Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Б.Гантөгс, Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,

          улсын яллагч З.Алтансолонго,

          иргэдийн төлөөлөгч М.Серикберген,

          хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат,

          шүүгдэгч П.А,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч П.А-д холбогдох эрүүгийн 2036000000194 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй,  ам бүл 7, эцэг, эх,  эгч, дүү нарын хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, П.А   

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч П.А нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сард 13 нас 4 сартай буюу бага насны хүүхэд Б.А*******тай бэлгийн харьцаанд орж хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                           

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүх хуралдаанд шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод харуулаар ажиллаж байхдаа чатаар танилцсан. Түүнээс хойш бид хоёр харилцаж байгаад үерхэж эхэлсэн. Би 3 дугаар сард Ховд аймагт ирээд Б.А*******тай хэд хэдэн удаа уулзсан бид хоёр хоёр удаа манай гэрт бэлгийн харилцаанд орсон. Би Б.А*******тай бэлгийн харилцаанд ороход ямар нэгэн хүч хэрэглээгүй бид хоёр ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орсон гэв.

          Эрүүгийн 2036000000194 дугаартай хавтаст хэргээс:

          1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

          2. Ураг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-р хуудас/,

          3. Насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

          4. Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 25-р хуудас/,

          5. Ураг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-р хуудас/,

          6. Насанд хүрээгүй гэрч Б.А*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/,

          7. Насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,

          8. Гэрч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

          9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

          10. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 727 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-р хуудас/,

          11. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4650 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-67-р хуудас/,

          12. Гэрч Д.Д*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,

          13. Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 6-24-р хуудас/,

          14. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт  /хавтаст хэргийн 70-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч П.А нь  Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сард 13 нас, 4 сартай бага насны хүүхэд Б.А*******тай бэлгийн харьцаанд орж хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Үүнд:

          1. Хэв загвар, дээж авсан тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.А*******гийн ургийн цээж хэвлийн хөндийг нээж, цус шингэн авч 2 марльд хатаав.Мөн зүрхийг бүхэлд нь авч марланд боосон” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25-р хуудас/,

          2. Хэв загвар, дээж авсан тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.А*******гийн ургийн цээж хэвлийн хөндийг нээж, цус шингэн авч 2 марльд хатаав.Мөн зүрхийг бүхэлд нь авч марльд боосон” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25-р хуудас/,

          3. Хэв загвар, дээж авсан тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.А*******гийн баруун гарны судаснаас ягаан улаан өнгийн таглаатай шилэнд нийт 10г цус авлаа.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 27-р хуудас/,

          4. Хэв загвар, дээж авсан тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “...П.Агийн баруун гарын бугалганы судаснаас 5г цус авч ягаан тагтай EDTA-тай шилэнд хийв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 28-р хуудас/,

          5. “...2006.12.19-ний өдөр төрсөн, ...Б.А******* жирэмсэн болох үедээ 2020 оны 04 дүгээр сард 13 нас 4 сартай байсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/,

          6. “...2006 оны 12 дугаар сарын 19-нд төрсөн” гэх №106 дугаартай Б.А*******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 30-р хуудас/,

          7. Насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сард хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. ...П.А бэлгийн харьцаанд орж дуусаад босоод яваад өгсөн. Бэлгийн харьцаанд орсноос хойш миний биений юм ирэхээ болиод миний нойр хүрээд нуруу хааяа өвддөг болсон. 2020 оны 06 дугаар сараас эхлээд миний гэдэс томорч байгаа шинж тэмдэг илэрч эхэлсэн. ...П.А надтай бэлгийн харьцаанд орсноос хойш бид хоёр дахиж уулзаагүй, холбоо бариагүй. Би П.Атэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,

          8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай охин Б.А******* нэг л нозооронгуу нойр нь хүрсэн байдалтай бие нэг л таргалсан янзтай байхаар нь би эмийн сан ороод жирэмсний тест аваад шалгаж үзэхэд жирэмсэн болчихсон байхаар нь хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд 4 сартай жирэмсэн болчихсон байна гэж хэлсэн.  2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлээд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлээд 2020 оны  08 дугаар сарын 19-ний өдөр үр хөндүүлээд эмнэлгээс гарсан. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн морьт хувийн эмнэлгийн Даваабал эмчид үзүүлэхэд 2020 оны 04 дүгээр сарын 05-наас 10-ны хооронд жирэмсэн болсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/                                                                                                                                                   

          9. Гэрч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэн хүчиндсэн талаар асуухад эхлээд хэлэхгүй байж байгаад цаасан дээр нэрийг нь бичиж өгсөн юм. Тухайн нэрийг уншихад Адууч гэж бичсэн байсан. ...Адууч гэдэг нь Ховд аймгийн ******* сумын харьяат Пүрэвсүрэнгийн Адуучинхүү гэдэг залуу гэж бодож байгаа. Тэр залуу манай хүү Б*******тай хамт цэргийн алба хаасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,

          10. Насанд хүрээгүй гэрч Б.А*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Манай гэрээр Адууч гэдэг нэртэй ах хааяа нэг ирдэг байсан. Миний мэдэж байгаагаар 2-3 удаа манай гэрт ирж байсан. Тэр хүн намайг хүчиндсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,

          11. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “1. Б.А*******гийн биеийн өсөлт бойжилт насандаа тохирсон байна. 2. Б.А******* нь бэлгийн бойжилт биедээ тохирсон байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-р хуудас/,

          12. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “1. П.Агийн гэх вакум шилтэй цус, Б.А*******гийн гэх улаан өнгийн вакум шилтэй, ургийн гэх дээж ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ. 2. Хүний геномын микросателлитын D3S13588 TH01, D21S11, D18S51, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.А******* нь ургийн биологийн эх байх боломжтой байна. 3. Б.А******* нь ургийн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна. 4. Хүний геномын микросателлитын D3S13588 TH01, D21S11, D18S51, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар П.А нь Б.А*******гийн ургийн биологийн эцэг байх боломжтой байна. 5. П.А нь Б.А*******гийн ургийн биологийн эцэг  байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна.” гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /хавтаст хэргийн 64-67-р хуудас/,

          13.  Яллагдагч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын Багануур дүүрэгт барилгын манаач хийж байхад Б.А******* нь 2020 оны 02 дугаар сард цагаан сарын дараа над руу найз болохоор найзын саналыг Амраа гэх зүрхний зурагтай хаягаас явуулахар нь би найзын саналыг нь хүлээж аваад найз болсон. Тэрнээс хойш бид хоёр чатаар хоорондоо байнга шахуу холбоотой байж байгаад 2020 оны 03 дугаар сарын дундуур байхаа өдрөө сайн санахгүй байна, Улаанбаатар хотод ажиллаж байсан ажлаасаа гараад Ховд аймгийн төвд ирсэн. ...Би тэр үед мал дээр мал маллаж байсан болохоор малаа маллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. ...Б.А*******тай уулзсан өөрийнхөө гэрт дагуулж ирээд бэлгийн харьцаанд орох санал тавьсан. Тухайн үед Б.А******* би бодох хэрэгтэй байна гэж гарч яваад хэсэг хугацааны дараа миний дугаарлуу залгаж орж ирээд би танай гэрийн гадна байна гэхээр нь би гараад Б.А*******г гэртээ оруулж ирээд “за тэгээд яахаар болсон” бэ гэж асуухад “би зөвшөөрч байна” гэж надад хэлэхээр нь бид хоёр бэлгийн харьцаанд ямар нэгэн хамгаалалт хэрэглэхгүйгээр ороод би  дур тавихдаа Б.А*******гийн бэлэг эрхтэн дотор нь тавьсан. Тэрнээс хойш бид хоёр  хоорондоо байнга шахуу холбоотой байж байгаад удалгүй 4, 5 хоногийн дараа бид хоёр дахиад манай гэрт бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би хэсэг хугацаанд хөдөө байх мал дээр байж байгаад аймгийн төвд хааяа орж ирээд уулздаг байсан. Уулзахдаа бид хоёр бэлгийн харьцаанд дахиж ороогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79-р хуудас/,

          14. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2036000000194 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/, болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Гар утасанд үзлэг хийсэн тухай  “П.Агийн өөрийн хэрэглэж байгаа LG гар утсанд үзлэг хийхэд Б.А*******тай Амка Амка, Amraa Amraa гэсэн хаягнуудаар зурвас бичдэг байсан гэснийг 163 ширхэг shreen shot хэлбэрээр зургийг нь авч хавсаргав.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 6-24-р хуудас/ насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.Аг 2017 оноос хойш таньж мэднэ. Манай гэрт хааяа ирдэг байсан. Манай ах Б.Б*******тай найзалж нөхөрлөдөг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/, гэрч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “тэр залуу манай хүү Б.Б*******тай хамт цэргийн алба хаасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/, “...Би Б.А*******гаас хэдэн настай вэ гэж анх чатаар танилцахдаа асуухад надад 14 настай гэж хэлсэн” гэх шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь Б.А*******гийн ах Б.Б*******тай хамт цэргийн алба хаасан, тэдний гэрт хааяа ирдэг,  Улаанбаатар хотод ажиллаж байх үед буюу 2020 оны 2 дугаар сараас эхлэн Амка Амка, Amraa Amraa гэх facebook хаягнаас насанд хүрээгүй хохирогч Б.А*******тай чатаар харилцаж байгаад дотносож, 2020 оны 04 дүгээр сард бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон, анх танилцах үед хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан, 2020 оны 8 дугаар сард 18-19 долоо хоногтой жирэмсэн, насанд хүрээгүй хохирогч Б.А*******г эмийн аргаар ураг зулбуулсан 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 4650 тоот  П.Агийн Б.А*******гийн ургийн биологийн эцэгтэй байх магадлалыг тооцож үзэхэд 99.99% хувийн магадлалтай байна гэх дүгнэлт ...зэрэг хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “... шүүгдэгч П.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. ...Хэргийн нөхцөл байдлын хувьд Б.А******* болон П.А нарын хувьд эцэг, эх нь айл саахалт байсан бөгөөд фэйсбүүк чатаар байнга харилцдаг, чат бичдэг, уулздаг байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Айл саахалтын хүүхдүүд байсан учраас бие биенээ бага зэрэг мэддэг байсан тул чатаар холбогдож харилцаж байгаад П.А Ховд аймагт ирээд уулздаг болсон. Улсын яллагчийн яллах дүгнэлт нь бага насны хүүхдийг хүчиндсэн гээд Улсын дээд шүүхийн тайлбарыг баримтлаад байдаг боловч тайлбар нь хуультайгаа зөрчилдөөд байна” гэх  дүгнэлтийг гаргаж буй шүүгдэгч П.Агийн үйлдэл Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Учир нь хууль зүйн ойлголтоор 14 хүртэлх насны хүнийг бага насны хүүхдэд хамруулан үздэг бөгөөд нас, биеийн хөгжлөөс шалтгаалж хийж буй үйлдлийн шинж чанарыг ойлгоогүй, эмнэл зүйн хувьд бүрэн хөгжөөгүй байдаг учир хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхэд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдэхийг шаардахгүй байхаар хуульчилжээ.

          Насанд хүрээгүй хохирогч Б.А******* нь одоогийн байдлаар 13 нас 10 сартай, Ховд аймгийн ******* сумын 7 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******ийн мэдүүлэг, мөрдөгчийн нас тогтоосон тэмдэглэлээр тогтоогдож байна.

          Хэдийгээр шүүгдэгч нь facebook чатаар байнга зурвас бичиж дотно байсан, өөрөөр хэлбэл зөвшөөрсний үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлж байгаа боловч 13 нас 4 сартай бага насны хүүхэд өөрийнхөө хийж буй үйлдэл холбогдлын шинж чанар, учир холбогдлыг ойлгох боломжгүй тул сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж үзэхгүй бөгөөд бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэж үзлээ.

          Шүүгдэгч П.А нь насанд хүрээгүй хохирогчийн ахтай нь хамт цэргийн алба хаасан, хааяа тэдний гэрт орж гардаг, гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Б.А*******г таньж мэддэгийн хувьд facebook чатаар холбоо тогтоож харилцаж байгаад хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгосон үйлдлийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч П.Агийн 13 нас 4 сартай хохирогч Б.А*******тай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Аг бага насны хүүхэд Б.А*******тай 13 нас 4 сартай байхад нь бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгож, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд Б.А******* нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, эрүүл мэндээрээ хохирч жирэмсний 18-19 долоо хоногтойдоо  эмийн аргаар ураг зулбасан болох нь  Ураг /зулбаа/-г өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  шүүгдэгч П.А нь2000000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, банкны орлогын мэдүүлгээр баримтаар нотлогдож байна.

          Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжилсэн Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч Б.А*******д үзүүлэх хариу үйлчилгээний хөлс гэх 6680000 төгрөгийг ямар байгууллагаас тогтоосон тарифыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхой бус, өмгөөллийн хөлс төлсөн нь тухайн баримт хэрэгт авагдаагүй байгаа учир өмгөөллийн хөлс 1000000 төгрөг, хариу үйлчилгээний хөлс гэх 6680000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

          Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

         Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

          Шүүгдэгч П.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-/1-р хавтаст хэргийн 101-р хуудас/ тогтоогдож байна.

          Шүүгдэгч П.Ад эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч П.Агийн хувийн байдлын талаар гэрч Д.Д*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “П.А нь зан ааш маш сайн, даруухан, дөлгөөн зан ааштай, хүнтэй харьцах харьцаа сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг. Ээж аавынхаа үгэнд сайн ордог. П.А нь Говь-Алтай аймгийн хилийн цэргийг 2017-2018 онд хаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/, гэрч Д.Эрдэнэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.А нь зан ааш сайн, даруухан, дөлгөөн зан ааштай, хүнтэй харьцаа сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг сайн залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-р хуудас/  Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 225 дугаартай тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 92-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч П.А нь хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай “1. П.А нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. П.А нь хэрэгт холбогдох үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй байсан. 3. П.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэх шүүх сэтгэцийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 70-71-р хуудас/ тогтоогджээ.

          Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э******* нь “урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй хувийн байдал, аав, ээжийн хамт мал маллаж амьдардаг, аав Пүрэвсүрэн хорт хавдрын 2 дугаар шатанд орсон өвчтэй, хохирогчоос уучлалт гуйж 2000000 төгрөгийг төлж өгсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзсан 12 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг Ховд аймагт эдлүүлэхээр тогтоож өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч П.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 2000000 төгрөгийг нөхөн төлсөн, улсын яллагчийн санал болон өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 4-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

             Мөн шүүгдэгч нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгасан  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн нийт цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор тогтоов.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.А-д 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Агийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. Эрүүгийн 2036000000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2000000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч П.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА

                                  ШҮҮГЧИД                                              Б.ГАНТӨГС

                                                                                                 Ө.БАХЫТБЕК