Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,

          улсын яллагч З.Алтансолонго,

          хохирогч Ц.М*******,

         шүүгдэгч С.А, өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Багшийнхан овогт Сонинтөрийн Анхбаярт холбогдох эрүүгийн 2036000000185 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс захчин, 1982 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, ******* ******* *******-нд манаач, барилгын туслах ажилтай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.А

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч С.А нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт Ц.М*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдан төмөр трубагаар толгойн хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн 2036000000185 дугаартай хавтаст хэргээс:

          1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

          2. Гэрч Ц.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15-р хуудас/,

          3. Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

          4. Гэрч Ж.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,

          5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-р хуудас/,

          6. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 71-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр Цаст Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байх явцад Ц.М*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож, С.А нь төмөр трубагаар Ц.М*******гийн толгойн хэсэгт нь цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан  үйл баримт тогтоогджээ.                     

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан, үнэлж дүгнэхэд

          Шүүгдэгч С.А нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Цаст Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга дээр 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.М*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж төмөр трубагаар толгойн хэсэгт нь цохиж, биед нь тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх зайд хуучин цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсэгт уйланхайт өөрчлөлт, гавлын ясны баруун талын чамархай ясны хуучин хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ц.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1989 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт оршин суудаг, Цэвээндоржийн М*******/ “... Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө ажил дээрээ байж байхад манай барилгын ажилчид ирээд бид нар тухайн үед барилгын хавтан зөөж дуусаад тэнд байсан шаврын тогоог өргөх гэтэл даагдахгүй болохоор би Анхбаяр, Нэргүй хоёрыг дуудаад хамт өргөж тавих газраа хүргэж тавьсан. Гэтэл Анхбар чи намайг юм хийлцээд өг гэж хэлэхээр чи хэзээ хийж өгч байсан юм бэ, би чиний юмыг хийлцээд өгч байгаа юм биш үү гэж хэлэхээр бид хоёр хоорондоо жаахан маргалдсан тэгээд маргалдаж байхад Анхбаяр над руу нулимахаар нь би гарынхаа алгаар нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэгээд би цаашаа эргээд алхаад явж байхад миний толгой хэсэгт хаягдал төмөр трубагаар цохисон. Тэгтэл миний толгой өвдөөд дотор муухайраад байхаар би гэртээ ороод эхнэрээр өвчин намдаах хоёр ширхэг эм авахуулж уугаад эмнэлэг орж толгойн зураг авахуулсан. ...Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарахад нийт 688000 төгрөг гарсныг Анхбаяр төлж барагдуулсан байгаа. Миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал алга байна, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

Гэрч Ц.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хажууд байсан Нэргүй гэх залуу намайг тэврээд автал Анхбаяр “чамайг ална” гэж хэлээд хажуудаа байсан труба төмөр аваад толгойн орой хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би орилоод унасан. ...Өөр цохисон зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

Гэрч Д.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би гүйж очоод М*******г араас нь 2 гартай нь давхар тэвэрч хойш нь татаж салгаад “ та хоёр болиочээ” гээд хэлтэл М******* дахиад Анхбаяр луу дайрахаар нь би баруун гараас нь татаад зогсоох гэтэл цаанаас нь Анхбаяр барилгын төмөр трубагаар М*******гийн толгойн орой хэсэгт 1 удаа цохисон. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,

Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай “1. Ц.М*******гийн биед хийгдсэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний КТГ-ын шинжилгээнд гаргаснаар “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2.Ц.М*******ийн биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх зайд хуучин цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсэгт уйланхайт өөрчлөлт, гавлын ясны баруун талын чамархай ясны хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М*******г Нэргүй хойш нь татаад холдуулж байхад нь би хажуудаа байсан тохойн чинээ хэмжээтэй труба төмөр аваад толгойн оройн хэсэгт нь 1 удаа цохисон. ...Би эм тариа, эмчилгээг нь тухай бүрд нь өөрөөсөө төлбөр мөнгийг нь гаргаж хийлгэж байгаа. Одоо бид хоёрын дунд хохирол мөнгөний ямар нэгэн маргаан байхгүй. Бид хоёр эв зүйгээ олсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

Хохирогч Ц.М*******гийн Бүсийн Оношилгоо, эмчилгээний төвд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хийлгэсэн компьютерт томографийн шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 51-54-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2036000000185 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

Иргэн А.Мөнхцэцэгийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2020 оны 07 дугар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

          Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн 2036000000185 дугаартай хэргийн яллагдагч С.А нь прокурорын сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 71-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед нь халдан төмөр трубагаар толгойн хэсэгт нь цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлын улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 688000 төгрөгийг нөхөн төлсөн, “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хохирогч мэдүүлж /хавтаст хэргийн 11-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч С.А нь хохирогчтой “ажилд тусалсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж, толгойн хэсэгт нь төмөр трубагаар цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч С.А урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 43-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч С.Аын хувийн байдлын талаар гэрч Ж.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү С.А нь даруухан дуу цөөнтэй, ямар нэгэн илүү дутуу зан аашгүй, хүнд их тусархаг, ажилсаг хүүхэд юм. Аав, ээжээс 8. Айлын том  хүүхэд, 7 дүүтэй. ******* сумын 10 жилийн сургуульд 1990 онд 1-р ангид ороод сурч байгаад 3-р ангиасаа гараад мал малласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,

          Гэрч Ж.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.А бага наснаасаа мал маллаж амьдарч байсан. ...Цэргийн албыг 0245 дугаар ангид 2002-2003 онд хаасан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/ Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23/75 дугаартай тодорхойлолт,  шүүгдэгч нь ******* ******* *******-нд манаач, туслах ажилтнаар ажилладаг тухай тус компанийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 62-р хуудас/,  бүгд 190 толгой малтай талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 59-60-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч С.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг байдлыг  харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан мөн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тус тус тайлбарлаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах зүйтэй байна.

          Эрүүгийн 2036000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 688000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч С.А-г рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Ат оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Ат  тайлбарласугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Ат мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн 2036000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 688000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч С.Ат хүлээлгэсэн үүрэг, оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК