Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1170

 

 

        2020        11           09                                        2020/ШЦТ/1170

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн дугаар нэг хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХКомпанид түгээгч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, Б овогтой Э.Т

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, 9 дүгээр гудамжид иргэн Д.Эийг “миний хөлийг мөргөлөө, намайг өдлөө” гэх шалтгааны улмаас түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хөндийд хий хуралт, баруун нүдний ухархай, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод мөчдөд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т:“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “..... 2020 оны 06 сарын 17-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад Баянхошууны хуучин эцэс орж зүс таних Ганбаттай тааралдаад гудамжинд 0.5 гр нэг шил архи хувааж уугаад би согтсон. Ганбат ч явсан. Би такси бариад Сонгинохайрхан дүүргийн 10 хороо Зүүн баян уул 10 гудамжинд явж байсан чинь зүс таних Дэлдээ гэж дууддаг 30 орчим насны залуу гудамжинд явж байгаад намайг дуудахаар нь би таксинаас буугаад очсон. Дэлдээтэй хамт хүнсний дэлгүүр ороод 200 граммтай жижиг шилтэй нэг архи аваад хувааж уусан. Дэлдээг нэг ах ирээд аваад явчихсан. Би нэг айл руу ороод Отгоо гэх залуутай юм ярьж гэрээс нь 13 цагийн орчим гараад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уул 7-42 тоот гэрийн үүдэнд Дэлдээ согтуу зогсож байсан. Гэрлүүгээ орох гэтэл үгийн зөрүүгүй юу ч хэлэлгүй миний баруун нүд, хамар руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Миний нүд манас хийгээд би хойшоо саваад газар уначихсан. Нэг хэсэг газар хэвтэж байгаад бостол Дэлдээ яваад өгчихсөн. Дэлдээ өвдөг, тохойд гэмтэл учруулаагүй. Миний баруун нүдний ухархай дотор хананы хөндий цөмөрч хугарсан. Хамар гэмтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас)

“Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 9 дүгээр гудамжинд дугуй түрээд явж байхдаа Э.Тийг шүргэсэн чинь намайг цохиод авсан. Гэрийн үүдэнд цохиогүй согтуу байсан болохоор гэрийн үүдэнд гэж хэлсэн. Надад эмчилгээний зардалд 153.320 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14  дүгээр хуудас),

 

  • Гэрч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 9 дүгээр гудамжинд хүүхэдтэйгээ хамт Баянхошууны эцэс орох гээд явж байсан чинь замд Э.Т гудамжинд таараад надтай мэнд ус мэндлээд юм яриад зогсож байсан чинь нэг танихгүй залуу унадаг дугуйтай гарч ирснээ Э.Тийг шүргээд гарсан чинь Э.Т та чинь одоо яагаад байгаа юм өдрөөс хойш намайг өдөөд гээд уурлаад нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгээд Э.Т явлаа гээд яваад өгсөн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 7148 дугаар:

“1. Д.Эийн биед баруун нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий цөмөрсөн хугарал, хөндийд хий хуралт, баруун нүдний ухархай, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод мөчдөд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал)

 

  • Шүүгдэгч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, 9 дүгээр гудамжинд явж байсан чинь Д.Этэй таарсан. Бид хоёр дэлгүүр орж шил архи аваад миний таньдаг айлд очиж нөгөө авсан архиа хувааж уусан. Манай ах намайг ирж авч яваад гэрлүү хүргэж өгөөд “чи ажилдаа яв” гэхээр нь ”би ажилдаа явахгүй гээд” гэрээс гараад явсан. Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, 9 дүгээр гудамжинд Сараа гэх эгчтэй уулзаад зогсож байсан чинь унадаг дугуйтай Д.Э ирээд миний хөлийг мөргөхөөр нь би уурлаад чи өдрөөс хойш намайг өдөөд байх юм яах гээд байгаа юм гээд уурандаа би Болд-Эрдэнийн нүүрэн тус газар нь гараараа цохиж аваад яваад өгсөн...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч Э.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар тал),  Хаан банкан дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 38-42 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, 9 дүгээр гудамжид иргэн Д.Ээтэй үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Эийн мэдүүлэг (хх10-14), гэрч Т.Сгийн мэдүүлэг (хх-18), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7148 дугаартай дүгнэлт (хх20-21), шүүгдэгч Э.Тийн мэдүүлэг (хх57-58) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Д.Эийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Э.Тийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Д.Ээ нь эмчилгээний зардалд баримтаар 153.320 төгрөгийг нэхэмжилсэн (хх-26) ба шүүгдэгчээс уг төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчоос “эмчилгээнд зарцуулсан мөнгийг бүрэн төлүүлж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг (хх-63) илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Тийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тт анхааруулав.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.