Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа Улсын яллагч Э.Ууганзаяа Шүүгдэгч ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2036000050026 дугаартай, 178/2020/0031/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү ахын хамт Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутагт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч *******ын ******* нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.*******ын айпон-6 маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Насанд хүрээгүй хохирогч Х.*******ын “..2019 оны 12 дугаар сарын 26- ны өдөр манай найзууд болох *******, Пүрэвцэцэг бас нэг танихгүй охины хамт “Бишрэлт” караокед хоол идээд тэндээсээ гараад Бэст караокед орж пиво уугаад тэндээсээ гараад манай найз *******ын найз залуу нь 2 найзтайгаа ирээд бид нар доошоо эргээд 1 гудамжинд очсон. Би гэрээсээ ойролцоогоор 50 метр зайнд буугаад гэр рүүгээ орох гээд алхаж байтал согтуу хүн ирээд ах нь жоохон тэврий, манай гэр шинэ дулааны энд байдаг юм гэж хэлээд намайг явуулахгүй байхаар нь би авраарай гэж хашгиртал манай урд талын айлын 2 хүүхэд араас нь гүйгээд хөөсөн. Тэгээд би хөөсөн 2 хүүхдийн араас 1 хашаа руу ортол энэ хашааг даваад цаашаа зуртчихлаа гэж хэлсэн. ..Тухайн хүн намайг дагаад алхаад байсан. Тэгээд би гэрийнхээ ойролцоо дэлгүүрийн доод талын шонгийн модны хажууд иртэл тэр цэнхэр куртиктай ах намайг тэвэрч аваад ороолт ороож өгөөд миний гар утсыг аваад зугтсан...” гэх мэдүүлэг Насанд хүрээгүй гэрч Х.Пүрэвцэцэгийн “..Бид нар Бест караокед орж пиво уугаад Бадамцэцэгийг гэрийнх нь ойролцоо буулгасан. Би 22 цагийн үед гэртээ хоолоо идчихээд утсаа цэцэглээд фасебүүк ороход Бадмаа утсаа гээсэн тул авсан хүн байвал холбоо барна уу гэсэн утгатай пост оруулсан байхаар уншчихаад унтсан..” гэх мэдүүлэг/хх-19-21 хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-32 хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:Шүүгдэгч *******ын ******* нь 2019 оны 12 дугаар сарын 26- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.*******ын айпон-6 маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Шүүгдэгч Б.Нямдаваа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Иймд шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.*******ын айпон-6 маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 41 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хэргийн 51- дүгээр талд хохирогч Х.*******аас аймгийн прокурорын газарт гаргасан “хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх хүсэлт, 52-р талд авагдсан шүүгдэгчийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ******* нь Х.*******ын айпон-6 маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй ч хохирлоо барагдуулсан гэх хүсэлтийг бичгээр гаргасан, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй гэв. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажилллагаанаас эхлэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлыг сайн дураараа төлж хохирогчтой эвлэрсэн тул улсын яллагчийн санал болгосон ялыг тэнсэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

6. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС