| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1884 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Хохирогч Ж.Мягмар,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т д холбогдох эрүүгийн 2006 00000 2332 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , Б.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Мягмартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж, биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мягмар мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би уруулдаа эмчилгээ хийлгэх мөнгөө өөрөө гаргасан. “Зима” гэдэг эмнэлэг дээр үзлэг хийлгэсэн. Тэгэхэд бодит үзлэгийн хариу 21, 31, 41, 42 дугаар шүднүүд нь цөгсний паалан хөндлөн чигээрээ хугарсан. Харин хазах, тогших, халуун хүйтний сорилт зовуурьтай гэж гарсан. Эмчилгээний хувьд бүрээс хийлгэх сувагтай шүдний сувгийг угаах, сувагт эм тавих зэрэг маш их эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал нь 3.555.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Энэ хэрэг болсноос хойш соруулаар юм уугаад явж байна. Одоо хурдан эмчилгээ хийлгэмээр байна. Би ажил төрлөө хийж чадахгүй байна. Би биеийн хүчний ажил хийдэг байсан бол үүдэн шүдний гэмтэл миний хөдөлмөрт нөлөөлөхгүй. Би сэтгүүлчээр төгссөн одоо сэтгэл судлаачаар ажилдаг болохоор ийм байдалтай байх хэцүү байна. Ямар ч хиймэл эрхтэн байсан хүний төрлөх эрхтнийг орлож чадахгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Мягмарын гаргасан өргөдөл, гомдол /хх-1/, хохирогч Ж.Мягмарын өгсөн мэдүүлэг /хх-11-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1532 дугаартай дүгнэлт /хх-17-18/, шүүгдэгч Б.Т гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/, шинээр Б.Т гийн ажлын байрны тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Мягмартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж, биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мягмарын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын хуучин эцэст найзуудтайгаа уулзаад гэр рүүгээ орсон. 2020 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед найз Б.Т дуудахаар нь гараад уулзсан. Тэгэхэд найз Б.Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба “би чамайг хэд цохичих уу” гэж хэлэхээр нь “чи яасан гэж намайг цохих гээд байгаа юм” гэж хэлэхэд “чи Мэргэнд юу яриад яваад байгаа юм бэ” гэсэн. Тухайн үед Мэргэн хажууд байсан болохоор нь “өөрөөс нь асуугаач” гэж хэлсэн. Тэгээд би газар явган сууж байхад найз Б.Т миний нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би эхнэрийг дуудаад цагдаа дуудсан.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1532 дугаартай дүгнэлтэд:
1. Ж.Мягмарын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-17-
18/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Т гийн өгсөн: “... Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн Ж.Мягмарын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Тухайн үед надаас өөр Ж.Мягмарыг цохиж зодсон хүн байхгүй." /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-4-10/,
Шүүгдэгч Б.Т гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Т гийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Мягмартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж, биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Т г гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мягмар нь эмчилгээний зардалд 3.555.000
төгрөгийн нэхэмжилнэ гэх боловч энэ нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин нотлох баримтын шаардлага хангасан 379.463 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Т гээс гаргуулж хохирогч Ж.Мягмарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ж.Мягмар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Т гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Т гээс 379.463 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Мягмарт олгосугай.
6. Хохирогч Ж.Мягмар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС