Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00250

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00250

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00023/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1962 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн, Төв аймгийн Эрдэнэсант сумын 3-р багт оршин суух Маахай овогт Сандагдоржийн Энхцэцэгийн /РД:НФ62032705/-ын хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие 1962 онд Эрдэнэсант суманд төрсөн, бага сургуульд 2 жил суралцаад мал ахуй дээр аав, ээждээ туслахаар малчин болж 1978 онд нэгдэлд гишүүнээр элсэн, нийт 11 жил 9 сар ажилласан. Миний 1970 оны хаяг бүхий хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийг үндэслэн тухайн үед нэгдлийн дарга байсан Ц.Улам-Оргих, одоо Зуунмод хотын төвд суудаг, Ж.Чүлтэм сумын орлогч даргаар ажиллаж байсан, одоо Зуунмод сумын төвд оршин суудаг эдгээр хүнийг гэрчээр асууж, миний Саруул-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан 11 жил 9 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сандагдоржийн Энхцэцэг нь Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд С.Энхцэцэг нь Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин түүний 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч Ц.Улам-Оргих, Ж.Чүлтэм нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох  бичгийн нотлох баримт шүүхэд ирээгүй тул уг хугацаанд ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Сандагдоржийн Энхцэцэг нь Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас өөрчлөн томилох тухай “...Хадлангийн 3-р салааны тогоочоор Сандагдоржийн Энхцэцэгийг 7 сарын 16-наас 45 хоногийн хугацаагаар түр томилсугай...” гэх бичилттэй 82 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 29 өдрийн ажилд томилох тухай “...Сандагдоржийн Энхцэцэг нарыг 1985 оны 7 сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай...” гэх бичилттэй 109 дугаартай тушаал /хх-6/, Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай “...тогоочоор С.Энхцэцэг нарыг ажиллуулсугай...” гэх бичилттэй 127 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...Малчдын 1989 оны ээжлийн амралтыг 12 дугаар сарын 01-нээс эхлэн хавсралтаар амруулсугай...хавсралтын 29-д С.Энхцэцэг...” гэх бичилттэй 140 дугаартай тушаал /хх-8/, С.Энхцэцэгт Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдлийн дарга Ц.Улам-Оргихоос олгосон 1981 оноос 1989 он хүртэлх цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12-13/, гэрч Ж.Чүлтэмийн “....Энхцэцэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул Амьдрал нэгдлийн Угалзат бригадад малчнаар 1978 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Ц.Улам-Оргихын “....С.Энхцэцэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул Амьдрал нэгдлийн Угалзат бригадад 1978 оноос эхлээд 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/ зэрэг болно.

Иймд С.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сандагдоржийн Энхцэцэг нь Төв аймгийн Саруул-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.МӨНХЦЭЦЭГ