Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 66

 

Ц.Г-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00051/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч: Ц.Г-

           Хариуцагч: И.Э-

 “Зээл, хүү , алданги 18.800.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг  

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г-, хариуцагч И.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Г-аас:

2014 оны 7 дугаар сарын 07-нд И.Э- 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 10 сая төгрөг зээлсэн юм. Зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй учраас зээлийн гэрээг сунгасан. Сар бүрд зээлийн гэрээг сунгаж байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 07-ноос 2015.02.07 хүртэл хүү сунгасан. Мөн гэрээнд зааснаар хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. Ийм учраас И.Э-оос үндсэн зээл 10 сая төгрөг, алданги 5 сая төгрөг, 7 сарын хүү 7 сая төгрөгнөөс 3 200 000 төгрөгийг төлсөн учраас хасч 3 800 000 төгрөг,  нийт 18 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Э-оос:

Би Ц.Г-аас эхлээд 5 сая төгрөг авсан. Тэр үед М.Дарьмаасүрэн байраа 55 сая төгрөгөөр зарсан байсан. Тэгээд мөнгө зээлээд буцааж өгсөн. 2014 оны 7 сард 10 сая төгрөг зээлж авсан. Мөнгийг М.Дарьмаасүрэнд өгсөн. Гэхдээ гар гараа дагах байх. Манай эхнэр Ц.Г-ыг Солонгост байхад 2800 000 төгрөг өгсөн, би 400 000 төгрөг өгсөн. Авсан 10 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Өгсөн 3 200 000 төгрөгийг хүүд тооцуулаад дуусгах саналтай байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч И.Э-оос 18 800 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 252 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И.Э- давж заалдсан гомдолдоо:

Ц.Г-аас 1 сарын 10 хувийн хүүтэй 10.0 сая төгрөгийг өөрийн нэр дээр зээлийн гэрээ хийж М.Дарьмаасүрэн гэгчид авсан өгсөн. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үндсэн зээл 10.0 сая төгрөгөөс 3.200.000 төгрөгийг төлсөн байхад зээлээс хасч тооцоогүй, хүү алданги  үндэслэлгүй нэмж 18.600.000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан нь нэг талыг барьж илт хохироосон шийдвэр болжээ гэж үзэж байна.

Ц.Г-, М.Дарьмаасүрэн нарыг мөнгө авснаас хойш 4-5 удаа уулзуулж хооронд нь гэрээ байгуулах талаар тохиролцуулах гэсэн боловч Ц.Г- татгалзаж, М.Дарьмаасүрэн утсаа салгаж алга болсон. Гэрээг хууль ёсны дагуу сунгаагүй бөгөөд Ц.Г- болон охин нь ажил дээр байнга ирж дарамт шахалт үзүүлж байсан тул аргагүй эрхэнд гэрээг сунгах тухай бичиг баримтанд нь гарын үсэг зурсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг  хангахгүй орхихоор   шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Г- нь хариуцагч И.Э-од холбогдуулан  зээлийн  гэрээний үүрэг  зээл, хүү, алданги нийт 18.800.000 төгрөг гаргуулах  шаардлага  гаргасан.

            Хариуцагч  И.Э-  10.000.000 төгрөг төлөхийг  зөвшөөрч, үүнээс  буцааж төлсөн  3.200.000 төгрөгийг  хүүд  тооцуулж  дуусгах саналтай байна  гэж  мэтгэлцсэн.

            Шүүх  зохигчдын хооронд  зээлийн гэрээний харилцаа  үүссэн, зээлдүүлэгч  зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэснийг  хариуцагч  И.Э-  эс зөвшөөрч  давж заалдах гомдол  гаргажээ.

            Хэргийн  үйл баримтаас  үзэхэд  зохигчид   2014 оны 7 дугаар сарын  07-ны өдөр   зээлийн гэрээ  байгуулж,  10.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүү  төлөхөөр  харилцан  тохиролцсон нь  Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,  232 дугаар зүйлийн  232.6 дахь хэсэгт  заасан  шаардлагыг  хангасан  хүчин төгөлдөр гэрээ байна.

Мөн  зээлийн   гэрээний хугацааг   хоёр тал харилцан  тохиролцон  сунгаж  байсан  бөгөөд  энэ талаар талууд маргаагүй  байна.

Зээлдүүлэгч Ц.Г- гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ  биелүүлсэн,  харин зээлдэгч   И.Э-  зээл 10.000.000  төгрөг, хүү \7 сарын \   7.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг төлөхөөс  2014 оны  12 дугаар сарын 29-нд  400.000 төгрөг, 2016 онд  2.800.000  төгрөг   тус тус  буцаан төлжээ.

Талууд нь үндсэн зээл, хүү  болон  буцаан төлсөн мөнгөний хэмжээний талаар  маргаагүй  боловч хариуцагчаас   нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  талаарх  тайлбараас  дүгнэхэд  төлбөрт төлсөн  3.200.000  төгрөгийг  үндсэн зээлээс  хасч  тооцуулахаар   маргасан   байна.

Хариуцагчаас   гаргасан  дээрх  татгалзал нь  Иргэний хуулийн   216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт  зааснаар  хангагдах  боломжтой  боловч   нэхэмжлэлийн  шаардлагын  нийт  хэмжээнээс  хасагдахгүй, ач холбогдолгүй   байна.

Тухайлбал: Үүргийн  гүйцэтгэл нь төлөх хугацаа  болсон бүх өрийг төлөхөд  хүрэлцэхгүй  бол тэргүүн ээлжинд  шүүхийн зардал дараа нь үндсэн  үүргийг төлүүлнэ гэсний дагуу тооцоход үндсэн зээл  10.000.000төгрөгөөс -3.200.000төгрөг =6.800.000 төгрөг + хүү 7.000.000 төгрөг= 13.800.000 төгрөг,

Зээлийн гэрээний  дагуу   тооцоход,

Үндсэн зээл 10.000.000 төгрөг + хүү 7.000.000 төгрөг =17.000.000 төгрөгөөс-3.200.000 төгрөг= 13.800.000 төгрөг  болох бөгөөд  гүйцэтгээгүй  үүргийн  хэмжээ  нь  адил  болж   байх тул  энэ үндэслэлээр  шүүхийн  шийдвэрийг  буруутгах  боломжгүй байна.

Хариуцагч И.Э- нь  тогтоосон хугацаанд   Ц.Г-аас авсан  зээлийг  буцаан төлөх үүрэгтэй тул хугацаандаа төлбөрөө төлөөгүйн хариуцлагыг түүнд хүлээлгэх  үндэслэлтэй.

Гэрээний 5-д “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар  алданги  төлнө”  гэж   тохиролцсон   байна.

Нэхэмжлэгч  нь  хариуцагчаас  5.000.000 төгрөгийн алданги  нэхэмжилсэн нь  гүйцэтгээгүй  нийт үүргийн  50 хувьд  хүрээгүй   байхаас гадна  үүрэг гүйцэтгэгч нь  үүрэг гүйцэтгэх  хугацааг   1 жил 11 сараар  хэтрүүлсэн,  Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасан нөхцөл байдал байхгүй байх тул шүүх  өөрийн үзэмжээр  талуудын гэрээгээр хүлээсэн  тохиролцоог  шууд  өөрчлөх  хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд   шүүх  тус хэргийг  шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримтыг хэрэгт  авагдсан нотлох баримтанд үндэслэн зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг  хуульд заасны дагуу үнэлж, эрх зүйн маргааны  харилцааг  зохицуулсан хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул  хариуцагчийн  давж заалдах гомдолд дурдсан “нэхэмжлэгч 3.200.000 төгрөг төлсөн байхад зээлээс хасч тооцоогүй, хүү алдангийг үндэслэлгүйгээр нэмсэн, зээлд  тооцон газар өгье гэсэн боловч аваагүй, дарамт  шахалт үзүүлж байсан тул аргагүйн эрхэнд  гэрээ сунгах бичигт гарын үсэг зурсан гэх, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэтэрхий нэг талыг барьж намайг  илт хохироосон”  зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хангах   боломжгүй байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч И.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас  252.000  төгрөг төлсөнийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ            

                                            ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ