| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0340/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/349 |
| Огноо | 2020-11-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Болд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч О.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Э.Д, Б.Б, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтайвангийн Д, Б.Б, Б-ийн Ц нарт холбогдох эрүүгийн 2038000000352 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Шүүгдэгч Э.Д, Б.Б, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д, Б.Б, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000352 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Надад мөнгөний хэрэг гараад өчигдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим өөрийн найз Бын хамт олны өтөг гэх газар луу явсан. Ингээд олны өтөг өөдөө өгсөж яваад замд 20 гаран тооны үхэр байхаар нь 6 тооны үхэр салгаж туугаад аймгийн төв рүү оруулж ирээд өөрийн хадам ээж Туяагийн эзэмшлийн Мөрөн сумын 13 дугаар баг 34 дүгээр гудамжны 04 тоотод хашсан. Б бид хоёрын тууж ирсэн үхээрүүдийг зүсээр хэлэхэд хөх халзан зүсмийн үнээ нэг, ягаан халзан зүсмийн үнээ нэг, ягаан зүсмийн гуна нэг, хар тарлан бяруу нэг, ягаан бяруу, нэг хар зүсмийн бяруу нэг байсан. Ингээд шөнийн 01 цагийн орчим тууж ирсэн үхээрүүдээсээ ягаан халзан үнээ, хөх халзан үнээ, ягаан гуна зэргийг нядалж махыг нь хадам ээжийн хашаанд байрлах амбаарт хийгээд, нэг үхрийнх нь толгой шийрийг хээр аваачиж жалга руу хаяад, хоёр үхрийнх нь толгой, ширийг нойл руу хийсэн. Ингээд өглөө болоод гудамжнаас цагаан өнгийн такси аваад нэг үхрийн махыг нь цагаан өнгийн таксинд ачаад урд зах дээр мах авдаг эмэгтэй ченжид нэг килограмм нь 4.000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үхрийн мах нийт 600.000 төгрөг болж байсан хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна. Тэгээд сүүлийн хоёр үхрийн ченжид аваачиж өгөх гээд цагаан өнгийн пронтер дээр ачаад захын наа талд 4 дүгээр хороонд зогсож бай 'ал үл таних нэг эгч ирж уулзаад энэ хаанаас ирсэн мах юм гэхээр нь Төмөрбулагаас орж ирсэн мах гэж хэлсэн. Мөн хажуугаас Б би Төмөрбулаг сумын хүнд машин зараад машиныхаа өтгөнд авсан юм гэж хэлсэн. Тэгсэн тэр за тэгвэл чамд энэ үхрийн махыг авчирч өгсөн хүнээ олоод ир тэгвэл би чамайг явуулъя гэсэн. Тэгээд удаа ч үгүй Б ирсэн, цагдаа нар ирсэн. Тэгээд би цагдаа дээр ирж байж байгаад явсан. ... Хоорондоо ярьж тохироод хулгай хийсэн. Сая жимсэнд явж байгаад найзынхаа машины моторыг зууруулчихсан. Түүнийг нь засуулж өгөх хэрэг гараад мөнгө байхгүй учраас хулгай хийсэн. Ц миний эхнэр байгаа юм. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Бид хоёрын дундаас хүү маань төрсөн. ... Жолооч нарыг нь танихгүй. Царайг нь харвал танина. Машиных нь марк улсын дугаарыг мэдэхгүй. ... хулгай хийхдээ модон иштэй нэг ширхэг хутга, хар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхгийг ашигласан. Гэмт хэрэг үйлдэж олсон нэг үхрийнхээ махыг ченжид зарсан тэр мөнгөө дэлгүүрт өртэй байсан учир түүндээ өгсөн гэх,
Шүүгдэгч Э.Дгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Б.Цтай хуйвалдсан, ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Би Б.Бтой үхэр авчирч нядлаад мөнгөтэй болъё гэж ярьсан. Харин Б.Цтай энэ талаар ярилцаагүй. Орой нь би гарах гэтэл эхнэр маань “хаачих нь вэ” гэхэд “яваад ирье” л гэж хэлсэн. Түүнээс биш би тэндээс хэдэн үхэр оруулж ирэх гэж байгаа, чи тэнд байж байгаарай гэж хэлээгүй. Шөнө 6 үхрийг оруулж ирээд эхнэр руугаа утсаар яриад сүх авч ирээрэй гэж хэлсэн. Манай эхнэр Б.Ц энэ хэрэгт ямар ч хамааралгүй, холбогдолгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед найз Д түүний эхнэр Цээгий бид гурав Мөрөн 13-34-04 тоотод гэрт нь хамт байсан юм. Тэгтэл Д эхнэр бид хоёрт мөнгөний хэрэг гараад, олны өтөг гарж үхэр хулгай хийе гэхэд би зөвшөөрч “за тэгье” гэсэн. Дгийн эхнэр Цээгий нь та хоёр баригдахгүй юм байгаа биз дээ гэхээр нь баригдахгүй гэж хэлээд орой 18 цагийн үед явганаар хөх толгойн бэлд очиж харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болмогц олны өтгийн Дулааны энгэр уулын ар талын энгэрт олон тооны үхэр хэвтэж байхаар нь 8-н тооны үхрийг тасалж хөөхөд хоёр үхэр нь буцаад зугтсан юм. Тэгээд 6-н тооны үхрийг Мөрөн сумын 13-р багийн 34-04 тоотод шөнийн 01 цагийн үед аваачихад Давкагийн эхнэр сүх авчирч өгсөн юм. Тэгээд гурван тооны үхэр сүхээр цохиж нядлаад янзалж байтал үүр цайгаад амжихааргүй болохоор нь 3-н тооны үхрийг зүүн зүгт гаргаад туусан юм. Дашка олны өтөгт үхэр байгаа тэндээс очиж авъя гэсэн юм. Дашкад мөнгөний хэрэг гараад байна гэсэн. ... гэмт хэргийг үйлдэхдээ төмөр иштэй сүх нэг ширхэг, хоёр ширхэг хутга ашигласан. ... Дашка нэг хүн рүү утсаар яриад удалгүй приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 30 орчим насны эмэгтэй хүн ирсэн. Тэр хүнийг Дашка сайн таньдаг юм байна лээ. Би машиных нь дугаарыг мэдэхгүй. Үлдсэн хоёр үхрийн махыг Дашка нэг ченжид зарсан байсан чинь тэр ченж нь махыг чинь авахаа болилоо гээд Дашка намайг тэр ченжтэй ярь гээд би мах зарсан ченжтэй утсаар яриад өөрийн төрсөн дүү Ариунболдыг гуйгаад хоёр үхрийн махыг ченжээс авсан. ...Ц үхэр хулгайлсан талаар мэдсэн. Үхэр авчрахад сүх авчирч өгөөд явсан. Тэгээд өнөө өглөө үхрийн мах машин руу ачихад хамт байсан. ... Хоёр үхрийн толгой ширийг нойл руу хийсэн. Нэг үхрийн толгой ширийг хээр жалганд аваачиж хаясан гэх мэдүүлэг /хх-75-77х/,
Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Б.Ц нь энэ хэрэгт ямар хамааралгүй гэж хэлмээр байна. Би Э.Дтай ярилцан тохирч үхэр оруулж ирэхээр болсон. Харин Б.Ц бид хоёрт сүх авчирч өгсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн нөхөр Д, найз Б нарын хамт Жаргалант сумаас ирээд Мөрөн сумын 13 дугаар хорооны 34-04 тоот хашаанд хоносон. Тэр шөнөдөө Д, Б нар үхэр оруулж ирж нядалж зарахаар ярилцаад маргааш өдөр нь буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед Д, Б хоёр үхэр олж ирэхээр явган явсан. Би тэр үед 13 дугаар хороонд танил эгч Цагаанаагийнд унтаж байтал шөнө болж байхад /яг хэдэн цагийг нь мэдэхгүй байна/ над руу манай нөхөр Д утасдаад 6 үхэр туугаад оруулаад ирлээ, чи сүх аваад ир гэхээр нь би унтаж байсан Цагаанаа эгчийн түлээний сүхийг аваад 13-34-4 тоотод байрлах эзэнгүй хашаанд очиход Д, Б хоёр 6 үхэр хашаанд хашчихсан байсан. би сүх аваачиж өгчхөөд буцаад Цагаанаа эгчийнд ирж унтаад өглөө 9 цаг болж байхад буцаад 13-34-4 тоот хашаанд очиход Д, Б нар нөгөө 6 үхрээс 2 үхрийг нь нядалчихсан байсан. намайг очсоны дараа 1 үхрийг цохиж нядалсан. Нөгөө 3 бярууг хашаанаас туугаад гаргачихлаа гэж ярьж байсан. би тэгээд өөрийн төрсөн эгч Далайжаргалыг дуудаж эгчийнхээ приус-20 маркийн машинд нэг үхрийн махыг ачаад Мөрөн сумын хүнсний зах руу зараад өгөөч гэж хэлээд явуулсан. Манай эгч тухайн нэг үхрийн махыг ачиж авч яваад зах дээр очиж 600.000 төгрөгөөр зарчихлаа гээд надад мөнгийг нь авч ирж өгсөн. Би тэр мөнгийг нь өртэй байсан хүмүүст тарааж өгөөд 100.000 төгрөг үлдсэн байсныг Д надаас авсан. ...миний харснаар хөх зүсмийн үнээ, ягаан буурал зүсмийн үнээ, хүрэн зүсмийн шүдлэн үхэр байсан гэх мэдүүлэг /хх-79-80х/,
Хохирогч Л.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай охин Батцэцэг бид хоёр өчигдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын мах зардаг газруудаар явж шинэ мах орж ирсэн байна уу гэж сураглаж явтал Хүдэр дэлгүүрийн ар талын махны дэлгүүрт шинэ үхрийн мах орж ирээд зарагдсан байхаар нь тухайн махан дээр наалдан үлдсэн байсан үсийг нь түүж аваад үзтэл манай хулгайд алдагдсан ягаан гуна үхрийн үстэй маш адилхан байсан тэгээд махны ченж нараас тухайн махыг хэзээ хаанаас хэнээс авсан талаар асууж сураглахад өглөө шинээр орж ирсэн мах гэж сонссон мөн дахиж 2 үхрийн мах орж ирнэ гэж хүнээс дуулаад хамаатны мах зардаг Чанцаа гэдэг дүүдээ утасны дугаараа үлдээгээд явсан тэгээд хэсэг хугацааны дараа Чанцаа манай охин Батцэцэг рүү утасдаад хоёр шинэ мах ороод ирлээ та хоёр ирээд гялс үзчих гэхээр нь охин бид хоёр зах дээр очоод нөгөө махыг үзтэл 46-29 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн машины ар талын багажид махаа ачаад гудамд зогсож байсан дэгээд мах зарах гэж байсан залуугаас хаанаас хэзээ орж ирсэн мах вэ гэж асуухад өнөөдөр Төмөрбулаг сумаас мотоциклоор ачиж орж ирсэн зарагдсан машиныхаа өртөгт авсан гэж хэлсэн. Тэгээд бид нар шийр толгойг нь харуулчих бид нар малаа алдчихаад хайж яваа хүмүүс байна гэж хэлсэн.Тэгтэл нөгөө залуу толгой шийр нь байхгүй хөдөө хаячихсан гээд худлаа яриад байх шиг санагдаад байхаар нь бид нар сэжиглээд цагдаа дуудсан. Бид нар нөгөө мах зарна гэсэн залууг чи тэгвэл худалдаж авсан хүнээ олоод ир гээд явуулсан тухайн залуутай машинд нь хамт явсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн таксины жолооч гурав бид нартай хамт үлдсэн.Тэгээд нөгөө залуу яваад 3-4 цаг болоод ирэхгүй байсан тэр хооронд цагдаа нар ирээд хамт явж байсан эрэгтэй эмэгтэй хоёрыг аваад яваад өгсөн. Бид махтайгаа таксины жолоочтой нөгөө залууг хүлээгээд ирэхгүй болохоор нь мах муудчих гээд байхаар нь 10 дугаар хороо луу явж нөгөө залууг замаасаа аваад махны хөргүүр хайж явж байгаад 13-34-04 тоот очиж манай үхрийг нядлаад хаясан газрыг олсон. Миний харснаар манай 4 үхэр нядлагдсан байсан. Тухайн нядалсан хашаанд нь очиж үзэхэд хашаан дотор байсан нойлд үхрүүдийг толгой, сэвс, арьс шийрийг нь хийж хаясан байсан. Мөн хашаан дотор хоёр хутга байсан бас нэг юм нэмж ярихад тухайн 46-29 УНЗ дугаартай машинаас өмнө тухайн мах 23-86 гэсэн улаан алаг портер дээр ачигдаж явж байсныг манай хамаатны дүү болох махны ченж Чанцалдулам хараад зургийг нь утсан дээрээ дарж авсан байсан. тэгэхээр нь 23-86 улсын дугаартай портер энэ хэрэгт холбоотой байх гэж бодож байна.
- Би хөх үнээгээ 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр үнэлж байна учир нь миний хөх үнээ нэг саамдаа 5 литр сүү гардаг байнга гараар тэжээдэг тарган үнээ байсан,
- Буурал үнээгээ мөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлж учир нь мөн миний үнээ нэг саалтаар 5 литр сүү гардаг гараар тэжээдэг тарган үнээ байсан,
- Ягаан зүсмийн гуна үхрээ би 1.200.00 /нэг сая хоёр зуу/ төгрөгөөр үнэлж байна,
- Хүрэн зүсмийн гуна үхрээ мөн 1.200.000 /нэг сая хоёр зуу/ төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдагдсан үнээндээ их харамсаж байна. ... Манай үхрүүд одоо байсан бол нэг үнээнээс 10 литр сүү гардаг байсан. Алдагдсан хоёр үнээний тугалыг хоёр өөр үнээнд тэлээлэн хөхүүлж байна. Иймээс энэ айлд алдагдсан хоёр үнээнээс гадна тэлээлэн хөхүүлж байгаа хоёр үнээний нийлээд 4 үнээний сүүний ашиг шим байхгүй болсон. Иймд 8 дугаар сарын 15-ны өдрөөс 12 сарын 15-ны хүртэл үнээгээ саана гэж тооцвол 4 үхрийн сүүний гарц 40 литр болно. Үүнийгээ 120 хоногт тооцож бодоход 4800 литр сүү болж байна. Үүнийг зах зээлийн ханш 1500 /мянга таван зуу/ төгрөгөөр тооцоход 7.200.00 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөг болж энэ мөнгөө би гаргуулж авмаар байна. Хэрвээ хулгайд алдагдсан хоёр үнээнээс өдөрт 10 литр сүү гардаг гэдэгт эргэлзэж байгаа бол яг ижил 10 литр сүү гардаг үнээ байна. Очоод сааж үзэж болно гэж хэлмээр байна. Нэмж хэлэхэд өнчин хоёр тугалаа тэжээхийн тулд тэжээлийн зардал гэж биднээс багагүй мөнгө шаардагдана үүнийгээ бид нар нэхэмжлэхгүй байна. Мөн хулгай хийсэн хүмүүст хуулийн хүрээнд хариуцлага ногдуулаасай гэж хүсэж байна. Би маш гомдолтой байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-17-18х, 29-31х/,
Хохирогч О.Баттөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Э.Д нь Б.Бтой нийлж манай 7 үхрийг тууж ирээд 4-ийг нь нядалсан байсан. Манай малчин үхрийнхээ хойноос Мөрөн руу орж ирээд Э.Дгийн байсан хашааг нь олсон. Хашаан дотор мал нядалсан шинжтэй байсан. Сэвсийг нь жорлон руу хийсэн. Хашаан дотор бага үхрийн мөр байсан. Өглөө нь зах дээр очиж махаа зарсан. Би Хүдэр дэлгүүрийн хойд талд байдаг махны ченжээс хязаалан үхрийнхээ өвчүү, гуяны махыг олж авсан. Ямар хүн энэ махыг худалдсан бэ гэхэд мэдэхгүй нэг залуу эмэгтэй цагаан машинтай ирээд худалдчихаад явсан гэсэн. Гэтэл өөр нэг хүн орой бас үхрийн мах дахиад ирж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ирвэл ахдаа хэлээрэй гээд утасныхаа дугаарыг өгсөн юм. Ингээд орой болоод надад махны худалдагч хэлэхээр нь яваад очтол 2 үхрийнхээ махыг олж авсан. Өглөө нь мал нядалсан хашааны үзүүрт 3 бяруу маань зогсож байсан. Эдгээр хүмүүс баараггүй 7 үхэр оруулж ирсэн..., 1.000.000 төгрөг л болох юм байна гэж хэлсэн тэгээд махаа зарсан 1.000.000 төгрөгөөр гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2020 оны 8 сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим манай ах Б миний утас руу залган 4 дүгээр хорооны Эрхэс худалдааны төвийн зүүн үзүүрт хүрээд ир гэсэн очтол арын гудмаас нь Улаан алаг өнгийн портер авто машин гарч ирэхэд түүнийг дагаад яв гэсэн араас нь дагаад явтал захын Хаан банкны урд гудмаар ороод зогссон араас нь очтол нэг эгч ирээд хаанаас орж ирсэн мах юм арьс шир нь байна уу? гарал үүслийн бичиг нь хаана байна гэхээр би өчигдөр 4-н тооны үхэр алдсан юм гэж хэлтэл мах авах гэж байсан хүн авахаа больсон юм тэгээд миний машинд ачсан юм. удалгүй байж байтал марк-2 маркийн авто машинтай эмэгтэй хүн аавтайгаа ирээд цагдаа дуудсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-28х/,
Гэрч Э.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Л.Б-ийнтом хүүгийн эхнэр нь буюу бэр нь байгаа юм. Манайх 2020 оны 3 дугаар сараас эхлэн хадам аав Баттөмөрийн үхрийг маллаж байгаа айл. ... манай аавын эзэмшлийн хөх саалийн үнээ, буурал саалийн үнээ, ягаан гуна үхэр, улаан үхэр гэсэн 4 үхэр хулгайд алдагдсан. Анх сая хэлсэн 4 үхрээс гадна 3 бяруу хамт алга болоод Мөрөн сумын 10 дугаар хорооноос олдсон гэж манай хадам аав хэлсэн. Хадам аавын хулгайд алдагдсан хөх саалийн үнээ, буурал саалийн үнээ өдөр 2 удаагийн саалтаар буюу өглөө орой нийлээд 10 литр сүү гардаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,
Үнэлгээний дүгнэлт: “ ...Нас гүйцсэн хөх зүсмийн үнээ 1 ширхэг 1.300.000, нас гүйцсэн ягаан буурал үнээ 1 ширхэг 1.300.000, ягаан зүсмийн хязаалан эр үхэр 1 ширхэг 1.100.000, хүрэн зүсмийн шүдлэн эр үхэр 1 ширхэг 900.000 төгрөг нийт 4.600.000 гэх үнэлгээчний дүгнэлт /хх-37-45/,
Шүүгдэгч Э.Дгийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-91х/,
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх 93-98х/,
Шүүгдэгч Б.Цгийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101-103х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ц нь Э.Д, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хохирогч болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д, Б.Батсүх нарын өгсөн мэдүүлэг Б.Цгийн өмгөөлөгч Бүрэнчимэгийн өмгөөллийн үг зэргээр няцаагдаж байна. Үүнд:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.Д, Б.Ц, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн Л.Б-ийнгэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ариунболдын мэдүүлэг, гэрч Б.Батбаярын мэдүүлэг, гэрч Э.Мөнх-Одын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, яллагдагч Э.Дгийн мэдүүлэг, яллагдагч Б.Бын мэдүүлэг, яллагдагч Б.Цгийн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Д, Б.Ц, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэж маргана.
Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч Б.Цд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь маргаантай. Хэргийн материалд Б.Ц нь олон тооны мал хулгайлсан тухай нотлох баримт байдаггүй. Харин Э.Д, Б.Б нар бүлэглэж бусдын олон тооны малыг тууж оруулж ирсэн. Тухайн малын нядалсан эсвэл махыг нь зарж борлуулснаар мал хулгайлах гэмт хэрэг төгсдөггүй. Мал хулгайлах гэмт хэрэг төгсгөл болсны дараа Б.Ц нь Э.Дд сүх авчирч өгсөн байдаг. Ингэж ял халдааж байгаа нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд Э.Д, Б.Ц, Б.Б нар нь бүлэглэн иргэн Л.Б-ийнолон тооны малыг хулгайлж 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн нотлогдсон байдлын талаар дурдсан. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг дурдсан байгаа. Гэтэл эдгээр нь шүүгдэгч Б.Цг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт болохгүй юм. ... Харин мал хулгайлах гэмт хэрэгт үйлдэгдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл Б.Цгийн гэм бурууг тогтоосон баримтууд нь дээрх хуулийн зохицуулалттай тохирохгүй байгаа. Мөн Эрүүгийн хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн олж тогтоох, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Цг гэм буруугүйд тооцож өгнө үү гэж маргана.
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Б.Цтай хуйвалдсан, ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Би Б.Бтой үхэр авчирч нядлаад мөнгөтэй болъё гэж ярьсан. Харин Б.Цтай энэ талаар ярилцаагүй. Орой нь би гарах гэтэл эхнэр маань “хаачих нь вэ” гэхэд “яваад ирье” л гэж хэлсэн. Түүнээс биш би тэндээс хэдэн үхэр оруулж ирэх гэж байгаа, чи тэнд байж байгаарай гэж хэлээгүй. Шөнө 6 үхрийг оруулж ирээд эхнэр руугаа утсаар яриад сүх авч ирээрэй гэж хэлсэн. Манай эхнэр Б.Ц энэ хэрэгт ямар ч хамааралгүй, холбогдолгүй. ... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Б.Ц нь энэ хэрэгт ямар хамааралгүй гэж хэлмээр байна. Би Э.Дтай ярилцан тохирч үхэр оруулж ирэхээр болсон. Харин Б.Ц бид хоёрт сүх авчирч өгсөн гэсэн гэх мэдүүлэг ,
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Э.Д, Б.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагч нь шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг нотлох баримтаар үгүйсгэсэн болон няцаасан баримт нотолгоо гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Цгийн шүүгдэгч Э.Д, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б-ийн Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Б-ийн Цг “бусадтай бүлэглэн 4 тооны үхэр буюу олон тооны мал бусадтай бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгов.
Харин шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд болохын тухайд:
Эрүүгийн 2038000000352 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Л.Б-ийн4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч Л.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-17-18х, 29-31х/,
Гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-28х/,
Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-32-33х/,
Гэрч Э.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-34-35х/,
Үнэлгээний дүгнэлт /хх-39-43х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Д, Б.Б, нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Л.Б-ийн4 тооны бод малын үнэ буюу 3.600.000 төгрөгийн хохирол, мөн 4 үхэр үнэлүүлсэн үнэлгээ хийхэд төлсөн 80.000 төгрөг нийт 3.680.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Д, Б.Б нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогчид төлбөл зохих нийт 3.680.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Д, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь урьд ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-86х, 96х, 102/-аар тогтоогдож байгаа боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинжлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 2038000000352 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь тус бүр сэжигтнээр 48 цаг буюу 2 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэгсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б-ийн Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн “бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Битүүт овогт Энхтайвангийн Д, Тайж овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Энхтайвангийн Дг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Д, Б.Б нарын тус бүр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Д, Б.Б нараас 3.680.000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж даруй хохирогч Л.Б-д олгосугай.
7. Эрүүгийн 2038000000352 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д, Б.Б нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН