Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 000327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч Т,Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т,Б холбогдох эрүүгийн 2038003240396 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т,Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Захын 17 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М,Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т,Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Захын 17 тоот хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М,Сийг зодож эрүүл мэндэд нь баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003240396 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Т,Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сард байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ би хүргэн ах Оюун-Эрдэнийнхээ гэрт өөрийнхөө мотоциклтойгоо очсон. Тэдний гэрт очиход хүн байхгүй байсан. Тухайн үед мотоциклийн маань бензин тасалдаад байсан учраас бензинээ шалгаад мотоциклоо хазайлгаж үзээд байж байхад хажуу айлын С эгч орж ирээд хулгай хийлээ гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд түүнтэй ноцолдсон. Тэгж ноцолдож байхад С эгч гараараа хаалга цохиод, өвдөг хэсгээрээ шургаад уначихсан. Би С эгчээс салаад л шууд явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. ... Би С гэх хүнийг танина. Би С эгчийн нөхрийнх нь барилгын компанид туслах ажилтнаар ажилладаг байсан. С эгчтэй танилын л харилцаатай. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. Би тухайн үед айлын цайллагад оччихоод явж байсан учир бага зэргийн согтолттой байсан. Би тухайн үед мэдрэлээ алдталаа согтоогүй байсан. ... Би С эгчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. С эгч намайг хүүхдүүдээрээ зодуулна гээд байсан учир би айгаад ирж чадахгүй байсан. Одоо бол ийш, тийшээ явахгүй байж байгаад асуудлаа шийдвэрлүүлнэ. Миний хувьд гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа. Би С эгчид эмчилгээндээ хэрэглээрэй гэж 150.000 төгрөгийг ээж Одхүүгээрээ дамжуулан өгсөн байгаа. С эгчид үүнээс өөр мөнгө өгөөгүй. ” ... гэх мэдүүлэг /хх-34-35, 50-51х/,

Хохирогч М,Сийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би хэрэг болдог өдөр хашаандаа байгаа айлынхаа хашаа байшинг харж байсан юм. Тэр өдөр Т,Б тухайн айлд хэд хэдэн удаа ирсэн. Орой харанхуй болсон байхад Т,Б согтуу мотоциклтойгоо дахин ирсэн. Намайг цонхоор харж байхад Т,Б асаагуурын гэрэл тусгаад урд талын байшингийн тэр хавиар явж байснаа гэнэт гэрлээ унтраагаад алга болчихсон. Тэгэхээр нь би юу болов гээд гараад харахад Т,Бгийн айлын мотоциклтой ноцолдоод байж байсан. Би тухайн үед хүүе Т,Б юу болж байна гэж хэлэхэд Т,Б чамд ямар хамаатай юм бэ гэж хэлснээ намайг барьж аваад газарт унагаагаад дээрээс дэвсчихсэн. Би газарт уначхаад орилоод байж байхад урд талын байшингаас Т,Бгийн ээж, дүү хоёр нь гарч ирсэн. Би тэр хоёрыг хараад босоод: чи яасан гэж хүн зодож байгаа юм бэ гэж хэлээд түүнийг цохиж авах гэхэд л Т,Бгийн ээж Одхүү бид хоёрын дундуур орж ирээд Т,Бг цааш нь түлхээд цохиулаагүй. Би тухайн үед гэр лүгээ гүйж ороод утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгч байх хооронд Т,Б мотоциклоо унаад зугтаасан. Би өөрийнхөө эмчилгээнд 50.000 /тавин мянга/ орчим мянган төгрөг зарцуулсан. Т,Бгийн ээж Одхүү надад Т,Б эмчилгээндээ хэрэглээрэй гээд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг өгч явуулсан гээд өгснийг би авсан. Үүнээс өөрөөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Т,Бд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-27-28, 30х/, 

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын дундуур байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ хүргэн Оюун-Эрдэнийнхээ гэрт Оюун-Эрдэнийн охин Отгонцэцэг болон өөрийн охин Дүүрэнжаргал нарын хамтаар зурагт үзээд байж байхад хашаанд хүн аллаа гэж хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь гараад хартал миний төрсөн хүү Т,Б, хөрш айлын С гэх эмэгтэйтэй барилцаад авчихсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би болиоч ээ, хөгшин хүн зодлоо гэж хэлээд хүү Т,Бгээ татаж холдуулахад пизда наахуйгаар нь харааж байсан. Т,Б Сийг тэгж харааж байгаад мотоциклоо унаад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. ... Хүү Т,Б маань Сийн хоёр гараас бариад авчихсан байдалтай зогсож байсан. Тэрнээс биш би хүүгээ цохиж зодохыг хараагүй. ... Миний хүү Т,Б нь 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд миний анхны хүүхэд болон төрсөн. Хүү маань бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлж байсан бөгөөд миний аав Туяагаар овоглодог. Хүү Т,Б маань 18 нас хүртлээ надаас тусдаа амьдарсан. Хүү маань Арбулаг сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж 4 дүгээр ангийг төгсөж байсан. Одоо хүү маань Баянзүрх суманд эхнэр Эрдэнэчимэгийнхээ хамтаар амьдарч байгаа. Би хүү Т,Бтэйгээ нэг их харилцаад байдаггүй учраас ямархуу зан авиртай болохыг нь мэдэхгүй байна. Намайг юм хэлэхээр би өөрийгөө мэднэ гэж хэлээд байдаг. Т,Б бид хоёр ойр дотно харилцаад байдаггүй. ... Тухайн үед хүү Т,Б маань согтуу байсан. Согтуудаа Оюун-Эрдэнийн хашаанд байсан мотоциклоос бензинийг нь авах гэж байгаад Стэй таарч ийм асуудал гаргасан юм шиг байна лээ.” ... гэх мэдүүлэг /хх-32-33х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт /хх-38х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт /хх-43х/  зэрэг баримтууд байна.

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/5 дугаартай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур багийн Засаг даргын тодорхойлолт /хх-54х/,

Т,Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81х/,

2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-55х/,

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038003240396 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т,Б нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Захын 17 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М,Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 

-Хохирогч М,Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-27-28, 30х/, 

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-32-33х/,

Гэрч Т,Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-34-35х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт /хх-38х/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт /хх-43х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т,Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т,Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т,Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Т,Б нь хохирогч М,Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч М,Сд эмчилгээний зардал 150.000 өгсөн хохирогч өөр төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Т,Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т,Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т,Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 80 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 250 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Т,Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Т,Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон, түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, хохирогч хохирол төлбөрөө барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүгдэгч Т,Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Т,Бд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Т,Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Сд эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөрнөр овогт Т,Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т,Бг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т,Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т,Б нь 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 2038003240396 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Сд хохиролд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т,Бд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН