| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00108/и |
| Дугаар | 151/ШШ2017/00266 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2017/00266
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00266 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00108/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, А-4-22 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Санжсугарын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай /НЮ66082061/-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Санжсугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Санжсугар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “- Миний бие 1966 онд Төв аймгийн Баян суманд төрж, 1986 онд арав дугаар ангиа төгсөөд 1988 онд Зуунмод хотын 12 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус цэцэрлэгт 1988 оноос 1993 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл 6 жил 1 сар 4 хоног ажилласан. Миний анх ажилд орсон тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, цуг ажиллаж байсан ажилчдын хамт авхуулсан гэрэл зураг гэрч Б.Цэцэгмаа, Ц.Бадгармаа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үндэслэн миний Зуунмод хотын 12 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан 6 жил 1 сар 4 хоногийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Санжсугар нь Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт 1988 оны 01 сарын 02-ны өдрөөс 1993 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Б.Санжсугар нь Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт 1988 оны 01 сарын 02-ны өдрөөс 1993 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Батсүхийн Санжсугар нь Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт 1988 оны 01 сарын 02-ны өдрөөс 1993 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: - Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгээс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Санжсугарт олгосон 322399 дугаартай “...Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт 1988 оны 01 сарын 02-ны өдрөө хүмүүжүүлэгчийн туслахаар авч ажиллуулав...1993 оны 10 сарын 25-ны өдрөөс ус цэцэрлэг нь татан буугдсан тул хүмүүжүүлэгчийн туслахаас чөлөөлж, Зуунмод хотын Тамгын газрын мэдэлд шилжүүлэв...” гэх битчилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-7/, Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгийн хамт олны хамт 1989 оны 3 сард Зайсан толгойд авхуулсан гэрэл зураг /хх-10/, гэрч Б.Цэцэгмаагийн “....Б.Санжсугар нь 1988 оноос 1993 оны 12 сар хүртэл Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Ц.Бадгармаагийн “...Б.Санжсугар нь 1988 оноос 1993 он хүртэл Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-21/ зэрэг болно.
Иймд Б.Санжсугарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Батсүхийн Санжсугар нь Төв аймгийн Зуунмод сумын 12 дугаар цэцэрлэгт 1988 оны 01 сарын 02-ны өдрөөс 1993 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ