| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1875 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1875
2020 10 27 2020/ШЦТ/1875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч П.М , түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.М д холбогдох эрүүгийн 2006 00000 2207 дугаартай хэргийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, нас 30, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Замын-Үүд суманд Гаалийн байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , П.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.М нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мед” эмнэлэгт иргэн Ж.Арслангийн толгойн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хувийн байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Арслангийн өгсөн мэдүүлэг /хх-7-8, 10-11/, гэрч Э.Нарантогтохын өгсөн мэдүүлэг /хх-17-19/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8061 дугаартай дүгнэлт /хх-21-22/, шинжээч эмч Э.Баасанжавын өгсөн мэдүүлэг /хх-23-24/, шүүгдэгч П.М гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/, шүүгдэгч П.М гийн нийгмийн даатгалын лавлагаа /хх-37/, хохирогч Ж.Арслан болон шүүгдэгч П.М нарын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-61, 62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.М нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мед” эмнэлэгт иргэн Ж.Арслангийн толгойн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Арслангийн өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 27-ны өглөө “Шинэ-мед” эмнэлэгт хэвлий эход үзүүлэхээр тус эмнэлгийн 2 давхарт 2 хүний ард оочирлож байхад тус давхрын миний оочирлож байсан өрөөний хажуу талын эмчид үзүүлээд гарч ирсэн залуу миний урдуур одоо орж үзүүлэх ээлж гээд надаас хэрүүл өдөөд миний зүүн гар талын зүүн шанаа болон толгойн зүүн чихний дээд хэсэгт гараараа 10 гаран цохисон. Миний хүзүүг миний өмсөж явсан подволкоор боож подволкийг минь урж тасалсан. Тэгээд би өөрийгөө хамгаалж тэр залууг ганц хоёр цохисон. Тэр эмнэлгийн эмч нар бид хоёрыг салгасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...Би шинжээчийн №8601 дугаарын дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Үл таних залуу маргалдаж байгаад миний зүүн талын чамархай руу үргэлжлүүлээд 2-3 удаа цохихоор нь би хамраа хамгаалаад доошоо тонгойсон. Тэгтэл түүний эхнэр нь бололтой эмэгтэй хойноос ирээд бид 2-ыг салгах гээд хойноос татаж байгаад миний фудволк урагдсан байсан. Гэхдээ үл таних хүний эхнэр гэх эмэгтэй миний фудволкийг санаатай ураагүй салгах үйлдэл хийж байгаад хойноос татаад урсан. Би фудволкондоо эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Намайг зодсон залуу надад 130.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-7-8, 10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нарантогтохын өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхад 210 тоот өрөөний үүдэнд хүмүүс маргалдаад зодолдоод байгаа бололтой чимээ гараад байхаар нь 210 тоот өрөөний жижиг кордиорт үл таних 2 залуу маргалдаад бие биенийгээ заамдсан байдалтай байсан ба нэг залуугийнх нь фудволк нь урагдсан байдалтай байсан. Уг 2 залуу 2 өөр эмчид үзүүлж байгаад ЭХО-д үзүүлэх гэж байхдаа хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Манай ажилчдаас тэр хоёрыг бие биенийгээ зодож цохиж байсныг харсан хүн байхгүй. Ж.Арслан гэх хүний фудволкны зах нь үлдээд фудволк нь энгэрээсээ доошоо урагдсан байсан.” /хх-17-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхшүрийн өгсөн: “...Манай нөхөр уг хүнд энд оочирлож байгаа гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ, би орох гэж байна гэхээр нь энд хүмүүс оочирлож байна, одоо миний ээлж гэж хэлтэл манай нөхрийг чи өөр өрөөнөөс гарч ирээд юу гэж яриад байгаа юм бэ гэж маргалдсан. Оочирлоод сууж байсан хүмүүс үл таних хүнд манай нөхрийг наана чинь оочирлож байгаа гэж хэлтэл үл таних хэгжүүрхээд холдох шинжгүй зогсоод байхаар нь холдооч ээ гээд түлхэлцээд тэрүүхэн тэндээ бие биенийгээ заамдалдаад авахаар нь би дундуур нь ороод боль боль гээд салгасан. Тэгтэл үл таних хүн манай нөхөртэй заамдалцсан байхдаа ЭХО-ний эмчийн өрөө рүү шууд явж ороод үзүүлсэн. Түүнийг гарахаар нь бид хоёр орж үзүүлсэн. Дахиж маргалдаж зодолдсон зүйл байхгүй.” /хх-59-60/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн №8061 дугаартай дүгнэлтэд:
1. Ж.Арслангийн биед тархи доргилт, баруун тохойд цус хуралт. Зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-21-22/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Э.Баасанжавын өгсөн: “...Ж.Арслангийн биед үүссэн хүзүү, цээж, баруун тохойд цус хуралт, зүүн зулай чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. Зүүн зулай болон чамархайн зөөлөн эдийн няцрал, 2020 оны 7 дугаар сарын 27-ны үзлэгт илэрсэн нүдний алимны чичирхийлэлт дагзны булчингийн хөшингө, болон КТГ-ын шинжилгээний тархины бор болон цагаан эдийн ялгарал буурсан буюу байгаа зэргийн хавантай гэх шинжүүд илэрсэн учраас тархи доргилт онош тавьсан.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-25-26/,
Хохирогч Ж.Арслан болон шүүгдэгч П.М нарын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-61, 62/
Шүүгдэгч П.М гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч П.М гийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мед” эмнэлэгт иргэн Ж.Арслангийн толгойн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч П.М г гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ж.Арслан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч П.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч П.М гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэвч шүүхээс шүүгдэгч П.М д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.М г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.М г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. П.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, П.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС