Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, Улсын яллагч Т.Өсөхболд, Хохирогч, шүүгдэгч М.У, Д.М Хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хохирогч, шүүгдэгч М.У, Д.М нарт холбогдох эрүүгийн 2036000000075 дугаартай, 178/2019/0161/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Мон******* Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын 01 дүгээр /******* *******/ багт оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09- ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, М.У

Мон******* Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын 01 дүгээр /******* *******/ багт оршин суух хаягтай /Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13 дугаар гудамжны 01Б тоотод амьдардаг/, урьд шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Д.М

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Хохирогч, шүүгдэгч М.У нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13 дугаар гудамжны 01Б тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мийг зодож улмаар иргэн Д.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Хохирогч, шүүгдэгч Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13 дугаар гудамжны 01Б тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Уыг зодож улмаар иргэн М.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-01/б тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжил-жолооч, 1989 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, ПВ89112021 тоот регистрийн дугаартай/ Д.М....... Би 2020 оны 03 сарын 03-ны өдөр гэртээ найз *******, Болортуяа нарын хамт нэг пиво ууж байсан. Тэгтэл М.У гаднаас орж ирээд бид нар гэрээс гарч машинд нэг шил архи уусан. Тухайн үед М.У ээжтэйгээ яриад байхаар нь би “эргүү авгай” гээд хэлчихсэн юм. Тэгээд ******* уурлаад миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед найз ******* салгасан. Удалгүй гэрт бид нар ороод нэг шил архи ууж байхад ******* намайг янз бүрээр өдөөд байхаар нь би дуугаралгүй байгаад байсан. Тэгтэл ******* орон дээр гараад хэвтэхээр нь би болиоч гэхэд надад уурлаад миний нүүр хэсэгт дахиад 2-3 удаа цохисон. Тэгээд ******* бид хоёрыг салгах гэж байх хооронд надтай хэрүүл хийгээд байхаар нь би орон дээр гарч зогсож байгаад зүүн мөр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Бид хоёр одоо хамтран амьдарч байгаа. Цаашид гэрлэлтээ батлуулаад амьдарна гэж бодож байгаа. Одоо надад санал хүсэлт, хохирлын талаар асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, 1990 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ******* тоот регистрийн дугаартай/ М.У.... Би 2020 оны 03 сарын 03-ны өдөр гэртээ байж байхад Мөнгөнчимэг надруу залгаад манайд хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очиход *******, Болортуяа Мөнгөнчимэг гурав байсан. Тэгээд би гараад нэг шил архи аваад машинд уусан. Тухайн үед би ээжтэйгээ яриад байж байхад Мөнгөнчимэг миний утсыг булааж аваад “хөгшин жингэр минь” гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээд энэ муу хөгшин жингэр надаас юу олж долоодог юм гээд байхаар нь уур хүрээд би нүүрэнд нь 2 удаа цохисон. Өглөө нь Мөнгөнчимэгийг дуудахаас өмнө архи ууж байсан айлдаа очоод нэг шил Болор нэртэй архи ууж байтал ******* надруу залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очиход тэр гурав нэг шил архи ууж байсан. Тэгээд архиа уугаад дуусаж байтал Мөнгөнчимэг надтай хэрүүл хийгээд байхаар нь би уурласан. ******* бид хоёрыг слгах гээд байж байхад Мөнгөнчимэг орон дээр гарч зогсож байгаад миний хөссөг орчимд нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний хөмсөг язарч цус гарсан. Гадна гараад байж байгаад эргээд орох гэтэл хаалгаа цоожилсон байсан болохоор нь би цонхны рамыг нь хүрзээр цохиж хагалчихаад яваад өгсөн Одоо надад санал хүсэлт, хохирлын талаар асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаартай “...М.Уын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг хэсэгт зулгаралт, зүүн доод эрүүний хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт зулгаралтууд, бүсэлхий нурууны зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. М.Уын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаартай “...Д.Мийн биед хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Д.Мийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36 дугаар хуудас/ Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Хохирогч, шүүгдэгч М.У нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-1/б тоот хашаанд хамтран амьдрагч Д.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Хохирогч, шүүгдэгч Д.М нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-1/б тоот хашаанд хамтран амьдрагч М.Утой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Хохирогч, шүүгдэгч Д.М нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-1/б тоот хашаанд хамтран амьдрагч М.Утой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг хэсэгт зулгаралт, зүүн доод эрүүний хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт зулгаралтууд, бүсэлхий нурууны зүүн хэсэгт цус хуралт гэмтэл... гэх хөнгөн гэмтэл учруулсан, Хохирогч, шүүгдэгч М.У нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-1/б тоот хашаанд хамтран амьдрагч Д.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт гэмтэл... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 249, 250 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, хохирогч шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарын үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв. Шүүхээс хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Хохирогч, шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 62 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, хохирогч шүүгдэгч М.У нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 34 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгж буюу, 500000 төгрөгийн торгох шийтгэлээр шийтгүүлж байсан нь хэргийн 61 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, хохирогч, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв. Шүүхээс хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нарт оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 2036000000075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, шүүгдэгч Д.М, М.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                          

                                                                           ТОГТООХ нь:

1.Хохирогч, шүүгдэгч М.У, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.У, Д.М нарыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.У, Д.М нарт оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2039000000075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.У, Д.М нарт тайлбарласугай

                      6.Шүүгдэгч М.У, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Б.ГАНТӨГС