| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1077/Э |
| Дугаар | 1106 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1106
Сайхан амарсан уу
2020 10 16 2020/ШЦТ/1106
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000001289 дүгээр хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д борлуулалтын албаны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,
урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ял,
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, Говь овогт Сүхээгийн Э
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч С.Э нь 2020 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хашаанд байрлах манаачийн байранд иргэн Л.Мөыг “хаалга онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би утасны дугаар андуураад хохирогч руу залгасан байсан. Тэгээд маргалдсан. Хоёр хоногийн дараа ажил дээр уулзаад надаас уучлалт гуйхгүй байсан. Ажлын байран дээрээ согтуу байсан. Үл ойлголцлоос болж л ийм асуудал болсон. Хохиролд 1,3 сая төгрөг төлсөн. Миний буруу” гэв.
Эрүүгийн 2008000001289 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.Мөын: “...Би “” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай. 2020 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад 01 цагийн үед тус байгууллагад жолооч ажилтай Э манааны өрөөний хаалгыг цохиод байхаар нь “согтуу хүнтэй юу ярих билээ, урьд өдөр намайг “грашийн хаалга онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар элдвээр хэлж, маргаж байсан болохоор дахин маргалдах байх” гэж бодоод онгойлгож өгөөгүй. Зурагт хараад хэвтэж байхад манааны өрөөний онгорхой цонхоор ороод ирсэн. “Чи яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм” гээд гараараа нүүр, шанаа, гуя хэсэг рүү цохиж, орны урд газар унагаагаад нүүр лүү өшиглөсөн. Би орны урд хэсэгт 4 хөллөөд тонгойгоод байж байхад “чи яасан том болсон юм, чи муу зүгээр байгаарай” гээд элдвээр хэлээд зогсож байхад Эын эхнэр орж ирээд загнаад аваад гарсан. Би архи уугаагүй, Э архи уусан байсан. ...Миний бие одоо гайгүй болсон. Э надаас уучлалт гуйж эмчилгээний зардал 1.300.000 төгрөг өгсөн. Бид хоорондоо эвлэрсэн. Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12-13, 119/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.08.31-ний өдрийн 9721 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Мөын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн 8-12 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-15-16/,
Гэрч Б.Баярцэцэгийн: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн үед ажлаа тараад ирэхэд нөхөр Э дүү Дашийн хамт архи уусан, согтуу байсан. Э дүүгээ гаргаж өгөөд ирнэ гээд гарсан. Гэртээ орж ирэхгүй байхаар нь гарсан чинь бидний амьдарч байгаа ажилчдын байрны хажууд байдаг манаачийн байранд харуулын ажилтантай маргалдсан зогсож байсан. Харуулын ажилтан орны урд тонгойгоод суусан, хацар нь цус болсон байхаар Эыг “чи одоо боль” гэж хэлээд гэртээ оруулаад унтуулсан. Хэд хоногийн өмнө Э тухайн харуулын ажилтан руу андуураад залгасан чинь “Чи муу хамт олонтой байж чаддаггүй, хамт ууж иддэггүй” гээд байсан болохоор хоорондоо хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-51-52/,
Шүүгдэгч С.Эын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Баярцэцэг залгаад “бие давхар болсон байна” гэж хэлсэн. Өөрийн эрхгүй баярлаад ганцаараа архи ууж байхад Баянхонгор аймагт амьдардаг дүү Даш ирсэн. 23 цагийн үед эхнэр ажлаа тараад ирсэн. Дүү Даш буцаад явах гэж байгаа гэхээр нь хашаанаас дүүг гаргаж өгсөн. Харуулын ажилтан Мө урьд намайг “хамт олонгүй, харилцаа муутай” гэх мэтээр хэлж байсан. 2 хоногийн өмнө борлуулалтын машинтай хашааны хаалгаар орох гэхэд өөрөө юу ч хийгээгүй байсан мөртлөө хаалга онгойлгож өгөхгүй албаар уур хүргээд байсан болохоор учраа олох санаатай хаалгыг нь нүдсэн чинь онгойлгож өгөөгүй. Цонхоор нь харсан чинь хэвтэж байсан. Жижиг цонх онгорхой байхаар орсон чинь Мө согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь “чи муу ажил дээрээ дандаа согтуу байх юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон чинь орны урд унасан. Би гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь хөмсөгнөөс нь бага зэрэг цус гарсан байхаар нь зодохоо болиод “чи ингэж хүний дургүй хүргэж яадаг юм” гээд байж байтал эхнэр орж ирээд намайг аваад гэрт орсон. ...Би Мөын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, түүний эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг өгч, уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-110-113/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Л.Мөын өргөдөл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70, 83/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-75/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “тэтгэвэр, тэтгэмж авдаггүй болно” гэх албан бичиг /хх-77/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-80/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-82/, “” ХХК-ийн “С.Э нь борлуулалтын албаны жолоочоор ажиллаж, сарын үндсэн цалин 650.000 төгрөг болно” гэх тодорхойлолт /хх-84/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-85-97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-100-101, 102-104/, хохирогчийн “Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-121/, прокурорын “Хүсэлтийг хангах тухай” тогтоол /хх-126/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-128/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Э согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “” ХХК-ийн хашаанд байрлах манаачийн байранд хохирогч Л.Мөыг хувийн таарамжгүй харилцааны улмаас цохих, өшиглөх үйлдлээр зодож, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.Мөын “...Э согтуу, гараараа нүүр, шанаа, гуя хэсэг рүү цохиж, орны урд унагаагаад нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-12-13/, шүүх эмнэлгийн 9721 дүгээр “1.Л.Мөын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-15-16/, гэрч Б.Баярцэцэгийн “...Харуулын ажилтан орны урд тонгойгоод суусан, хацар нь цус болсон байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-51-52/, шүүгдэгч С.Эын яллагдагчаар өгсөн “...архиа ганцаараа уугаад ...Мөын нүүр хэсэг рүү 2 удаа цохисон чинь орны урд унасан. Би гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь хөмсөгнөөс нь бага зэрэг цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-110-113/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Л.Мөын өргөдөл /хх-3/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Эын хохирогч Л.Мөыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мөын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Э эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг өгсөн. Бид хоорондоо эвлэрсэн. Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-119/, “...Миний эмчилгээний бүх зардлыг төлсөн...” гэх хүсэлт /хх-121/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э согтуурсан үедээ хохирогч Мөыг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, ажилтай, орлоготойг харгалзсан...” гэж,
шүүгдэгч “Миний буруу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.Э “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохиролд 1.300.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Говь овогт Сүхээгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР