Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, Улсын яллагч Т.Өсөхболд, Шүүгдэгч Ч.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ч.Г холбогдох эрүүгийн 2036000000055 дугаартай, 178/2019/0161/Э/ индекстэй хэргийг 2020 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Акума” авто засварын төвд кузов засварын ажил эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн 07 дугаар гудамжны 14 тоотод оршин суух хаягтай, /Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн 14 дугаар гудамжны 10 тоотод амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ч.Г

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14 дүгээр гудамжны 10 тоот хашаанд байх өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Б*******ийг зодож улмаар иргэн О.Б*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-10 тоотод оршин суух, дээд боловсролтой, мэрэжил-нягтлан бодогч, 1991 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, ******* тоот регистрийн дугаартай/ Х******* овогт О*******ын Б*******....... 2020 оны 02 сарын 19-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би аавынхаа гэрээс очиж хүүхдээ аваад гэртээ харихад нөхөр согтуу байсан. Би галаа түлж байхад Ганболд с******* хэдэн цаг болж байна гэхээр нь 17 цаг өнгөрч байна гэхэд намайг “чи ямар орой ирдэг юм бэ “ гээд уурласан. Тухайн өдөр миний утсыг нөхөр барьж байсан. Тэгээд чамайг ирэхээс өмнө нэг хүн эрэгтэй хүн залгалаа тэр хэн бэ гэхээр нь би тайлбарлахын завдалгүй намайг хэл амаар доромжилж байгаад гэрээс гараад явсан. Удалгүй гэрт орж ирээд миний үснээс зулгааж, нүүр чих рүү 2-3 удаа цохисон. Одоо надад санал хүсэлт, хохирлын талаар асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 сарын 28-ны өдрийн ... О.Б*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. О.Б*******ийн биед зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. О.Б*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. О.Б*******ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. О.Б*******ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх 216 тоот дүгнэлт /хх-н 14 дүгээр хуудас/ Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14 дүгээр гудамжны 10 тоот хашаанд байх өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Б*******ийг зодож улмаар иргэн О.Б*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14 дүгээр гудамжны 10 тоот хашаанд байх өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Б*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсэгт цус хуралтууд гэх гэмтэл... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 216 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Гын үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв. Шүүхээс шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 21 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв. Шүүхээс шүүгдэгч Ч.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Год таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Год оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 2036000000055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Г-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Г оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2039000000055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.Год тайлбарласугай

6.Шүүгдэгч Ч.Год урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ГАНТӨГС