Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/350

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,  

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийнТд холбогдох эрүүгийн 2038000000412 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 сарын 04-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Н-ийггараараа толгой, баруун зүүн бугалгад цохиж хөлөөрөө зүүн шилбэнд өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 сарын 04-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Н-ийггараараа толгой, баруун зүүн бугалгад цохиж хөлөөрөө зүүн шилбэнд өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000412 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н бид хоёр танилцаад үерхэж нөхөрлөөд 8 жил болж байгаа, нэг гэрт орж хамран амьдраад 4 жил гаран болж байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй амьдарч байгаад салаад 1 сар орчим хугацаа өнгөрч байна. Н бид хоёр тусдаа амьдарч байгаа ч гэсэн хоорондоо холбоотой байсан. ер нь эргэж нийлэх бодолтой байсан. Тэгтэл Н нэг залуутай харьцдаг болсон байсан. бид хоёр ер нь бол тэр залуугаас болж салах болсон. Тэр залуу нь эхнэр хүүхэдтэй юм шиг байна лээ.  2020 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд Эрхэс худалдааны төвийн эсрэг талд нийтийн байранд өөрийн хамтран амьдрагч Нийн очсон. Тухайн үед би бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. тэр үеэр яг манай нэг найз Нийг нэг залуутай явж байна лээ гэхээр нь дуулаад би шууд яваад  оччихсон юм. Би Нийн нэг залуутай явж байна лээ гэхээр нь дуулаад би шууд яваад оччихсон юм.  ... Би очоод Нийн өрөөний хаалгыг тогшиход Н хүнтэй байна яваа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ус уучихъя гэж хэлээд орсон. Өрөөнд нь ороход нэг залуу хэвтэж байхаар нь би уурлаад чи босоод ир хоёр гурван үг сольчихъё гэж хэлсэн. Тур залуу нь босож ирээд би явчихъя гэж байсан. би усан дээр халтираад уначихсан чинь дундуур Н орж ирээд намайг хаалгаар түлхэж гаргасан. Тэгээд би гадаа  гарч байрны үүдэнд Нтэй хэрэлдэж түлхэлцэж байтал тэр байрны залуу гарч ирээд боль гээд салгасан. Манай найзууд ч намайг аваад явсан. ... Өрөөнд байхдаа бол тэр залуугаа өмөөрөөд намайг түлхээд байхаар нь би уурандаа алгадсан. Гараа атгаж бол цохиогүй. Гадаа гараад бол цохиогүй түлхэлцсэн.  гэх. /хх-10-11, 20/,

Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б-ийнТ гэдэг залуутай хамтран амьдраад 8 жил болж байгаа юм. Тэгээд бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод салаад тус тусдаа амьдраад 3 сар болж байгаа. Би 2020.10.04-нд шилжих шөнө Мөрөн сумын 3-19-11 тоотод байх түрээсийн байрны 6 номерын өрөөнд байж байтал өмнө хамтран амьдарч байсан Т шөнө 00:00 цаг өнгөрч байхад архи уусан байдалтай согтуу ирсэн. Тухайн үед би өрөөндөө үерхдэг залуутайгаа хамт байсан болохоор хаалгаа тайлж өгөхөөс татгалзсан. Тэгтэл Т хаалгыг чинь эвдэж орлоо гэх мэтээр дарамттай юм яриад байхаар нь би хаалгаа тайлсан. Тэгшээ орж ирээд намайг шууд баруун гараараа алгадсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэхэд дахиад гараа атгаж байгаад зүүн шанаа хэсэг рүү цохисон. Би тухайн үед цохиулаад жаахан манарсан. Тэгшээ тэгээд манай өрөөнд байсан жижиг сажиг зүйлсийг авч шидлээд тэр залуугаа босгоод ир гээд орилоод байсан. Мөн манай найз залууг хэвтэж байхад нь чи босоод ир гээд өшиглөж авсан, намайг янхан гичий гэх мэтээр баахан л орилж хашхирсан. Манай найз залуу Төрболд босоод хувцсаа өмсөөд гарах гэж байтал Тэгшээ Төрболдын нүүр рүү цохичихсон. Төрболд Тэгшээг зөрүүлээд нэг цохиод хавсарч унагаасан Тэгтэл Тэгшээ манайхан ороод ир гээд орилсон. Би Тэгшээг олон хүнтэй яваа юм байна гэж бодоод өрөөнөөсөө түлхэж гаргаад Төрболдыг 2 давхар руу гарч бай гэж хэлчхээд өөрөө гадагш гарсан. Манайх нэг давхарт байдаг юм. Би Тэгшээг явуулахаар хашаанаасаа дагаад гартал хашааны гадна талд нэг суудлын автомашин байсан бөгөөд тэр машин дотор гурван эмэгтэй, нэг залуу байсан. Тэгшээг би одоо яв гэхэд намайг цохиж унагаасан. Би цохиулаад унаснаас хойш сайн санахгүй байгаа, хэсэг толгой манарсан байсан. Ямар ч байсан сэргэхэд баруун талаараа хэвтэж байсан бөгөөд Тэгшээ намайг зүүн талаас нэлээн өшиглөж дэвсэж зодсон юм шиг байсан. Зүүн тал бие хөндүүртэй байсан. Хэсэг ма«арч байгаад сэргэхэд манай байрны залуу одоо болио гээд Тэгшээг салгаж байсан. Би босоод шууд өрөөндөө ороод хувцсаа өмсөөд Төрболдтой хамт эм-элэг явсан. Эмнэлэг явахаар гарахад Тэгшээ гадаа байхгүй, явчихсан байсан би Төрболдын эмнэлэг дээрээс яв яв гээд явуулчихсан. Ийм л асуудал болсон. Би Тд зодуулсандаа гомдолтой байгаа болохоор гомдол гаргаж байгаа юм. ... Надтай 8 жил амьдрахдаа байнга л зоддог байсан. Би цагдаагийн байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй. Т бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа. Манайд бэр эгч маань хоёр хүүхэдтэйгээ ирсэн, одоогоор хамт байгаа. Миний толгой их дүүрч манарч байна, шилэн хүзүү хөшсөн, ар талаараа хатгуулж өвдөж байна. Өөр нэг их зовуурь мэдрэгдэх нь гайгүй байна. Биеийн зарим хэсгүүд хөхөрсөн байсан. ...Надад Нтэй холбоотой ямар нэгэн гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-7-8х, 9-11х/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 506 дугаартай:

  1.  Т.Нийн биед тархины доргилт, баруун, зүүн бугалга, зүүн шилбэнд бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Т.Нийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13х/,

  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1  дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-23х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26х/, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-25х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000412 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 сарын 04-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Н-ийггараараа толгой, баруун зүүн бугалгад цохиж хөлөөрөө зүүн шилбэнд өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...маргалдаж байх явцдаа түүний толгой руу нь гараараа цохиж гэмтээсэн нь үнэн. Мөн түүнтэй зууралдаж ноцолдох үедээ биед нь гэмтэл учруулсан байх. Миний хувьд гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, Хохирогч Т.Нтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэх мэдүүлэг /хх-10-11, 25-х/,

Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-7-8х, 9-11х /,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 506 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ /хх-25х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Т нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Т.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-25х/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Т нь прокурорын дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “Тогоруутан” овогт Б-ийнТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийнТыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Тын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН