Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0528

 

“НА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А

Нэхэмжлэгч “НА” ХХК

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0516/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “НА” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр: “Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14, 12 дугаар зүйлийн 12.3-т тус тус заасныг баримтлан “НА” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

3.1.1. Нэхэмжлэгч нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, түүний 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр нь нэхэмжлэгчийн домэйн нэрийг эзэмших эрхийг буцаан Г.А-д шилжүүлж буй тул домэйн нэр эзэмших эрхэд халдсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 8 дугаарт маргаан бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг дүгнэсэн байх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу Г.А-ийн Харилцаа, холбооны зохицуулах хороонд гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэсэн ба уг мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна хэмээн дүгнэсэн.

3.1.2. Ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар магадлалаар тогтоогдсон "маргаан бүхий актыг үндэслэн www.***.mn домэйн нэрийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл 04/492 дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт байна" гэж дүгнэснийг шууд зөрчсөн.

3.1.3. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг анхан шатны шүүх нь эсрэгээр нь зөрчиж тайлбарлаж болохгүй бөгөөд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг зөрчсөн зөрчил юм.

3.2. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

3.2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаарт "маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" бичгийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна" гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.2.2. Хэрэв уг маргаж буй захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй бол хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох учиртай бөгөөд уг нөхцөл байдал шүүх хуралдааны үед хэлэлцэгдэж байхад тогтоогдсон учир шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүхийн шийдвэр биш, шүүгчийн захирамж гарах учиртай байсан.

3.2.3. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн зүгээс тухайн домэйн нэрийн төлбөрийг төлсөн баримт, тухайн домэйн нэрийг эзэмшигчийнхээ хувьд төрийн бүхий л байгууллагатай харилцаж, эрх эдэлж, үүрэг хүлээж, зарим тохиолдолд хариуцлага хүлээж байсан талаар баримтууд, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 10020003 тоот бүртгэлийн гэрчилгээ болон Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 31 дүгээр тушаалаар www.news.mn веб сайтын барааны тэмдгийн онцгой эрхийг эзэмшдэг баримтуудыг шүүхэд бүрдүүлэн өгсөн боловч шүүх эдгээр баримтуудыг огт дурдалгүйгээр ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна хэмээн дүгнэсэн.

3.2.4. Хэрэв уг домэйн нэр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийнх биш бол нэхэмжлэгч хуулийн этгээдийн өнгөрсөн 15 жилийн хугацааны бухий л харилцаа, төрийн байгууллагатай харилцсан харилцаа, татвар даатгалд хамрагдсан байдал үгүйсгэгдэх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүх огтоос харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

3.3. Шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй тухайд:

3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гээд 107 дугаар зүйлийн 107.4-д "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж тусгайлан заасан байна.

3.3.2. Нэхэмжлэгч нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, түүний 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр нь нэхэмжлэгчийн домэйн нэрийг эзэмших эрхийг буцаан Г.А-д шилжүүлэхдээ хууль зөрчиж, домэйн нэр эзэмших эрхэд халдсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

3.3.3. Гэтэл шүүхийн шийдвэрт /үндэслэх хэсгийн 4-12/ дан ганц нэхэмжлэгчийн гаргасан үйлдлүүдийг, түүний нэхэмжлэлд хавсаргасан баримтуудын талаар дүгнэлт хийх замаар шүүхийн шийдвэрийг гаргасан ба хуулийн 107.4-д заасан захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шүүхийн шийдвэр ямар хуулийн ямар зүйлийг үндэслэл болгосон, тэрхүү хууль зүйн хэм хэмжээг бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарласан нь огтоос тодорхойгүй буюу энэ талаар шийдвэрт огт тусгагдаагүй байна. Үүгээрээ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

3.3.4. Нөгөө талаар Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 106 дугаар зүйлийн 106.3-д тус тус зааснаар захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах үүрэг бүхий шүүх юм. Захиргааны хэрэг гэдгийг нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болох захиргааны үйл ажиллагаа /захиргааны акт, гэрээ/ байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгах замаар шийдвэрээ гаргах учиртай.

3.3.5. Харамсалтай нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаар шийдвэрт захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны акт болох Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, түүний 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүний гарах болсон бодит нөхцлийн талаар Захиргааны еренхий хууль болон бусад хуулийн хүрээнд огт тайлбар хийгээгүй байна.

3.3.6. Дээрхээс үзэвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаар шийдвэр нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэгсэн, хуульд үндэслэгдээгүй буюу хууль ёсны болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл news.mn домэйн нэрийн эзэмшигчээр анх 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А.А бүртгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А.А-аас “МММ” ХХК-д, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “МММ” ХХК-аас Б.Т-д, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Т-ээс Г.А-д, эцэст нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.А-ээс “НА” ХХК-д тус тус шилжүүлжээ.

3.3. Гуравдагч этгээд Г.А дээрх бүртгэлийг эс зөвшөөрч Харилцаа холбооны зохицуулах хороонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус гомдол гаргасны дагуу хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар албан бичгээр “Д” ХХК-д “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, өмнөх эзэмшигчийн бүртгэлийг сэргээх арга хэмжээг нэн даруй авах” талаар мэдэгдсэн байна.

3.4. Нэхэмжлэгч ”НА” ХХК-иас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэл гарган маргаж байх ба анхан шатны шүүх “2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.А-ээс “НА” ХХК-д шилжүүлсэн бүртгэл хууль бус байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.5. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3.1-д “эзэмшигч нь өөрийн хүсэлт эсхүл эрх шилжүүлэн авагчтай байгуулсан гэрээний дагуу домэйн нэр эзэмших эрхээ энэ журмын 4.2-д заасан хүн, хуулийн этгээдэд шилжүүлж болно” гэж заасны дагуу домэйн нэрийг шилжүүлэхэд Г.А, “НА” ХХК нар нь эрх шилжүүлэн авах гэрээ байгуулах, өмнөх эзэмшигч Г.А-ийн зөвшөөрлийг авах зайлшгүй шаардлагатай байна.

3.6. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар домэйн нэрийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн хэмээн тайларласан ч хэрэгт авагдсан  “НА” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзвэл тус хуралд ТУЗ-ийн дарга Х.Б, ТУЗ-ийн гишүүн П.О, гишүүн Б.Б, нарийн бичиг Г.Б нар оролцсон бөгөөд “ТУЗ гишүүн Г.А-ийн анкет дээр бүртгэлтэй дугаарлуу 2 удаа зар хүргэхээр залгаад холбогдож чадсангүй” гэсэн нь домэйн нэрийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Г.А-д мэдэгдээгүй, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тогтоолоор маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндсөн гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байтал давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс эсрэгээр дүгнэсэн хэмээн тайлбарласан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дээрх тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй бөгөөд энэхүү маргааны зөвхөн хэргийн харъяаллын талаар дүгнэсэн ба харин захиргааны актын хууль зүйн үндэслэлд аливаа байдлаар дүгнэлт хийгээгүй.

3.9. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол...” гэж заасан хууль зүйн үндэслэлийг шалган тогтоож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар дүгнэсэн нь алдаа болоогүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашигт хамааралгүй харилцаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй тул шийдвэр гаргах нь тус тусдаа ойлголт болохыг тайлбарлах нь зүйтэй.

3.10. Шүүхийн шийдвэрт шаардлагатай хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх гомдлын тухайд хэрэгт авагдсан нотлох баримт, энэхүү харилцааг зохицуулсан хэм хэмжээ буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг үндэслэл болгосон ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хуулийн зохицуулалтыг иш татан тайлбарлаагүй бөгөөд уг харилцааг зохицуулсан хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.11. Мөн өнгөрсөн 15 жилийн хугацаанд www. ***.mn веб сайтын татвар холбогдох төлбөрийг нэхэмжлэгчээс гаргасан хэмээн тайлбарлаж байх боловч шүүх уг хэрэгт маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг шалгасан ба харин нэхэмжлэгч нь www.***.mn веб сайтын барааны тэмдгийн онцгой эрхийг эзэмшдэг эсэх, тухайн домэйн хаяг бүхий бүртгэлийн зүй ёсны эцсийн өмчлөгчтэй холбоотой харилцааг шийдвэрлээгүй бөгөөд ийнхүү хууль, журамд нийцүүлэн холбогдох эрх, шилжүүлэх гэрээ, эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн бүртгэлд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “НА” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА