| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2020/0954/Э |
| Дугаар | 981 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 981
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Ж.Д түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ж-ын Д-д холбогдох эрүүгийн 2003004580399 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1000 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилтай, ам бүл ,хамт С дүүргийн 0 дугаар хороо, 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ын Д РД: 000000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 03 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Тумбааш” дэлгүүрийн урд замд “Тоёота” маркийн “Ахио” загварын 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 80 настай, эрэгтэй У.Ц-ийг мөргөж, улмаар амь нас нь хохирч, замын хажууд байрлуулсан К.Я жолоочтой “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн эзэмшигч К.Я-д нийт 4.765.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн:
“...осол гарсан газар нь суурингийн доторх, 6 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй зам байв. Тоёота Ахио маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөр 26.4 байв...” гэсэн тэмдэглэл /хх 3-4/,
2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-13/,
3. Автомашины хурдыг тогтоох зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн:
“...ослын газарт үзлэгийн баг очиход Баянгол дүүргийн нутаг Тумбааш дэлгүүрийн урд замд явган хүний гарцан дээр уг осол гарсан гэх. Замын байдал зохицуулдаггүй явган хүний гарцтай. Хайсны зүүн үзүүрээс баруун хайсны баруун үзүүр хүртэл 78.80 хайсны баруун үзүүрээс зүүн эрт явган хүний гарц тэмдэглэл хүртэл 13.40м, хайсны зүүн үзүүрээс баруун зүгт явганы гарц тэмдэглэл хүртэл 92.20 м...” гэсэн тэмдэглэл /хх 25-31/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн:
“...Талийгаач 2010 оноос Баянгол дүүрэгт Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр ТҮЦ худалдан авч түүнийгээ ажиллуулж байсан. Өглөө бүр ТҮЦ-ээ 6 цагт нээх гээд гэрээсээ 4 дүгээр хорооллын 11 дүгээр байрнаас гараад урдаасаа зам хөндлөн гараад явдаг байсан. Жолооч Д нь буяны ажлын үеэр манай гэр бүлд нийт 16.000.000 төгрөгийг оршуулгын зардалд өгсөн. Өглөө цагдаагаас осол гарсан талаар хэлсэн гэж надад манай дүү хэлсэн. Буяны ажил 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх 51-52/,
5. Иргэний нэхэмжлэгч П.Д-ын:
“...Энэ автомашин миний нэр дээр байгаа автомашин юм. Би 2 жил орчим унаад 2020 оны 7 дугаар сарын 06-ны үед ажлын газрын хүн болох Я-д 12.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон урьдчилгаанд 5.000.000 төгрөг аваад үлдэгдлийг нь 9 дүгээр сард аваад нэрийг нь шилжүүлэн өгөхөөр тохирсон юм. Автомашинд учирсан хохирлыг Я нэхэмжлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ автомашин нь аман гэрээгээр Я-ын өмч юм...” гэсэн мэдүүлэг /хх 66/,
6. Иргэний нэхэмжлэгч К.Я-ын:
“...Тумбааш дэлгүүрийн урд талын байрнаас ажлын хүн гарч ирэхийг хүлээн зогсоол дээр автомашинаа тавиад өөрөө дотор нь суугаад байж байтал гэнэт автомашин араас хүчтэй мөргөлт болж автомашин урд талын хашлага мөргөн баруун тийшээ шидэгдсэн. Би осол гарах үед хэлээ бага зэрэг хазсан байсан. Гэхдээ одоо зүгээр сүртэй зүйл болоогүй. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Энэ автомашин бол миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Хойд талаар их хэмжээний хохирол учирсан. Автомашинд учирсан хохирлыг бүрэн авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 69/,
7. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2009 дугаартай шинжээчийн:
“...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархай, зулай ясны цөмөрсөн ил хугарал, суурь ясны цөмөрч үйрч бяцарсан далд хугарал, хүзүүний 1-3-р нугалмын суурийн хөндий рүү шаантаглаж цөмөрч орсон байдал, тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины орой болон суурь хэсгийг тархмал хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, дотор эрхтний доргилт, зүүн уушигны гялтан, баруун зүүн бөөрний өөхөн эд дэх цус хуралт, элэгний язарсан шарх, өрцний урагдал, цус хуралт, сээрний 1, 8, 9-р нугалмын хугарал, цээжний баруун талын 2-7-р хавирганы далд хугарал, хугарал орчмын цус хуралт, баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, гадна хавчаар ясны бяцарсан далд хугарал, зүүн шилбэний ясны далд хугарал, толгойг хуйх, нүүр, баруун чих, дээд, доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд шууд хүргэсэн болно. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх оношид бичигдсэн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн мэдүүлэг /хх 88-92/,
8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 00-00 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт:
“...Тоyotа prius 30” маркийн 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нийт 4.765.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх 104-106/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4024 дугаартай шинжээчийн:
“...автомашины тоормосны механизм ажиллаж байна. Автомашины баруун талын холын, дохионы, оврын гэрэл асахгүй, ойрын болон бусад гэрэлтүүлэх хэрэгсэл асаж ажиллаж байна. Стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх 124-145/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4144 дугаартай шинжээчийн:
“...Тоуоta Accio маркийн 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автозамын тусгаарлах хайсны хашлаганы зүүн үзүүрээс баруун тийш голын гэрлийн шон хүртэлх зайг 82.4 км/цаг хурдаар туулж өнгөрч байна, гэрэл зургийн үзүүлэлт /хх 152-155/,
11. Шүүгдэгч Ж.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн:
“...миний өөрийн нэр дээр байдаг автомашиныг надаас өөр хүн огт унадаггүй. Тээврийн хэрэгсэл ямар нэгэн асуудалгүй байсан. Хамгийн сүүлд оношилгоонд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр орж тэнцсэн, тоормос хэвийн ажиллагаатай байсан. Буяны ажилд нийт 16.000.000 төгрөг өгч гомдол саналгүй болгосон, мөн приус маркийн 00-00 УББ дугаарын автомашиныг би өөрөө авч эзэмшигч болох К.Я-д 12.000.000 төгрөг бэлнээр өгч ямар нэгэн санал гомдолгүй болгосон. Осол гарсанд маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх 179-180/,
12. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Э-ын гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин явган зорчигч У.Ц-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Д-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 03 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Тумбааш” дэлгүүрийн урд замд “Тоёота” маркийн “Ахио” загварын 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 80 настай, эрэгтэй У.Ц-ийг мөргөж, улмаар амь нас нь хохирч, замын хажууд байрлуулсан К.Я жолоочтой “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн эзэмшигч К.Я-д нийт 4.765.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт,
- Автомашины хурдыг тогтоох зорилгоор хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.
Энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч У.Ц-ийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Д-д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ж.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-т оршуулгын зардалд 16.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч К.Я-д 12.000.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжэгч нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Д-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Д-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэх гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 145 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.
Шүүгдэгч Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2003004580399 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ж.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: