| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00233/и |
| Дугаар | 151/ШШ2017/00221 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00221
| 2017 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00221 | Зуунмод |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 151/2014/0185/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Ланс, 2 дугаар баг, хийдийн 9-4 тоотод оршин суугч Барга овогт Ламжаагийн Өнөржаргалын /НЮ76020366/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг,
мөн Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг 22-21 тоотод оршин суух Боржигон овогт Лхамсүрэнгийн Цэрэндолгор /НЮ82042963/,
Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг Хөгжил хотхоны 41-а тоотод оршин суух Боржигон овогт Бишүбазарын Дашзэгвэ /НЭ57020101/,
Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг 21 байр 4-53 тоотод оршин суух Жононван овогт Цэгмидийн Жамбалсүрэн /НУ59021534/ нарт холбогдох,
Эмчилгээний, болон замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 7 7 447 993 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Өнөржаргал, хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгч Д.Нансалмаа, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ, Ц.Жамбалсүрэн, иргэдийн төлөөлөгч Ш.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Өнөржаргал шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа: “- Л.Өнөржаргал миний бие 2011 оны 8-р сарын 3-нд ерөндөг тавиулах гээд Л.Цэрэндолгор эмч дээр очиж үзүүлээд үтрээний эхогоор харуулаад улаалттай байна. 7 хоног лаа хий гээд бичиж өгсөн. Тэгээд лаа хийж байгаад үзүүлтэл Ц.Жамбалсүрэн эмч үтрээний эхогоор үзээд ерөндөг тавьсан. Хэд хоногийн дараа Л.Цэрэндолгор эмч эхогоор хараад зүгээр гэсэн. Тэгээд биед зовиур өгөөд байхаар нь дахин үзүүлтэл Б.Дашзэвэг эмч байсан. Ерөндөг таарахгүй байх уу? гэж асуутал. Ерөндөг таарахгүй байна гэж байхгүй. Савны амсар нааш цааш байрласнаас хамаардаг юм аа гэж тайлбарласан. Улмаар 2011 ондоо 3 эмчид 7 удаа үзүүлсэн. Цэрэндолгор эмчид 2, Дашзэвэг эмчид 3, Жамбалсүрэн эмчид 3 гээд нийтдээ 8 удаа үзүүлсэн. Тэгээд 2012 оны 11-р сарын 12-нд миний биед маш их өөрчлөлт өгөөд байсан. Тэгээд зовиураа үзүүлээд сарын тэмдэг ирэхээсээ өмнө 7 хоногийн өмнө ирээд байсан. Сарын эцэст бас ирээд сард 3 удаа ирээд байсан. Тэгээд бүх зовиураа үзүүлээд Жамбаа эмчид үзүүлэхэд ургацаг байж магадгүй. Эход харуул гэж хэлсэн. 2012 оны 11-р сарын 13-ны өдөр Амарсанаа эмчид эход харуулсан. Тэгтэл эход хараад Амарсанаа эмч ерөнхийдөө зүгээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо “сайн эмч л гэсэн дээ ямар сонин юм, яагаад зүгээр гэж гарч байгаа юм” гэж бодсон. 2012 оны 11-р сарын 19-нд хавдар судлалын үндэсний төвд төлбөртэй шинжилгээ өгсөн. Энхзул, Энхсувд гэсэн эмч байсан. Тэр эмч үтрээний эхо, болон шинжилгээ аваагүй дотуур үзлэг хийж үзээд “чи ойрд үзүүлээгүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7-лоо хоногийн өмнө үзүүлсэн. Тэгээд зүгээр гэхээр нь итгэж өгөхгүй яваад ирлээ гэж хэлсэн. Тэр эмч дотуур үзлэг хийгээд хавдартай байна гээд эдийн шинжилгээ авсан. Эдийн шинжилгээ аваад 11-р сарын 29-нд очиж хариугаа автал хорт хавдар гэж гарсан. 11-р сарын 29-ний 14 цагт 4 бүрэлдэхүүнтэй эмч нарын зөвлөгөөнд орсон. Эмч нарын зөвлөл дээр хавдрын эхний шат нь эмчилгээ хийлгэх улаалтыг арилгах. Хоёрдугаар шат нь хагалгаа хийлгэх. 3, 4 дүгээр шат нь туяа хими хийлгэх. Энэ эмчилгээ нь эцсийн эмчилгээ гэж тайлбарласан. Таных болохоор хагалгаа хийлгэх боломжгүй. Эцсийн эмчилгээ нь болохоор туяа хими хийж хавдрын ургалтыг багасгаж, хавдрыг тархаахгүй байх боломж байгаа гэж дүгнэлтээрээ тайлбарлаж өгсөн. Ингээд туяа химийн эмчилгээний тасагт очиж очирт орсон. Сарын дараа буюу 12-р сарын 25-нд очиртоо ороод зогсож байтал Төв аймгаас утсаар ярь гэж байна гэсэн. Тэгээд залгаад ярьтал Л.Цэрэндолгор эмч байсан. Яг зорилтот бүлгийн багуудад 25, 37, 49 настай хүмүүсийг үзлэгт хамруулж байсан жил байсан. Багдаа сайн дураараа очиж шинжилгээ өгсөн байсан. Тэгээд Л.Цэрэндолгор эмч шинжилгээний хариу чинь өөрчлөлттэй гарсан байна. Ахиж ирж шинжилгээ өг гэхээр нь танайх ерөнхийдөө их хариуцлагагүй байна шүү. Би өөрөө оношоо олоод эмнэлэгт хэвтэх гээд очиртоо орсон байна гэж утсаар ярьсан. 2013 оны 1 сарын 2-нд эмнэлэгт хэвтэж эхэлсэн байгаа. Эмнэлэгт хэвтэх явцдаа туяа хими эмчилгээ зэрэг эмчилгээг 45 хоног хэвтэж эмчлүүлэхдээ хийлгэсэн байгаа. Хавдар судлалд хэвтсэн хүмүүсийн ихэнх нь 49 наснаас дээш настай хүмүүс хэвтсэн байсан. Би Болохоор 37 настай арай залуувтар байсан. Эмч нар болон хэвтсэн хүмүүс чи залуу хүн байж яагаад үзүүлж явдаггүй юм бэ. Бид нар цэвэршсэн гэж яваад өөрсдөөсөө болоод, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болоод ийм байдал хүрчихээд байна гэж надад тайлбарлаж өгсөн. Би болохоор ерөнхийдөө үзүүлж явсан. Спрал тавиулаад тэгээд тэр хугацаанд маш их өөрчлөлт өгөөд байсан. Үзүүлтэл эмч нар маань зүгээр гээд байхаар нь би л баашлаад байгаа юм байна гэж бодоод яваад байсан. Тэгээд ийм байдалд хүрчихлээ гэж эмчдээ болон хамт хэвтэж байсан хүмүүстээ тайлбарласан. Тэгээд 11-р сарын 29-нд эмч нарын зөвөлгөөнд орход эмч нар хавдрын ургацыг багасгаж тархаахгүй барих арга хэмжээ нь туяа хими эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Зөвлөгөөнд ороход эмч нар намайг ерөндөгөө авхуул гэж хэлсэн. 11 сарын 30-нд ерөндөгөө авхуулах гээд Ц.Жамбалсүрэн эмч дээр ирээд ажлын өрөөнд нь орсон. Цаг 12 цаг 15 минут болж байсан. Гэтэл Ц.Жамбалсүрэн эмч ажлын байран дээрээ согтуу байсан. Нэг слесерь цуг байсан. Халаадтай 2 хүн байсан. Тэр 3 хүнтэй маргалдаж хэрэлдээд байсан. Төгсбаяр гээд сувилагч байсан. Тэгээд би гараад Наранцэцэг гээд сувилагчийг гуйгаад Ц.Жамбалсүрэн эмч дээр орсон чинь согтуу байна. Намайг хавдар судлал дээр эмч нарын зөвлөгөөнөөр орсон чинь ерөндөгөө авхуул гэсэн. Та миний ерөндөгийг аваад өгөөч гээд би ерөндөгөө авхуулсан. Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа би Төв аймгийн эмнэлэгт нэлээн олон удаа гомдол санал гаргасан. Эхний удаа би надаар сургамж аваад эмч нар маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлээд бусад хүмүүст зөвлөгөө өгч бай гэсэн гомдол гаргасан. Гомдлоо олон удаа өгсөн. 6 сарын дараа гомдлын хариу гарахдаа эмч нар ямар буруугүй. Хугацаанд нь оношилсон гэсэн хариу гаргаж өгсөн. Тэгэхээр нь би дараагийн шатанд нь ханднаа гэж тайлбарлаж хэлсэн. Тэгээд 9 эмчийн бүрэлдэхүүнтэй ярилцаад дүгнэлт гаргахдаа хугацаанд нь оношлоогүй өвчтөний сэтгэл зүйд нь нийцтэл эмчлээгүй тул сэтгэл зүйд нь нийцтэл эмчилгээ үйлчилгээ хийж өгнө гэсэн тийм дүгнэлт гаргаж өгсөн. Тэгээд эхний 2-3 сар биеийн байдал чинь ямаршуухан байна. Эмнэлэгт хэвт гээд тусламж үйлчилгээ үзүүлж байсан. 3 сар өнгөрсний дараа надад туслалцаа үйлчилгээ өгөх боломж байхгүй гэж хэлсэн. 2012 оны 11 сарын 12-нд үзүүлсэн Жамбалсүрэн эмчид үзүүлсэн 2 эхоны эмчилгээ, 11 сарын 19-нд дотуур үзлэг хийсэн эмч хоёрын хооронд 7-лоо хоногийн дотор маш их ялгаа гарч ирж байсан. Бүтэн жилийн хугацаанд 8 удаа үзүүлж байхад 3 эмч тодорхой хэмжээгээр шинжилгээ авч байгаагүй. Зүгээр гэж тайлбарлаж байсан. Миний гомдлын хувьд хагалгаа хийлгэх боломжтой үед байсан бол би хорт хавдар тусахгүй байсан. Нарийн мэргэжлийн эмч дотуур үзлэг хийсэн гэтэл багаж төхөөрөмжөөр үзсэн эмч хоёрт маш их ялгаа байгаа учраас гомдолтой байна. Эхний шатандаа шинж тэмдэг илэрдэггүй тул оношлоход төвөгтэй гэж тайлбарласан. Гэтэл эхний шатандаа илэрдэггүй юм бол зарим хүмүүсийнх илрээд хагалгаа хийлгэх боломжтой болоод зарим нь шинжилгээ эмчилгээ хийлгэх боломжтой болж байгаа юм бэ. Надтай зөвлөгөөнд орсон 4 хүний 2 нь эмчилгээ хийлгэх боломжтой. Нэг нь хагалгаа хийлгэх боломжтой. Би аль аль нь боломж байхгүй. Туяа хими эмчилгээ хийлгэх боломж надад гарсан. Тэгээд гадаад явж эмчилгээ хийлгэх заалтанд байхгүй гэж байна. Гэтэл ерөнхийдөө заалтанд байхгүй ч гэсэн Монголын хавдар судлалын эмнэлэг бол туяа хими эцсийн шатны арга хэмжээгээ авсан байгаа. Цаашид задраахгүй ургацыг барьж байгаа үйлчилгээ гэж туяа эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж би хүчтэй туяа химийн эмчилгээ хийлгэсэн. Хийлгэж эхэлснээс хойш би 37 настайдаа цэвэршилт явагдсан. Эрүүл хүмүүстэй энэ зэрэгцэж ажиллаж амьдрахад хүндрэлтэй байдаг. Хүмүүс шиг унтах үедээ унтаж чаддаггүй. Нойрны дутагдалтай маш их ядардаг. Эрүүл мэндээрээ маш их хохирсон. Сэтгэл санаа 70-80 хувь байдаг гэдэг учраас сэтгэл санаагаа засах гээд хичээдэг. Өөрийнхөө хэмжээнд би өвчинтэйгөө тэмцэж байгаа. Эмчилгээний зардал маань багассаар байгаад нийт 7 447 993 гэсэн мөнгөн дүн маань хэвээрээ байгаа. Ахиад 6 сарын дараа гэхэд хяналтанд орох хугацаа маань болсон байгаа. Ахиад явах гэхээр зардал мөн ажлаасаа чөлөө авна. Энэ нэхэмжлэлээс гадна би ахиад яваад эмчлүүлээд ирсэн. Зардлын баримт энэ тэр гээд бүх юмнууд нь байгаа. Миний хувьд бол маш их гомдолтой байна” гэв.
Хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “- Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэхээр умайн хүзүүний хорт хавдар нь оношлоход хүндрэлтэй. Ихэвчлэн 3-4-р шатандаа оношлогддог. Өнөржаргалын хувьд 3-р үе шат ч гэсэн бусад эрхтэндээ үсэрхийлээгүй. Тархацгүй алсын болон ойрын эрхтнүүдэд үсэрхийлээгүй, харьцангүй эрт оношлогдоод хими болон туяа эмчилгээ хийгээд одоо 5 дахь жилдээ болж байгаа хэрнээ ахиж үсэрхийлсэн шинж тэмдэг гараагүй. 5 жилийн дараа шинж тэмдэг байхгүй бол эдгэсэнд тооцдог. Гадаадад эмчлүүлсэн зардлыг манай эмнэлгээс гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Бусад нэмэлт зүйлийг өмгөөлөгч маань хэлэх байх” гэв.
Хариуцагч Л.Цэрэндолгор шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-2011 оны 8-р сард Л.Өнөржаргал ерөндөг голлосон байна уу, үгүй юу эход үзүүлье гээд үзүүлсэн. Үзэхэд ерөндөг голлосон байсан. Тэрнээс хойш би үзээгүй. Энэ хэрэг анх эрүүгийн хэрэг үүсч эхэлсэн. Эрүүгийн хэрэг үүсэх тэр хугацаанд эрүүл мэндийн яамны дэргэдэх эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар энэ хэрэг орж шалгагдсан байсан. Салбар зөвлөлийн дүгнэлт бол гэм хорын шинж байхгүй гээд буцаасан. Тэрнээс хойш иргэний хэрэг үүсээд явж байна. Миний хувьд бол нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч С.Жамбалсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “- Намайг үтрээний эхогоор харсан гэж яриад байна. Би үтрээний эхогоор хараагүй. Би хэнийг ч үтрээний эхогоор харж байгаагүй. Тэр бол худлаа. 2012 оны 11-р сарын 12-нд үзсэн. Тэгээд эход харуулаад ургацага байж магадгүй гэж хэлсэн. Би Амарсанаа эмчид үзүүл гэж хэлсэн. Тэгээд хавдар судлал руу явсан байна лээ. Би ерөндөг тавиагүй бас аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Солонгос явсан гэдэг бол хувь хүний өөрийнх нь асуудал. Манай эрүүл мэндийн ситемд Монголд эмчлэгдэж болохгүй гэсэн байх юм бол гадаад руу явуулдаг. Хавдрын үе шатуудын талаар ярьж байна. Эмчилгээ хийгдээд миний ойлгож байгаагаар эдгэрсэн байгаа. 3-5 жилийн дотор эдгэрсэн байгаа. Нэхэмжлэгч нь олон удаа эмнэлэгт хэвтэж байсан. Амралтын өдөр байсан ч утасдаад чи эрүүл байна уу, согтуу байна уу гээд байдаг. Цагаан сараар айлд таарсан ч тэгж хэлдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буцаах байх. Хуулийн өмнө бид нар эвлэрэхгүй бол болохгүй. Иргэн хүн өөрөө ёс зүйтэй хандах ёстой. Манай эмнэлэгт олон удаа хэвтэж байсан. Бид нар эм тариа хэрэгтэй юмнуудыг нь аваад өгдөг. Сүүлд нь Л.Өнөржаргалд тариа хийх сувилагч олддоггүй, муухай аашлаад байдаг. Чадах ядхаараа хэрэгтэй эм тариаг нь олж өгөөд байгууллагынхаа журмаар олж өгдөг. Бид нар хоорондоо ярьдаг эмч хүнийхээ сэтгэхүйгээрээ Л.Өнөржаргал маань эмнэлэгт хэвтсэн байна лээ гээд боломжоороо тусал, шингэнийг нь олж өгөөд хувиараа ч дусал шингэн хийж өгдөг. Дээд шатны мэргэжлийн хяналтын үнэлгээгээр бид 3-ыг оруулсан. Эхлээд иргэний хэрэг болсон. Сүүлд нь эрүүгийн хэрэг болоод хэрэгсэхгүй болсон. Ахиад иргэний хэрэг болоод 2012 оноос хойш 6 жил болох гэж байна. Бид нарын хувьд ч гэсэн сэтгэл зүйд эвгүй байдаг. Ар гэрт маань бас хэцүү. Яасан дуусдаггүй хэрэг юм бэ гэдэг. Бид нар хуйвалдаад хамт хийчхээгүй. Хамт орсон бол нэг өөр. Тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үзсэн. Манай 2 эмчийн ар гэр нь эмнэлгийн хүмүүс биш. Гэрийнхэн нь бүүр гайхаж байгаа. Та нар яасан юм гээд. Гэр бүлд нь сэтгэл зүйн дарамт үүсч байгаа. Манай гэр бүлийн хүн эмч хүн байдаг учраас за чи минь таархаараа дуугүйхэн байж үзээрэй гэдэг. Таархаараа толгой дохихоос ч санаа зовдог. Өстөн дайсан болсон л хүмүүс. Аль болохоор туслах юмсан гэж бид нар боддог. Одоо бол эдгэсэн гэж ойлгож байгаа. Солонгос руу хэний зөвшөөрлөөр хэний заавраар, ямар дүгнэлтээр явсан нь мэдэгдэхгүй. Тийм юм байх ёстой. Очоод үзүүлж харуулсан байж болно. Тэр бол хувь хүний асуудал. Замбараагүй мөнгө нэхэж байна. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эдгэрдэг өвчин эдгэрчихээд байна. Заавал би тэгсэн ингэсэн гээд ял тулгаад ч байдаг юм уу. Нэг нэгэндээ хүгдрэлтэй байна” гэв.
Хариуцагч Б.Дашзэгвэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “- Бид нар удаа дараа үзээд мэдэгдэхгүй байсан шалтгаан нь шарх нь нүдээр харах тийм боломж муутай байсан. Насны тухай ярьж байна. 37 насандаа хавдар туссан гэж байна. Хавдрын эс хоргүй чанар ихтэй. Өөрт нь байсан шалтгаанаас хавдар үүссэн байх боломжтой. Хавдрыг үүсгэж байгаа вирусын хоргүй чанар гэж байдаг. Өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан. Удамшилт өвчнөөр өвдөж байсан. Өмнө нь ах дүү, төрөл садангаас нь хавдраар өвдөж байсан, архи тамхи хэрэглэдэг. Бэлгийн олон хавьтагчтай байх, чихэрийн шижин гэх мэт маш олон зүйлээс хавдар үүсэх шалтгаан болж байдаг. Энэ олон шалтгаануудаас хавдар энэ хүнд эрт эхлэх зарим хүнд залуу насанд эхэлж байхад зарим хүнд 40, 50 хүрч байхад эхэлж байх жишээний. Явцын нөлөөлөх хүчин зүйл гээд олон шалтгаан үүсч байна. Өөрт нь байсан вирусын хоргүй чанар, зан үйл нөлөөлнө. Дээр нь ерөндөг гэх мэт жирэмсэлтээс хамгаалах олон аргууд байгаа. Ерөндөг, суулгац, эм тариа тэр болгон давуу болон сул талуудтай. Ерөндөг гэхэд сарын тэмдэг олон хоногоор ирж байдаг. Олон сул тал байгаа. Солонгос явсны хувьд бол эрүүл мэндийн яамнаас гаргасан гадаад явж эмчлүүлэх өвчний жагсаалт гэж байгаа. Тэрэнд хавдар байдаггүй. Умайн хүзүүний хавдрын хувьд 1, 2-р үедээ мэс заслын эмчилгээ. 3, 4-р үедээ хими туяа эмчилгээ хийдэг. Мэс заслын эмчилгээ ч тэр хими туяа эмчилгээ аль аль нь үр дүнгээ өгч байгаа. Монголд хавдрыг эмчлэх дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж байдаг. Тэрний дагуу дэлхий нийтэд эмчилдэг эм тариа, багаж тоног төхөөрөмжөөр хавдар судлалын төв хангагдсан. Хими туяа эмчилгээ бол хавдрын эсийн өсөлтийг зогсоож үхүүлдэг. Ийм мэс заслын бус эмчилгээ байгаа. Энэ эмчилгээг хийлгээд 5 жил болоход өвчин дахин сэдрээгүй бол хавдар эдгэрсэн гэж стандартад байдаг. Тэгэхээр Өнөржаргал 5 дахь жилдээ явж байна. Удаа дараагийн эсийн шинжилгээгээр хавдар байхгүй гэж гарч байгаа. Солонгос явж эмчлүүлж байгаа нь өөрийнхөө хүсэлтээр өвчнөө шалгуулаад үзүүлсэн юм байна гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бодож байна” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдоос хуульд заасан журмын дагуу цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Өнөржаргал Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Л.Цэрэндолгор, Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэгвэ нарт 2011 оны 8 сараас 2012 оны 11 сарын хооронд удаа дараа үзүүлсэн боловч умайн хүзүүний хорт хавдартай болохыг эрт илрүүлж чадаагүйгээс умайн хүзүүний хорт хавдрын 3 дугаар үед орсон байхад илрүүлснээс үүссэн хохирол болох 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2014 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн зардал нийт 3.000.000 төгрөг, Солонгос улс руу явсан онгоцны тийз, шинжилгээ хийлгэсэн зардал, орчуулгын хөлс гээд 2658177 төгрөг, 2 сарын цалин 1717886 төгрөг, цаашид 5 жил эмчлүүлэх төлбөр 18.000.000 төгрөг, цаашид хагалгаа хийлгэх боломж нь олдвол нэг хүний 10.000.000 төгрөг гээд 3 хүний 30.000.000 төгрөг, нийт 55447993 төгрөгийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, хариуцагч дээрх нэр бүхий эмч нараас гаргуулахаар нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 09 сарын 29-нд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2014 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн зардал нийт 3000000 төгрөг, Солонгос улс руу явсан онгоцны тийз, шинжилгээ хийлгэсэн зардал, орчуулгын хөлс гээд 2658177 төгрөг, 2 сарын цалин 1717886 төгрөг нийт 7 447 993 төгрөгийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, болон эмч Цэрэндолгор, Жамбалсүрэн, Дашзэвэг нараас адил тэнцүү хувааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилжээ. /хх-н 230/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчээр ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа эмч Жамбалсүрэнд 2011 оны 8 сард анх ерөндөг тавиулахаар үзүүлж, тавиулсан бөгөөд энэ үеэс эхлэн биеийн байдал муу байсан. Улмаар эмч Цэрэндолгор, Дашззвгэ нарт үзүүлж байсан боловч ямар нэгэн байдлаар миний биеийн байдлыг зөв оношилж чадаагүй. Ингээд 2012 оны 11 сард Улаанбаатар хотын Хавдарын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд намайг умайн хүзүүний хорт хавдарын 3 дугаар үе шатанд орсон гэсэн онош тавьсан.
Иймд Л.Цэрэндолгор, Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэгвэ, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг нь миний биед байсан умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлээгүйгээс хавдар 3 дугаар үед орсон тул 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2014 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн зардал нийт 3 000 000 төгрөг, Солонгос улс руу явсан онгоцны тийз, шинжилгээ хийлгэсэн зардал, орчуулгын хөлс гээд 2 658 177 төгрөг, 2 сарын цалин 1 717 886 төгрөг, нийт 7 447 993 төгрөг гаргуулна гэж, /хх-н 230/
Хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэгвэ, Л.Цэрэндолгор нар татгалзлын үндэслэлээ... Умайн хүзүүний хорт хавдарыг эсийн шинжилгээгээр оношилдог ба Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт үүнийг оношлох нарийн багаж, тоног төхөөрөмж тухайн үед байгаагүй. Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэгвэ, Л.Цэрэндолгор нар эх барих эмэгтэйчүүдийн эмч нар бөгөөд хавдрын нарийн мэргэжлийн эмч нар биш тул тухайн үед умайн хүзүүний хорт хавдрыг оношлох мэргэшил эзэмшээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Нэхэмжлэгч Л.Өнөржаргал Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт
-2011 оны 8 сарын 3-нд анх Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Л.Цэрэндолгорт ерөндөг тавиулахыг хүсч үзүүлсэн байх ба эмч Л.Цэрэндолгор умайн хүзүү улайлттай, эмчилгээ хийх шаардлагатай гэж 7 хоног эмчлэх эмчилгээний лаа бичиж өгсөн, Л.Өнөржаргал нь эмчийн заалтын дагуу лааг хийж 7 хоногийн дараа ерөндөг тавиулсан,
-2011 оны 8 сарын 5, 2012 оны 4 сарын 2, 2012 оны 6 сарын 2, 2012 оны 11 сарын 12, 2012 оны 11 сарын 20-ны өдрүүдэд тус тус үзүүлэхээр бүртгүүлж, 2012 оны 11 сарын 12-нд эмэгтэйчүүдийн их эмч Ц.Жамбалсүрэнд үзүүлэхэд ЭХО-д умай, дайвар харуулах гэсэн зөвлөгөө өгсөн,
-2012 оны 11-р сарын 13-нд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЭХО-гийн эмчид үзүүлсэн /хх-н 140-141, 205 тал/ тус тус үзүүлсэн байна.
Улмаар Хавдар судлалын Үндсэний Төвийн эмэгтэйчүүдийн тасагт 2012 оны 11 сарын 19-нд үзүүлж, умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч, 2012 оны 11 сарын 29-ний өдрийн хариугаар “ Умайн хүзүүний арын уруулын хортой хавдрын 3-р зэрэг” гэж оношлогдсон /хх-н116, 206-207 тал/. 2014 оны 1 сарын 2-ны өдрөөс 2014 оны 2 сарын 9-ний өдөр хүртэл 36 хоног Хавдар судаллын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн байна. /хх-н 74-111 тал/.
Нэхэмжлэгч шүүхэд гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч нарт холбогдуулан эрүүгийн хэргийн журмаар гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газар гомдлыг шалгаж 2015 оны 04 сарын 01-ний өдрийн Прокурорын 83 дугаар тогтоол гарч, холбогдогч нарт “... Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэгвэ, Л.Цэрэндолгор нарын уг үйлдэл нь санаатайгаар амь биед нь аюултай байдалд оруулаагүй, мэдлэг чадвар болон техникийн хангалтгүй байдлаас болж иргэн Л.Өнөржаргалын биед умайн хүзүүний хорт хавдар өвчин туссан эсэхийг тогтоож чадаагүй, уг өвчин эхний үе шатандаа нүдээр болон толины шинжилгээгээр илэрдэггүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна...” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /хх-н 162-163/
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Өнөржаргалын биед учирсан гэм хор нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэхийг тогтоолгохоор Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2015 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан энэхүү бичмэл нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд үгүйсгэж мэтгэлцээгүй тул шүүх тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2015 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн
...3-т Манай улсад умайн хүзүүний хортой хавдар эмэгтэйчүүдийн байрлалтай хавдрын дотор хамгийн элбэг тохиолддог хавдар юм. Аливаа хорт хавдрын үүсэж байгаа шалтгаан нь бүрэн тодорхойгүй байгаа бөгөөд үүсэх үндсэн шалтгаанд хүний хөхөнцөр вирусын халдвар, бэлэг эрхтний хавдрын урьдал болон суурь өвчин, архи тамхи хэрэглэх, олон хүүхэд төрүүлэх, үр хөндөлт хийлгэх, удамшил бэлгийн замын халдвар, дархлаа сулрах зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө. Хүний хөхөнцөр вирусын 16,18 бүлэг нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэйд тооцогдох ба энэ нь бэлгийн замаар дамжина. Иймээс эмэгтэйд хавдар ямар шалтгаанаас үүссэн болохыг тогтоох боломжгүй.
4-т Ерөндөг нь жирэмслэхээс хамгаалах найдвартай, аюулгүй, үр дүнтэй орчин үеийн арга бөгөөд өргөн хэрэглэгддэг аргын нэг юм. дэлхийд олон улс оронд умайн хүзүүний хавдарт ерөндөг хэрхэн нөлөөлөх талаар олон талын судалгаагаар нөлөөлөл үзүүлдэггүй нь нотлогдсон байна. (cervical cancer Risk Lower in IUD Users Article, By Stasy Simon September 20, 2011) 2011 оны 9.11 хийгдсэн европын улс оронд хийгдсэн судалгаагаар ерөндөг нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдлийг бууруулж байгааг судалгаа баталжээ. ...Иймээс умайд тавьсан ерөндөг шууд умайн хүзүүний хортой хавдар үүсгэсэн гэж үзэх боломжгүй байна.
5-т Умайн хүзүүний хортой хавдрын эхний шатанд эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэггүй учир үзлэгээр оношлдоход төвөгтэй. ...Хожуу оношлогддог шалтгаан ньхавдрын эхний шатуудад эмнэл зүйн шинж тэмдэг бага илэрдэг, зовиур багатай байдагтай холбоотой. Түүнчлэн Өнөржаргалыг эмэгтэйчүүдийн эмч нарт үзүүлэх үед тухайн аймагт эсийн шинжилгээ хийх боломжгүй, эмч боловсон хүчин бэлтгэгдээгүй зэрэг шалтгаан нөлөөлсөн байх талтай. Умайн хүзүүний хавдар нь гадагшаа ба дотогшоо чиглэлтэй байрладаг, Хэрэв дотогшоо буюу умайн хүзүүний суваг руу байрласан бол үтрээний толины шинжилгээгээр оношлоход төвөгтэй. Эмэгтэйчүүдийн үтрээний үзлэгээр хожуу шатанд хавдрын хэмжээнээс хамаарч оношилно.
6-т ХСҮТ-д хийгдсэн үзлэг шинжилгээ, эмчилгээнээс дүгнэхэд хавдар 3-р шатанд оношлогдсон хэдий ч туяа болон химийн эмчилгээний үр дүнд одоогоор тунгалагийн булчирхай, ойрын болон алсын эрхтэнд үсэрхийлээгүй хавдрын тархалт зогссон байна гэжээ /хх-н 133-136 тал/
Дээрх дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч Л.Өнөржаргалын биед үүссэн хавдарыг оношилж эмчилээгүй нь хариуцагч их эмч Ц.Жамбалсүрэн, Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин эмэгтэйчүүдийн эмч нарыг өвчтөнийхөө өвчнийг илрүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах, тэдгээрийн нарийн мэргэшлээр мэргэшүүлэх зэргээр хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны доголдолоос шалтгаалж нэхэмжлэгч буюу Л.Өнөржаргалын биед үүсэн өвчнийг эрт илрүүлээгүй нь байгууллагын үйл ажижллагаатай шууд бус шалтгаант холбоотой байна гэж үзэхээр байна.
Хариуцагч Ц.Жамбалсүрэн, Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ нар нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч тэдгээр нь одоо ч Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байгаа болох нь зохигчдын хэн алиных нь тайлбараар нотлогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно.
Иймд Ц.Жамбалсүрэн, Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ нар нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт нь эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж хөдөлмөрлөх явцдаа заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүй нь санаатай биш байх боловч тэдгээрийн эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн биед үүссэн өвчнийг эрт оношлоогүй нь ажил олгогч байгууллага нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэснээр хариуцагч Ц.Жамбалсүрэн, Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ нарыг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ...энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.” гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.“ гэж тус тус зааснаар хариуцагч Ц.Жамбалсүрэн, Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ нарыг ажиллуулж байгаа ажил олгогч буюу Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэн нь эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй бөгөөд эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулсан. Мөн Л.Өнөржаргал нь хуулиар олгогдсон иргэнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-т заасан иргэн нь эрүүл мэндээ хамгаалуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах; өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх; өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах; ...эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах зэрэг эрх, 43 дугаар зүйлийн 43.2-т заасан эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцож мэдээлэл авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, ...зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй хайхрамжгүй хариуцлагагүй хандсан байна.
Иймд нэхэмжлэгч Л.Өнөржаргалын эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин 7 447 993 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2 168 550 төгрөг буюу 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2014 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн зардал, шатахууны үнэ 2 168 550 хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 279 443 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн 1-р хавтасны 21, 25, 27-р хуудсанд байх ШТМ-ын зарлагын дугааргүй падаанд үнийн дүн бичигдээгүй, мөн 29-р хуудсанд байх ШТМ-ын зарлагын дугааргүй падаанд он сар засвартай, 31, 33, 39, 40, 43, 45-р хуудсанд байх ШТМ-ын зарлагын дугааргүй падаандуудад тээврийн хэрэгслийн дугаар байхгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр мөн Л.Өнөржаргал нь Солонгос улсад явж эмчлүүлсэн гэх боловч ямар нэгэн эмнэлгийн дүгнэлт, эмчийн зөвлөгөө хэрэгт байхгүй, Солонгос улсад зөвхөн шинжилгээ өгсөн гэж байгаа тул түүнд гарсан зардлууд мөн энэ хугацаанд ажлаасаа чөлөөтэй байсан 2 сарын цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн үнийн дүгнээс хасаж тооцох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэсэн байх тул Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээрхи гэм хорыг арилгасны дараа өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болно.
Иргэний хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2 168 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Өнөржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 279 443 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч Ц.Жамбалсүрэн, Л.Цэрэндолгор, Б.Дашзэгвэ нарыг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 49 647 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан үүрэгтэй бөгөөд ийнхүү гардан аваагүй нь давж заалдах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.ОЮУНЦЭЦЭГ
Б.ЦОЛМОН