| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1052/Э |
| Дугаар | 1095 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1095
Сайхан амарсан уу
2020 10 14 2020/ШЦТ/1095
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Д.Туяана,
шүүгдэгч В.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч В.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008020041204 дүгээр хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, “ ” -д зуухны машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, ҮЭ гудамж , 3-20 дугаар байр, 10 тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Алаг адуу овогт Ванганы Х /РД:/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч В.Х нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3 дугаар дан байрны гадаа иргэн Т.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь “дух зүүн шанаа, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч В.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч өөрөө хэл амаар доромжлоод байсан. Намайг боогоод тавихгүй болохоор нь би нэг удаа цохисон. Олон удаа цохисон зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлыг төлье гэхэд 3,5 сая төгрөг нэхээд байгаа” гэв.
Эрүүгийн 2008020041204 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Т.Эийн: “Би 10-11 цагийн хооронд бие засаад гэрийн орох үүдэнд зүс таних хоёр хүнтэй уулзаад, юм ярьж байтал манай байрны 10 тоотод амьдардаг Х байрны үүдэнд ирэхэд Сэр-Од Хаас тамхи асуухад өгч байсан. Би Сэр-Одтой юм ярьж байтал Х намайг “юу гээд байгаа гичий вэ, битгий давраад байгаарай” гэхээр нь би “та одоо намайг юу гээд байгаа юм бэ, тэр хүүхдүүдээ захир, би хүн юм чинь хүнтэй юм ярьж болдоггүй юм уу” гэж хэлтэл Х уурлаад намайг заамдаад нүүр, хамар орчим баруун гараараа олон удаа цохисон. Тэр үед би хойшоо унахдаа нүүр хавьцаа нь гараараа хүрэх үед самардсан байж магадгүй. Гомдолтой байна. ...Эмчилгээнд зарцуулсан зардал болон нүдний ухархайн ясны цөмөрсөн хэсгийн хагалгаа, хамрын мурийлтыг засах хагалгаанд орох эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Хагалгааны нийт төлбөр 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-38-39, 42/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.05.20-ны өдрийн 5865 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Эийн биед дух, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-53-54/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.06.25-ны өдрийн 823 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Эийн биед нэмэлтээр ирүүлсэн материалд хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-66-67/,
Гэрч Х.Үрдээгийн: “...Манай охин бие засах гээд гараад явсан. Удалгүй би араас нь нойл орчихоод гэр лүүгээ орох үед Э гадаа зогсож байсан. Үүдний коридороор явж байтал гадаа Э хачин дуугараад байхаар нь эргээд очтол манай байрны Х “чамайг ер нь яасан ч яадаг юм бэ” гээд зүүн гараараа барьж байгаад баруун гараараа дух, нүүр хавьцаа нь цохиод байхаар нь очоод салгах гэтэл миний гарыг түлхээд Эийг дахин цохиод байсан. Э өөрөөсөө холдуулаад гараараа түлхэж байсан. Нүүр нь хавдчихсан, хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-84/,
Шүүгдэгч В.Хын яллагдагчаар өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед гэр лүүгээ орох гэтэл орцны үүдэнд Э зүс таних хоёр залуугийн хамт согтуу юм яриад зогсож байсан. Хажуугаар нь зөрөхөд хамт зогсож байсан 2 залуу надаас тамхи асуухаар нь хоёр ширхэг тамхи өгчихөөд гэр лүүгээ орох гэтэл Э хараалын үг хэлээд байхаар нь би эргэж очоод “чи намайг хэлээд байгаа юм уу” гэхэд “юу хуцаад байгаа юм бэ, үхдэггүй өвгөн бэ” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Дөхөөд очиход Э миний нүүрийг гараараа самардахаар нь зууралдаад бие биенийгээ барьж авсан. Э миний фудболкийг цамцтай хамт базаад боохоор нь би тавиулах гээд баруун гараа зангидаж байгаад гаран дээгүүр нь давуулаад духанд нь нэг удаа цохисон. Дух, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт гэсэн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэсэн гэмтлийг бид хоёр бие биенээсээ бариад зууралцаж байх үед би цохисон байж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Би Эийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-109-113/,
хохирлын баримтууд /хх-28-33/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-87/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт /хх-88/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-89/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-90/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-91/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-92/, “ дугаар ” -ийн “Дунд даралтын зуухан цехэд зуухны машинч ажилтай В.Х нь тус байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байгаа” гэх тодорхойлолт /хх-98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х нь хохирогчийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохиролд баримтаар тогтоогдож байгаа 115.000 төгрөгийг гаргуулах саналтай. 54.834 төгрөгийн баримт нь талх, зогсоолын төлбөр, шатахууны зардал байсан тул шүүгдэгчийн үйлдэлтэй хамаагүй гэж үзэж гаргуулах үндэслэлгүй” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч В.Х нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 10-11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3 дугаар дан байрны гадаа хохирогч Т.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, дух, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд хаван, цус хуралт, хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Т.Эийн “...Х уурлаад намайг заамдаад нүүр, хамар орчим баруун гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-38-39/, шүүх эмнэлгийн 5865 дугаар “1. Т.Эийн биед дух, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-53-54/, шүүх эмнэлгийн 823 дугаар “1. Т.Эийн биед нэмэлтээр ирүүлсэн материалд хамар ясны хугарал, даславч мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-66-67/, гэрч Х.Үрдээгийн “...Х Эийг “чамайг ер нь яасан ч яадаг юм бэ” гээд зүүн гараараа барьж байгаад баруун гараараа дух, нүүр хавьцаа нь цохиод байхаар нь би очоод салгах гэтэл миний гарыг түлхээд дахин цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-84/, шүүгдэгч В.Хын яллагдагчаар өгсөн “...Э миний фудболкийг цамцтай хамт базаад боохоор нь би тавиулах гээд баруун гараа зангидаж байгаад духанд нэг удаа цохисон. ...Би Эийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-109-113/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч В.Хын хохирогч Т.Этэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь дух, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн баримт /хх-31-33/-аар тогтоогдсон 115.000 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хаан банк”-ны 2020.10.12-ны өдрийн орлогын мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Харин хэргийн 32, 33 дугаар хуудсанд авагдсан хүнсний зүйл худалдан авсан, зогсоолын төлбөр, шатахууны зардал зэргийн төлбөр нийт 59.834 төгрөгийн хохирол энэ хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн энэ удаагийн тогтоолоор гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчийн зүй бус үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хт 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүхээс тогтоосон 115.000 төгрөгийн баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 52 настай, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“ дугаар ” -д ажилладаг, цалин хөлс авдаг/-ийг үндэслэн шүүгдэгч В.Хыг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуу овогт Ванганы Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Хыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Т.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР