| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1161/Э |
| Дугаар | 1182 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1182
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Э.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01159 1362 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Э.Ш, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д техникч ажилтай, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр баг, *** байнга оршин суудаг хаягтай боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э овогтой Ш нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ авто цогцолборт байрлах “***” авто угаалгын газраас иргэн Н.М-ийн эзэмшлийн Хаан банкны *** дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 33 минутад *** дугаарын данс руу 165,000 төгрөг шилжүүлж, мөн өдрийн 16 цаг 42 минутаас 16 цаг 46 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Драгон гар утас худалдааны төвийн гадна талд байрлах Хаан банкны автомат төгрөгийн машинд тус картыг уншуулж 4,000,000 төгрөг, 17 цаг 47 минутад 475,000 төгрөг, 17 цаг 55 минутад 135.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Н.М-д нийт 4,775,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Э.Ш нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” авто угаалгын газраас хохирогч Н.М-ийн эзэмшлийн Хаан банкны *** дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дөрвөн удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4,775,000 төгрөгийг авч, хохирогч Н.М-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Ш-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, хохирлоо бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр угаалгын газраа ирээд ажилчдадаа машины түлхүүрээ өгч машинаа угаалгасан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажилчдын цалин өгөх гэтэл миний карт алга болсон, дансанд байсан мөнгө алга болсон байсан. Шүүлгэж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 43 минутаас 17 цаг 54 минутын хооронд нийт 4,776,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Би угаалгын газраа буцаж ирээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манайд ажилладаг Ш гэгч нь миний картыг авч байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би Ш рүү залгахад утас нь холбогдоогүй. Хамт ажилладаг хүмүүсээс асуухад карт авсан өдрөөс хойш ирээгүй гэж байсан. Ш нь манайд зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд ажилчдын цалин болон багаж хэрэгслийг авдаг байсан тул миний картын нууц үгийг мэддэг байсан юм. Ш миний картыг авах үед Б, М нар харсан бөгөөд яах гэж байгаа талаар асуухад “хугархай карт одоо хэрэггүй биз” гэж хэлсэн гэсэн... 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирол болон урьд зээлсэн 1,930,000 төгрөг болох 6,706,500 төгрөгийг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15, 20 дугаар хуудас);
3. Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр угаалгын газартаа ажиллаж байхад захирал М орж ирээд Б-аар машинаа угаалгасан. Би Б-тай юм яриад зогсож байхад зохион байгуулагч Ш ирээд бид хоёртой юм ярьж байснаа газарт унасан байсан ногоон өнгийн Хаан банкны хугархай картыг аваад, цааш хүнтэй юм яриад явсан. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захирал М надаас карт харсан уу гэхээр нь Ш тэр картыг авсан гэж хэлээд камер шүүж үзүүлэхэд авч байгаа бичлэг нь байсан. Би тухайн үед хэний карт байсныг мэдээгүй. Хамгийн сүүлд карт авсных нь маргааш уулзсан бөгөөд тухайн өдөр ажиллаж байгаад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29, 33-34 дүгээр хуудас);
4. Н.М-ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 9 дүгээр хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38-42 дугаар хуудас), шүүгдэгч Э.Ш-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91 дүгээр хуудас);
5. Шүүгдэгч Э.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр би ажил дээрээ байж байхад захирал М нь Б, М хоёроор машинаа угаалгасан. Би машин угаалгын заалыг цэвэрлээд явж байтал даргын машины хажууханд Хаан банкны хугархай виза карт байхаар нь би хогийн сав руу хаяхаар авсан бөгөөд картыг харахад М захирлын нэр байсан. Би тухайн үедээ хүнтэй юм ярьж яваад нөгөө олсон картыг гадуур хувцасныхаа халаасанд хийсэн юм байна лээ. Тэр өдрөөс хойш би *** авто угаалгын газарт ажлаа хийж байгаад 02 дугаар сарын 17-ны орой найзуудтайгаа архи ууж хоноод, маргааш нь хүрмийнхээ халааснаас картыг олоод, хугарсан байсан хэсгийг нь цавуугаар нааж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх “***” ХХК-ийн гадна үүдэнд байдаг ATM-д хийж үлдэгдлийг нь шалгаад мөнгө байгааг мэдсэн юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх дэлгүүрээс тамхи худалдаж авчхаад 65 дугаар сургуулийн ард байх гэртээ орохдоо картыг гадаа хаячхаад орсон. Гэртээ 20-30 минут орчим хэвтэж байгаад гараад нөгөө карт хаясан газраа очсон чинь байж байхаар нь картыг аваад дэлгүүр орж хоёр лааз пиво худалдаж авч гэртээ орж уусан. Цаг орчмын дараа буцаж гараад Драгон төвийн ATM ороод 5 удаа 800,000 төгрөгөөр буюу нийт 4,000,000 төгрөгийг картаас авсан. Дахиж мөнгө гарахгүй болохоор Хархорин зах руу очоод үнэт эдлэл зардаг хэсгээс 475,000 төгрөгөөр монет гинж, 135,000 төгрөгөөр монет бөгж худалдаж аваад карт дахь мөнгө дуусахаар нь Хархорин захын хогийн саванд хаясан. Би 4,000,000 төгрөгийг өөртөө зарцуулаад дуусгасан. Намайг *** авто угаалгын газарт ажиллаж байх үед М захирал картаа өгч дэлгүүр явуулдаг байсан болохоор би нууц үгийг мэддэг байсан юм. Би М захирлын хохирлыг бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 77 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ш нь хохирогч Н.М-ийн эзэмшлийн банкны картыг нууц, далд аргаар, шунахайн сэдлээр авч байх үед дэргэд нь байсан Б, М нар тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас биет байдлаар нийт 4,775,000 төгрөг алдагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Э.Ш-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ш-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.М нь хохирлын мөнгөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн (хх-ийн 20 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Э.Ш-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ш нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ш нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцож хасах, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргах нь зүйтэй...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.Ш-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ш нь 2 (хоёр) хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Э.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.Ш-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ш-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Э.Ш-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ш нь 2 (хоёр) хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ш-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА