| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0174/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/169 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Эд холбогдох эрүүгийн 2036000000207 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс урианхай, ******* оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л.Э,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч С.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, хоёр нүдний алиманд цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000207 дугаартай хавтаст хэргээс:
1. Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
2. Гэрч Н.Отгонбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
3. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 716 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-р хуудас/,
4. Яллагдагч Л.Л.Эы Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 53-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л.Э нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч С.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж, өшиглөн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Л.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд
Шүүгдэгч Л.Л.Э нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч С.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийг цохиж, өшиглөн биед нь хамар ясны хугарал, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, хоёр нүдний алиманд цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /******* оны 07 сарын 06-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, боловсролгүй, малчин, Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багт оршин суудаг, *******ийн ******* / “...Би 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Мөнххайрхан сумын ******* багт байх гэрлүүгээ гараад замдаа хоёр найзтайгаа хамт нэг том пиво уугаад ирсэн. Гэртээ ирээд байж байгаад гэрээс гараад хүүхдүүд цагаан мод гэх тоглоом тоглож байхаар нь би явж очоод Золбоо гэх залууг дуудсан. Тэгээд Золбоо бид хоёр маргалдаад зогсож байтал Л.Э ирээд “чи миний найзыг дарамталдаг хэн бэ” гэж хэлээд миний толгой руу гараараа цохисон. ...Тэгэхлээр нь би яваад очиход миний урдаас Отгонбулаг гэх охин ирэхээр нь би зайл гэж хэлсэн. Тэгтэл Л.Э хүрч ирээд “чи эмэгтэй хүнийг авгай гэж хэлдэг хэн бэ” гэж хэлээд намайг хавирч унагаагаад миний дээрээс удаа дараа цохиод байсан юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үедээ ухаан алдсан байсан. ...Миний хамар хугарсан байгаа, зүүн талын 9 дүгээр хавирга хугарсан, нүд хөхөрч хавдсан байгаа, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Надад 1000000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Надаас гарсан бодит зардлыг төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал алга байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би тухайн үед архи ууж очоод тэд нартай эвгүй харьцсан юм шиг байна лээ. Тэгээд Л.Э найз нараа өмөөрөөд намайг цохисон байх, бусдаар намайг цохих шалтгаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
Гэрч Н.Отгонбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид нар баг болж цагаан мод тоглож байхад ******* ах согтуу ирж Хангайгийн мотоцикл унагаагаад хамт тоглож байсан Золбоог дуудаад хэл амаар доромжлоод дээлнийх нь бүснээс барьчихаад тавихгүй байж байтал Л.Э ирээд ******* ахын нүүр хэсэгт хоёр удаа цохисон... Нэг удаа хавсарч унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан, нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохисон байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Хангайбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл Отгонбулаг та одоо болиоч гэртээ хариад унтчих гэж хэлэхэд Отгонбулгыг доромжилж байгаад чулуу аваад далайхад нь Л.Э барьж аваад ******* ахыг цохиж унагаагаад дээрээс нь цохиход Золбоо, Отгонбулаг бид 3 очиж салгаж холдоод явчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Гэрч Б.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.Э ******* ахын нүүр хэсэгт хоёр удаа цохисон, дахиад хавсарч унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 716 дугаартай “1.С.*******ын биед хамар ясны хугарал, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, хоёр нүдний алиманд цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.С.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээр учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.С.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.С.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Яллагдагч Л.Л.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид нар уулзаад тоглож байхад манай нутгийн ах ******* согтуу ирээд Золбоог дуудаад хэл амаар доромжлоод байхаар нь би очоод “та боль, наад хүүхдээ тавиач” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд би нүүр хэсэгт хоёр удаа цохисон. ...******* ах дахиад бид нарын араас ирээд дахиад Золбоог дуудаад хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Отгонбулаг “та одоо харьж унтаж амраач, ямар ядаргаатай юм бэ” гэж хэлэхэд чулуу аваад Отгонбулаг руу далайхад би очоод ******* ахыг хавсарч унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2036000000207 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,
Иргэн С.*******ын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Яллагдагчийн Л.Л.Эы 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Л.Л.Э нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн С.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би С.*******ын биед учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Би торгуулийн мөнгийг төлөх боломжтой дансандаа байршуулсан болно. ” гэх хүсэлт /хавтаст хэргийн 53-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Л.Эы хохирогч С.*******той маргалдаж, улмаар түүнийг цохиж, өшиглөж зодон биед нь хамар ясны хугарал, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, хоёр нүдний алиманд цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Л.Эы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Л.Эы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогч мэдүүлж /хавтаст хэргийн 11-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Л.Э нь хохирогчтой маргалдаж, улмаар хохирогчийн биед нь халдаж, гараараа цохиж, өшиглөсөн үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шүүгдэгч найз нөхдөө өмөөрч маргалдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Л.Э урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 37-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Э хувийн байдлын талаар гэрч Э.Амгалантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Даруухан, багын дуу цөөнтэй ажилсаг хүүхэд байсан. Айлын 6 дахь хүүхэд, дээрээ 1 ах, 4 эгч, 2 дүүтэй. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 12 жилийн сургуулийн 9-р ангийг төгссөн. ...Манай найз Л.Э бид хоёр хамт Барилгын 340 дүгээр ангид 2015-2016 онд цэргийн алба хаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Л.Эрдэнбулганыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн эрүүгийн 2036000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.Э-д тайлбарласугай.
5.Эрүүгийн 2036000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК