машиныг 2020 оны 04 дүгээр сард Япон улсаас гааль татвар зэргийг нь төлөөд нийтдээ 12.500.000 төгрөгөөр авсан. Одоо Монгол улсад зарагдах үнэ 13.500.000 төгрөг. ...Миний алдсан машин мөнгөлөг саарал өнгийн 5 салаатай 15-тай дискэн обудтай, хойд багаж дээрээ шил арчигч урд хоёр цонх тень, урд гупер дээр нэмэлт гэрэл байхгүй, жолооч талын хормойн дээрээ сэвтэй, хойд гупер зүүн талаараа бага зэрэг унжсан, 280.000 км гүйлттэй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас)

 

- Гэрч Э.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...08 цаг 54 минутын үед манай гражид гаднаас танихгүй хүн орж ирээд өдрөөр хөлсөлж байсан Б.О гэх хүний зарж байгаа машин болох Приус 30 маркийн саарал өнгийн машин А-2 дугаартай зогсоолд байсныг аваад гарсныг өдөр 13 цагийн үед Б.О ирээд мэдсэн. Улмаар камер шүүхэд үл таних нүүрээ далдалж маск зүүсэн, улаан өмд өмссөн саарал цамцтай дунд зэргийн нуруутай хүн орж ирээд нэг машин онгойлгоод эргэж гараад хажууд нь байсан Приус-30 маркийн машин аваад гарч байгаа бичлэг харсан. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

- Гэрч Э.Атарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө хотод хагалгаанд орохдоо Ц.Нтай утсаар ярьж уулзсан. Эмнэлгээс гарахад Ц.Н ирэхдээ Приус 30 маркийн машин унаж явсан. Надаас энэ машин авах уу, Японоос оруулж ирсэн гэхээр нь үнийг нь сонирхоод асуухад 10 саяд зарна, бичиг баримтгүй гэхээр нь 7 саяд авъя, бичиг баримттай болохоор нь мөнгийг өгнө гэж хэлсэн. ...Ц.Н надад хулгайн машин гэж огт хэлээгүй, манай охин явуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

 

- “Ашид билгүүн” ХХКомпанийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 179 тоот: “Япон улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 05 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, Тоёота Приус-30 маркийн автомашин нь 2020 оны 06 дугаар сарын байдлаар Монгол Улсын зах зээл дээр дунджаар 13.000.000 төгрөгийн үнэтэй...” гэх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 25-34 дүгээр хуудас)

 

- Хохирогч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 1-11-62 тоотод зүс таних хүн, үл таних хүний хамтаар ирж Бонго машин үзсэн. Үзэж байгаад “мосттой Бонго машин байгаа юу” гэж асуухаар нь “энд алга Авто худалдааны төв дээр байгаа гэж” хэлэхэд машин үзэхээр болж Авто худалдааны төв явсан. Би Авто худалдааны төв дээр ирэхэд машин авна гэж байсан үл таних залуу ганцаараа ирсэн намайг хүлээж байсан. Тэгээд би өөрт байсан мосттой Бонго-3 автомашин үзүүлэхэд би асааж тойрч үзье гэж хэлээд түлхүүр авч Бонго-3 авто машиныг асааж тэр хавиар тойрч үзэж байгаад, тэр чигтээ машин унаад алга болсон. Би ирэх байх гэж хүлээж байгаад ирэхгүй байхаар нь Авто худалдааны төвийн камер шүүж үзэхэд миний Бонго-3 автомашиныг унаад Авто худалдааны төвөөс гарч явж байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан...170 см өндөр, биедээ таарсан махтай, шар царайтай, давхраатай нүдтэй халзан юм шиг халимаг үстэй, эрэгтэй хүн байсан. Солонгос улсаас 2020 оны 3 дугаар сард 3.200.000 воноор худалдаж авч оруулж ирсэн. Монголд 13.500.000 төгрөгөөр зарах гэж байсан...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас мотор нь эвдэрсэн байдалтай машинаа эргүүлэн олж авсан. Би Булган аймгаас авто машинаа 600.000 төгрөгөөр ачиж авчруулсан. Моторыг 1.500.000 төгрөгөөp янзалж асааж хэвийн ажиллагаатай болгосон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас)

 

- Гэрч Д.Гансайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 05-ны өглөө босоход Булган аймгийн Сайхан сум Дондогийн булаг гэх газар байх эзэнгүй торхон байшингуудын дунд цэнхэр өнгийн Бонго-3 маркийн автомашин зогсож байсан. Уг машин улсын дугааргүй хойд тэвш буюу ачааны хаалт хэсэг нь салсан, тэвшин дээр нь байсан. Би уг машиныг хэн барьж ирснийг хараагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

 

- “Дамно” ХХКомпанийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ2-20-831 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан: “Улсын дугааргүй, К.Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2020 онд орж ирсэн, 2020 оны 08  дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 13.300.000 төгрөг.....” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч Ц.Нын яллагдагчаар өгсөн:

“....2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Авто худалдааны цогцолбор дээр машин үзэж сонирхож явж байгаад нэг цэнхэр өнгийн Киа Бонго 3 маркийн автомашин зарж байхаар нь “үнийг нь асуухад 12.500.000 төгрөг гэхээр” нь “хашаанаас гараад унаад үзэж болох уу” гэхэд “болно гэхээр” нь унаж гараад Хөвсгөл далай очиж үзмээр санагдаад Хөвсгөл рүү гараад явсан. Тэгээд Хөвсгөл аймаг руу явж байхад Булган аймгийн Сайхан сумын Домдогийн булаг гэх газарт машины ус халаад явахгүй байхаар тэнд нь орхиод, замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа Урьхан хоолны газарт сууж байхад цагдаа нар ирээд барьсан. Тэгээд цагдаа нарт Булган аймгийн Сайхан сум руу очиж тухайн машиныг зааж өгч эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудас),

 

 - Хохирогч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 06 дугаар сарын 28-ны шөнө өөрийн 57-09 УНО улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад талбайн урд талд хүн буулгаад 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Их орд автобусны буудлын түцний урд ундаа авах зорилгоор зогсоод түцтэй ойрхон зогссон учир тээврийн хэрэгслээ унтраалгүй асаалттай нь үлдээгээд Түц рүү ортол миний машин хойшоо чиглэлд хөдлөөд явчихсан. Гараад хартал маш хурдтай хойшоо яваад өгөхөөр нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Би 2019 оны тээврийн хэрэгслийг барьцаалан 3 сая төгрөгийн зээл авсан. Миний машин “Уянбэст” ХХКомпанийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Одоо 300.000 төгрөг дутуу байгаа. Би зээлийн мөнгөө цаг тухай бүрт нь өгч байгаа. 2005 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад орж ирсэн, урд талын гүпер баруун хэсэгт хонхойж орсон сэвтэй, сетик нь байхгүй, хойд талын гүперны зүүн талын булан нь сэтэрчихсэн байгаа....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас),

 

- “Дамно” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БЗ1-20-1218, БЗ1-20-1219 тоот эд зүйл болон автомашин техникийн үнэлгээний тайлан: “Хар өнгийн LG гар утас- 80.0000 төгрөг, бэлэн мөнгө 75.000 төгрөг, нойлын цаас хайрцаг-15.910 төгрөг, дээл-120.000 төгрөг, 5709 УНО улсын дугаартай Приус-20 маркийн автомашин 8.200.000 төгрөг, нийт 8.490.910 төгрөг” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 201-204 дүгээр хуудас),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 172-175 дугаар хуудас),

- Шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас),

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 183-193 дугаар хуудас),

- Хохирогч  Б.О, Г.Х нарт хохирол төлбөр төлсөн талаарх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Ц.Нын хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар тал), шүүхийн шийдвэрийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хохирогч Б.О, Г.Х нарын үйлдэл дээр маргахгүй, зүйлчлэл тохирсон. Харин хохирогч Ц.Тийн Приус-20 маркийн автомашиныг хулгайлсан гэх үйлдэл нотлох баримтаар эргэлзээгүй, бодит байдлыг тогтоох ёстой. Шалгаж нягтлаагүй, камерын бичлэгт шүүгдэгч Ц.Ныг мөн гэж үзсэн, виза картнаас мөнгө авсан гэж тогтоож байгаа нь тодорхой бус тул энэ үйлдлийг мөрдөн байцаалтад буцаах эсхүл хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно. 

I. Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky car wash” авто угаалгын зогсоолоос саарал өнгийн Тоёота Приус-30 маркийн, улсын дугааргүй автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- Хохирогч Б.Оын: “Би хувиараа Япон улсаас автомашин импортоор оруулж, худалдаалдаг. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны урд талын “Sky car wash” авто угаалгын газрыг гарааш маягаар түрээсэлж, машинуудаа тавьж зардаг. 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 13 цагийн үед хүнд машин үзүүлэх гээд “Sky car wash” авто угаалгын зогсоол руу орсон. Тэгтэл байрлуулж тавьсан машинуудаас саарал өнгийн гаальтай Приус-30 маркийн автомашин алга болсон байсан...Хяналтын камерыг шүүж үзтэл 8 цаг 50 минутын орчим улаан өмдтэй, ягаан масктай, улаан гуталтай, саарал цамцтай 40-45 орчим насны эрэгтэй гарааш руу ороод баруун гар талын буланд байрлуулж тавьсан уг машиныг унаад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (1хх37-38)

- Гэрч Э.Хийн: “...2020 оны 06 дугаар сарын 11-нд өглөө харуул Дэмчигдорж хоносон машинуудыг гаргаад байж байхад 08 цаг 54 минутын үед гаднаас танихгүй хүн орж ирээд Б.Оын зарж байсан Приус-30 маркийн машиныг А-2 дугаартай зогсоолоос аваад гарсныг өдөр 13 цагийн үед Б.О мэдээд улмаар камер шүүхэд нүүрээ далдалж маск зүүсэн, улаан өмдтэй, саарал цамцтай, дунд зэргийн нуруутай хүн гараашид орж ирээд нэг машиныг онгойлгоод эргэж гараад хажууд байсан Приус-30 маркийн машин аваад гарч байгаа бичлэг харсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (1хх16-17),

- Гэрч Э.Атарбаярын: “... 2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө хотод хагалгаанд орохдоо Ц.Нтай яриад уулзсан. Эмнэлгээс гараад Ц.Н ирээд саарал өнгийн Приус-30 маркийн, 14-95 УНН улсын дугаартай машин унаж явсан. Надаас энэ машиныг авах уу, охин маань Японоос оруулж ирсэн гэхээр нь үнийг сонирхоход 10 саяд зарна. Бичиг баримтгүй гэхээр нь 7 саяад авъя, бичиг баримттай болохоор нь мөнгийг нь өгнө гэж тохиролцоод Булган руу гэртээ хүргүүлсэн. Би Ц.Нт огт мөнгө өгөөгүй ...” гэх мэдүүлэг (1хх50),

- “Ашид билгүүн” ХХКомпанийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 179 тоот: “...Тоёота Приус-30 маркийн автомашин нь 2020 оны 06 дугаар сарын байдлаар Монгол Улсын зах зээл дээр дунджаар 13.000.000 төгрөгийн үнэтэй...” гэх тодорхойлолт (1хх52),

- Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны урд талд байрлах “Sky car wash” гэх хаягтай бор өнгийн 8 давхар байшин байх ба зүүн хойд талаас орох гарааш байна. Дотогшоо ороход хойноос урд зүгт үргэлжлэх 1-4 гэсэн дугаартай багана, дугаар тэмдэглэл байхгүй нэг багана байв. 2 дахь баганаас 3 дахь баганы хооронд байсан автомашин алга болсон машин байрласан байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх4-7),

- Тээврийн хэрэгсэлд 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн: ” Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Sky car wash” угаалгын газраас Приус-30 маркийн автомашин нь Булган аймаг, Тэшиг сум, Хужирт баг босгын дэнж гэх газарт Э.Атарбаяр гэх айлд байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх9-12),

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх18-21),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 09 цаг 05 минут 13 секундэд саарал цамцтай, амандаа масктай, улаан өнгийн өмдтэй, доогуураа улаан гуталтай этгээд доошоо гарааш руу алхаж ороод 3 дахь машин буюу цагаан өнгийн Т.Аqua маркийн машины хаалгыг татсан, 09 цаг 06 минут 11 секундэд саарал өнгийн Т.Аqua маркийн машины жолооч талын хаалгыг нээгээд суугаад, 09 цаг 07 минут 20 секундэд уг машины жолооч талын хаалгыг нээгээд буусан. 09 цаг 08 минут 41 секундэд саарал өнгийн Т.Приус маркийн машины хаалгыг онгойлгож суугаад тээврийн хэрэгслийг жолоодон ухрааж 09 цаг 09 минут 34 секундэд  гараашийн хаалгаар гарч байна...” гэх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл (1хх25-34),

- Шүүгдэгч Ц.Нын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ны өглөө анх машин үзэж байсан “Sky car wash” угаалгын газар очиход хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь ороод саарал өнгийн Приус-30 маркийн автомашины хаалга онгорхой байсан. Түлхүүр нь дотор голын хайрцагт байхаар нь асаагаад шууд гарсан... Э.Атарбаяр гэх хүнд машинаа 7 саяд өгөөд мөнгөө намар авахаар тохиролцсон. Булган аймгаас Улаанбаатар хотод ирээд буцаж Булган явах замдаа Урьхан хоолны газарт цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (1хх96), авто зогсоолын түрээсийн гэрээ (1хх65) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

II. 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн хашаан дотроос Киа Бонго-3 маркийн улсын дугааргүй автомашиныг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан болох нь:

- Хохирогч Г.Хгийн: “2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зүс таних хүн, үл таних хүний хамтаар бонго машин үзэж байгаад мосттой бонго машин байгаа юу гэхээр нь энд алга Авто худалдааны төв дээр байгаа гэж хэлэхэд машиныг үзэхээр болж Авто худалдааны төв явсан. Үл таних залуу ганцаараа ирж мосстой бонго-3 машиныг үзүүлэхэд үзэж байгаад асааж тойрч үзье гэж хэлээд түлхүүр авч машиныг асааж тэр хавиар тойрч байгаад тэр чигтээ машин унаад алга болсон. Авто худалдааны төвийн камер шүүж үзэхэд миний бонго машиныг унаад гарч явж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг өндөр сумаас мотор нь эвдэрсэн байдалтай эргүүлэн олж авсан. Булган аймгаас машинаа 600.000 төгрөгөөр ачиж авчруулсан, моторыг 1.500.000 төгрөгөөр янзлуулсан. Энэ зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1хх131-132)

- Гэрч Д.Гансайханы: “2020 оны 07 дугаар сарын 05-ны өглөө босоход Булган аймгийн Сайхан сум, Дондогийн булаг гэх газарт эзэнгүй торхон байшингуудын дунд цэнхэр өнгийн Бонго-3 маркийн машин зогсож байсан. Би уг машиныг хэн барьж ирснийг хараагүй...” гэх мэдүүлэг (1хх139),

- “Дамно” ХХКомпанийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ2-20-831 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан: “Улсын дугааргүй, К.Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 08  дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 13.300.000 төгрөг.....” гэх дүгнэлт (1хх140),

- Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Булган аймгаас 52 км-ийн заалттай самбарын ертөнцийн зүгээр зүүн талдаа 5 ширхэг торхон орхигдсон байшингийн “Өлзий цайны газар” гэх нэршилтэй торхон байшингийн хойд талд урагш харсан байрлалтай Бонго-3 маркийн машиныг байрлуулан тавьсан байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх114-118),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан: ”Хохирогч Г.Х нь машиныг авч явсан хүнийг танина гэсний дагуу 1-4 хүртэл дугаарлан гэрэл зургийг байрлуулахад Ц.Ныг таньж заасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх9-12),

- Шүүгдэгч Ц.Нын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Авто худалдааны цогцолбор дээр машин үзэж сонирхож явж байгаад цэнхэр өнгийн Киа Бонго-3 маркийн автомашин зарж байхаар нь үнийг асуухад 12.5 сая гэхээр нь “хашаанаас гараад унаад үзэж болох уу” гэхэд болно гэсэн. Унаж гараад Хөвсгөл далай очиж үзмээр санагдаад Хөвсгөл руу явсан. Тэгээд Хөвсгөл аймаг руу явж байхад Булган аймгийн Сайхан сум, Дондогийн булаг гэх газарт машины ус халаад явахгүй байхаар нь тэнд нь орхиод замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Замдаа Урьхан хоолны газарт сууж байхад цагдаа нар ирээд барьсан. Машиныг зааж өгч эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (1хх159) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

III. Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд автобусны буудал дээр иргэн Ц.Тийн эзэмшлийн 57-09 УНО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- Хохирогч Ц.Тийн:”...2020 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 5709УНО улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай таксинд явж байгаад талбайн урд талд хүн буулгаад 1 цаг цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их орд автобусны буудлын түцны урд машинаа унтраалгүй асаалттай нь үлдээгээд ундаа авах зорилгоор ортол миний машин хойшоо чиглэлд хөдлөөд явчихсан. Гараад хартал маш хурдтай хойшоо яваад өгөхөөр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (1хх198)

- “Дамно” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БЗ1-20-1218, БЗ1-20-1219 тоот эд зүйл болон автомашин үнэлгээний тайлан: “эд зүйлс-290.910 төгрөг, Приус-20 маркийн автомашин 8.200.000 төгрөг, нийт 8.490.910 төгрөг” гэх дүгнэлт (1хх201-204),

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 50/7269 дугаартай албан бичгээр АТМ зураг болон камерын бичлэг/ (1хх182)

            - Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Олимп плазагийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-н дотор талын камерын бичлэгийн цагаар 23 цаг 59 минут 47 секундэд хүрэн өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн CARRICK 16 дугаартай подволк, саарал өнгийн өмдтэй бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц боосон, шар өнгийн гуталтай эрэгтэй хүн 00 цаг 00 минут 15 секундэд картаар бэлэн мөнгө авч 00 цаг 01 минут 16 секундэд гарч байгаа бичигдсэн байна...” (1хх183-188)

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд  “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Их-орд худалдааны төвийн автобусны буудал хэсгийг харсан дүрс бичлэгийг эхлүүлэхэд ... улаан өнгийн урд талдаа AON гэх бичигтэй подволктой,  хүрэн өнгийн малгайтай, саарал өнгийн өмдтэй, шар өнгийн гуталтай, бүсэлхийндээ хүрэн өнгийг цамц уясан махлаг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урд зүгээс Их-ордын автобусны буудал чиглэлтэй алхаж байна...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 26 минут улаан өнгийн подволктой ардаа цагаанаар 16 дугаартай, хүрэн өнгийн малгайтай хүн хулгайд алдсан гэх 5709УНО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад унаад явж байна...” (1хх189-193) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Их орд автобусны буудал дээрээс Приус-20 маркийн автомашин хулгайлаагүй, тийм хэрэг хийгээгүй, мэдэхгүй, дараа нь санахад 2020 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Б.Ганболдын гэрт хоноогүй байсан. Машин тэрэг нь хаана байгааг мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод байгаагүй, Дархан хотод эсвэл Шарын голд байсан гэж санаж байна.” гэсэн мэдүүлэг (1хх214, 247),

- Шүүхийн хэлэлцүүлэгт ” Би тухайн Приус 20 маркийн машиныг хулгайлаагүй, 2020 оны 06-р сарын 28-ны өглөө Дарханаас вагоноор гараад Улаанбаатар хотод өдөр ирсан. Чингэлтэй дүүрэгт Батбаярынд очиж хоносон. 2020 оны 2-3 сард картаа хаясан” гэж тус тус мэдүүлдэг боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 50/7269 тоотод “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп плаза 1 давхарт байрлах АТМ-д 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагт 400.000 төгрөгийн зарлагын гүйлгээг 949618****1252 дугаартай картаар хийсэн байна. Уг карт 5085108078 тоот дансанд холболттой ШЕ74020378 регистрийн дугаартай Цэрэнсодномын Ц.Н эзэмшдэг ба уг дансны 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс хойших хугацааны дэлгэрэнгүй хуулга...” зэргээр /1хх179-181/ шүүгдэгч Ц.Нын мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.  

Тухайлбал: - Дүрс бичлэгт “Хаан банкны АТМ-н дотор талын камерын бичлэгийн цагаар 23 цаг 59 минут 47 секундэд хүрэн өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн CARRICK 16 дугаартай подволк, саарал өнгийн өмдтэй бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц боосон, шар өнгийн гуталтай эрэгтэй хүн 00 цаг 00 минут 15 секундэд картаар бэлэн мөнгө авч 00 цаг 01 минут 16 секундэд гарч байгаа бичигдсэн байна...”,

- шүүгдэгчийн Ц.Н эзэмшлийн  5085108078 тоот дансны 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 13 цаг 51 минутаас 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 37 минут хүртэл хийгдсэн орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга,

- “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Их-Орд худалдааны төвийн автобусны буудал дүрс бичлэгт ...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 26 минут улаан өнгийн подволктой ардаа цагаанаар 16 дугаартай, хүрэн өнгийн малгайтай хүн хулгайд алдсан гэх 57-09 УНО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад унаад явж байна... (1хх189-193),

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2020 оны 06 дугаар сарын 28-ны 00 цаг 26 минут 52 секундэд  Ц.Тээс /80315311 дугаараас/ өгсөн дуудлага лавлагааны хуудас (1хх171) зэргээр шүүгдэгч Ц.Ныг Ц.Тийн 5709 УНО улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг хулгайлж авсан үйлдэл нь нотлогдож байна.

 

Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Н нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.От 13.000.000 төгрөгийн, Ц.Тид 8.490.910 төгрөгийн хохирол учруулан амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хууль зүйн хувьд залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Ц.Нын үйлдэл нь хохирогч Г.Хгийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн  автомашиныг /улсын дугааргүй/ “худалдан авна, унаж үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэх замаар эзэмшигчийн эд хөрөнгийг /Киа Бонго-3 автомашин/ авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгөө /эд хөрөнгийг эрхээ/ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай. Мөн гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхлэж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг.

Хэрэгт авагдсан хохирогч Г.Хгийн “2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зүс таних хүн, үл таних хүний хамтаар бонго машин үзэж байгаад мосттой бонго машин байгаа юу гэхээр нь Авто худалдааны төв дээр байгаа гэж хэлэхэд машиныг үзэхээр болсон. Үл таних залуу ирж мосстой бонго-3 машиныг үзүүлэхэд үзэж байгаад асааж тойрч үзье гэж хэлээд түлхүүр авч машиныг асааж тэр хавиар тойрч байгаад тэр чигтээ машин унаад алга болсон...” гэсэн мэдүүлгээр хохирогч нь хууртагдсаны улмаас өөрийн эд хөрөнгө болох Киа Бонго-3 маркийн автомашинаа сайн дураар шүүгдэгчид өгсөн байна. Энэ нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан журамтай болохыг тэмдэглэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.От “Ашид билгүүн” ХХКомпанийн 179 тоот тодорхойлолтоор (1хх52) Тоёота Приус-30 маркийн автомашиныг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн ба түүнд уг автомашин болон машины түлхүүрыг түүнд биет байдлаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч тэмдэглэл (1хх87) үйлджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “алдсан машинаа 2020 оны 06 дугаар сарын 12-22-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн унаагаар эрэн сурвалжилж хайхад гарсан зардлаа буруутай этгээдээс нэхэмжилнэ. Түмэнжаргал /Ц.Нын эхнэр/ нь 2 сая төгрөгийг дансаар өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн (2хх4) байх тул хохирогч Б.От шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Хд “Дамно” ХХКомпанийн БГ2-20-831 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан, дүгнэлтээр К.Бонго-3 маркийн /улсын дугааргүй/ тээврийн хэрэгслийг 13.300.000 төгрөгөөр үнэлсэн ба тухайн тээврийн хэрэгслийг биет байдлаар түүнд хүлээлгэн өгч тэмдэглэл (1хх121) үйлджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Булган аймгаас машинаа 600.000 төгрөгөөр ачиж авчруулсан, моторыг 1.500.000 төгрөгөөр янзлуулсан. Уг зардлаа нэхэмжилсэн бөгөөд Түмэнжаргал /Ц.Нын эхнэр/ нь 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, надад ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй “ гэж мэдүүлсэн (2хх3) тул хохирогч Г.Хд шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Ц.Тийн хувьд “Дамно” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БЗ1-20-1218, БЗ1-20-1219 тоот эд зүйл болон автомашин үнэлгээний тайлангаар эд зүйлс-290.910 төгрөг, Приус-20 маркийн автомашин 8.200.000 төгрөг, нийт 8.490.910 төгрөгийн (1хх201-204) хохирол учиржээ.

Шүүх дээрх баримтыг шаардлага хангасан нотлох баримт гэж үзэж нийт 8.490.910 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Наас гаргуулж, хохирогч Ц.Тид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 4 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж зааснаар нийт эдлэх ялыг 1 жил хүртэл хугацаагаар ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Ц.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогч Б.О, Г.Х нарт төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Нт Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Тиймээс шүүгдэгч Ц.Нт Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгчид биечлэн эдлэх хорих ялыг тогтоосонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэжээ.

Иймд шүүгдэгч Ц.Нын цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн   тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.