| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 183/2017/0249/И |
| Дугаар | 001/ХТ2018/01473 |
| Огноо | 2018-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/01473
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00546 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1104 дүгээр магадлалтай,
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,
“Н” ХХК болон Н нарт холбогдох,
хохиролд 15.400.000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү 1.024.000 төгрөг гаргуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр НАЗУ-ОС-12-0124 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шигтгээ 1 байранд 52,99 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, 84.784.000 төгрөгийг төлсөн. Тус компани байрыг 2014 оны 2-р улирал буюу 6-р сард багтааж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Нэгэнт байрны мөнгөө 100 хувь төлсөн учраас 2014 оны 6 дугаар сард ашиглалтад орно гэж хүлээсэн боловч 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны түлхүүрийг өгсөн. Хариуцагч 1 жил 10 сараар гэрээний хугацааг хэтрүүлсэн, энэ хугацаанд 84 дүгээр сургуультай ойр иргэн н.Октъябрын байрыг түрээслэн суусан. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт зардал гарч хохирсон. Иймд учраас 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хөлсний байранд төлсөн төлбөр болох 15.400.000 төгрөг, орон сууцны талбайн зөрүүний үнэ болох 2.096.000 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
“Н” ХХК нь талбайн зөрүү 1.024.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, талбайн зөрүүд 1.024.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н” ХХК, Б.Наранцацрал шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Б-тэй 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, талбайн зөрүү 1.024.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Харин түрээсийн төлбөрт 15.400.000 төгрөг гаргуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц захиалан бариулах гэрээ нь туслан гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгч компанитай байгаа. 100 хувь төлбөрөө өгөөгүй айлуудаас хамаарч орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, мөн барилгын компаниудын хямрал эхлээд барилга зогсонги байдалтай болсон. Түрээсийн төлбөрийн талаар орон сууц захиалан бариулах гэрээнд заагаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00546 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шигтгээ-1 орон сууц, 1 дүгээр орц, 10 давхрын В Тип, 2 өрөө байр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас зохих ёсоор гаргуулахыг хариуцагчид даалгах, орон сууцны талбайн зөрүү 1.024.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 4.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Над холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас зохих ёсоор гаргуулахыг хариуцагчид даалгах, хөлсний байранд төлсөн төлбөр 15.400.000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү 1.024.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 245.430 төгрөг, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 200.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1104 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 15.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай” гэж, 4 дэх заалтын “хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 200.734 төгрөг гэснийг хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 950 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00546 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1104 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Ж.Б- хариуцагч “Назу Проперти” ХХК-иас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэлээр гэрээнээс учирсан хохиролд 15.400.000 төгрөгийг шаардахын тулд талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн, хугацаа хэтэрснээс хохирол үүссэн байх урьдчилсан нөхцлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай. Хавтаст хэрэгт хариуцагч “Назу Проперти” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйн улмаас нэхэмжлэгч Ж.Б-т 15.400.000 төгрөгийн хохирол учирсан болохыг шууд нотолсон баримт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнээс учирсан хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар: “... орон сууц хөлслөх гэрээгээр төлсөн төлбөрийг хохиролд тооцон шаардсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасантай нийцнэ” гэснээс өөр ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийж үгүйсгэж чадаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Орон сууц хөлслөх гэрээ”, “Байрны түрээсийн төлбөр төлөлтийн бүртгэл”, “Баталгаажуулалт” гэх баримтууд нь Иргэний хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан бодитой”, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх” хуулийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй болно. Нэхэмжлэгч Ж.Б- нь хөлслүүлэгч Д.Октябрьтай “ “Орон сууи хөлслөх гэрээг 2014 оны 11 дугээр сарын 29-ний өдөр байгуулсан” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ж.Б- нь хөлслүүлэгч Д.Октябрьтай 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдсан атлаа түүний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөн суухаар болсон гэдэгт гайхан эргэлзэж байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ж.Б-ийн гэрээнээс учирсан хохиролд нэхэмжилсэн 15.400.000 төгрөгийн төлбөрийн ихэнх хэсэг нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болох 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдахаас өмнө төлөгдсөн байдалтай баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хуурамч нотлох баримтуудад үндэслэн “Назу Проперти” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 15.400.000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгч Ж.Б-ийн хариуцагч “Назу Проперти” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 15.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч “Н” ХХК болон Н нарт холбогдуулан хохиролд 15.400.000 төгрөг, талбайн зөрүүд 1.024.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлжээ. Хариуцагч Н нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бол “Н” ХХК нэхэмжлэлээс талбайн зөрүү 1.024.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хохирол нэхэмжилсэн шаардлагыг татгалзжээ.
“Н ” ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 52.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Ж.Б- нь 84.784.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 2013 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулжээ.
Хариуцагчийн нэхэмжлэгчид 2016 оны 3 дугаар сарын 20-ний өдөр хүлээлгэн өгсөн орон сууцны талбай 52.3 м.кв болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
“Н” ХХК нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Харин ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, уг хохирлыг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Хариуцагч байрыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тул 2014 оны 6 сараас 2016 оны 3 дугаар сар дуустал хугацаанд байр түрээсэлж, 15.400.000 төгрөгийн төлбөр төлсөн гэж нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг тодорхойлжээ.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлснээ нотлоогүй, нэхэмжлэгчид учирсан хохирлыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь Д.Октябрийн өмчлөлийн 1 өрөө байрыг 2014 оны 6 дугаар сарын 1-с хойш сарын 700.000 төгрөгөөр хөлсөлж, түүнд 15.400.000 төгрөгийг бэлэн болон дансаар шилжүүлэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа байрыг ашиглалтад оруулах хугацааг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.
Зохигчийн байгуулсан гэрээнд “Н” ХХК нь байрыг 2014 оны 2 дугаар улирал буюу 6 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар тохирсон тул хохирлыг 2014 оны 7 дугаар сараас эхлэн тооцох нь зүйтэй.
Шүүх хариуцагч Над холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч “Н” ХХК-ийн зөвшөөрлийг баталсан нь хууль зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 14.700.000 төгрөгийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...15.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1104 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...15.400.000” гэснийг “14.700.000” гэж, “...234.950” гэснийг “...231.450” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 234.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ