| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 110/2022/0025/З |
| Дугаар | 221/МА2022/0527 |
| Огноо | 2022-07-28 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0527
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Х.М
Нэхэмжлэгч “К” ХХК
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий Цэнгэл сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “В” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “БШУЯ/202212016 дугаартай тендерт К ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох, “ВК” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, “ВК” ХХК-ийн захиалагч аймгийн Засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгох, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж өгөхийг Үнэлгээний хороонд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, Б.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 110/2022/0025/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “К” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий Цэнгэл сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “БШУЯ/202212016 дугаартай тендерт К ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох, “В” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, “В” ХХК-ийн захиалагч аймгийн Засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгох, К ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж өгөхийг Үнэлгээний хороонд даалгах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, , 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус баримтлан К ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон Сургуулийн барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум /БШУЯ/202212016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан БШУЯ/202212016 дугаартай тендерт К ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлтийг, “В” ХХК-ийг тендерт шалгаруулсан тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай шийдвэрийг, “Воком консракшн” ХХК-тай байгуулсан захиалагч, гүйцэтгэгч хоорондын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг тус тус хүчингүй болгож, К ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Хамгийн бага үнийн санал өгсөн манай компанийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байсан талаар:
3.1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан ба үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмын хүрээнд Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын сургуулийн барилгыг хамгийн бага үнэ санал болгосон гүйцэтгэгчээр бариулах зарчим үйлчлэх ёстой.
3.1.3. Манай компани нь 27 жил үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжийн хувьд сургуулийн барилгын ажлыг хангалттай сайн гүйцэтгэх боловсон хүчин, техник, туршлагатай гэж үзэж байна. Гэтэл манай компаниас 340 гаруй сая төгрөгнөөс илүү үнийн санал өгсөн “Вокомконстракшн” ХХК-ийг 7,037,499,586 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.
3.1.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай албан бичгээр "манай компанийг тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан Ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх шаардлагад нийцээгүй тул шалгаруулаагүй" гэж мэдэгдэл ирүүлсэн. Захиалагчаас зөвхөн энэ үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзах шийдвэр гаргасан.
3.1.5. Мөн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот дүгнэлт, зөвлөмж нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан Ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
3.1.6. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс манай компанийн ерөнхий инженерээр санал болгосон мэргэшсэн төсөвчин зэрэгтэй, барилга байгууламжийн угсралтын ажлын мэргэшсэн инженер горилох шалгалтад тэнцсэн Х.С-ыг шаардлага хангаагүй гэж үзсэн дүгнэлт нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2 ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил байх. Мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх гэж заасантай огт нийцэхгүй байна.
31.7. Учир нь Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ерөнхий инженер Х.С нь “барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх" шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь ТШӨХ-ийн 17.6.1-т "10-аас дээш жил байх. "Мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх" гэж заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тендерийн баримт бичигт барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх гэх шаардлага байхгүй бөгөөд зөвхөн мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх гэж заасан болно. Үүнээс үзвэл Ерөнхий инженер Х.С нь мэргэшсэн төсөвчний хувьд "мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх" шаардлагыг бүрэн хангаж байна.
3.1.8. Мөн манай компанийн нэхэмжлэлд заасанчлан барилгын ажил гүйцэтгэх үндсэн тусгай зөвшөөрөл болох БА.3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд инженер С.Е нь мэргэшсэн инженерийн шаардлагыг бүрэн хангаж, уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Үүнээс үзвэл манай компани нь мэргэшсэн инженертэй байх шаардлагыг хангаж байгаа тул БА-3.1 тусгай зөвшөөрлийн дагуу Баян Өлгий аймаг, Цэнгэл сумын сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой эрх бүхий этгээд гэж үзнэ. Захиалагч болон анхан шатны шүүхээс ерөнхий инженер Х.С нь зөвхөн мэргэшсэн инженерийн үнэмлэхгүй байна гэх шалтгаанаар 340 гаруй сая төгрөгийн алдагдлыг Төр засаг хүлээх илт үндэслэлгүй, хохиролтой шийдвэрийг гаргаад байна.
3.1.9. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэж, манай компанийн нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй юм.
3.1.10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалаар “Классиксолюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга бoлoн тeндepийн үнэлгээний хороонд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээд буюу шалгарсан оролцогч “ЧУ” ХХК нь тендерийн баримт бичигт заасан зарим шаардлагыг хангахгүй боловч хамгийн бага үнийн санал өгсөн гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсныг дурьдах нь зүйтэй.
3.1.11. Манай компани нь дээр дурьдсанчлан тендерийн баримт бичиг болон хуульд заасан тусгай зөвшөөрөл болон хүний нөөцийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, хамгийн бага үнийн санал өгсөн байгаа тул манай компанийн нэхэмжлэлийг хангах нь үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд бүрэн нийцнэ. Ерөнхий инженер Х.С нь "барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх" шаардлагын дагуу үнэмлэхтэй байх нь ажлын чанарт муугаар нөлөөлөх үндэслэлийн талаар захиалагч болон шүүхээс огт дурьдаагүй ба ажлын чанарт нөлөөлөх зүйл огт байхгүй болно.
3.2. Захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрт байхгүй үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:
3.2.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай албан бичгээр өгсөн мэдэгдэл болон Teндepийн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот дүгнэлт, зөвлөмжид зөвхөн тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2 заасан Ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан байхад маргаан бүхий актад дурьдагдаагүй асуудлыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм.
3.2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг тус тус зөрчиж байгаа тул энэ талаарх маргааныг шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.
3.2.4. Анхан шатны шүүхээс ТШӨХ-ийн 17.6.1-ийн 9-т 3Т-6.3 "барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл, Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих, хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл гэж заасан тусгай зөвшөөрлийг хамтран ажиллах “Р” ХХК болон “УҮ” ХХК-д байхгүй тул 3Т-6.3 гэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
3.2.5. Учир нь энэхүү Тендер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер биш тул зураг төсөв нь батлагдсаны дагуу нээлттэй тендер шалгаруулалтыг төсөвт өртөгийн дагуу зарласан. Хэрэв түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер байсан бол шалгарсан компани өөрөө зураг төсвийг гаргаж холболт хийдэг. Улсаас бүх зураг төсвийг баталж, мөнгийг нь өгч бэлэн болсон тендер зарлаж байна. Иймээс ЗТ-6.3 “барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл, Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих, хэрэгсэл/Кип/, автоматикийн зураг төсөл гэх тусгай зөвшөөрөл нь уг тендерийн дагуу ажил гүйцэтгэхэд шаардагдахгүй. Гэтэл үүнийг чадварын үнэлгээнд оруулж, үндэслэлгүйгээр дараа нь гаргаж ирж тайлбарласан. Энэ талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байхад шүүх огт анхаарч дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийн тайлбарыг зөвтгөж байна.
3.2.6. Монгол Улсад барилга барьж, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хууль болон барилгын норм, дүрмийн дагуу тусгай зөвшөөрлийн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд гуйцэтгэж байгаа бөгөөд манай компани нь Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын сургуулийн барилгыг барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангаж байна.
3.2.7. Гэтэл анхан шатны шүүхээс “В” ХХК-ийг шаардлага хангасан тендер ирүүлсэн эсэхийг огт шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба “В” ХХК нь Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэх, ялангуяа ЗТ-6.3 "барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих, хэрэгсэл/КИП/, автоматикийн зураг төсөл тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг тус тус шалгаж, харьцуулан дүгнэх ёсой байтал холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зуйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн.
3.2.8. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “К” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий Цэнгэл сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “БШУЯ/202212016 дугаартай тендерт К ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох, “ВК” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, “В” ХХК-ийн захиалагч аймгийн Засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгох, К ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж өгөхийг Үнэлгээний хороонд даалгах”-аар маргасан байна.
3.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/52 дугаар захирамжаар Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212016 дугаар тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, тус үнэлгээний хороо тендерийн сонгон шалгаруулалтыг явуулжээ.
3.3. Маргаан бүхий тендерт нэхэмжлэгч “К” ХХК, гуравдагч этгээд “В” ХХК нар өрсөлдсөн бөгөөд хариуцагч үнэлгээний хороо 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаад “ерөнхий инженер нь мэргэшсэн инженер зэрэгтэй байх болон зураг төсвийн ЗТ-6.3 тусгай зөвшөөрөлтэй байх” шаардлагыг тус тус хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан үндэслэлээр гуравдагч этгээдийг ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, улмаар захиалагч, аймгийн Засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, харин нэхэмжлэгчид тендерт шалгараагүй тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай мэдэгдлийг, шалгарсан тухай 1-01/339 дугаартай мэдэгдлийг гуравдагч этгээдэд тус тус хүргүүлсэн, уг мэдэгдлийг үндэслэн захиалагч болон гуравдагч этгээд нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №БШУЯ/202212016 дугаартай XIII.1.1.291, сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ ажлын гэрээ байгуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч нэхэмжлэл гарган маргаж байна.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.1-д “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар” гэж тус тус зааснаар захиалагч нь тендер шалгаруулалтад тавигдах Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлага, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар зэрэгт шалгуур үзүүлэлтийг тусгайлан тавих эрхтэй.
3.5. Энэ тохиолдолд маргаан бүхий тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.2-т “Ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил байх. Мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх”, 17.6.1-д барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрлүүдийг тусгасан ба “ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл” гэж шаардлагуудыг тусгайлан заасан.
3.6. Гэтэл нэхэмжлэгч “К” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгээс үзвэл ерөнхий инженер Хуаны С нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тухайн компанийн үндсэн ажилтан, барилгын инженер, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил шаардлагуудыг хангасан боловч барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй байжээ.
3.7. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...ерөнхий инженер Х.С-ыг ... барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагыг хангаж шалгалтыг нь өгсөн, гэрчилгээг нь авч амжаагүй, компанийн барилгын инженер С.Е нь мэргэшсэн инженер зэрэгтэй...” хэмээн тайлбарлаж байх боловч захиалагч, үнэлгээний хорооноос тусгайлан тогтоосон ерөнхий инженер мэргэшсэн зэрэгтэй байх шалгуурыг тендерийн баримт бичиг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй нь нэгэнт тухайн шаардлагыг хангахгүй гэж үзэх ба ерөнхий инженер нь барилгын зураг төсөлд заасан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг явуулахад хяналт тавьж, илүү үүрэг хариуцлагатай ажилладаг тул бусад инженер уг шаардлагыг хангасан эсэх нь сонгон шалгаруулалтыг үнэлэхэд хамааралгүй.
3.8. Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тусгай шаардлагуудыг бүгдийг нь хангасан хамгийн хямд үнийн санал бүхий өрсөлдөгчийг сонгох бөгөөд харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс илүү хямд үнийн санал гаргасан боловч үр ашигтай байх зарчмын үүднээс тусгайлсан мэргэжлийн ур чадварт тавигдсан шаардлагуудыг хангаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.9. Мөн нэхэмжлэгч компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан “РН” ХХК-ийн ЗТ42-508/18, “Уран-Үзэг” ХХК-ийн ЗТ16-36/22 дугаартай тусгай зөвшөөрлүүдэд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 17.6.1-д заасан зураг төслийн ЗТ-6.3 тусгай зөвшөөрөл тус тус байхгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаар нэхэмжлэгчийн тендерийг татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА