| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2015/00261/и |
| Дугаар | 151/ШШ2017/00229 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00229
| 2017 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00229 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Угтаал сумын Талын уул 1 дүгээр багийн иргэн Пүрэвийн Галаагийн нэхэмжлэлтэй,
“Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдод холбогдох газар чөлөөлүүлэх тухай, мөн хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдын 19 360 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Галаа түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболд, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Галаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “-Би сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл би ганц бие, 250.000 төгрөгийн тэтгэвэртэй учраас төлж чадахгүй. Би гэрчилгээг минийх гээд газрын даамлыг дагуулж очоод хэлээд байхад барьсан. Одоо нэмж битгий барь гэсэн, шонгоо буулга гэсэн мэдэж байгаа гэсэн тэгээд лавшруулаад барьсан байна лээ. Энэ хүний юмыг өөрт нь өгөөд миний юмыг надад өгвөл болж байна. Би газраа л авъя” гэв.
Хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Би анх худалдаж авахаар 2 сая төгрөг өгсөн. Энэ хүн Улаанбаатар хотод амьдарч байсан, хаяган дээр нь хаягдсан байшин, тог, цахилгаан ч байхгүй байсан. Цонх, хаалга ч байгаагүй. Би өөрөө амьдардаггүй тэнд, зун ажил багатай байдаг болохоор би вагончикт амьдардаг, тэрийг агуулахын зориулалтаар ашигладаг. Би сүүлд нь өөрөө машины гараж нэмж барьсан, Цаана нь материалынхаа юмыг л авсан. 6 жил болоход надад шаардлага тавиад хэлсэн бол өөр байх байсан гэтэл тэгээгүй. Би өөр сумын нутагт амьдарч байгаа хүн. Шүүхэд өгсөн гэж юу ч хэлээгүй, хэлсэн бол өгчих л байсан. Би худалдаж авсан л гэж бодоод байсан. Тухайн үед гэрээ хийгээгүйдээ л би буруудаад байна. Түрээсэлсэн гэж юм яриад байгаа, тийм юм огт байхгүй. Орон нутгийнхан надад гэрчилж өгсөн, ийм шугам татсан гээд одоо 9 жил болж байна. Одоо өөрийнхөө татаж авч чадах зүйлээ авъя гэж байгаа, зөвшөөрч байгаа, харин тэр тоосгоор барьсан зүйлийг дахин буулгах нь хэцүү тэрнийхээ мөнгийг л би авъя гэж байгаа. Хүнээс хэлсэн амнаасаа буцаж болно гэхдээ сумын засаг даргаар тушаал гаргуулаад авбал би яаж ч чадахгүй.
Нийт 19.300.060 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 15 000 000 төгрөг нь 4 машины гараж, 2 000 000 төгрөг нь худалдаж авлаа гэж өгсөн мөнгө, 360.000 төгрөг нь арван хэдэн шонгийн мөнгө, 2 000 000 төгрөг нь материал худалдаж авсан мөнгөө нэхэмжилж байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Галаа нь Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Талын уул гэх газарт оршин байрлах 850 м/2 эзэмшлийн газрыг “Чонос” ХХК-ийн захирал Н.Энхболдоос чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “Чонос” ХХК-н захирал Н.Энхболдод холбогдуулан иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байх ба энэхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн эхэнд хариуцагчийн оноосон нэрийг тодруулж асуухад тус компанийн албан ёсны нэр нь “Чонос Эмбо” ХХК гэдгийг хариуцагч буюу сөрөг нэхэмжлэл гаргагч Н.Энхболд тодруулж хэлсэн мөн 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1411004030 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд /хх-н 162/ “Чонос Эмбо” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж дурдсанаар мөн нотлогдож байх тул хариуцагчийн оноосон нэрийг “Чонос Эмбо” ХХК гэж залруулан явах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гээд уг газарт барьж байгуулсан 4 машины гараж, 12 ширхэг шон, цахилгааны утасны үнэ, мөн П.Галаад анх худалдаж авна гэж тохирч өгсөн 2 000 000 төгрөг нийт 19 360 000 төгрөгийг П.Галаагаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч П.Галаа нь хариуцагч Н.Энхболд нь дур мэдэн зөвшөөрөлгүйгээр миний эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьсан, би тэр барьсан зүйлүүдийг авахгүй, гаражийнх нь дээвэр нурсан байхад нь би үүнийгээ буулгаарай битгий дахиж бариарай гэж хэлээд явсан хойгуур дахиад барьчихсан байсан, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч П.Галаагийн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Талын уул гэх газарт оршин байрлах 850 м/2 эзэмшлийн газрыг “Чонос” ХХК-ийн захирал Н.Энхболдоос чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь тогтоогдлоо.
Учир нь Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Талын уул гэх газарт оршин байрлах 850 м/2 эзэмшлийн газар нь Пүрэвийн Галаагийн эзэмшлийн газар мөн бөгөөд Н.Энхболдод худалдсан гэдэг нь нотлогдоогүй болох нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 221/МА2017/0012 магадлалаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболд нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж ирүүлсэн мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлага газар чөлөөлүүлэхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байх тул Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдын гаргасан уг маргаж буй газарт барьж байгуулсан 4 машины гараж, 12 ширхэг шон, цахилгааны утасны үнэ, мөн П.Галаад анх худалдаж авна гэж тохирч өгсөн 2 000 000 төгрөг нийт 19 360 000 төгрөгийг П.Галаагаас гаргуулах шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд П.Галаа, Н.Энхболд нарын хооронд газар эзэмших болон, худалдах, худалдан авах, түрээсээр ашиглуулах талаар хийгдсэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй уг маргаж буй газар дээр 4 машины гараж, болон цахилгаан татах зэрэг ажлыг хийх талаар гэрээ хэлцэл хийгдээгүй байх ба Н.Энхболд нь бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 000507571 дугаартай Шагдар засаг овгийн Пүрэвийн Галаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Төв аймгийн Угтаалцайдам сумын засаг даргын 2015 оны 06 сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамж, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 221/МА2017/0012 магадлалуудаар тус тус нотлогдож байх ба Н.Энхболд нь П.Галаагийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь бусдын газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан болохыг нь давхар нотолж байна.
Харин “Чонос Эмбо” ХХК-ийн Н.Энхболд нь П.Галаагаас маргаж буй уг газрыг худалдан авахаар тохирч өгсөн гэх 2 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Учир нь 2 000 000 төгрөгийг П.Галаа нь Н.Энхболдоос авч тухайн үед эмчилгээндээ хэрэглэсэн гэдгээ шүүх хурал дээр тайлбарлаж мэдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар зохигчдын хооронд маргаж буй газрыг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, төлбөртэй ашиглуулах талаар мөн гэрээ хэлцэл байхгүй болох нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 221/МА2017/0012 магадлалуудаар нэгэнт нотлогдсон ба П.Галаа, Н.Энхболд нарын тайлбараар анх 2009 онд худалдах, худалдан авах гэрээний асуудал яригдсан байж болох ч энэ нь бодитоор хийгдээгүй тул 2 000 000 төгрөгийн хувьд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд П.Галааг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэж үлдэх 17 360 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч буюу хариуцагч П.Галаа нь маргаж буй газар дээр барилга байгууламжийг барьсан, эсрүл бариагүй талаар маргаагүй тул уг барилга байгууламжийг барьсан тухайг гэрчлэх зорилгоор нэр бүхий 7 иргэнээс ирүүлсэн тодорхойлолтыг үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Галаа нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, сөрөг нэхэмжлэгч нь 254 750 төгрөг тус тус төлсөн ба нэхэмжлэгч П.Галаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Галаад олгох,”Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдын сөрөг нэхэмжлэлд төлсөн 254 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Галаагаас энэхүү шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 2 000 000 төгрөгийн шаардлагад төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг гаргуулж “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдод олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нэхэмжлэгч П.Галаагийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболд хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хариуцагч П.Галаагаас гаргуулж “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдод олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 360 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч П.Галаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Галаад олгох, хариуцагч ”Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдын сөрөг нэхэмжлэлд төлсөн 254 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Галаагаас энэхүү шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 2 000 000 төгрөгийн шаардлагад төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулж “Чонос Эмбо” ХХК-ийн захирал Н.Энхболдод олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ