| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2012/0458/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 232
У.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор А.Сайнбаяр,
Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Энхтунгалаг,
Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Аын гаргасан давж заалдах гомдлоор У.Ат холбогдох эрүүгийн 1706011480267 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Уранчимэгийн У.А, 1989 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “000” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 00-000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000000310/,
У.А нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” зоогийн газарт Б.Үтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: У.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Ат мэдэгдэж, У.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Ааас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Үд олгож, хохирогч Б.Ү нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, ...шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.А би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Учир нь У.А би хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх хэргийн бодит байдлыг харсан гэрч болох Узбек хоолны газрын эзэн, ажилчдыг гэрчээр асуулгах хүсэлт удаа дараа гаргасан ч мөрдөгч нь үндэслэлгүйгээр татгалзан шийдвэрлэснээс тэр гэрчүүд нь амралтаараа нутаг буцаж хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх хөндлөнгийн гэрчгүй болсон.
2. Хэрэгт намайг Б.Ү л мэдүүлэгтээ “...тэгээд намайг ууж байсан кола ундаагаараа толгой руу цохисон тэгээд онгойлгож байгаад савтай ундаагаа нүүр лүү цацсан, доошоо хартал миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, бас баруун гар руу хоёр удаа цохисон” гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн энэ мэдүүлэг нь мөрдөн байцаалтанд гэрч Пүрэвдаавуугийн “...У.А ширээн дээр байсан хуванцар савтай ундаагаар манай эхнэрийн гар руу цохичих шиг болсон. Тэгээд дотор нь байсан ундааг манай эхнэр рүү шидээд дайрсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ урдуур нь ороод салгасан. Тэгвэл У.А намайг тэвэрч нугаслаад дайраад байсан...” гэж мэдүүлдэг ба энэ үйл явдлаа шүүх хурал дээр бодитоор тайлбарласан. Өөрөөр хэлбэл У.А нь гэрчийг хоёр гараараа тэвэрчихсэн үедээ хэрхэн хохирогчийг цохих вэ.
- Гэрч Булганы “...Б.Ү нөхөртэйгээ хажуугийн ширээн дээр сууж байсан бөгөөд У.А, Отгонбаяр бид гурав хамтдаа байхад ширээн дээр байсан хуванцар савтай ундааг У.А аваад Б.Ү руу шидсэн. Биеийнх нь аль хэсэгт оносныг хараагүй бөгөөд ямартай ч биеийг нь онож байгаа юм шиг дуу гарсан. Тэгтэл Б.Үгийн нөхөр эхнэрээ өмөөрөөд У.Атай барилцаад авсан. У.А нөхөртэй нь барилцсан үед салгах гэж байгаа харагдсан...” /хх-23-24/,
- Гэрч Бэхболатын “...Тэр эмэгтэй нүдний шилтэй эрэгтэйгээс хоёр ширээний зайтай байсан болохоор шидсэн байж магадгүй гэж бодож байна...”,
- Гэрч Динагийн “...Тэгсэн чинь гаднаас нэг хүүхэн орж ирээд нүдний шилтэй ахтай хэрэлдэж байснаа тэр ахын нүүр лүү нь нэг удаа цохисон...”,
- Гэрч Отгонбаярын “...Тэгээд байж байтал У.А ширээн дээр байсан хуванцар савтай ундааг авч Б.Ү руу шидсэн. Би сайн анхаарч хараагүй тэгэхдээ онох шиг болсон. Мөн хүнийг онох мэт чимээ гарсан. Тэгтэл Пүрэвээ босч ирээд У.Атай зууралдсан. Ямартай ч зууралдаад байхаар нь Булгаа бид хоёр нийлж салгасан. Б.Ү харин зууралдсан зодоонд оролцоогүй...”,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 10533 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...У.Аын биед хацар шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” /хх-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдохгүй үгүйсгэгдэж байна хэмээн үзэж байна.
3. Түүнчлэн хэргийг шалгахдаа хэт нэг талыг буюу хохирогчийн талд шалгасан. Миний зүгээс хэргийн бодит байдлын тогтоолгохын тулд гаргасан бүхий л хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэж, илтэд намайг гэм буруутай мэтээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
4. Би нотлох баримтаар нэг сиди дээр хоёр бичлэг хийснээ мөрдөгч Хишигтогтоход өгсөн байхад мөрдөгч энэ нотлох баримтын талаар хяналтын прокурорт танилцуулаагүй, өөрөө ч үзэж танилцаагүй, мартчихсан гээд сууж байсан.
5. Хэдийгээр миний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч тухайн үед надад тодохой хэмжээний гэмтэл учирсан.
6. Б.Ү нь шүүх хуралдаан дээр “гарт учирсан гэмтлээ У.А, Пүрэвдаавуу нарыг салгах гэж оролдох үедээ авсан байж болзошгүй” хэмээн мэдүүлснийг шүүх анхаарсангүй.
7. Хэрэг болсон гэх газар нь тэнд байгаа бүх хүмүүс нэг нэгнийгээ маш тодорхой үйлдэл бүрээр нь харах боломжтой, багана, хаалтгүй байсан ба согтуурсан, мансуурсан хүн байхгүй байсан. Өөрөөр хэлбэл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, зөрүүг арилгаагүй, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байгаа зэргийг анхааралгүй намайг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн хэргийг шалгасан байцаагч нь хэргийн газрын үзлэгийг хийж, оролцогч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан бол мэдүүлгийн зөрүү хангалттай арилж, гэм буруутай эсэхийг минь Б.Үд гэмтэл учруулсан зэргийг үнэн зөвөөр тогтоох байсан. Миний гэм буруугийн талаар үндэслэл муутай, эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байх тул хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч У.Аын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн байна. Гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Үүнд ажиллагаа хийгдсэн бол ямар нэгэн маргаангүйгээр шийдвэрлэх боломжтой байжээ гэсэн саналтай байдаг. Шүүгдэгчийн гаргасан гомдлын гол агуулга гэвэл хэргийн бодит байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Ийм учраас эргэлзээтэй баримтад үндэслэж шийтгэсэнд шүүгдэгч У.А гомдолтой байдаг. Үүнийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс У.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Маш олон гэрчийг байцаагаагүй гадагшаа явуулсан гэж шүүгдэгч У.Аын гомдолд дурдагдаж байна. Тухайн нөхцөлд шүүгдэгч У.Аын яриад байгаа гэрч Шашлик плов зоогийн газрын эзэн гадаад улсын иргэн байсан. Тэр иргэнийг зодооныг харах боломжгүй байсан гэж шүүх хуралдаан болон хавтаст хэрэгт Бэхболот гэж гэрч тухайн асуудлыг мэдүүлдэг. Урьд нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч гэсэн хэлж байсан. Тэгэхээр тухайн үед түүнийг байцаах шаардлагагүй гэж үзсэн. Асуудал тавиад эхлэхээр нөгөө гэрч Бэхболот гэдэг хүн хил гараад явчихсан асуудал байсан. Бусад байдлаар бол тэнд байсан гэрч нарыг хангалттай байцаасан. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж шүүгдэгч У.Аын өмгөөлөгч Н.Болормаа ярьж байна. Шүүгдэгч У.А зодоогүй, ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй гэж нэг ч гэрч мэдүүлдэггүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
У.А нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” зоогийн газарт Б.Үтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Үгийн “...“Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн У.Ааас өр авлага болох 9.900.000 төгрөг авахаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик хаус” гэдэг газар уулзсан. Гэтэл намайг “пизда, наахуу” гэж хэл амаар доромжлоод манай нөхрийг “чамайг бол ахын дүү алчихаад дээрээс чинь мөнгийг чинь цацна” гэж айлган сүрдүүлсэн. Тэгээд над руу ууж байсан кола ундаагаараа миний толгой руу цохисон, тэгээд онгойлгож байгаад савтай ундаагаа нүүр лүү цацсан, тэгээд би доошоо хартал миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, бас баруун гар руу 2 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр дундуур орж ирэн салгасан, тэгтэл манай нөхрийг хоёр гараараа тэврээд хойшоо дарж нугаслаад байсан, тэгэхээр нь бид хоёр зугтаагаад машин дээрээ очиж суугаад гэр лүүгээ явах замд манай нөхөр лүү залгаад “би та хоёрын амьдралаар тоглоно, ална” гэж сүрдүүлсэн. Тэгээд гэртээ ирээд байж байтал 21 цаг 35 минутанд дахиад нөхөр лүү залгаад “гэрийн чинь гадаа ирсэн, та хоёр гараад ир, ална” гэсэн. Тэгээд 22 цаг 16 минутанд дахиж залгаад “машины чинь хажууд ирсэн байна, гараад ир, ална” гэж айлган сүрдүүлсэн... Нөхөр бид хоёрыг хэл амаар доромжлон “та хоёрыг ална” гэж амь насанд заналхийлсэн яриаг хураасан бичлэг байгаа, бас мессеж байгаа. Миний биед одоогоор толгой өвдөж дотор муухайраад бөөлжис цутгаад байна, орой хэсэг нь байнга хөндүүртэй байна, баруун гарын эрхий хуруунаас доошоо хавдан хөдөлгөж болохгүй байна...” /хх-17/,
Гэрч Ч.Булганы “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Шашлик” нэртэй газар “Кариер” ХХК-ийн ажилтан Отгонбаяр болон урьд нь дээрх компанид ажилладаг байсан гэх У.А гэгчтэй уулзахаар цаг тохирсон. Иргэний хэргийн шүүхтэй холбоотой асуудлаар уулзах гэж байсан. “Кариер” ХХК болон “Ачин ская” ХХК-ийн хоорондын асуудлаар ярилцах гэж байсан. Би “Кариер” компанийг төлөөлөн өмгөөлөгчөөр оролцож байгаа, Дархан-Уул аймгийн иргэний шүүх дээр байгаа. Тэгээд Отгонбаяр түрүүлж ирсэн бөгөөд цаг гаран хугацааны дараа У.А ирсэн. Бид хоёрыг хүлээж байх хооронд У.А утсаар яриад “та нар юу юм бэ, би очих ч үгүй” гээд загнаад байсан. Тэгээд Отгонбаяр бид хоёр сууж байтал У.А гаднаас ороод ирсэн. Тэгээд У.А ирээд бид гурав хамтдаа асуудлаа ярилцаж байсан. Тухайн үед Б.Ү нөхрийн хамт гаднаас ороод ирсэн. Тэгээд Б.Ү нөхөртэйгөө хамт У.Атай хэрэлдэж эхэлсэн. Б.Ү нөхөртэйгээ хажуугийн ширээн дээр сууж байсан бөгөөд У.А, Отгонбаяр бид гурав хамтдаа байхад ширээн дээр байсан хуванцар савтай ундааг У.А аваад Б.Ү руу шидсэн. Биеийнх нь аль хэсэгт нь оносныг нь хараагүй бөгөөд ямартай ч биеийг нь онож байгаа юм шиг дуу гарсан. Тэгтэл Б.Үгийн нөхөр эхнэрээ өмөөрөөд У.Атай барилцаад авсан. Би тэр ширээн дээр байсан хоол газар асгарсныг хамж байсан бөгөөд хэн нь хэнийгээ яаж цохисон талаар олж хараагүй. Тэгээд Отгонбаяр бид хоёр тэр хоёрыг салгасан. У.А болон Б.Үгийн нөхөр нь хоорондоо барилцсан байсан бөгөөд Б.Ү хажууд нь салгах гэсэн байдалтай байсан. У.А ундаа шидэж оносон болохыг нь би хараагүй ч гэсэн хүний биеийг онож байгаа битүү дуу сонсогдсон. Аль хэсэгт нь оносныг нь мэдэхгүй байна. Өөр зодсон цохисон асуудал байхгүй. У.А нөхөртэй нь барилцсан үед салгах гэж байгаа харагдсан...” /хх-23-24/,
Гэрч П.Пүрэвдаавуугийн “...Би өөрийн шавилан суудаг хийдээсээ чөлөө аваад эхнэр Б.Үгийн ажилд нь 2017 оны 4 дүгээр сараас хойш тусалж байгаа бөгөөд манай эхнэр Б.Ү У.А гэгчтэй ажлын шугамаар холбоотой байдаг гэж надад хэлж байсан. У.А нь өмнө нь манай эхнэрийн “Кариер” бетон зуурмагийн компанид ажилладаг байсан гэсэн. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэрийн компани дээр У.А гэгч нь ирээд “манай гэр бүлийн хүнийг ална, би хүнээ дуудна тэгээд хоорондоо үзэлцье, үйлдвэрийг чинь шатаана” гэх мэтээр манай эхнэрийг дарамталж байсан. Би лам хүн учир хариу уурлалгүй асуудлыг шийдэхийн тулд тайвнаар ярилцаад асуудлыг нь шийдэж өгсөн. Асуудал нь манай эхнэрээс дарамталж байгаад Төв аймагт байрлалтай 2 давхар хаусыг 30.000.000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд дахин дахин дарамталж 18.000.000 төгрөгөөр авахаар болсон байсан ба 12 сая төгрөгөнд нь хайрга шороо өгөөд үлдсэн 6.000.000 төгрөгийг нь өгөөгүй байсныг би хойшлуулахаар ярьсан, мөн байшин газрыг нь эхнэрээсээ итгэмжлэл аваад У.А гэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гол нь асуудлыг эвээр шийдэх гэж тэгсэн. Тэр цагаас хойш би У.А руу утсаар болон мессеж бичиж мөнгийг нь нэхэхэд “чаддаг юм бол аваарай, пизда минь” гэх мэтээр харааж зүхээд байсан. Мөн манай эхнэртэй холбоотой Дарханы иргэний шүүх дээрх асуудал байгаа бөгөөд асуудлын нотлох баримтыг У.Ааас авах гэж манай эхнэрийн өмгөөлөгч Булган 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик Хаус” нэртэй зоогийн газар дуудсан. Тэгээд өмгөөлөгч Булган болон эхнэр бид нар тус газар хамт очсон бөгөөд эхлээд өмгөөлөгч У.А хоёр уулзхаар болсон бөгөөд араас нь эхнэр бид хоёр уулзахаар орсон. Тэгтэл бид хоёртой огт уулзахгүй, халгаахгүй байхаар нь бид хоёр гарчихаад дахин орж ирсэн. Тэгээд би У.Ааас 6.000.000 төгрөгөө нэхэхэд над руу уурлаж бухимдаад байсан ба би учрыг өөрт нь тайлбарлаад “би чамайг бодож зөндөө хойшлуулсан тэгтэл чи намайг утас шөрмөсөөр дарамтлаад байх юм аа” гэж учирлан хэлтэл У.А “чаддаг юм бол аваарай” гэх мэтээр асуудлыг хэрүүлийн шинжтэй болгоод салаавч өгөөд байсан. Тэгээд миний мөрөн дээр гараа тавиад “ахын дүү би чамайг энд шалаар нэг зодчихоод мөнгийг чинь тавиад гарна” гэх мэтээр дээрэлхээд байсан. Тэгэхээр нь хажуугийн ширээнд ярианд оролцоогүй сууж байсан манай эхнэр Б.Ү гарыг нь түлхэж мөрөн дээрээс буулгахад У.А ширээн дээр байсан хуванцар савтай ундаагаар манай эхнэрийн гар руу нь цохичих шиг болсон. Тэгээд дотор нь байсан ундааг манай эхнэрийн нүүр рүү цацаад савтай ундаагаар манай эхнэр рүү шидээд манай эхнэр рүү дайрсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ урдуур ороод салгасан. Тэгтэл У.А намайг тэвэрч нугаслаад дайраад байсан. Тэгэхээр нь би болиулах гэж түлхсэн. Тэгээд манай эхнэр гарыг нь салгах гэтэл манай эхнэрийн толгой руу цохиод манай эхнэрийн гарыг нь өчөөд дарсан байсан. Тэгээд би гараас нь мултраад шууд эхнэрээ аваад зугтааж машиндаа суугаад ажил руугаа явж байтал араас дахин дахин залгаад байхаар нь утсаа автал “би та хоёрыг ална, та хоёрыг амьтан болгож амьдралаар чинь тоглоно” гэх мэтээр дарамталсан. Тэгээд бид хоёр ажил руугаа явж чадалгүй айгаад гэр рүүгээ шууд явсан, учир нь У.А өмнө нь манай “үйлдвэрийг шатаана” гэх мэтээр дарамталж байсан. Тэгээд гэртээ очоод байж байтал 21 цагийн орчимд У.А над руу залгаад “гэрийн чинь гадаа ирчихсэн байна, би чамайг ална” гэсэн. Би бас л түүнтэй тайван байдлаар ярьсан боловч хүлээн авахгүй дарамтлаад байсан. Тэр өдөр манай эхнэрийн баруун гарын эрхий хуруу нь хавдаад үеэрээ улайсан байсан. Мөн толгой нь өвдөөд сэтгэл санаа нь их тавгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө манай эхнэр бараг унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь бид хоёр эмнэлэг орсон. Тэгтэл толгой нь доргисон байна. Гарынх нь мөгөөрс гэмтсэн байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан. Тэр цагаас хойш одоог хүртэл У.А нь утсаар залган мессеж бичиж дарамтлаад байгаа. Одоогоос 3-4 хоногийн өмнө У.А залгаад “би зодоон болсон газрын гэрчүүдтэй өмгөөлөгчтэйгөө очиж уулзсан, гэрчүүд бүгдийг мэдүүлнэ, миний талд байх болно” гэж хэлсэн. Миний нуруу 2-3 хоног хөндүүртэй байсан. Одоо зүгээр байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Өмгөөлөгч Булган, манай эхнэрийн үилдвэрийн дарга Отгоо, би гэр бүлийн хүнтэйгээ, мөн тухайн газрын ажиллагсад байсан. Би ажиллагсдыг нь сайн анзаараагүй. Эхнэр бид хоёр их айдастай байгаа, энд тэнд явж байгаад хүн амьтанд зодуулахаас айж байна. Учир нь “би шоронгоос гарсан олон найзтай” гэх мэтээр дарамтлаад байдаг. Энэ хүн ирээдүйд эхнэр бид хоёрын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд халдахаас айж байна. Хуулийн арга хэмжээ авч өгнө үү...” /хх-26-27/,
Гэрч Б.Бэхболатын “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” нэртэй зоогийн газарт үйлчлэгчийн ажлаа хийж байсан. 13 цагийн орчимд гаднаас 1 эмэгтэй 2 эрэгтэйн хамт орж ирээд манай зоогийн газарт хоол захиалаад сууж байтал гаднаас “Тоёота Приус-20” загварын цагаан өнгийн суудлын машинтай, нүдний шилтэй 26-27 насны эрэгтэй хүн орж ирээд тэдэн дээр ирсэн. Би тухайн үед зөөгчийн ажлаа хийж байсан болохоор тэднийг сайн анзаараагүй, тэгэхдээ хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд байж байтал сүүлд гаднаас орж ирсэн эрэгтэй ундаагаа эмэгтэй рүү цацсан. Тэгтэл нөгөө нүдний шилтэй эрэгтэй хажууд сууж байсан 26-27 орчим насны бордуу царайтай эрэгтэй нүдний шилтэй эрэгтэй рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө нүдний шилтэй эрэгтэй түүнийг цохисон залуугийн гэдэс хэсгээр нь тэврээд зогссон. Тэгтэл нөгөө эхэлж цохисон залуу нүдний шилтэй залуугийн ар нуруу хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь би очоод гарыг нь бариад салгасан. Тэгээд удалгүй бордуу царайтай эрэгтэй эмэгтэйн хамт түрүүлээд явсан. Харин нөгөө 2 эрэгтэй араас нь явсан...” /хх-28-29/,
“...Тухайн өдөр би тус газарт зөөгчийн ажил хийж байсан. Урьд нь өгсөн мэдүүлэг дээр ундаа цацсан гэж хэлсэн. Тэгэхдээ яг тэр эмэгтэй рүү чиглүүлээд цацаж байхыг нь хараагүй. Сүүлд нь тэр эмэгтэйн өмсөж явсан хувцас нь норсон байхаар нь тэгэж хэлсэн. Ундааны сав газар унасан эмэгтэйн хувцас норсон байх үед нь би харсан. Тэр ундаа шидсэн эсвэл цацсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хүслийн ундааны сав байсан. Маргаан зодоон болсоны дараагаар ундааны сав эмэгтэйн хажууд унасан байхыг олж харсан. Тэр эмэгтэй нүдний шилтэй эрэгтэйгээс 2 ширээний зайтай байсан болохоор шидсэн байж магадгүй гэж бодож байна...” /хх-73-74/,
“...Тухайн маргаан зодоон болох үед Исмайл гэх тус зоогийн газрын тогооч Узбек залуу, Дина болон шорлог хийж байсан Узбек эрэгтэй байсан бөгөөд тэр эрэгтэйгийн нэрийг сайн санахгүй байна. Тэгэхдээ тэр залуу маргаан зодоон болсоны дараа л мэдэх шиг болсон учир нь тэр эрэгтэй гадна замын эсрэг талын саравчинд шорлог хийдэг. Эдгээр хүмүүс бүгдээрээ 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Киргизстан улс руу явчихсан. Би нэг хэсэг тэдний гэрт нь амьдарч байсан бөгөөд 10 дугаар сарын 3-ны өдөр нутаг буцах гэж байгаа учир чи гарах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгэхдээ угаасаа маргаан зодооныг би бусдаасаа илүү харсан...” /хх-83-84/,
Гэрч Б.Динагийн “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг өнгөрч байх үед “Чайхана” буюу “Шашлик плов” цайны газарт ажил дээрээ хоцроод ирэхэд дотор талд үл таних хоёр ах сууж байсан юм. Тэгэхэд гаднаас нэг нүдний шилтэй ах орж ирээд сууж байсан хоёр ахтай хамт суусан юм. Тэгсэн чинь гаднаас нэг хүүхэн орж ирээд нүдний шилтэй ахтай хэрэлдэж байснаа тэр ахын нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэд нар маргалдсан бөгөөд би гадагшаа дэлгүүр орчихоод эргээд иртэл тэд нар явчихсан байсан...” /хх-30/,
Гэрч Д.Отгонбаярын “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Шашлик” нэртэй зоогийн газарт Булгаа гэх манай үйлдвэрийн захирал Б.Үгийн өмгөөлөгч эрэгтэйтэй уулзаад түүний асуусан асуултад хариулт өгөөд байж байх үед гаднаас манай үйлдвэрт хуучин ажиллаж байсан У.А гэгч эрэгтэй орж ирээд Булгаатай маргалдаж эхэлсэн. Тэгээд бага зэрэг маргалдаж байгаад дараа нь учир зүйгээ олоод хамтдаа нэг ширээнд суусан. Уг ширээнд Булгаа өмгөөлөгч бид хоёр өөд өөдөөсөө хараад сууж байсан. Харин У.А гаднаас орж ирээд надтай зэрэгцэж суусан. Тэгээд байж байтал Үүрийцолмон Пүрэвээ гэх нөхөртэйгөө гаднаас орж ирсэн. Тэгээд Булгаа өмгөөлөгчийн ар талын ширээн дээр суусан. Б.Ү, Пүрэв, У.А нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Ямар шалтгаанаар маргалдсан болохыг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд байж байтал У.А ширээн дээр байсан хуванцар савтай ундааг авч Б.Ү руу шидсэн. Би сайн анхаарч хараагүй тэгэхдээ онох шиг болсон. Учир нь их ойрхон сууж байсан. Мөн хүнийг оносон мэт чимээ гарсан. Тэгтэл Пүрэвээ босч ирээд У.Атай зууралдсан. Бие биенийгээ цохисон зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямартай ч зууралдаад байхаар нь Булгаа бид хоёр нийлж салгасан. Б.Ү харин зууралдсан зодоонд оролцсон зүйлгүй. Б.Үг зодсон цохисныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан У.Аын гар сарвайж байсныг харсан. Шидсэн ундаа Б.Үгийн аль хэсэгт оносныг нь мэдэхгүй боловч ямар ч байсан оносон. 500 граммтай ундаа байсан байх гэж санаж байна. Бараг дүүрэн байсан...” /хх-31-32/,
Шинжээч эмч Б.Хишигтогтохын “...Дээрх гэмтлүүд нь магадлуулагчийн биед учирсан гэмтлүүд болно. Тогтоогдлоо гэж бичих ёстой байсан. Бичлэгийн алдаа гарсан байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-71-72/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10338 дугаартай дүгнэлтийн “...1. Б.Үгийн биед тархи доргилт, баруун шуу сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсонгүй. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10533 дугаартай дүгнэлтийн “...1. У.Аын биед хацар, шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгуй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-38/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч У.А гаргасан давж заалдах гомдолдоо “...Миний гэм буруугийн талаар үндэслэл муутай, эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байх тул хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд У.Аын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч У.Ааас гаргаж өгсөн гэх 1 ширхэг СD нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар авагдаж, бэхжүүлэгдээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.МЯГМАРЖАВ