Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0519

 

“ХМХТДС” ГХОХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У

Гомдол гаргагч “ХМХТДС” ГХОХХК

Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У

Гуравдагч этгээд: Н.М

Гомдлын шаардлага: “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0001303 дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У

Хариуцагч улсын байцаагч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0163/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “ХМХТДС” ГХОХХК нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У-д холбогдуулан “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0001303 дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр:

2.1. “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 162 дугаар зүйлийн 162.2, 104 дүгээр зүйлийн 104.7, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг баримтлан “ХМХТДС” ГХОХХК-аас гаргасан Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000130*дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.  

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу хэрэглэсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг хэрэглээгүй, харин хэрэглэх ёсгүй заалт 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

3.1.1. Дээрх шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавраар “ХМХТДС” ГХОХХК-ийг гуравдагч этгээд Н.М-д 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 сар хүртэл хугацааны цалин хөлс олгоогүй гэж үзсэн бөгөөд зөрчлийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээсэн байдаг.

3.1.2. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.-т “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн", 1.2-т. "энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;" гэж; мөн 1.5 дугаар зүйлийн 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно." гэж тус тус тодорхойлжээ.

3.1.3. Өөрөөр хэлбэл хүнд 500 нэгжтэй тэнцэх хүртэл, хуулийн этгээдэд 5000 нэгжтэй тэнцэх хүртэл шийтгэл ногдуулах зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байна.

3.1.4. Харин хүнд 500 нэгжээс дээш 10,000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдэд 5000 нэгжээс дээш 100,000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулах зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байна. 500 нэгжээс дээш гэдэг нь 501 нэгж буюу түүнээс дээшхийг ойлгох ба 500 нэгжийг үүнд хамааруулахгүй.

3.1.5. Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У- нь ““ХМХТДС” ГХОХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.16. дугаар зүйлийн 9.2. заалтад “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан;” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр /5000 нэгж буюу/ 5000000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0001303 дугаар шийтгэлийн хуудсаар” ногдуулж, Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай арга хэмжээ авах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавраар 9,789,087 төгрөгийг Хүрээ дээд сургуулиар төлүүлэхээр даалгасан.

3.1.6. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2. заалт нь “хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэлтэй тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т хамаарна.

3.1.7. Гэтэл Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл цалин хөлс олгоогүй гэх маргаанд 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шалгаж хууль зөрчсөн байна.

3.1.8. Анхан шатын шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой байтал 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой.

3.2. Цалин хөлсөө дутуу авсан гэх гуравдагч этгээд Н.М нь цалин хөлс дутуу авсан эсэх асуудлаараа тусгайлсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуульд заасан харьяаллын дагуу иргэний хэргийн шүүхэд хандаж, субьектив эрхийн зөрчлөө тогтоолгоогүй байхад эрх бүхий албан тушаалтан шууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй тухайд:

3.2.1. 2019, 2020 онд мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д "Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

3.2.2. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд тусгайлсан хууль болох Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж байна. Тус хуульд ажилтан болон ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хэрхэн шийдвэрлэх хэргийн харьяаллыг зааж өгсөн.

3.2.3. Н.М нь тэргүүн ээлжинд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс, иргэний хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлж, хэрэв иргэний хэргийн шүүхээс Н.М-ийг цалин хөлс авах эрхтэй гэж тогтоосон тохиолдолд зөрчил шалган шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

3.2.4. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүхээс Н.М-ийн субьектив эрхийн зөрчлийг тогтоосны дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой байхад мэргэжлийн хяналтын байцаагч шууд энэхүү ажиллагааг явуулах эрхгүй гэж үзэж байна.

3.2.5. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй атлаа “шийтгэлийн хуудас" нь захиргааны хэргийн шүүхийн харьяалал мөн эсэх дээр дүгнэлт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг буруу ойлгож шийдвэр гаргасанд гомдолтой.

3.3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэт нэг талд ашигтайгаар үнэлж, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн тухайд:

3.3.1. Гуравдагч этгээд Н.М нь жирэмсний амралттай байх хугацаандаа өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг өндрөөр төлүүлэх, улмаар БНСУ явах хүсэлтэй талаараа ажил олгогчдоо хэлж, улмаар түүний хүсэлтийн дагуу ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөөтэй байх хугацаанд нь өндрөөр төлж байсан байдаг.

3.3.2. Улмаар Н.М нь 2016, 2018, 2020 онуудад дараалан төрсөн бөгөөд 2018 оноос хойш манай байгууллагад огт ажиллаагүй. Н.М хүүхэд асрах чөлөөтэй тул түүний орон тоон дээр Г.Д гэж хүн ажиллаж байсан бөгөөд одоо Р.Д ажиллаж байна.

3.3.3. Дээрх үйл баримт нь Н.М БНСУ-руу удаа дараа зорчиж байсан талаар Хил хамгаалах газрын хилийн лавлагаа, “Хүрээ” МХХТДС ХХК-ийн захирлын тушаалууд, холбогдогч Нямаасүрэнгийн мэдүүлэг, Ганбат овогтой Долзодын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22-1-2 дугаар "Захиргааны албаны ажилтан"-аар томилсон захирлын тушаалаар нотлогдоно.

3.3.4. Бүтэн 2 жилийн хугацаанд цалин авахгүйгээр ажиллана гэдэг нь энгийн хүний ухамсрын түвшинд бодоход ч бодит байдал дээр байх боломжгүй.

3.3.5. Энэ 2 жилийн хугацаанд Н.М нь манай байгууллагаас цалин хөлс нэхэмжилж байгаагүй, цалин авах хүсэлт гаргаж байгаагүй атал өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж байсан байдлаа ашиглаж цалин хөлс аваагүй 2 жилийн хугацаанд ажилласан мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. Дээрх бүх баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

3.3.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа "...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий..." байх ёстой. Гэтэл Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У- нь Н.М-ийн БНСУ-д явсан хугацааны цалинг хүртэл манай байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт өгөөгүй, үйл баримтыг бүрэн дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “ХМХТДС” ГХОХХК нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У-д холбогдуулан “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0001303 дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээд Н.М-ээс Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “...“ХМХТДС” ГХОХХК нь миний 2019 оны 04 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн хэр нь цалин хөлсийг тогтоосон хугацаанд огт олгохгүй байгаа үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул зохих журмын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, учруулсан хохирол болох 15,062,660 төгрөгийн хохирлыг гаргуулах” гомдлыг гаргажээ.

3.3. Дээрх гомдол, мэдээллийн дагуу хариуцагчаас зөрчлийн хэрэг нээн шалгаад “ХМХТДС” ГХОХХК нь 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэх зөрчил гаргасан хэмээн үзэж 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0001303 дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавраар 9,789,087 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

3.4. Иргэн Н.М-ийн 2014-2020 он хүртэл хөдөлмөр эрхэлж байсан гэх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар ажил олгогч ажилтанд зохих цалин хөлсийг олгох үүрэгтэй ба үүнд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах хуулийн зохицуулалттай.

3.5. Энэ тохиолдолд гуравдагч этгээд Н.М нь “ХМХТДС” ГХОХХК-ийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба ажил олгогчоос Н.М-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр ирсэн болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

3.6. Хэдийгээр гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “Н.М нь 2016, 2018, 2020 онуудад дараалан төрсөн бөгөөд 2018 оноос хойш манай байгууллагад огт ажиллаагүй” хэмээн тайлбарлаж байх боловч “ХМХТДС” ГХОХХК-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” А/29 дүгээр тушаалаар ээлжийн амралт эдлэх ажилчдын нэрсийн жагсаалтад Н.М-ийн нэр хавсралтад тусгагдсан, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/32 дугаар захирлын тушаалаар “хүний нөөцийн мэргэжилтэн Н.М-д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө олгосон, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тэтгэмж олгосон бөгөөд гэрч Х.Мөнхсолонгын “...би 2020 оны 10 дугаар сард гарсан. 2019 оныг дуустал ажиллаад үргэлжлүүлж ажиллаагүй гэртээ байсан. Тэр хугацаанд Н.М ажиллаж байсан...” гэх мэдүүлгүүдээр гомдол гаргагчийн тайлбар нотлогдохгүй байх ба анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээргүй байна.

3.7. Мөн Н.М-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан хугацаанд цалин хөлсийг нөхөн олгохоор тооцсон нь алдаатай гэх гомдлын тухайд “ХМХТДС” ГХОХХК нь Н.М-ийн нийгмийн даалтгалыг тасралтгүй төлсөн ба ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгосон нотлох баримт байхгүй байхад гуравдагч этгээдийг ажил хөдөлмөр эрхлээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

3.8. Үүнээс гадна цалин хөлстэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхээр харьяалан шийдвэрүүлсний үндсэн дээр улсын байцаагч шийдвэр гаргах ёстой гэж үзэх боломжгүй бөгөөд учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байсаар байхад өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөрчлийн хэрэг нээн гомдол мэдээллийг хянан шалгаж шийдвэр гаргасан хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй ба олгох ёсгүй байсан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болох хохирлыг холбогдох этгээдээс гаргуулахаар гомдол гаргагчаас иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.9. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...Анхан шатын шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой байтал 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...” гэх гомдлын тухайд нэгэнт “ХМХТДС” ГХОХХК-ийн холбогдох хууль, журам зөрчсөн нөхцөл байдлыг зөвтгөх боломжгүй бөгөөд гомдол гаргагч Н.М-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10 өдөр гаргасан “ажлаас гарч, тэтгэмж 5 сая төгрөг авах” тухай хүсэлтийг хэрхэн шийдэрлэсэн нь ойлгомжгүй, ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн эсэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, хөдөлмөрийн харилцаа дуусаагүй байхад шууд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “ХМХТДС” ГХОХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОюУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА