Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/185

 

 

 

 

                                               

                                               

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,

          улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,

          хохирогч А.*******,

          шүүгдэгч С.К, түүний өмгөөлөгч Д.Нямдорж  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С.К-д холбогдох эрүүгийн 2036000000228 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.К

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч *******гийн ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.*******ыг зодож, биед нь баруун хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн 2036000000228 дугаартай хавтаст хэргээс:

          1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

          2. Иргэн А.*******ын Ховд аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

          3.Шинжээчийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 783 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28р хуудас/,

          3. Гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

          4. Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

           5. Яллагдагч С.Кы Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 10 сарын 27-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 69-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.К нь хувийн таарамжгүй харилцааны улмаас машин дотор эхнэр А.*******тай маргалдаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулан бие махбодын хүчирхийлэл  үйлдсэн үйл баримт тогтоогджээ.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалж үнэлэхэд

          Шүүгдэгч С.К нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын ******* багийн нутаг дэвсгэрт машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.*******ын толгойн тус газарт гараараа цохиж биед нь баруун хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч А.*******ын /******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, боловсролгүй, малчин, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суудаг, *******ы *******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 09 сарын 09-ний өдөр ******* багийн төвөөс намаржаа руу нөхрийн Бонго-3 маркийн автомашинтай нүүсэн. Замдаа малаа нэг хонуулаад цааш тууж байх замдаа би нөхөртөө би “Шар хаданд очиж эмчилгээ хийлгэмээр байна чи надад нэг хонины мах бэлдэж өг” гэтэл “чи юу яриад байгаа юм бэ” сааль саадаггүй юмуу гэж хэлээд машинаа зогсоогоод машины ард талаар тойрч ирээд хаалга онгойлгоод миний зүүн хөмсөгт 1 удаа хатуу юмаар цохисон. /би чулуугаар цохисон байх гэж бодож байгаа/ Тухайн үед миний хөмсөгнөөс цус гарахаар нь би даавуугаар дарсан бөгөөд толгой эргээд байсан. Тэгтэл манай нөхөр бос гээд багалзуурдаад машинаас буулгаад толгой руу цохиж байгаад багалзуурдаад машинд суулгасан. Тэгээд цаашаа яваад нэг айлын хажууд ирж явтал манай нөхөр намайг “чи үсэр, би би чамайг өөрөө үсэрсэн” гэж хэлнэ гэхээр нь би үсэрсэн. Манай нөхөр чигээрээ яваад өгсөн. Би тэнд байсан гэдэг айлд очоод ухаан алдаад нэг сэрэхэд эмч дуудсан байсан бөгөөд эмч ирээд 2 оёдол тавиад намайг Ховд аймгийн БОЭТ-д хүргэж ирсэн. Тэгээд би тэр өдрөөс 28-ны өдрийг хүртэл хэвтсэн. Тэр хугацаанд нэг ч удаа эргэж ирээгүй. Намайг цохиулах үед манай хоёр бага хүүхэд байсан. Ер нь бол намайг үг хэлвэл цохиж зоддог. Саяхан 7 сард миний давсаг, нуруу орчимд өшиглөсөн сүүлд харахад хөхөрсөн байсан. Одоо эдгэрээд зүгээр болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

          Гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хөмсөг язарч оёдол тавиулсан. Өөр гэмтэл учраагүй. Одоогоор хааяа толгой өвдөг зовуур байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

 

            Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 783 дугаартай “1.А.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.А.*******ын биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. А.*******ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 3. А.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. А.*******ын биед учирсан гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-р хуудас/,

          Шүүх сэтгэцийн дүгнэлт 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 24 дугаартай “1.А.******* нь 2006 оноос хойш сэтгэцийн эмчийн хяналтанд байгаа.  2.А.******* нь хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг, одоогийн байдлаар түр сайжралын байдалтай байна.  3.А.******* нь сэтгэцийн өвчтөнд хамаарагдана. 4.А.******* нь асуултыг зөвөөр ойлгож, үнэн зөв хариулна, мэдүүлэг чадвартай. 5.А.******* нь өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэх чадвартай.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

          Яллагдагч С.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 09 сарын 09-ний өдөр манайх багийн төвөөсөө намаржаандаа буухаар нүүж явсан. Тухайн үед замдаа нэг хоноод малаа туугаад явж байх зуур манай эхнэр “би хот явна, хотыг үзнэ, аялна, ноолуур зарна би чамайг намайг Шар хаданд явуулж эмчлүүлнэ” гэж байна гэж ярьсаныг мэдсэн. Тэгэхээр нь “би өвөл болох гэж байна өвлийн бэлтгэлээ хийчхээд хоёулаа хамт явъя, надтай явахгүй гэвэл эгчтэйгээ хамт яв” гэж хэлсэн. Тэгтэл би одоо явна гээд надтай хэрүүл хийгээд орилоод замд байх айлруу заагаад “энэ айлд оч, би мотоциклыг нь хөлсөлж аваад аймаг ороод цаашаа явна” гэхээр нь би чамайг явуулахгүй гэж хэлтэл миний баруун шанаанд нэг удаа гараараа цохисон. Дахиад дайрахаар нь гарыг нь барих гэтэл хүчирэхгүй болохоор нь би баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд машинаа зогсоох гээд арай зогсоогүй байхад үсрээд өнхрөөд унасан. Зогсоод очиход хөмсөгнөөс нь цус гарсан байхаар нь явъя гээд ширүүхэн дуугартал машинд суугаад цааш явж байгаад машинаас үсэрсэн. Тэгээд толинд харахад босоод хувцсаа гөвөөд зогсож байхаар нь орхичихоод ойрхон байсан айлын хажуухан талд гэрээ буулгачихаад ирэх байх гээд хүлээж байтал нөгөө айлын хүн ирээд танай эхнэр чинь гэдэг айлруу явчихлаа гэж хэлсэн. Тэгтэл гэдэг айл сумын эмч дуудаад өгөөд явуулсан байсан. Тухайн үсрэх үед 10-15 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед эмчилгээний зардал гэж гараагүй, одоо бид хоёр эвлэрээд амьдарч байгаа. Намайг цохисны улмаас хөмсөгнөөс нь цус гарч байсан өөр шарх сорви байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/ ,

          2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 58-59-р хуудас/

          Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /Хүчирхийллийн аюулын зэрэг дунд/ /хавтаст хэргийн 55-57/,

           2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

          Яллагдагч С.Кы 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлал гуйсан хохирогч гомдолгүй гэсэн. Мөн улсын яллагчаас 800000 төгрөгөөр торгох саналыг  хүлээн зөвшөөрч уг торгуулийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

          Шүүгдэгч С.К нь хохирогч А.*******тай 1999 оны 10 сарын 01-ний өдөр гэр бүл болсон нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 69-р хуудас/ тогтоогджээ.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл”-д  хамруулахаар заасан ба шүүгдэгч С.Кы эхнэр А.*******тай маргалдаж улмаар зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д заасан хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

          Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

          Иймд шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.*******ыг зодон биед нь хөнгөн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.*******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.Кы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй гэж дүгнэлээ.

          Хохирогч А.******* хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга” гэж мэдүүлсэн байх тул /хавтаст хэргийн 11-12-р хуудас/ шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч С.К нь хохирогч А.*******тай маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж зодон бие махбодын хүчирхийлэл үйлдэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч С.К урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 19-р хуудас/ нотлогдож байгаа ба гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч С.Кы хувийн байдлын талаар гэрч С.Лесханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай зээ болох С.К нь зан аашийн хувьд төлөв даруу, хүн амьтантай хэрэлдэж маргалддаггүй, архи дарс хэрэглээд байдаггүй, хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, сумын хошой аварга малчин, ажилсаг хүн байдаг. Архийг хааяа нэг хэрэглэдэг боловч зан аашинд нь өөрчлөлт гардаггүй. Одоо Ховд сумын ******* багийн нутагт эхнэр хүүхдүүдийн хамт мал малладаг. Эхнэр нь сэтгэцийн өвчтэй учраас энэ гэр бүлийг авч явдаг хүн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

          Гэрч М.Бердиханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай дүү болох С.К нь зан аашийн хувьд шударга, даруухан, нэр хүндтэй, сүүлийн үед архи амсаад байгаа сурагтай байсан гэхдээ надад харагдаагүй. С.К нь ам бүл-9 айлын 5 дахь хүүхэд. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хар бага наснаасаа мал маллаж эхэлсэн. Аав нь аймгийн хошой аварга агент байсан, өөрөө болохоор сумын хошой аварга малчин хүн байгаа. Ховд сумын сургуульд сурч байгаад 7 дугаар ангиасаа гарсан. Одоо Ховд сумын ******* багт эхнэр хүүхдүүдийн хамт малаа маллаж амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/ Ховд сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаартай тодорхойлолт  зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч С.Кыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч С.Кд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн 2036000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч С.К-г хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.К-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Кд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Кд тайлбарласугай.

          5. Эрүүгийн 2036000000228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.К нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т зааснаар шүүгдэгч С.Кд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.БАХЫТБЕК