Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 04

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  улсын байцаагч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол сумын 6-р баг, 6-13 тоотод оршин суух Ш.Х-н нэхэмжлэлтэй,  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдуулан гаргасан “Өөрийн нэр, он, сар, өдрийг баримт бичгүүдэд залруулахыг Улсын бүртгэлийн хэлтэсд даалгах тухай “  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ :Миний бие Ш.Х 1959 онд төрсөн.

Тухайн үеийн улсын бүртгэгчийн хаиуцлагагүйн улмаас миний нэр, төрсөн он, сар, өдрийг буруу бичиж иргэний үнэмлэх олгогдож намайг хохироож байгаа тул миний Ш овогтой Н-г Ш овогтой Х болгон залруулах, 1959 оны 03 дугаар сарын 01-нд төрснийг иргэний үнэмлэхэд 1960 оны 02 дугаар сарын 24-нд төрсөн гэж регистр олгогдсон байгаа нь миний төрсөн он, сар, өдөр, нэрийг зөрчилтэйд тооцож өндөр насны тэтгэврийн асуудал шийдэгдэхгүй байгаа учир Н-г Х, 1960 оны 02 дугаар сарын 24-нийг 1959 оны 03 дугаар сарын 31 болгон залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Манай Улсын бүртгэлийн хэлтэсд нэр, он, сар, өдрийг засаж залруулахыг даалгаж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл 1959 оны Есөнзүйл сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөлтийн бүртгэлд тухайн иргэн маань Ш.Н гэж бүртгэгдсэн байгаа. Энэ хүний бүртгэл 1960 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэлтэй байгаа боловч Ш.Н 1959 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №27 дугаарт бүртгэгдсэн байгаа юм аа. Уг иргэний төрсөн, он, сар өдөр буруу бичигдсэн ч гэсэн Ш.Н гэж байгаа нь өөрийн дүү нь байх магадлалтай тул шууд төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн регистрийн дугаар болон нэрийг засаж залруулах боломжгүй.

 Ийм ч учраас шүүхэд хандаж шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу хүргүүлсэн.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу “Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж шийдвэрлүүлэхээр зөвлөн ажилласан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар Ш.Х-н нэхэмжлэлтэй,  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдуулан гаргасан “Өөрийн нэр, он, сар, өдрийг баримт бичгүүдэд залруулахыг Улсын бүртгэлийн хэлтэсд даалгах тухай“ гэсэн шаардлага   бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Захиргааны хэргийн шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргүүдээс үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.

Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 277 дугаартай Өвөрхангай аймгийн архивын тасгийн лавлагаанд Ш.Х-д холбогдох баримт байхгүй гэжээ.Мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1831 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолтонд Ш овогтой Н-д холбогдох баримт олгох боломжгүй байна гэжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаанд Ш.Н нь 1959 оны 05 дугаар сарын 14-нд төрснийг нотолжээ.

Монгол улсын иргэний үнэмлэхэд Цэнд тайж овогтой Ш.Х нь 1960 оны 02 дугаар сарын 24-ний төрсөнийг 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний үнэмлэх олгожээ.

Эдгээр бичгийн  нотлох баримтуудаас үзэхэд Ш.Х-н  нэр, төрсөн он, сар, өдрийг Улсын бүртгэлийн бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас буруу бичсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дүгээрт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дүгээрт заасныг баримтлан  Ш.Х-н нэхэмжлэлтэй,  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдуулан гаргасан “Өөрийн нэр, он, сар, өдрийг иргэний баримт бичгүүдэд залруулахыг Улсын бүртгэлийн хэлтэсд даалгах тухай” шаардлага   бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт   тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.