Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 231

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Л.Мд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Алтансүх,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлээр Л.Мд холбогдох эрүүгийн 1706028400394 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Лавааны Л.М, 2001 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Архангай аймагт төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сум, Тамир хорооллын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000707/,       

 

             Өсвөр насны шүүгдэгч Л.М нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90-10 тоотод оршин суух иргэн С.Цгийн гэрт хүүхэд асрагч авах зарын дагуу ирж гэрт нь байх хугацаандаа эд зүйлс болон картнаас нь 5 сая төгрөгийг хууль бусаар хулгайлан авч нийт 7.878.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Л.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгч Л.Мд холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байх боловч Л.Мд холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 1 cap 28 хоногтой /хх-64/ байсан байна. Гэтэл өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн хууль ёсны төлөөлөгчөөр Дугарын Очирпүрэвийг тогтоосон мөрдөгчийн тогтоол байх боловч Д.Очирпүрэвт оролцогчийн эрх, үүргийг танилцуулаагүй /хх-59/ байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д заасан насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөн хариуцлагыг хүлээнэ гэжээ. Иймд өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн бусдад учруулсан гэм хор, хохирлыг шүүх шийдвэрлэхэд бэрхшээл учрахаар байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Л.Мгийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох ажиллагааг хийх шаардлагатай байна.

Гэрч Ж.Энхболд нь утас алдагдсан талаар мэдүүлсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна. Хэдэн төгрөгийн ямар утас алдсан болох, энэ утсаа хэнээс нэхэмжлэх, эс нэхэмжлэхийг /хх-23/ тодруулаагүй байна. Хэрвээ нэхэмжлэхгүй эсвэл хулгайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ хүрэхгүй зэрэг байвал түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч С.Цгийнхаас эд зүйлс болон картнаас нь 5 сая төгрөгийг хууль бусаар хулгайлан авч нийт 7.878.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн боловч ямар, ямар эд зүйлээ буцаан авч хохиролгүй болсон, яагаад 2.880.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгааг тодруулах, мөн эд зүйл болон картнаас 5.000.000 төгрөгийг авч буй үйлдэл нь давтан үйлдлээр аваад байгаа, эсвэл үргэлжилсэн үйлдлээр аваад байгааг хохирогчоос мэдүүлэг авах замаар мөрдөн шалгах шаардлагатай байна. Иймд Л.Мд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаах нь үндэстэй байна. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Мд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ...шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн захирамжид прокуророос өсвөр насны шүүгдэгч Л.Мд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Яагаад үндэслэлгүй байна гэж үзсэн гэхээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч С.Цгийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, дансны лавлагаа, өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг Л.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон. Нотлогдвол зохих ажиллагааг бүрэн хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдлыг” бүрэн хангасан гэж үзсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өсвөр насны яллагдагч Л.Мгийн хууль ёсны төлөөлөгчөөр Дугарын Очирпүрэвийг тогтоож, эрх, үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулан мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байна. Гарын үсэг зуруулсан учраас оролцуулсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль ёсны төлөөлөгчөөр заавал эцэг, эх нь байх ёстой гэсэн заалт байхгүй. Хууль ёсны төлөөлөгчөөр эцэг, эхийг нь оролцуулахаар Архангай аймагт амьдардаг эхтэй нь холбогдсон. Эцэг, эх хоёр нь салсан ба одоо тусдаа амьдардаг. Ээжийнх нь хувьд би ийм асуудалд оролцохгүй гэж хэлсэн учраас хууль ёсны төлөөлөгчөөр хамаатных нь ах Дугарын Очирпүрэвийг тогтоосон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “Өсвөр насны шүүгдэгчийн эцэг, эх асран хамгаалагчийг харгалзан дэмжигч түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэсэн заалт байгаа. Шүүх захирамж гаргаж иргэний хариуцагчаар тогтоож шийдвэрлэнэ гэж заасан байгаа учраас анхан шатны шүүх хохирол нөхөн төлөх асуудлыг иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжтой байсан гэж үзэж байна.

Гэрч Ж.Энхболдын утсыг Л.М нь хулгайлан авсан гэх заалт үндэслэлгүй юм. Учир нь Л.М нь өөрийн хайрцагтай эд зүйлсийг Ж.Энхболдод үлдээсэн байхад Ж.Энхболд нь дотроос нь “Эвок”, “Отгонтэнгэр” архи, “Порта” дарс зэргийг нь хэрэглэсэн байсан тул Л.М нь Ж.Энхболдын утсыг авч явсан байсан. Энэ талаар хавтаст хэрэгт гэрч Ж.Энхболд мэдүүлсэн, мөн утсыг нь буцаан өгсөн талаар Л.М мэдүүлсэн. Иймд дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Ж.Энхболд гэдэг хүн орцны жижүүр байсан ба Л.М тухайн эд зүйлээ авчирч өгөөд буцаагаад авах гээд очиход энэ хүн эдгээр зүйлсийг хэрэглэсэн байсан учраас эд нарыг өгч байж ав гээд гар утсыг нь аваад явсан байдаг. Дараа нь буцаан өгсөн асуудал хэрэгт байгаа учраас ач холбогдолгүй, хэрэг биш гэж үзэж байгаа. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчиж байна. Яагаад гэхээр зөвхөн хулгайн дээрх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Хохирогч С.Ц нь алдагдсан эд зүйлээ болон алдагдсан мөнгөнийхөө талыг буцаан авсан. Одоо 2.880.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн, мөн Л.М энэ талаар мөрдөн байцаалтад болон гэм буруугийн шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хэрэв дээрх нөхцөл байдлыг шүүх зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзвэл хохирогч С.Цг шүүх хуралдаанд оролцуулан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

 Л.Мгийн эд зүйл болон картнаас мөнгө авсан үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүх хоёр өөр хэрэг байна гэж үзэж буцаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Эхлээд хувцсыг нь авч гараад дараа нь картнаас мөнгө авсан үйлдлийг нэг гэмт хэрэг, гэмт хэргийг үргэлжилсэн байдлаар үйлдсэн гэж үзсэн. Тиймээс Л.Мгийн дээрх үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд өсвөр насны шүүгдэгч Л.Мд холбогдох хэргийг шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан нь дээрх хуулийн заалтуудьг зөрчсөн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Л.М нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90-10 тоотод оршин суух иргэн С.Цгийн гэрт хүүхэд асрагч авах зарын дагуу ирж гэрт нь байх хугацаандаа эд зүйлс болон картнаас нь 5 сая төгрөгийг хууль бусаар хулгайлан авч нийт 7.878.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс Л.Мд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн хууль ёсны төлөөлөгчөөр Дугарын Очирпүрэвийг тогтоосон мөрдөгчийн тогтоол байх боловч Д.Очирпүрэвт оролцогчийн эрх, үүргийг танилцуулаагүй /хх-59/ байна. ...Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д заасан насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөн хариуцлагыг хүлээнэ гэжээ. Иймд өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн бусдад учруулсан гэм хор, хохирлыг шүүх шийдвэрлэхэд бэрхшээл учрахаар байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Л.Мгийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох шаардлагатай. ...Гэрч Ж.Энхболд нь утас алдагдсан талаар мэдүүлсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна. Хэдэн төгрөгийн ямар утас алдсан болох, энэ утсаа хэнээс нэхэмжлэх, эс нэхэмжлэхийг /хх-23/ тодруулаагүй байна. Хэрвээ нэхэмжлэхгүй эсвэл хулгайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ хүрэхгүй зэрэг байдал илэрвэл түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. ...Хохирогч С.Цгийнхаас эд зүйлс болон картнаас нь 5 сая төгрөгийг хууль бусаар хулгайлан авч нийт 7.878.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн боловч ямар, ямар эд зүйлээ буцаан авч хохиролгүй болсон, яагаад 2.880.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгааг тодруулах, мөн эд зүйл болон картнаас 5.000.000 төгрөгийг авч буй үйлдэл нь давтан үйлдлээр аваад байгаа, эсвэл үргэлжилсэн үйлдлийн аль нь болохыг шалгах шаардлагатай...” гэх үндэслэлүүдийг заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон иргэн Д.Очирпүрэв нь “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих болсон, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” талаар хүсэлт гаргасан байх ба өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хууль ёсны төлөөлөгчийг шинээр тогтоох нөхцөл байдал үүсчээ. Мөрдөн байцаалтын шатанд хууль ёсны төлөөлөгчийг тогтоосноор цаашид өсвөр насны яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах учиртай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.” гэсний дагуу мөрдөн байцаалтын шатанд хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, өсвөр насны шүүгдэгч Л.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чухал шаардлагатай байна.    

Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбогдуулан өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг иргэний хариуцагчаар хамт татах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэвэл зохино. 

Харин шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх үндэслэлээс бусад үндэслэлүүдэд заасан нэмэлт ажиллагааг хийх шаардлагагүй. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 278 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл өсвөр насны шүүгдэгч Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ