| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2019/0006/З |
| Дугаар | 4 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 4
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Д овогтой А-г 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй болохыг тогтоож, иргэний үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д-н А нь ... өдөр төрсөн. Иргэний бүртгэлийн архиваас А-ын төрөлттэй холбоотой нотлох баримт олгохгүй байгаагаас шалтгаалан цахим үнэмлэх авч чадахгүй хохироод байна. Улсын бүртгэлийн хэлтэс нь шүүхэд хандаж шийдүүлэхийг зөвлөсөн. Д.А-ын биеийн байдал муу сэтгэцийн өвчний учир 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг. Эрх зүйн чадвар, чадамжгүй тул хууль ёсны төлөөлөгчөөр нь ээж болох Д миний бие нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Д овогтой А-г .. өдөр төрсөн эрэгтэй болохыг тогтоожийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг иргэний үнэмлэх олгохыг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхэд төрсний гэрчилгээний хуулбар байдаг. Тухайн төрсний гэрчилгээний хуулбар дээр Г-ын А 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн гэж бүртгээд 71 гэсэн дугаартай төрсний гэрчилгээ олгосон байдаг. Н.Д нь Г гэдэг хүнтэй гэр бүл болон амьдарч байгаад шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Тухайн гэрлэлт цуцлах иргэний хавтаст хэргийн материалд Г-ын А ..-ны өдөр төрсөн, 71 дугаартай төрсний гэрчилгээ байдаг. Улсын бүртгэлийн байгууллага яагаад будилчихсан юм бэ гэхээр ..ы өдөр төрсөн гэж 2-ын тоог буруу бичсэнээс болж будилсан. Г-ын А нь эрэгтэй хүн байгаа нь тодорхой байна.
Иймд Д-ын А-г ..-ны өдөр төрсөн, эрэгтэй болохыг тогтоож, регистрийн дугаар олгож улсын бүртгэлд бүртгэж иргэний үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Нэхэмжлэгч Н.Д-с Д.А-г 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоож үнэмлэх олгохыг даалгуулахыг хүссэн байна. Иргэний улсын бүртгэлийн архивын санд Г-ын А нь ..ны өдөр төрсөн хүйс “эмэгтэй”, Чулуут сумын төрсний бүртгэлийн дэвтрийн 94 дүгээрт бүртгэсэн бөгөөд иргэн Н.Д нь А-г эхийн 2 дахь хүүхэд, хүү гэж байгаа боловч архивын эх нотлох баримтанд хүйс эмэгтэй, эхийн 4 дэх хүүхэд гэж бүртгэгдсэн байх тул нотлох баримтын зөрүүтэй байдлаас тус байгууллага нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж иргэний үнэмлэх олгох боломжгүй байна.
Иймд иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй иргэний эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх боломжтой болно гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д-с А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Д овогтой А-г 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй болохыг тогтоож, иргэний үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хуралдааны явцад гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Уг маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “ ... Д-н А нь ..-ны өдөр төрсөн. Иргэний бүртгэлийн архиваас А-ын төрөлттэй холбоотой нотлох баримт олгохгүй байгаагаас шалтгаалан цахим үнэмлэх авч чадахгүй хохироод байна. Улсын бүртгэлийн хэлтэс нь шүүхэд хандаж шийдүүлэхийг зөвлөсөн. Д.А-ын биеийн байдал муу сэтгэцийн өвчний учир 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг. Иймд Д овогтой А-г ...-ны өдөр төрсөн болохыг тогтоож, иргэний үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах үндэслэлтэй гэж;
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... иргэний улсын бүртгэлийн архивын санд Г-н А нь ..-ны өдөр төрсөн хүйс “эмэгтэй”, Чулуут сумын төрсний бүртгэлийн дэвтрийн 94 дүгээрт бүртгэсэн бөгөөд иргэн Н.Д нь А-г эхийн 2 дахь хүүхэд, хүү гэж байгаа боловч архивын эх нотлох баримтанд хүйс эмэгтэй, эхийн 4 дэх хүүхэд гэж бүртгэгдсэн байх тул нотлох баримтын зөрүүтэй байдлаас тус байгууллага нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж иргэний үнэмлэх олгох боломжгүй байна. Иймд иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх боломжтой болно ...” гэж тус тус тайлбарласан байна.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулсан байна. Тухайлбал,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 151/000594 дугаар “Төрсний бүртгэлийн лавлагаа”-нд Б овогт Х-н Г, Б овогт Н-н Д нарын гэр бүлд ...нд сумын төрөхөд төрүүлсэн хүү /охин/ Г-н А-г 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 94 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж;
Нэхэмжлэгч Н.Д-н иргэний үнэмлэхэд “ ... Б овогт Н-н Д, эмэгтэй, 1960 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн,
Архангай аймгийн Чулуут сумын 1981-1984 оны “Хүүхэд төрсний бүртгэл”-ийн 94 дугаарт эцэг Х-н Г, эх Н-н Д, хүүхдийн нэр А, 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн гэж;
2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР 21 дүгээр маягтад Б овогт Д-н А 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Ц хот, төрөх газар, халх, эрэгтэй гэж;
Г№94 дугаартай төрсний гэрчилгээнд “ ... Хүүхдийн овог Г, нэр А, 1984 оны 7 дугаар сарын 27-нд Ч сумын төрөх газар төрснийг Ч сумын АДХГЗ-ны төрсний бүртгэлд 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэв ...” гэж;
Архангай аймаг дахь Сум дундын иргэний шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 387 дугаар шийдвэрт “ ... бид хоёр 1993 оны 05 дугаар сард ярилцаж тохироод эд хөрөнгөө хувааж амьдарсан. Би хүү А тэр үед авч явсан. Бид хоёр салсан ч хүүгээ авах хүсэлтэй, хүүхдүүддээ тэтгэврийг өгнө, мөн гэрлэлтээ цуцлуулна ...” гэж мэдүүлсэн бөгөөд, уг шийдвэрийн тогтоох хэсэгт “ ... төрөгсдийн 94 тоот гэрчилгээнд Г.А нь 1984 оны 7 дугаар сарын 2-д төрснийг 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн ... хүүхдүүдийг эх Н.Д-н асрамжид үлдээх саналтай ...” гэж тэмдэглэн Монгол Улсын гэр бүлийн хуулийн 28 дугаар зүйлийн 2-д зааснаар Н овогтой Д, Х овогтой Г нарын гэрлэлтийг цуцлаж, 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.А-г эх Н.Д-н асрамжид үлдээж шийдвэрлэжээ. /х.х-н 3, 42-44, 130, 137-139, 146/
Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Н.Д-д маргаан бүхий уг асуудлаар 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 838 дугаар албан бичгээр “Тус хэлтэст хандан ирүүлсэн өргөдлийг хянаж үзэхэд иргэний бүртгэлийн архиваас таны төрөлттэй холбоотой нотлох баримт олдохгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэж; 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 300 дугаар албан бичгээр “Иргэн Д-н А нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус хэлтэст хандан бичиг баримт авах талаар өргөдөл гаргасан. Тухайн иргэний өргөдлийг хянаж үзэхэд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй бөгөөд иргэний улсын бүртгэлийн архиваас түүний төрсний бүртгэлтэй холбоотой нотлох баримт олдохгүй байна; гэж тус тус хариу өгсөн нь хууль бус болжээ.
Өөрөөр хэлбэл, иргэн Д.А-ын “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Архангай аймгийн Чулуут сумын 1981-1984 оны “Хүүхэд төрсний бүртгэл, 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР 21 дүгээр маягт, Г№94 дугаартай төрсний гэрчилгээ зэрэг баримтууд байх бөгөөд, уг баримтуудад Д.А нь 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ар аймгийн Ч сумын төрөх газар төрсөн, “эрэгтэй” хүүхэд болох нь тэмдэглэгдсэн байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Н.Д-н хүү А нь 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, архивын эх нотлох баримтанд хүйс эмэгтэй гэж бүртгэгдсэн байх тул нотлох баримтын зөрүүтэй байдлаас тус байгууллага нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж иргэний үнэмлэх олгох боломжгүй хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Н.Д нь 1984 онд өөр хүүхэд төрүүлээгүй, Д.А нь 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн байх тул хариуцагч дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Д-н хүү Д.А-ын төрснийг бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гэрчийн мэдүүлэг авсан байна. Тухайлбал,
Гэрч Д.Л-ийн мэдүүлэгт “ ... Д.А-тай хүүхэд байхаас нь бид цуг айл аймаг байдаг байсан. Д.А нь Ч суманд төрсөн, хүүхэд байхдаа Ч сумын Х багт байсан, цэцэрлэг, сургуульд явдаг байсан ...” гэж
Гэрч Д.А-ийн мэдүүлэгт “ ... Д.А нь 1984 онд Чулуут суманд төрсөн, төрсөн эцэг Г-тэй 1997 он хүртэл Ч суманд амьдарсан, тэгээд манай эцэг 1997 онд Эрдэнэт хотруу шилжээд явсан, явахдаа Д.А-г ээжид үлдээсэн, тэр үед ямар ч бичиг баримт байгаагүй. Тэрнээс хойш цэнхэр үнэмлэх авсан. Дараа нь цахим үнэмлэх авах үед төрсний бүртгэл олдохгүй байна гэсэн. Тэгээд одоогийн байдлаар ямар ч бичиг баримтгүй байгаа ...” гэж
Гэрч Д.Б-ын мэдүүлэгт “ ... Д.А нь эрэгтэй, төрөлхийн оюуны хомсдолтой, бүр багаасаа унадаг байсан, багаасаа сэтгэцийн хяналтад байсан. Миний хяналтад 2015 оноос хойш одоог хүртэл байгаа ...” гэж
Гэрч Н.Я-йн мэдүүлэгт “ ... Н.Д бид хоёр нэг айлын бэрүүд юм. Н.Д Г-тэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. А, А, Х, Т гэсэн хүүхдүүдтэй. А нь одоо 35 настай, миний талийгаач хүү Д-тэй чацуу байсан. Би 1984 онд Д хүүгээ сумын эмнэлэгт төрүүлсэн. А бол Чулуут суманд Хануйн гол хавиар төрсөн. Д.А нь бага байхдаа сэргэлэн цовоо хүүхэд байсан, эрэгтэй хүүхэд юм ...” гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр Д овогтой А-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 24 сараар тогтоосон байх бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийн № дугаар хувийн хэрэгт Д-н А, нас 26, хүйс эрэгтэй, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон № дугаар актад Д-н А, нас 30, эрэгтэй; 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтод Д-н А, хүйс: эрэгтэй гэж тус тус бүртгэжээ. /х.х-н 7, 9, 35, 72, 100, 122/
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Н.Д-н хүү А-г 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ар Ч сумын төрөх газар төрсөн, хүйс “эрэгтэй” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Д-н хүү Н.А-ын Монгол Улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх иргэний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.6.-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, ...”, 19 дүгээр зүйлийн 19.4.5-д “ энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөл, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргасан хадгалж, баяжилт хийх” гэж заажээ.
Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 5.12. дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаартай байх бөгөөд уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ”, 6 дугаар зүйлийн 6.9, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна”, 16.2. дахь хэсэгт “Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэн анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд сольж олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно”, 24.1.2.-т “иргэний улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт орсон, сэргээн тогтоосон” гэж тус тус зохицуулжээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д-н хүү А-г 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ч сумын төрөх газар төрсөн, хүйс “эрэгтэй” болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, иргэний бүртгэлийг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д овогтой А-г 198...оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, эрэгтэй болохыг тогтоож, иргэний үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА