| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1965/Э |
| Дугаар | 2018 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц. Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2018
2020 12 08 2020/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2531 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Номин Тав Трейд ХХК-ийн Номин хайпермаркет 13 дугаар хорооллын салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа тус төвд зарагдаж байсан Ми ноте 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.799.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбатын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Номин тав трейд ХХК нь иргэн Д.Гтай хөдөлмөрийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин хайпер маркет 13 дугаар хорооллын салбарт ажилд орсон юм. 2020 оны 08 дугаар сарын дунд үед ми ноте 10 загварын 1.800.000 төгрөгийн гар утсыг хулгайлсныг мэдээд хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г нь уг гар утасны кодыг устгаж байгаа бичлэг байсан. Гтай уулзаад уг гар утас хаана байгаа талаар асуухад хулгайлсан гэдгээ хүлээж бичиг бичиж өгсөн. Уг хугацаандаа байгууллагын төлбөрийг барагдуулна гэж бодож цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,
Гэрч Ц.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 08 дугаар сард би хэд хоног амралт авсан учир миний оронд Их дэлгүүрийн салбараас хүн ирсэн. Над руу залгаад “эд зүйлс янзалж байхад хоосон хайрцаг байна” гэж ярьсан. Би ажил дээр ирээд нөгөө залуутай уулзаж “имей кодоороо олдоно” гэж хэлээд хамт сууж байсан. Нөгөө залуу буугаад явсан ба би удалгүй буугаад гар утасны хайрцгийг харахад имей кодыг баллаад хаячихсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд Г нь тонгойгоод шүүгээнд юм хийж байгаа дүрс бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БЗД1-20-1649 дугаартай:
“Ми ноте 10 загварын шинэ гар утасны нэгжийн бодит үнэ 1.799.990 төгрөг, нийт 1.799.900 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,
Шүүгдэгч Д.Гн мөрдөн байцаалтад өгсөн:
“Би 2020 оны 07 дугаар сард агуулахад хайрцаггүй байсан ми ноте 10 загварын гар утсыг авсан. Теди худалдааны төвийн гадаа зогсдог хүнд үзүүлээд самсунг нөт 8 загварын гар утсаар сольсон. 2020 оны 08 дугаар сард гар утас алга болсон нь мэдэгдэж би тус байгууллагын хуулийн хэлтэст очиж уулзаж 1 сарын хугацаа тохирсон. Гэтэл цагдаагийн байгууллагад 10 хоноод хандсан байсан ба “цагдаагийн байгууллагаас дуудах байх” гэж хэлсэн. Тухайн үед нэг юнителийн дугаараас залгаад “чамайг хорино, хаана байна” гэж ярихаар нь би айгаад цагдаагийн байгууллагад очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбатын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 01-020/,
- шүүгдэгч Д.Гн Номин хайпер маркетын эрх зүйн албанд гаргасан тайлбар, ажилд орохыг хүссэн өргөдөл /хх-ийн 26-27/,
- шүүгдэгч Д.Гн гар утас авсан тухайгаа илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 28/,
- ажил орилогчийн анкет /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Д.Гн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 34/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Номин Тав Трейд ХХК-ийн Номин хайпермаркет 13 дугаар хорооллын салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа тус төвд зарагдаж байсан Ми ноте 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.799.990 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Гн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Гас 1.799.990 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбатад олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Гд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Гн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Дийн Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Гд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 1.799.990 төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбат /лг90110517/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ