Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0520

 

“ГШ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Б.О

Гомдол гаргагч “ГШ” ХХК

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 533 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0473/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “ГШ” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 533 дугаар шийдвэрээр:

2.1. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3, 6.1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ГШ ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд:

3.1.2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Хэрэгт авагдсан угаалгын бүрэн бичлэг, үзлэгийн тэмдэглэлээс харахад иргэн н.Тэмүүжингийн хувцасыг хүлээн авахдаа нэг бүрчлэн шалгаж, үзэж хүлээн авсан бөгөөд "Daniel Hetcher" брэндийн куртикийг хүлээн авахдаа 3 секунд орчин үзэж, шалгаж хүлээн авсан байдаг.

3.1.3. Энэхүү ажиллагааг баримтжуулсан үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байхад, өөрөөр хэлбэл байнга хувцас шалгаж хүлээн авдаг мэргэжилтэн 3 секунд орчим шалгаж хүлээн аваад баримтаа үйлдэж байгаа нь шүүхэд хийсэн үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон байхад шүүх ямар ч үндэлсэлгүйгээр "шалгаж хүлээн аваагүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.1.4. Мөн үндэслэл хэсгийн 4-д "товч, логог хамгааалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээг аваагүй... нь тогтоогдож байна..." гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш болохыг анхаарсангүй. Манай дүрэм журам, Монгол Улсын стандартад хувцасыг усан угаалгаар угаахад товч, эмблемийг хамгаалалтын бүрхэвчээр хамгаалах тухай ямар ч зохицуулалт байхгүй болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж гаргасан. Гэтэл улсын байцаагч нь “ГШ” ХХК-ийг хуурай хими цэвэрлэгээний талаар мөрддөг дүрмийг, түүнээс гадна “МЭ” ХХК-ийн дотооддоо мөрддөг дүрэм журмыг зөрчсөн мэтээр дүгнэснийг шүүгч зөвтгөж, “ГШ” ХХК нь зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.1.5. Улсын байцаагчийн актын үндэслэл болсон бусад нөхцөл байдлууд тухайлбал усан угаалгаар угаасан нь хууль тогтоомж, гэрээний үүргийн зөрчил биш юм. Тус хувцасыг чухам зааврынх нь дагуу (усан угаалгаар угааж болно, харин хими цэвэрлэгээгээр бол маш болгоомжтой цэвэрлэх) усан угаалгаар угаасан бөгөөд үүнийг зөрчил гэж үзэх боломжгүй юм. Харин ч энэ нь хувцасны өөрийнх нь цэвэрлэгээний зааврыг дагаж мөрдсөнийг давхар нотлох баримт юм.

3.1.6. Хувцасны цэвэрлэгээний бичлэгээс харахад хувцасыг ангилан ялгаж, зөвхөн бараан өнгөтэй өдөн куртикуудыг нэг дор угааж цэвэрлэж байгаа нь илэрхий байдаг юм. Иймд Улсын байцаагчийн “ГШ” ХХК-ийг буруутгаж байгаа үндэслэлүүд тухайлбал:

3.1.7. Шалгаж хүлээн аваагүй, Ангилан ялгаагүй, Заавартай танилцаагүй, зааврыг мөрдсөн эсэх нь эргэлзээтэй, логог хамаагалалтыг бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, Хуурай хими цэвэрлэгээгээр биш харин усан угаалгаар угаасан гэх зэрэг нь зөрчил гаргасан болохыг тогтоосон нотлох баримтгүй, зөрчил биш болох нь илэрхий байхад “ГШ” ХХК-г дээрх зөрчлийг гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй байгаа юм.

3.2. Шүүгч нь Улсын байцаагч хууль тогтоомж зөрчиж акт үйлдсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

3.2.1. Улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2202000064 дугаартай "Зөрчлийн хэрэг нээх тухай" тогтоолын 1 дүгээр зүйлд зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн.

3.2.2. Үүнээс хойш энэхүү зүйлчлэлийг өөрчлөөгүй бөгөөд Улсын байцаагчийн бүх шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дугаар зүйл буюу үйлчилгээний стандарт зөрчсөн эсэх тухай асуудлаар шалгаж, энэ зөрчлийн хүрээнд “ГШ” ХХК тайлбар, мэдүүлгээ гаргаж ирсэн байдаг.

3.2.3. “ГШ” ХХК нь Хими цэвэрлэгээ, үйлчилгээний үйл ажиллагааны бүхий л стандарт, дүрэм журмыг биелүүлэн ажиллаж ирсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад стандарт зөрчигдсөн асуудал тогтоoгдooгүй бaйнa.

3.2.4. Гэтэл хариуцагч нь хэргийн оролцогчид урьдчилан мэдэгдэхгүйгээр анх шалгаж байснаас өөр зүйл заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчихөд хүргэж байгаа, энэ нь Шийтгэл ногдуулсан захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй буюу Хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрх, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллаганы журмыг зөрчсөн юм.

3.2.5. Улсын байцаагчийн зүгээс манай өрсөлдөгчдийн нэг болох, хэргийн оролцогч, эсхүл шинжээч биш, хэрэгт хэрхэн оролцох эрх зүйн байдал нь тодорхойгүй “МЭ” ХХК-ээс тайлбар авч, манай дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч Зөрчлийн тухай хууль зөрчиж, хуульд заагаагүй ажиллагаа явуулсныг шүүх харгалзан үзсэнгүй. Улсын байцаагч "... бүх логог дээрээс нь даавуугаар хадаж оёдог, эсхүл тугалган цаасаар бүрдэг..." гэж хими цэвэрлэгээнд хэрэглэдэг (манайх усан угаалга хийсэн) арга технологийг зөрчсөн гэх үндэслэлийг тодорхойлохдоо ямар ч хууль тогтоомж, дүрэм журам үндэслэл болгоогүй нь чухам энэхүү хууль бус ажиллагааны бичлэг, бичлэгийн явцад өгдөг тайлбартай нь холбоотой байдаг юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “ГШ” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Т-ээс “... “ГШ” ХХК-ийн хими цэвэрлэгээний газарт өдөн куртик дуудлагаар өгч цэвэрлүүлсэн боловч өд нь бөөгнөрсөн байсан, дахин цэвэрлүүлэхэд логоны хэсэгт урсан цаашид өмсөхөд нэмж урагдах магадлалтай, түлсэн, оёог нь задлаад буцааж оёсон, өд нь цувж гарч байх тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдлыг ирүүлснийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А- зөрчлийн хэрэг нээн шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзээд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

3.3. Тодруулбал “ГШ” ХХК-ийн “G” нэртэй хими цэвэрлэгээний газар нь хэрэглэгчийн өдөн куртикийг хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикний дотор энгэрт байрлах цэвэрлэгээний заавартай танилцаагүй, зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэл гэмтэл үүсгэхээс сэргийлж цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан хэмээн буруутгаж байна.

3.4. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар үйлчилгээ эрхлэгч байгууллага хэрэглэгч болон бусдад гэр хор учруулсан, шаардлагатай стандарыг зөрчсөн бол хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

3.5. Гэтэл хариуцагчаас “G” хими цэвэрлэгээний газарт үзлэг хийхдээ тухай нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шууд буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

3.6. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1098 дугаар шинжээчийн дүгнэлтэд зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд цэвэрлэгээний улмаас куртик гэмтсэн талаар дүгнэлт хийх боломжгүй гэх утга бүхий тайлбар хийсэн. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Д.Н, Х.Хн нараас гэрчийн мэдүүлэг авахад “...уг цэвэрлэгээг хийхээс өмнө иргэн Б.Т-ийн куртикийг хүлээн авч сайтар шалгасан, 30 хэмийн халуун усанд угаах заавартай байсан...” хэмээн тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэвэл “ГШ” ХХК зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

3.7. Мөн “Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ” MNS5353:2004 стандартад хариуцагчаас гомдол гаргагчийг буруутгаж буй үндэслэлүүд агуулагдаагүй ба “МЭ” ХХК-ийн дотоод журам, заавар аргачлалыг үндэслэн логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэл гэмтэл үүсгэхээс сэргийлж цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд шийтгэлийн хуудсаар зөрчил гэж үзсэн үйл баримт бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

3.8. Харин гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс тайлбарлаж буй хариуцагчаас мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, зөрчлийн хэргийг Зөрчлийн тхуай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдуулан нээсэн боловч шийтгэлийн хуудсыг 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчилд буруутган өөр үндэслэлээр шийтгэлийн хуудас үйлдсэн гэж тайбарлаж байх боловч гомдол гаргагч “ГШ” ХХК-ийн төлөөлөгч Н.О 2022 оны 03 дугаар сарын01-ний өдөр гомдолд холбогдуулан мэдүүлэг өгсөн нь энэ талаар мэдээгүй байх боломжгүй бөгөөд улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх явцад тогтоогдсон гэж үзсэн Зөрчлийн тхуай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3, 6.1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ГШ” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА