Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 233

 

                                                                                                                                                                                                                                                                                                                           

                                                                    

 

 

 

 

 

 

 

           О.Лд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхмэнд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаа, түүний өмгөөлөгч С.Батзаяа,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Лд холбогдох эрүүгийн 201701080218 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шагж овогт Оргодолын О.Л, 1976 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суудаг,

 

Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, 

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 584 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД: 000000078/,

  

   О.Л нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 41-05 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е-д “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”,

   мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

   мөн дүрмийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас 74 настай, эрэгтэй Д.Чыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: О.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шагж овогт Оргодолын О.Лг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар О.Лд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Лд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, “Хаан” банкны зээлийн барьцаанд байгаа О.Лгийн өмчлөлийн Г2207002186 дугаартай, түүний эхнэр Б.Отгонжаргалын өмчлөлийн Г2207002187 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр 3.000.000 төгрөгөөр тохиролцож, барьцаанаас чөлөөлүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаад 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор шилжүүлэх, энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сар бүр 200.000 төгрөг төлөхөөр “Хохирол төлөх эвлэрлийн гэрээ” байгуулсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Л шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тус шүүхэд гомдол гаргаж буйг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.

1. Миний санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Д.Чын амь нас хохирсон явдалд маш их харамсан гэмшиж явдаг. Энэ ч үүднээс гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулалгүй, хохирогчийн ар гэрт учирсан бодит хохирлыг нөхөн төлж, мөн өөрийн болон эхнэр Б.Отгонжаргалын өмчлөлд байдаг өрхийн хэрэглээний 2 газрыг ч хохирогчийн ар гэртэй тохиролцон “хохирол төлөх эвлэрлийн гэрээ” байгуулан тодорхой хугацаанд хүлээлгэн өгөхөөр болсон байгаа.

2. Хэдийгээр гэмт хэргийн улмаас хүний амь нас харамсалтайгаар хохирсон ч гэсэн миний шууд санаатай үйлдлээс болоогүй ба анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг үндэслэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж болох нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж өгнө үү.

3. Хуулийн энэрэнгүй байх зарчмыг баримтлан сүүлийн 20 гаруй жил ямар ч гэмт хэрэгт холбогдолгүй, ажил хөдөлмөр эрхлэн, гэр бүлийн амьдрал зохион 0-17 насны 5-н хүүхэдтэй, өнөр өтгөн, өрх толгойлон шударгаар амьдарч байсан зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзнэ үү.

4. Миний эхнэр Б.Отгонжаргал нь зүрхний дутмагшлын өвчний учир группэд байдаг. Би эхнэр, хүүхдүүдээ тэжээхийн тулд улирлын чанартай уурхайн хүнд нөхцөлд ажилладаг. Зун, намрын улиралд самар, жимс түүх зэргээр үнэнч, шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Мөн ар талд маань 80 гарсан өндөр настай ээж маань үлдсэн зэрэг миний ар гэрийн бүх байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгвөл та бүхний итгэлийг дааж, цаашид үнэнч шударгаар хөдөлмөрлөн амьдарч чадна гэдгээ амлаж буйг эрхэм шүүгч та бүхэн хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч О.Лгийн өмгөөлөгч С.Соёлмандах шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол бичиж байна. 1. О.Л авто ослын улмаас 1 хүний амь хохироосон хэрэгт холбогдсон ба гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. 2. Хохирогчийн нэхэмжилсэн хохирол, хор уршиг 7.129.125 төгрөгийн 1.130.000 төгрөгийг бэлнээр үлдсэн 6 саяыг өөрийнхөө болон эхнэр Отгонжаргалын өмчлөлийн газрыг тус бүр 3 сая төгрөгөөр тооцон хохирогчтой гэрээ байгуулан нотариатаар батлуулж төлөхөө илэрхийлсэн. 3. О.Л эхнэр, 0-17 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь группэд байдаг учраас хөдөлмөрийн чадваргүй. Өөрт байгаа портероор ачаа зөөж амьдралаа залгуулдаг ядуу амьдралтай юм. 4. Гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшдэг төдийгүй, гэр бүлийн байгаа хөрөнгөө хохирлоо төлөхөд зориулж байгаа. 5. О.Л нь ганцаараа портероороо бага гэж гололгүй эхнэр хүүхдүүдээ тэжээдэг, мөнгө олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж амьдралаа залгуулдаг. Ийм нөхцөл байдал байсаар байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Прокурор шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэх саналтай байна гэсэн. Харин хүний амь хохироосон тул гомдолгүй гэж хэлэх боломжгүй гэж хохирогч хэлсэн. Гэвч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдолгүй гэсэн шаардлага тавигдаагүй. Ийм учраас О.Лд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, уг оногдуулах ялыг тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Ийнхүү шийдвэрлэж өгснөөр Монголын 3 сая 100 мянган хүний нэг хэсэг болох насанд хүрээгүй 5 хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй 1 эмэгтэй өдрийн хоолоо олж идэх боломжтой болох юм...” гэжээ.

 

Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Шийтгэх тогтоолын 1 дэх заалтанд О.Лг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Дээрх заалтанд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж эсхүл авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Мөн шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүхийн хэлэлцүүлэг болон өмгөөллийн үг, улсын яллагчийн ялын шүүмжид яригдаж байгаа хохирлын асуудалд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заасныг хэрэглэх үү, үгүй юу гэдэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнд шүүх хэрэглэх эсэх талаар эсхүл хэрэглэхгүй байх талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцсон байр суурийн хувьд дээрх асуудлыг шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзсэн. Гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж шүүх хэрэглэж болохоор байсан учраас нээлттэй үлдээе гэсэн байдлаар тайлбар хийж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан байгаа. Гомдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна гэсэн утгатай гаргасан. Хохирогчийн хувьд гомдолтой байдаг. Шүүгдэгч О.Лгийн гэр бүлийн хувьд эхнэр, таван хүүхдийн хамт долуулаа амьдардаг. Өөрийн боломжоороо гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахад чиглэсэн үйлдлийг хийсэн. Өнөөдөр эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ шүүх хуралд хүрэлцэн ирсэн байна. Хүүхдүүд нь гадаа байгаа. Ар гэрийн нөхцөл байдал хүнд, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эсэргүүцэлд дурдсан асуудлыг шийдэж өгнө үү гэж улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ айлын 3 дахь хүүхэд нь. Миний доор 3 дүү байгаа. Миний аав Д.Ч арван дөрвөн ач, зээ, хоёр дөчтэй өнөр өтгөн айл. Би өөрөө ам бүл есүүлээ амьдардаг долоон хүүхэдтэй. Миний аав Д.Ч амьд сэрүүн байхдаа бидэнд өмөг түшиг болж байсан эцэг хүн. Шүүгдэгч О.Л гэдэг хүн бид нартай тохиролцоо хийсэн. Тохиролцоондоо оршуулгын зардал гаргаж өгөх байсан. Хохирлын хувьд бид нар бүхэл бүтэн хүнээрээ хохирчихоод байгаа...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаагийн өмгөөлөгч С.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарын давж заалдах гомдлыг сонслоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаа болон өмгөөлөгчийн хувьд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохрилоос гадна хор уршгийг заасан байгаа. Үндсэн хуулиар амьд явах эрх нь олгогдсон хүнийг шүүгдэгч О.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад амь насыг нь хохироосон. Урд өдөр нь нэг шил 0.75 литрийн архи уусан байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж ийм үйлдэл хийж хүний амь нас хохироочихоод байгаа. Оршуулгын зардалд тохиролцлоо гээд, шүүгдэгч О.Лгийн ар гэрийн байдал хүнд байлаа гээд хохирогчийн хувьд ард нь үлдэж байгаа өндөр настай эхнэрийнх нь хувьд байнгын сэтгэл санаа нь шаналсан байдалтай байгаа учраас гомдолгүй гэж хэлэх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

О.Л нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 41-05 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е-д “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”,

   мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

мөн дүрмийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас 74 настай, эрэгтэй Д.Чыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаагийн “...Хэрэг гардаг өглөө би ажилдаа явахаасаа өмнө аавынхаар ороод гарсан. Ажлаасаа орой 17:30 цагт тараад гэртээ харих замаараа аавынхаар дахин ороход аав байхгүй байсан. Ээжээс “аав хааччихсан юм бэ” гэхэд “төв рүү орох гээд явсан” гэсэн. Хэсэг байж байгаад би гэр лүүгээ явсан. Гэртээ байж байтал утас дуугарсан. Тэгэхэд нь би юм хийж байсан болохоор утсаа авч чадаагүй юм. Дахин утас дуугарч авахад ээж залгаад “цагдаагаас залгаад чамтай ярьмаар байна, тодруулах зүйл байна, ирээд уулзаадах гэж байна, би учрыг нь сайн мэдсэнгүй” гэхээр нь би гэрээсээ гараад явж байтал дахин утас дуугараад авахад “хошууч Чинбат байна, зам тээврийн осол гарсан байна, та хүрээд ир, асуух зүйл байна” гэсэн. Би замаараа ээжид хэлчихээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгтэл хошууч Чинбат “осол гарсан, танай аав тань мөн эсэхийг таниулах гэсэн юм, өвөрт нь байсан тэмдэглэлийн дэвтрээс өөрийн чинь утасны дугаарыг авсан” гэж хэлсэн. Надаас юм асуухад “би одоо юм ярих сөхөө алга байна, дараа нь ярья” гэж хэлсэн. Эгчтэйгээ цагдаагийн гадаа таараад эгчийгээ эмнэлэг рүү явуулчихсан байсан. Тэгээд хойноос нь очтол эгч уйлаад гараад ирсэн. Эгч “моорог руу оруулахгүй байна, байцаагчаас нь зөвшөөрөл авч байж оруулна гэж байна” гэсэн. Тэгээд эгчийгээ гэрт нь хүргэж өгч тайвшруулаад үлдээсэн. Хүргэн ах руугаа залгаад хамт эмнэлэг дээр очсон. Ахын хадам эгчийг дагуулаад цагдаагийн гадаа очиход Чинбат хошууч “яасан бэ” гэхээр нь “моорог руу оруулахгүй байна” гэхэд “би Батцогт ахмадтай ярьсан байгаа, одоо яваад оч” гэсэн. Ахын хадам эгч “жолооч нь яасан бэ” гэхэд хошууч Чинбат “жолооч нь согтуу байсан, эрүүлжүүлэхэд байгаа” гэж хэлсэн. Хохирол 7.129.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь бүгд оршуулгын зардал, буяны үйл ажиллагаанд зарцуулагдсан байгаа. Шүүгдэгч 1.130.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг газраа өгөхөөр гэрээ хийж тохиролцсон. Хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэхийг хүсч байна. ...Гомдолтой байна. Хүний амь насыг юугаар ч нөхөж баршгүй. ...Хохирлоо барагдуулсан ч гэсэн энэ нь надаас гарч байгаа санхүүгийн хохирол. Манай ах, дүү, ээжийн сэтгэл санаа хэцүү байна. Шүүх хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү...”,

“...талийгаач эцэг маань эх Буянтогтох, дүү Нүрзэд, ач зээ нарынхаа хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 16-116 тоотод оршин суудаг юм. Ухаан санаа эрүүл, архаг хууч өвчин байхгүй боловч зүрх бага зэрэг өвдөнө, даралт бага зэрэг ихэсдэг, архи тамхи хэрэглэхгүй. ...Би 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 9 цагийн үед эцгийн гэрээр ороход талийгаач дөнгөж сэрчихээд хэвтэж байсан, би цай уугаад гарсан юм. Би энэ өдөр талийгаачтай утсаар яриагүй, талийгаач утас барьдаггүй юм. Би 18 цагийн үед ээжтэй уулзахад “аав чинь нэлээн түрүүхэн тосгон явж дэлгүүр орж юм авна гээд явсан, одоо болтол ирдэггүй, удаад байна яасан юм бол, намынхаа байраар орж хүнтэй уулзаж байгаа юм болов уу” гэж ярьж байсан...” /хх-25-26-I/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Төгөлдөрийн “...нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-29-I/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Мөнхжаргалын “...найз Сүхбатын хамт 13 цагийн үед станц өнгөрөөд алхаж явтал ард тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал цэнхэр фудволктой настайвтар эрэгтэй хүний араас нь цагаан өнгийн “портер” загварын автомашин мөргөөд нөгөө хүн замын хажуу тал руу унасан ба мөргөсөн машин яг тэр газраа зогссон байсан. Тэгтэл жолооч нь бууж ирээд бид хоёр луу хараад “түргэн тусламж дуудаач ээ” гээд орилохоор нь манай найз Сүхбат өөрийнхөө гар утсаар 103 руу залгаад “аваар гарлаа, МТ шатахуун түгээх станцын хажууд” гэж хэлээд зогсож байтал удалгүй түргэн тусламжийн автомашин ирж авахаар нь Сүхбат бид хоёр тэндээс яваад өгсөн...” /хх-30-31-I/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Сүхбатын “...ард гэнэт машин тоормослох чимээ гараад “тас” гээд чанга чимээ гарахаар нь шууд эргээд хартал цагаан өнгийн “портер” загварын автомашин зогсож байсан ба урд нь хүн мөргөгдөөд үсрээд замын хажуу руу доош хараад унасан ба “портер” загварын автомашины жолооч машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод дээш харуулаад бид хоёр луу хандаж “түргэн тусламж дуудаарай” гэхээр нь би түргэн тусламж руу залгаж дуудлага өгөөд удалгүй түргэн тусламжийн автомашин ирж яваа харагдахаар нь доошоо Мөнхжаргалын хамт гэр лүүгээ харьсан...” /хх-32-33-I/,

 

Гэрч Ц.Хүрэлсүхийн “...МТ колонкийн яг хажуугаар гараад алхаж явтал өөдөөс О.Л ганцаараа нэлээн сандарсан нүүр ам нь зэвхий цайчихсан гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад би “хүн дайраад алчихлаа” гэсэн, би “тэр хүн чинь хаана юу вэ” гэсэн чинь “эмнэлэг ирээд аваад явчихсан” гэсэн. Тэгээд би машин дээр нь яваад очтол урд шил нь цус болчихсон байсан. Би тухайн үед өөрөө уугаад талыг нь үлдээсэн 0.5 литрийн “Хараа” архи гаргаж ирээд тайвширчих гээд шилтэй нь өгтөл О.Л 150 гр орчим архи уугаад надад үлдсэнийг нь өгсөн, тэгтэл цагдаагийн машин ирж яваа харагдахаар нь би архиа шидээд хаячихсан юм. Тэгээд бид хоёрыг цагдаа шууд аваад эрүүлжүүлэхэд авч ирж хийсэн. Би бол өөрөө нэлээн халамцуу явсан О.Л над дээр ирэхэд эрүүл согтуу байсныг мэдэхгүй байсан...” /хх-37-38-I/,

 

Гэрч Ш.Мэгзэрийн “...О.Л миний танил байгаа юм. О.Лгийн унаж явсан 41-05 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын тээврийн хэрэгсэл нь миний “Портер” байгаа юм. Гэхдээ нэр нь өөр хүний нэр дээр байгаа, нэрээ шилжүүлээгүй байгаа юм. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр О.Лгийн эхнэрийг Янзага гэж дууддаг юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, над руу 11 цагийн үед залгаад “машинаа өгчих, Тэрэлжийн горхи ороод ирье” гэхээр нь би “миний машин болохгүй байгаа шүү дээ” гэхэд “засаад аваад явчихъя” гэхээр “миний ажил 16 цагт тарна өмнө ирэх юм уу” гэхэд “өмнө ирнэ” гэж хэлсэн. Тэгээд ажил дээр байж байхад удалгүй О.Л такси бариад ирсэн ба миний машиныг аваад явсан. О.Л нэг хүүхэдтэйгээ хүрээд ирсэн. Ирээд гэрийг нь барилцаж дуусчихаад тэндээ манай баз Нямбуу, Нямбуугийн найз Хатнаа гээд нэг залуу, О.Л бид дөрөв 0.75 литрийн “Ерөөл” архи хувааж уусан. Тэгээд бүгд явахаар болоход би “архи уучихсан юм чинь явган явъя” гэхэд О.Л “би маргааш ажилтай, тэгээд ч чиний машиныг засаагүй байгаа, би өглөө машиныг чинь засчихаад аваачаад өгье зүгээр” гээд миний машиныг О.Л унаад би хажууд нь суугаад нэг хүүхэдтэй нь гурвуулаа шууд О.Лгийн гэр лүү очоод эхнэрийг нь дуудаад эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ гарч ирээд миний машиныг бариад О.Лгийн гурван хүүхэд нь, тэгээд би дэргэд нь суугаад манай гэрт ирэхэд эхнэр гэдэс чанаж байсан юм. Тэгтэл О.Л “гэдэс болтол дахиад нэг шил архинд яваад ирье” гээд би “хэрэггүй” гэтэл “зүгээр ээ” гээд миний машиныг бариад бид хоёр дэлгүүр хайж яваад Цайзын дэлгүүр ороод тэндээс 0.75 литрийн “Хараа” аваад буцаж гэрт ирээд О.Л бид хоёр архиа хувааж уусан, тэгээд гэдсээ идээд О.Лгийн эхнэр миний машиныг бариад О.Л гурван хүүхэд нь хажууд нь суугаад тэд нар гэр лүүгээ явсан. Тэгээд би өнөөдөр өглөө ажилдаа яваад ажил дээрээ байж байтал 13 цагийн үед О.Лгийн эхнэр над руу залгаад “О.Л хүн дайрчихсан байна” гэж хэлсэн, тэгээд би яваад очтол цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. ...миний тээврийн хэрэгслийн хааз нь гацчихдаг байсан, хаазаа гишгэнгүүт буцахгүй улам гишгэгдээд моторын зүү нь 3, 4 хүртлээ гишгэгдээд орилоод байдаг байсан...” /хх-40-42-I/,

 

Гэрч Б.Отгонжаргалын “...Чанцал гэх манай хороонд байдаг хүүхэн утсаар яриад “нөхөр чинь осол гаргачихсан, мөргүүлсэн хүн нь газар хэвтэж байна” гэж ярьсан. Хүрэлсүх гэх найз нь “манай нөхрийг сэтгэл санаагаар уначихсан, айчихсан байхаар нь 100 татуулчихлаа” гэж хэлж байсан, удалгүй цагдаа нар ирсэн...” /хх-44-I/,

 

Шинжээч эмч А.Батбаярын “...0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна, шинжилгээний үр дүнд гарсан 0.7 промилли хэмжээ нь тухайн цаг хугацаанд уг хүний цусанд байсан спиртийн хэмжээ согтолтыг илэрхийлнэ, хэзээ уусан, хэр их уусан, ямар хэмжээтэй уусан зэргийн цаг хугацааг нөхөн тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүн дөнгөж спирт хэрэглээд согтсон байсан, хэрэглэж удаад спиртийн агууламж нь ялгарч багасаж байсныг ялгаж тогтоох боломжгүй. Яагаад гэвэл тухайн хүний бие физиологи /өндөр, жин, нас хүйс гэх мэт/ хоол хүнс хэрэглэсэн байдал, нойр, сэтгэл санааны байдал, архи уух давтамж зэргээс хамааран янз бүр байдаг учир тогтсон цаг хугацаа, хэмжээ гэж байхгүй...” /хх-71-I/,

 

О.Лгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед найз Мэгзэрээс машиныг нь гуйж алтанд явах санаатай эхнэр Отгонжаргалын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралд байрлах гэрт нь очоод бид хоёр 1 шил 0.75 литрийн “Хараа” архи уугаад 00 цагийн үед машиныг нь аваад гэртээ очоод хоносон. Ингээд өглөө 09 цагийн үед босоод түлшний мөнгө олж алт руу явах гээд 3 дугаар хорооноос гараад доошоо засмалаараа уруудаад МТ шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал хажуугаар жижиг суудлын автомашин гүйцэн түрүүлээд гарахаар нь толиндоо хараад буцаад урагшаа хартал яг урд нэг хүн тулаад ирчихсэн байсан ба тоормос гишгээд л шууд тэр хүнийг мөргөсөн, тухайн хүн яг засмал замын хажууд буюу замын хөвөөгөөр алхаж байсан. Би замынхаа баруун гар тал руугаа шахаад явж байсан болохоор яг мөргөсөн, намайг саатуулах байранд авч ирээд согтолтын зэрэг тогтоох драйгер багажаар үлээлгэж үзэхэд 1 бүхэл гарантай байна гэж хэлж байсан...” /хх-130-131-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост шинжилгээ хийсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтийн “...1. Талийгаач Д.Чын цогцост гавлын баруун чамархай хэсэгт цацраг хэлбэрийн үйрсэн хугарал, уг хугарлаас зүүн суурь ясны чулуулаг хэсгийн араар дайрч дагз ясны баруун хажуу хэсэг рүү үргэлжилсэн салсан хугарал, хуйханд цус хуралт, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы шууд бус хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалам хөндлөн шахагдсан хугарал, дух, хацар, шанаа, хамрын нуруу, мөр, өвдгөнд зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсэг, ар нуруу ууцны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 3. Талийгаач Д.Ч нь гавлын баруун чамархай хэсэгт цацраг хэлбэрийн үйрсэн хугарал, уг хугарлаас зүүн суурь ясны чулуулаг хэсгийн араар дайрч дагз ясны баруун хажуу хэсэг рүү үргэлжилсэн салсан хугарал гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 5. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-49-52-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4344 дугаартай дүгнэлтийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Хьюндай портер” маркийн автомашины урд бамбайн зүүн талын нэмэлт гэрэл хагарсан, гэрэл асахгүй, хойд талын ухрахын гэрэл асахгүй, баруун талын тоормосны гэрэл асахгүй, гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллгагаа бүрэн бус байна. Автомашины дээд, доод гарын бөмбөлгөн холбоос, зүүн урд талын амортизатар тос мэт зүйлээр бохирлогдсон, зүүн хойд талын амортизаторын втулк резин сэтэрсэн зэрэг гэмтэлтэй. Баруун хойд талын тоормосны механизм ажиллахгүй зэрэг гэмтлүүдтэй байх тул техникийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй. Жолооны механизм ажиллаж байна. 2. Автомашины хойд дугуйнууд нь M+S шавар болон цасанд хэрэглэж болох тэмдэглэлтэй дугуй байна. Урд дугуйнууд нь улирал заасан тэмдэглэгээ байхгүй байна. Автомашины хойд тэнхлэгт харилцан адилгүй хээтэй дугуй тавьсан байна. Хойд тэнхлэгийн дугуйнууд нь хээний хувьд Монгол Улсын MNS 4598-2011 стандартын 5.14.3-ын 5 дугаар хүснэгтэд зааснаар ачааны автомашины дугуйн хээний гүн 1 мм-ээс багагүй байна гэсэн заалтын дагуу стандартад нийцэж байна. Зүүн баруун урд дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн нь Монгол Улсын MNS 4598-2011 стандартын 5.14.3-ын 5 дугаар хүснэгтэд зааснаар ачааны автомашины дугуйн хээний гүн 1 мм-ээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу хээний хувьд стандарт шаардлага хангахгүй байна. Зүүн урд дугуй хагараагүй байна. 3. Автомашины бүхээгийн зүүн тал дотогшоо хонхойж, зүүн талын гэрлийн доод хэсгийн будаг халцарсан, урд салхины шил цуурч хагарсан. Бүхээгийн баруун тал хонхойж зурагдсан, урд бамбайн зүүн, баруун булан зурагдсан гэмтлүүдтэй байна. Осол хэргийн материал ирүүлээгүй тул техникийн гэмтэл нь осолд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. 4. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” /хх-84-86-I/ гэх дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “...1. “Хьюндай портер” маркийн 41-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.Л нь жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл,

е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах,

9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх үндэстэй байна. Явган зорчигч Д.Ч нь анх мөргүүлсэн газар нь замын хажуугийн шороо хөвөө хэсэг дээр тэмдэглэгдсэн байх. Явган зорчигч /хохирогч/ Д.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл харагдахгүй байна.

2. Нэг дэх асуултаар хариулагдсан болно.

3. Тухайн зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл харагдахгүй байна.

4. Замын хөдөлгөөний нягтрал, хөдөлгөөний ачаалал тодорхойгүй тул хариулах боломжгүй.

5. Хэргийн газрын үзлэгээр “Хьюндай портер” маркийн 41-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнд 30.1 метр, зүүн дугуйнд 19.2 метр урт тоормозны мөр үлдээсэн байна. Тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол: Тоормосны мөр -t=30.1 метр, Тоормосны идэвхижлийн коэффицент: э=1.1, Зам дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай асфальтан гадаргуу дээр мөр үүссэн байх тул): =0.7-оор авч болно. Иймд V=69.7 км/цаг орчим хурдтай явсан байх боломжтой. Үүнээс үзэхэд “Хьюндай портер” маркийн 41-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч суурингийн доторх замд хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-106-107-I/, Техникийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтийн “...1. Эрүүгийн 201701080218 дугаартай хэрэгт өмнө гарсан замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Батцэнгэлийн гаргасан шинжээчийн 18 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Уг хэргийн материалтай уншиж танилцахад 41-05 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашины жолооч О.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7в /зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, мөн дүрмийн 2.7е /тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах, мөн дүрмийн 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.3 /тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд цагт 10 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байх нь тухайн зам тээврийн осол гарахад жолооч О.Лгийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Хэргийн газрын үзлэгээр “Хьюндай Портер” маркийн 41-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнд 30.1 метр, зүүн хойд дугуйнд 19.2 метр урт тоормосны мөр үлдээсэн нь өмнөх гарсан замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Батцэнгэл шинжээчийн 18 дугаартай дүгнэлтийн 5 дугаар заалтаар 69.7 км/цаг орчим хурдтай явсан байх боломжтой гэж үзсэнтэй нийцэж байгаа тул уг тээврийн хэрэгслийн жолооч суурингийн доторх замд хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна. 4. Хэргийн материалтай уншиж танилцахад холбогдогч болох жолооч О.Л, гэрч нарын мэдүүлгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогүй тул зам тээврийн осол гаргахад шууд болон шууд бус байдлаар нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Тухайн осол гарсан зам болон замын нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 6. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” /хх-113-115-I/ гэх дүгнэлтүүд, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-12-I/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-17-I/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-18-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч О.Л нь “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нь “...түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч О.Лгийн үйлдсэн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ. Шүүгдэгч О.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдолтой” гэснээс үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах боломжгүй байна. Иймд шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.       

Харин прокурорын эсэргүүцэлд дурдагдсан шүүгдэгчийн гэм бурууг тооцсон хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн талаар дүгнэлт хийлгүүлэх талаар бичсэн эсэргүүцлийн үндэслэлүүдийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаа нь оршуулгын зардалд 7.129.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Л нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 1.130.000 төгрөгийг төлсөн, үлдэх 6.000.000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхээр /2 газар/ хохирогч, шүүгдэгч тал харилцан тохиролцсон байх ба дээрх 6.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаад олгох нь хохирлын асуудлыг илүү ойлгомжтой, тодорхой болгох ач холбогдолтой байна. Харин шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь өмнө тохирсон хэлбэрээрээ хохирлын асуудлаа шийдвэрлэх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.       

Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг “нээлттэй” хорих байгууллагад тогтоож шийдвэрлэсэн хэдий ч шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт энэ талаараа дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.     

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурор Б.Энхмэндийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шагж овогт Оргодолын О.Лг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шагж овогт Оргодолын О.Лг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 5 дахь заалтын “Шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Хаан банкны зээлийн барьцаанд байгаа О.Лгийн өмчлөлийн Г2207002186 дугаартай, түүний эхнэр Б.Отгонжаргалын өмчлөлийн Г2207002187 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр 3.000.000 төгрөгөөр тохиролцож, барьцаанаас чөлөөлүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаад 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сар бүр 200.000 төгрөг төлөхөөр “Хохирол төлөх эвлэрлийн гэрээ” байгуулсан болохыг тус тус дурдсугай.” гэснийг “Шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лгээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чойжидын Бурмаад олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

2. Прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ