| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0171/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/166 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Ө-д холбогдох эрүүгийн 2036000000208 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс дөрвөд, 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Ө Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ Шүүгдэгч Д.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав Ц.*******ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Н*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн 2036000000208 дугаартай хавтаст хэргээс: 1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/, 2. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 729 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-р хуудас/, 3. Гэрч Б.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/, 4. Хохирогч Б.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/, 5. Яллагдагч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/, 6. Яллагдагч Д.Өын Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аавынхаа гэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Н*******ийг өшиглөж, үснээс зулгааж, гэрийн хаалга мөргүүлэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогджээ. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ө*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалж үнэлэхэд Шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав Ц.*******ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Н*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсаны улмаас үснээс нь зулгааж, өшиглөж зодон эрүүл мэндэд нь зүүн мөрний үеийн мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Ц.Н*******ийн /1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, боловсролгүй, малчин Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, *******ын Н*******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын ******* багийн Зэгстэй гэх газар өөрийн төрсөн аавынхаа гэрийн гадна хувцас угаагаад сууж байтал манай нөхөр болох Ө******* согтуу ирсэн. Тэгэхээр нь “чи яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд хэлтэл надтай маргалдаж байгаад миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөөд, миний үснээс зулгааж чирээд онгойлгоод уячихсан байсан гэрийн хаалгыг 2-3 удаа мөргүүлсэн. Тэгээд би салах гээд ноцолдож байтал миний зүүн гараас татаад мөр мултарчихсан юм. Тэгэхээр нь орилоод “миний мөр мултарчихлаа шүү дээ” гэтэл Өлзий-Орших “би унтлаа” гээд гадна унтаад өгсөн.Би гэртээ ороод байж байтал хэсэг хугацааны дараа Өлзий-Орших гэрт орж ирээд “чи гараа яачихсан юм бэ” гэхээр нь “чи намайг ийм болгочихлоо шүү дээ” гэтэл тэгвэл хоёулаа эмнэлэг явъя гээд гадна байсан машин асаагаад явж байтал манай аав, ээж 2 болон цагдаа нар ирээд бид хоёрыг 2 тийш нь салгаад аваад явсан. ...155000 орчим төгрөгийн эмчилгээ болон эм тарианы зардал гарсан. Тухайн зардлыг манай нөхөр тухай бүр өөрөөсөө гаргаад явсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7- 8-р хуудас/, Хохирогч Б.Н*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ер нь бол байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг айлган сүрдүүлж зодож цохидог. Цагдаагийн байгууллагад хандвал дахин дарамтанд амьдрах байх гээд айгаад цагдаагийн байгууллагад хандаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,, Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 729 дугаартай “1.Б.Н*******ийн биеийн нүүр, хоолой, хүзүү хэсгээр гэмтэл тогтоогдоогүй, 2. Б.Н*******ийн биед зүүн мөрний үеийн мултрал гэмтэл тогтоогдлоо. 3. Б.Н*******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Б.Н*******ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-р хуудас/, Шинжээч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Б.Н*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Маргалдаад татсан бол хүний биед халдсан гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/, Яллагдагч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Ховд аймгийн Буянт сумын *******т байх хадам аавындаа эхнэр, хүүхдийн хамт очиж би хадлан хийх болсон. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би хадлангаа хийж дуусгаад тэнд байдаг зүс таних айлд очоод 1 ундааны сав /0,5/ монгол архи ганцаараа уусан. Тэгээд хадам аавындаа яваад очтол эхнэр “архи, дарс уулаа” гээд надтай маргалдаад эхэлсэн. Тэгээд хэсэг зуур юу болсон талаараа санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр “чи намайг цохичихлоо миний мөр мултарчихлаа” гээд уйлаад сууж байсан. ...Би цохиж гэмтээх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байна. Нэг ухаан ороход манай эхнэр “миний мөр мултарчихлаа, чи намайг цохисон” гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/ , 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 46-47-р хуудас/ Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /Хүчирхийллийн аюулын зэрэг бага/ /хавтаст хэргийн 48-50/, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/, Яллагдагч Д.Өын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Ө нь хохирогч Б.Н*******тэй 2016 онд гэр бүл болсон нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж ойлгохоор заасан ба шүүгдэгч Д.Өын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эхнэр Б.Н*******тэй маргалдаж улмаар зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д заасан хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Иймд шүүгдэгч Д.Өын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Н*******тэй маргалдаж, улмаар зодон биед нь хөнгөн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Н*******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй байна гэж дүгнэлээ. Хохирогч Б.Н******* хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга” гэж мэдүүлсэн байх тул /хавтаст хэргийн 8-р хуудас/ шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.Өлзий-Оршин нь хохирогч Б.Н*******тэй маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж зодон бие махбодын хүчирхийлэл үйлдэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Ө урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 28-р хуудас/ нотлогдож байгаа ба гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Өын хувийн байдлын талаар гэрч Д.Э*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай дүү болох Өлзий-Орших нь бодох санах зүйлгүй, байгаагаараа байдаг, илүү дутуу санаа бодолгүй, хүүхэд зангаараа, чих зөөлөнтэй, ажилсаг, хүнд тусархаг хүн байгаа юм. Ховд аймгийн ******* суманд мал маллаж амьдарч байгаа. 10 жилийн сургуулийг Ховд аймгийн ******* суманд төгссөн. 2005-2006 оны хооронд Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, хугацаагаа дуусгаж халагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/, Гэрч Х.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз Д.Ө******* нь хачин сонин зан гаргаж байхыг нь ерөөсөө харж байгаагүй, хамт нэг хашаанд байдаг байсан. Архи, дарс ууж эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байгаагүй. Хүнд их тусархаг, эхнэр хүүхдэдээ маш их халамжтай, цайлган сэтгэлтэй, илүү дутуу муу зүйл бодоод байдаггүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Шүүгдэгч Д.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн 2036000000208 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Д.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өод оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч тайлбарласугай. 5. Эрүүгийн 2036000000208 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160-т зааснаар шүүгдэгч Д.Өод оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК