Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2017/00231

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2017/00231

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Бадралын 3-8 тоотод оршин суух Л.Батчулууны нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 41 дүгээр байрны 1-49 тоотод оршин суух Д.Батдуламд холбогдох,

Машин буюу машины үнэ 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 01 сарын 09 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний нөхөр Б.Батсайхан үйлдвэрлэсэн 2015 онд Монголд орж ирсэн 2.5 тн даацтай ачааны Маяти машиныг 18 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл тун удахгүй 2015 оны 09 сарын 25-ны өдөр миний нөхөр Б.Батсайхан өвчний учир нас барсан. Миний талийгаач нөхрийн ажил явдлын дараа хадам ээж Д.Батдулам, дүү н.Батжаргал нар нөхөр бид хоёрын 18 000 000 төгрөгөөр худалдаж авсан ачааны машиныг минь зарж, борлуулж өгье гэж аваад, элдэв шалтаг хэлээд өгөхгүй байгаа тул шүүхээр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.  Би олон удаа тэдэнтэй ярилцсан боловч тэд миний машиныг буцааж өгөхийг татгалзсан.

Энэ машин нөхөр бид хоёрын дундын өмч, гэвч нөхөр минь одоо нас барсан болохоор би нөхрийнхөө хууль ёсны өв залгамжлагч юм. Бид 2007 онд гэр бүлээ хуулиар батлуулсан, дундаасаа нэг охинтой. Хадам ээж Д.Батдулам хэдийгээр манай талийгаачийн ээж боловч бидний өмчийг булаан авах эрхгүй гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдэж, миний өмч болох 18 000 000 төгрөгөөр авсан ачааны маяти машиныг Д.Батдуламаас гаргуулж өгнө үү. Хэрэв тэд уг машиныг миний зөвшөөрөлгүй зарж борлуулсан бол бидний худалдаж авсан үнэ болох 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Батчулуун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Нэхэмжлэгч Л.Батчулуун миний бие тус шүүхэд хандан хариуцагч Д.Батдуламаас машины үнэ болох 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжид Төв аймгийн Татварын хэлтсийн дансанд 250 000 төгрөгийг урьдчилан төлсөн юм.

Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах болсон тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгөний 50%-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-т заасанчлан буцаан олгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Батчулуун нь хариуцагч Д.Батдуламд холбогдуулан машины үнэ 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Батчулуун нь хариуцагч Д.Батдуламд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “....Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Хариуцагч Д.Батдуламд холбогдох, машины үнэ 18 000 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч Л.Батчулууны татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Л.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулж 123 975 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 123 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.МӨНХЦЭЦЭГ